Мөнгө угаалтын сэжигтэй тохиолдлуудыг банкууд мэдээлдэг ч дараагийн шатанд замхрах нь элбэг
Европын Холбоо манай улсыг мөнгө угаах эрсдэлтэй орнуудын жагсаалтад оруулсантай холбогдуулан Монголын банкны холбооны удирдлагатай ярилцлаа. Манай улсын санхүүгийн системд мөнгө угаах эрсдэл хаана байгаа, хэрхэн шийдвэрлэж буй талаар Монголын банкны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амар, хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн дараах тайлбарыг өгч байна.
Л.Амар: Люксембургийн Санхүүгийн Сургууль, Нью–Йоркийн Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрийн магистр, Азийн Хөгжлийн Банканд эдийн засагч, Монголбанканд Хянан шалгагчаар тус тус ажиллаж байсан
З.Шагдарсүрэн: АНУ-ын Мичиганы Их сургууль, Токиогийн Их сургуулийн магистр, МБХ-ны Гүйцэтгэх захирал, Монголбанкны Хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан
– Монгол Улс өнгөрсөн онд FATF-ийн “саарал” жагсаалтад орсон. Өдгөө Европын холбоо хар жагсаалтад оруулах тухай яригдаж байна. Энэ хоёр байгууллагын шалгуур ижил байдаг уу? Аль нэг жагсаалтад орвол нөгөөд нь мөн ордог, гарвал мөн зэрэг гардаг юм уу?
– Энэ хоёр нь тусдаа байгууллага учраас шийдвэрээ ч тусдаа гаргаж, жагсаалтад оруулах, гаргах эсэхээ биеэ дааж шийднэ. Гэхдээ мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хууль эрх зүйн тогтолцоо, хэрэгжилтийн стандарт нь дэлхий даяар нэгдмэл юм. Тиймээс шийдвэрүүдийн хувьд уялдаа хамаарал бий.
FATF-ийг “Их-7”-гийн орнууд нийлж байгуулсан түүхтэй. Харин Европын холбоо бол нэгдсэн зах зээл бүхий 27 улсыг багтаасан улс төрийн том бүтэц. Энэ хоёр байгууллагын гаргадаг эрсдэлтэй орнуудын жагсаалт уг нь тусдаа байсан ч тун саяхан буюу 2020 оны тавдугаар сарын 7-нд Европын Холбооноос мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр хууль, дүрмээ нэгтгэх, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх нэгдсэн байгууллага байгуулах, мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг журамлах зэрэг зургаан арга хэмжээ авахаар заасан. Энэ хүрээнд албан бусаар “хар жагсаалт” гэгдэж буй жагсаалтаа шинэчлэхээ мэдэгдсэн. Ингэхдээ FATF-ийн “хар”, “саарал” жагсаалтад байгаа улс орнуудыг нэмж, жагсаалтуудыг уялдаатай болгохоо зарласан. Тиймээс Европын Холбооны “хар” жагсаалт FATF-ийн жагсаалтыг тодорхой хэмжээнд дагана гэж ойлгож болно.
– Өнгөрсөн онд Монгол Улс FATF-ийн “саарал” жагсаалтад орсноор гадаадын банкууд Монголын банкуудаас харилцаагаа тасалж, улмаар иргэд болон байгууллагын гадаад шилжүүлэг олон банкаар дамжиж хугацаа алдахаас гадна шимтгэлийн хэмжээ өссөн байдаг. Үүний шалтгааныг тайлбарлаж өгөхгүй юу
Л.А: Гадаадын банкуудын хувьд өндөр шаардлага тавигддаг тул “хар”, “саарал” жагсаалтад орсон орнуудтай харилцаахдаа сэрэмжтэй ханддаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь ямар ч асуудалгүй гүйлгээ хийгддэг байсан нь түүх болсон гэсэн үг. Учир нь эрсдэлтэй орнуудын бизнес эрхлэгчидтэй гүйлгээ хийх, гэрээ батлах, гадаад худалдааны санхүүжилт олгох, баталгаа гаргахдаа эх үүсвэрийг нь нарийн шалгах хэрэгтэй болдог. Гэтэл Монголын эдийн засаг бага учир тухайн банкаар дамжиж байгаа гүйлгээнд бага хувь эзэлдэг. Жишээлбэл, 100 оронтой харилцдаг том банкаар Монгол Улс сард таван сая ам.долларыг дамжуулж гүйлгээ хийдэг гэж үзвэл энэ мөнгийг дамжуулах хугацаандаа дансандаа түр байршуулж, эх үүсвэрийг нь нягтлах шаардлага үүсдэг. Ингэснээр энэ бүхэн маягт бөглөх, гэрээг эх хувиар нь шалгах шаардлагатай болох зэргээр үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлдэг.
