М.Баярмагнай: Эрчим хүчний салбар эрсдэлд орсон гэдгийг хүлээн зөвшөөрнө

B Shurenchimeg
2023-12-04 10:24:20

Төрийн ордонд 11-р сарын 20-22-нд “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд “Эрсдэлийн үндэсний форум 2023” зохион байгуулагдсан. Уг форумын үеэр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Эрчим хүчний салбарын эрсдэл ба стандарт” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр түүнтэй хэсэг хором уулзаж, салбарын тулгамдсан асуудлын талаар тодруулга авлаа.

-Эрчим хүчний салбар  эрсдэлтэй нүүр тулсан гэдэгтэй та санал нийлэх үү? 

-Эрсдэлд орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эрсдэлийн түвшнийг бага, дунд, их гэж ангилбал манай салбар дунд эрсдэлтэй гэж би хэлнэ. 

Эрчим хүчний салбарт дөрвөн том эрсдэл байна. Нэгдүгээрт, эх үүсвэрийн, хоёрдугаарт, цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ), гуравдугаарт, санхүүгийн эрсдэлд орсон.

Санхүүгийн эрсдэлээс үүдээд салбарын худалдан авах чадвар муудаж байна. Энэ бол үнэ, тарифыг олон жил хүчээр барьсантай  шууд холбоотой. Эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь зээл, зээлийн хүү, цалингийн нэмэгдэл, станцуудын өргөтгөл, шинэчлэл зэрэгт зарцуулагдаад дуусдаг. Жилээс жилд зардал өссөөр байна. Бид зардлын энэ өсөлтийг гүйцэж чадахгүй байна. 

Дөрөвдүгээрт, эрчим хүчний түлшний эх үүсвэрийн эрсдэл тулгарсан. Тухайлбал, станцуудыг түлшээр тогтмол хангаж чадахгүй байх, нөөц хомсдох зэрэг асуудал гарч байна. 

Одоогоор чадлын дутагдлыг тооцоолж, цахилгааны хязгаарлалт хийгээд эхэлсэн. Мөн ЦДАШ-ын аваарын нөөцийг маш сайн бүрдүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 35 Кв-ын нийт ЦДАШ-ын 28-30 хувь модон тулгууртай, ашиглалтын хугацаа, насжилт нь дууссан. Цаг агаарын онц, аюултай үзэгдэл болоход хугарч унах, олон км үргэлжилсэн шугамаа татаж унагаах зэрэг эрсдэл үүсээд байна.

-Салбар яамны зүгээс энэ дөрвөн эрсдэлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Санхүүгийн хүндрэлийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, олон тэрбум ам.долларын зээл, зээлийн хүүг цаг хугацаанд төлөх ёстой. Олон улсын санхүүгийн байгууллагаас станцуудын өргөтгөл, технологийн шинэчлэл хийхийн тулд зээл авсан. Үүнийг мөнгөгүй гээд төлөхгүй байж болохгүй, заавал төлнө.

Мөн боловсон хүчний асуудал нэн хүнд байна. Цалингаа голсон ажилчид өөр салбар луу шилжих үзэгдэл ихэссэн. Эрчим хүчний салбар мэргэжлийн ажилтангүй байж болохгүй, тиймээс цалинг нь нэмэх хэрэгтэй. Үүнийг орлогоосоо шийдэх ёстой ч хямд тарифаас болоод зардлаа ч нөхөж чадахгүй хэмжээнд байна. 

Тиймээс нэн тэргүүнд үнэ, тарифыг нэмэх шаардлагатай гэж харж байгаа. Зах зээлийн зарчмаар цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх нь хамгийн зөв шийдэл.

-Улс орны хөгжлийн суурь салбар аваарын байдалтай байгааг Засгийн газрын гишүүд, бодлого тодорхойлогчид мэдэж байгаа юу? 

-Эрчим хүч бусад салбараас нэг алхмын урд, түрүүлж хөгжих ёстой. Өсөн нэмэгдэж буй цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хангахад бэлэн байх ёстой салбар. Гэтэл манай улсын эрчим хүчний салбар өсөн нэмэгдэх хэрэглээг тэр болгон хангаж чадахгүй байгаа нь бодит үнэн, үүнийг хүлээн зөвшөөрнө. 

Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлттэй холбоотой мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төслүүдийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулж чадвал 2030 он гэхэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр эдийн засгийн бусад салбараа дэмжээд явах боломжтой. 

Дээр хэлсэн хүндрэл, эрсдэлүүдийг төр, засгийн шийдвэр гаргагчид ойлгож байгаа учраас Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлсэн, 2027 он гэхэд эхний ээлжийг ашиглалтад оруулна. 

Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулах хүрээнд Оросын талтай хамтарсан ажлын хэсэг байгуулсан зэрэг ахиц гарч байна. 

 

 

 

 

 

B Shurenchimeg