Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг агаарын тээвэр, нисэхийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмадууд та бүхэндээ Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа бахархал хүндэтгэлтэйгээр өргөн дэвшүүлье. Улаанбаатар хотод анх “Ю-13” нисэх онгоц газардсан тэртээх 1925 оны 5 дугаар сарын 25-ны түүхэн өдрөөс эхлэлтэй нисэх хүчин өнөөдөр улсын болон иргэний нисэхийн салбар болон өргөжин хөгжиж түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна. Өнөөдөр Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн “Боинг 787” агаарын хөлөг ашиглаж, техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн агаарын навигацийн үйлчилгээ, дэд бүтэц, мэргэжлийн боловсон хүчинтэй дэлхийн жишигт нийцсэн салбар болон хөгжсөн нь өнгөрсөн 100 жилийн ололт, амжилтын нэгэн тод илэрхийлэл байлаа. Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлогын хүрээнд манай улс дэлхийн 48 улстай байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу шинээр 11 нислэгийн чиглэл нээж, дэлхийн 22 улсын 60 гаруй хот руу хуваарьт болон захиалгат нислэгийг үйлдэж байна.
Иргэний нисэхийн хамт олон “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаа шинэчлэн байгуулж, олон улсын “4 Од” зэрэглэлд хүргэж, агаарын тээврийн салбарт түүхэндээ анх удаа 2.2 сая зорчигч тээвэрлэлээ. Мөн агаарын харилцааны либералчлалыг эрчимжүүлж, дэлхийн 48 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, “МИАТ” ТӨХК нь 1.1 сая гаруй зорчигч тээвэрлэж, түүхт ойгоо амжилт бүтээл дүүрэн угтаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан боомтын сэргэлт, нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулах ажлын хүрээнд агаарын замын боомт бүхий “Гурвансайхан”, “Дэглий цагаан”, Мөрөн, Ховд, Чойбалсангийн нисэх буудлыг 4C ангилалтай болгох, олон улсын болон дотоодын зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатай хийж байна. Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, төрийн хяналт, зохицуулалтын чиг үүргийг аж ахуйн чиг үүргээс тусгаарлан олон улсын жишигт нийцсэн салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж байна.
Иргэний нисэхийн салбарын ирээдүй нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн, эдийн засаг болон нийгмийн хэрэгцээнд тулгуурласан урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх замаар Ази, Европыг холбосон агаарын тээврийн чухал зангилаа болж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өндөрт өргөж, эдийн засгийн өсөлтийн нэг гол хөдөлгөгч хүч байх болно гэдэгт итгэл төгс байна. Түүхт 100 жилийн ойгоо ололт амжилтаар угтаж, бахархам түүхээ дурсахын зэрэгцээ нэн хурдацтай технологийн хөгжлийн шинэ зуунд биднийг олон боломж, ололт амжилт, сорилт, хариуцлага хүлээж байна. Улс орны ирээдүй, цаашдын хөгжилд иргэний нисэхийн салбарын үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэхийн сацуу Монгол Улсын Засгийн газраас салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, олон улсын 5 нисэх буудал барьж байгуулах, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг өргөтгөх, бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын нөөц төв байгуулах зэрэг нисэхийн цаашдын хөгжлийн шинэ зууныг эхлүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно. Нисэхийн салбарын хамт олон та бүхэнд улам их амжилтыг хүсэж, ирээдүйн хөгжлийн жигүүр нь цуцашгүй бат бэх байж, аялах тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай гэж ерөөе!