З.Ш: Банкууд “хар”, “саарал” жагсаалтад ороогүй, эрсдэл багатай улсуудтай харилцахдаа гүйлгээг нь ерөнхийд нь зөвшөөрдөг бол эрсдэлтэй жагсаалтад орсон орнуудтай харилцахдаа гүйлгээ нэг бүрийг нь шалгадаг. Энэ нь гүйлгээ бүрт нэмэлт зардал гардаг гэсэн үг.
-Монголын санхүүгийн байгууллагууд мөнгө угаадаг учир гаднын банкууд харилцаагаа тасалж байна гэдэг ойлголт нийгэмд байна. Үүн дээр тайлбар өгөх үү?
Л.А: Монголын банк санхүүгийн байгууллага мөнгө угааж байгаа тул харилцаагаа тасалж байгаа гэсэн асуудал огт биш. Монголоор овоглосон банк санхүүгийн байгууллагатай харилцахаар арай их зардал гараад байна гэсэн үг. Гүйлгээ тус бүрийг шалгахын тулд хүн ажиллуулна, тэр хүн комплаенс хариуцаж байгаа тул мэргэшсэн байх шаардлагатай, тиймээс өндөр цалинтай. Гэтэл Монгол Улсаас хийгдэж байгаа гүйлгээний дүн бага. Багахан шимтгэл авахын тулд өндөр цалинтай ажилтан ажиллуулах нь утгагүй хэрэг болно. Ердөө ийм л учиртай.
Монгол Улсад эдийн засгийн гэмт хэрэг байгаа л бол мөнгө угаалт байна гэж үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсад авлига байгаа бол мөнгө угаалт байгаа, эргэлзэх зүйлгүй.
-Өөрөө ч мэдэлгүй мөнгө угаалтад оролцчихдог тохиолдол гарч байна. Мөнгө угаалтын талаарх ойлголт цаг үеэ дагаад тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Яг өнөөгийн нөхцөлд мөнгө угаах гэдэгт ямар гэмт хэргүүдийг хамруулж байна вэ?
З.Ш: Мөнгө угаалт гэхээр бидэнд хол хөндий сонсогдох нь бий. Учир нь анх уг гэмт хэргийг томъёолохдоо хэдхэн төрлийн гэмт хэргээс гаралтай, тухайлбал хүний наймаа, хар тамхи, зэвсгийн наймаанаас үүсэлтэй бохир мөнгийг хадгалах, шилжүүлэх, ашиглахыг мөнгө угаалт гэж үздэг байсан. Тэгээд ч эдгээр гэмт хэрэг Монгол Улсад бараг байдаггүй байв.
Сүүлийн үед энэ ойлголт өөрчлөгдөж, ямар ч төрлийн гэмт хэргээс олсон мөнгийг мөнгө угаалтад хамруулж ойлгодог болсон. Тэгэхээр суурь гэмт хэрэг буюу хулгай хийх, авлига авах зэрэг аливаа гэмт хэргээс олсон мөнгийг зөвхөн хадгалсан байхад л мөнгө угаах гэмт хэрэг хийсэн гэж үзэх юм.
Л.А: Нөгөө талаар Монгол Улсад эдийн засгийн гэмт хэрэг байгаа л бол мөнгө угаалт байна гэж үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсад авлига байгаа бол мөнгө угаалт байгаа, эргэлзэх зүйлгүй. Түүнээс биш гаднаас бохир мөнгө орж ирээд Монголд угаагдаад байгаа зүйл биш. Гэмт хэргээс бий болсон мөнгийг хадгалсан, дансандаа байршуулсан байхад л гэмт хэрэг болно. Учир нь хоёр хүн авлига өгч, авалцахыг үйлдэл дээр нь илрүүлж, барихад хэцүү. Харин мөнгөө хадгалж байгааг нь илрүүлж, эх үүсвэрээ нотолж чадахгүй бол гэмт хэрэг гэж үзнэ.
З.Ш: Мөнгө угаах төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхэд заавал суурь гэмт хэргийг нь буюу хулгай хийсэн, авлига авсныг нь нотлох шаардлагагүй гэж олон улсад үздэг. Манай улсын хуульд ч мөн ингэж заасан. Дэлхийн санхүүгийн систем нэгдмэл болсон. Гэхдээ банк санхүүгийн байгууллагууд өөр, өөр улсад байрлаж ялгаатай хууль журам мөрдөж байгаа учир мөнгө угаахтай тэмцэхийн тулд нэгдсэн стандарт мөрдөх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл олон нүх байна, бүх нүхийг хаахгүй л бол бусад улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгүй болно. Тиймээс олон улсын эдгээр байгууллага энэхүү систем мөнгө угаахтай тэмцэх талд хангалтгүй байгаа улсуудыг илрүүлж, юу нь хангалтгүй байгааг тодорхойлж дэлхийн санхүүгийн системийн цоорхойг хаах зорилготой ажилладаг.
Л.А: Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагууд халаасны хулгай гэх мэт ахуйн гэмт хэргийг чухалчилдаггүй. Их хэмжээний мөнгө улс төрд нөлөө бүхий хүмүүсээр дамжих магадлал өндөр байдаг учир тэднийг онцолдог. Улс төрийн хамааралтай этгээдүүд шүүхийнхээ системд нөлөөлөх аюултай байдаг. Ялангуяа хөгжил буурай, хөгжиж байгаа, улс төрийн соёл нь тогтоогүй манайх шиг орнуудын хувьд Олон улсын байгууллагууд ямар нэг хэмжээгээр гаднаас нь нөлөөлөхгүй бол дотроо өөрсдийгөө хаацайлж хамгаалах, сонирхол давамгайлдаг.
-“Банк санхүүгийн байгууллагыг төрийн мэдэлд авчихвал мөнгө угаалттай тэмцэж болно” гэсэн санал сошиал талбаруудад харагдах боллоо. Үүнд хариулт өгөөч ?
Л.А: Хэрвээ ингэвэл дээр хэлснээс яг эсрэг үйлдэл болно. Авлигын гэмт хэргийг мөнгөнийх нь мөрөөр мөшгөж олж илрүүлэхийн тулд банкыг төрөөс холдуулах ёстой байтал төр өөрөө системээрээ мөнгө угаадаг тогтолцоо болж болохгүй шүү дээ.
З.Ш: Монгол Улсын хувьд мөнгө угаах тогтолцоо хангалтгүй гэх ерөнхий зүйл ярихаас илүү яг юу нь болохгүй байна гэдэг үндэслэл нь чухал. 2019 онд FATF-ын “саарал” жагсаалтад хоёр дахь удаагаа орсныг мартаж болохгүй. Үүний үндэс нь 2017 онд гаргасан Мөнгө угаахтай тэмцэх Ази-Номхон далайн бүлгийн /APG/ үнэлгээний тайлан байдаг. Энэ үнэлгээний тайланд яагаад хангалтгүй, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай нь тодорхой байгаа.
Монгол Улс 2006 онд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль баталсан, 2017 онд APG үнэлгээ хийгдсэн. Гэтэл энэ 11 жилийн хугацаанд мөнгө угаах төрлийн гэмт хэргээр шүүхэд шийтгүүлсэн тохиолдол байдаггүй. Түүгээр ч зогсохгүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталж, татвараас зугтсан, авлига авсан үйлдлээ хуулиар зөвтгөсөн байдаг. Олон улсын байгууллагууд энэ үйлдлийг Монгол Улс мөнгө угаах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх улс төрийн хүсэл эрмэлзлэлгүй гэж дүгнэсэн.
Дээд түвшиндээ улс төрийн хүсэл эрмэлзэлгүй байгаагаа нууж, өөрсдөөсөө холдуулахын тулд банк санхүүгийн байгууллага мөнгө угааж байна, Монголбанк, СЗХ ажлаа хийхгүй байна гэж төөрөгдүүлдэг. Хэрэв тийм байсан бол Монголбанк, СЗХ-ны даргыг солиод жагсаалтаас гарчих л байсан. Үнэн хэрэгтээ банк, санхүүийн байгууллагад захиргааны эрх зүйн хүрээнд ногдуулсан мэдээлэх үүрэг, харилцагчаа таньж мэдэх үүрэг нь олон улсын шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн байдаг.
Дээд түвшиндээ улс төрийн хүсэл эрмэлзэлгүй байгаагаа нууж, өөрсдөөсөө холдуулахын тулд банк санхүүгийн байгууллага мөнгө угааж байна, Монголбанк, СЗХ ажлаа хийхгүй байна гэж төөрөгдүүлдэг.
-Мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо сул, эрсдэлтэй гэж дүгнээд байгааг дотооддоо банк санхүүгийн байгууллагатай байнга холбодог. Тэгвэл та бүхэн энэ тал дээр ямар үр дүн гаргаж ажилласанаа жишээ, баримттай хэлж чадах уу?
Л.А: Банкны системийн хувьд хууль эрх зүй, хяналтын тогтолцоогоо бүрдүүлж чадсан. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй болон сэжигтэй гүйлгээ бүрийг программ нь Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд шууд мэдээлдэг. Жишээлбэл, 500 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчийн дансанд гэнэт 100 сая төгрөгийн орлого орвол банк үүнийг сэжигтэй гүйлгээ гэж мэдээлдэг. Сүүлийн жилүүдэд 4,000 гаруй сэжигтэй гүйлгээний тайланг илгээсэн байдаг. Санхүүгийн мэдээллийн алба эдгээрийг шүүгээд 46 тохиолдлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Энэ бол банкны систем ажлаа хангалттай хийж буйн шинж. Мөнгө угаалтад зөвхөн бэлэн мөнгө төдийгүй уран зураг, эртний үнэт эдлэл, хөөрөг, хурдан удмын адуу, үл хөдлөх хөрөнгө хамаарч болно. Эдгээрийг банкны системд мөнгө болгож оруулах гэж нөгөө талд тэмцэл өрнөдөг.
З.Ш: Энэ бол яах аргагүй чухал асуудал. Банк санхүүгийн байгууллага хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж, сэжигтэй гүйлгээг мэдээлдэг байх нь зөв. Үүнийгээ ч хийдэг. Гэтэл 4,000 сэжигтэй тохиолдлыг илрүүлж мэдээлсэн, 46 тохиолдолд хэрэг нээсэн, хоёр хэргийг яллаад шүүхэд шилжүүлсэн ч шүүхийн шатанд тэдгээрийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Өөр нэг чухал асуудал бол банкнаас гадуур мөнгө угаалт маш их. Цүнх дүүрэн бэлэн мөнгө барьж ороод байр, үнэтэй хөөрөг авдаг, зардаг. Зарим улстөрч “надад хэдэн уран зурагнаас өөр хөрөнгө байхгүй” ч гэж ярьдаг. Гэтэл олон улсад уран зургийн худалдаачид мэдээлэл өгөх үүрэгтэй гол этгээдүүд байдаг. FATF-ын “саарал” жагсаалтаас гарах арга хэмжээний хүрээнд СЗХ-нд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийг хамааруулсан. Олон улсын байгууллагуудын зүгээс бэлэн мөнгөөр хийгдэж байгаа наймаа арилжааг цэгцлэх, хяналтандаа оруулах шаардлага байнга тавьдаг. Одоогоор урлагийн бүтээл үүнд ороогүй л байна.
Л.А: “Тийм ноён барьж байсан, тэдэн үе дамжсан хөөргөө 500 сая төгрөгөөр зарсан, энэ миний орлого” гээд банкны системд мөнгөө оруулахаар ирлээ гэж төсөөлөе. Банк үүнийг үнэлэх, шалгах боломжгүй. Банк зөвхөн мэдээлэх үүрэгтэй, мэдээлж ч байгаа. Гэтэл мэдээлсний дараах процесс явахгүй дарагдаад байна. Хурдан удмын даага гээд өндөр үнэтэй наймаа явагдаад байдаг. Яг үнэндээ тийм өндөр үнэ хүрэх эсэх нь тодорхойгүй. Ер нь бол авлига, мөнгө угаалт ийм хэлбэрээр л явагдаж байна.
З.Ш: Өнгөц сонсоход адууны наймаа байдаг л зүйл шиг. Уяачид, хурдан морь сонирхогчид хоорондоо арилжаа хийдэг нь ердийн зүйл мэт сэтгэгдэл төрүүлдэг ч цаанаа морины үнэлгээ маш тодорхойгүй. Ямар шалтгаанаар үнэтэй морь бэлэглэдэг, яагаад тийм ашигтай зардаг вэ зэрэг далд асуудлууд цаана нь оршиж байдаг. Энэ бол авлига, мөнгө угаалт төгсөрч байгаагийн л шинж.