Накамура Ко: Бид хөдөлмөрийн яармагт оролцох япон талын компанийг сайтар судалж сонгодог

ariunzaya ariunzaya
2021-10-07 10:01:46

Mongolian Economy сэтгүүлийн хамт олон JICA-ийн Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Котой Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагааа, Япон болон Монголын зах зээл рүү гарахад тулгардаг бэрхшээл, бизнесийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр 20 гаруй жил Монголд  ажилласан туршлагатай нэгэн юм.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Накамура Ко гэдэг. Анх 2002 онд JICA-ийн сайн дурын гишүүнээр Монголд ирсэн. 2017 оноос хойш JICA-ийн Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж байна. Уг төслийн эхний шат 2025 он хүртэл үргэлжлэх юм. Өдгөө Монголд ажиллаад 20 орчим жил болж байна. Би JICA-ийн сайн дурын гишүүн болохоосоо өмнө Японы Топ 20 барилгын компанийн нэг Асанума Корпорацад талбайн инженерээр ажилладаг байсан.

-Та монгол хэлийг хэрхэн сурсан бэ? Мөн Монгол Улсад анх ирээд дасан зохицоход ямар бэрхшээлүүд тулгарч байв?

-Монголд сайн дурын гишүүнээр ирэхээсээ өмнө гурван сар орчим монгол хэлний сургалтад суусан. Түүнээс хойш Монголд ажиллах хугацаандаа бие даан монгол хэл сурсан.

Би Японы хойд хэсэгт орших Хоккайдо мужийнх учраас Монголын уур амьсгалд дасан зохицоход огт бэрхшээл тулгарч байгаагүй гэхэд болно. Миний төрж өссөн нутаг уур амьсгалын хувьд төдийгүй хонины мах иддэг гэдгээрээ Монголтой тун төстэй. Японы нийгмийн дүрэм журам хатуу тул стрессдэх үе их гардаг байсан учраас надад Монголын харьцангүй чөлөөтэй нийгэмд ажиллах үнэхээр их таалагддаг.

-Та барилгын компанид ажиллаж байсан туршлагатай. Монголд ирсний дараа танд ямар барилгууд архитектурын хувьд хамгийн их таалагдсан бэ?

-Надад Европ, ОХУ-ын архитектурын хэв маягийг шингээсэн барилгууд үнэхээр их таалагддаг тиймээс ч Улаанбатар хот мөн ийм барилгуудтай байсан нь их таалагдсан. Хэдэн жишээ дурдваас МУИС-ын байр, Төрийн ордон, Гадаад хэргийн яамны байр хуучинсаг хэрнээ үзэмжтэй санагддаг. Би орчин үеийн барилгуудаас илүүтэй хуучны барилга, байгууламжид дуртай гэхэд болно.

-Та жилд Япон, Монголын хэдэн компанитай харилцаж, мэдээлэл солилцдог вэ? Одоогоор Японы эсвэл Монголын зах зээлд орох хүсэлтэй компани хэр их байна вэ?

-Цар тахлын өмнө жилд 150 гаруй аж ахуйн нэгж Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд ханддаг байв. Үүний бараг 60 хувь нь Монголд үйл ажиллагаа явуулдаг, эсвэл түр хугацаагаар бизнесийн зорилгоор ирсэн Япон улсын хувийн компани байдаг. Гэвч 2020 оноос эхлэн коронавирусийн халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс болж Монгол Улсад хүрэлцэн ирж чадаагүй Япон компани олон бий.

Иймд Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн явцыг цалгардуулахгүйн тулд бид Японы тэдгээр компанитай цахимаар харилцаж байна. Тухайлбал, зөвхөн 2020 онд гэхэд 100 гаруй цахим хурал, 110 орчим удаа цахим шуудангаар мэдээлэл солилцсон байна. Өөрөөр хэлбэл, Япон эсвэл Монголын зах зээл рүү орох хүсэлтэй компани олон бий гэж ойлгож болно.

Энэ ташрамд дурдахад Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв гишүүнчлэлгүй учраас ямар ч аж ахуйн нэгж бизнесийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

-Монголын аж ахуйн нэгжүүд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс ихэвчлэн ямар зөвлөгөө, мэдээлэл авдаг вэ?

-Тэдгээр компанийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь бүтээгдэхүүнээ экспортлох, эсвэл хөрөнгө оруулалт татах тухай мэдээлэл, зөвлөгөө хүсдэг. Монгол компаниуд сүүлийн үед маш их сайжирч байна. Залуу захиралуудын үзэл бодол өөр, илүү ирээдүйгээ харсан, нийгэмд ээлтэй бизнес хийж эхэлж байна. Гэхдээ манай төвд хандаж буй компаниудын дунд нийтлэг дутагдалтай тал ажиглагддаг. Жишээ нь, “Би бүтээгдэхүүнээ Японд борлуулмаар байна. Надад япон дистрибьютер танилцуулаад өгнө үү”, эсвэл “Бид нар бизнес эхлүүлэх гэж буй тул хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэдэг. Гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүнийхээ үнэ, зардал, орц найрлага, түүхий эд, гарал үүсэл, тээврийн зардал зэргийг тооцож бэлдэлгүй ирдэг нь туслалцаа үзүүлэхэд хүндрэл учруулдаг. Эсвэл хайгуулын лиценз авчраад хөрөнгө оруулалт хүсэх хэрнээ тухайн ордны нөөц, шаардлагатай хөрөнгө оруулалт, зардал ашгийг тооцож судлаагүй байх нь элбэг.

Дээр дурдсанчлан та бүхэн манай төвд чөлөөтэй хандах боломжтой ч урьдчилан зах зээл, бүтээгдэхүүн, хэрэглэгчийнхээ судалгааг хийж бэлтгээрэй гэж зөвлөмөөр байна.

Ингэснээр бид таны сонирхож буй зах зээл, зорилтот хэрэглэгчдэд тохируулан мэдээлэл, зөвлөгөө өгөхөд хялбар болох юм.

-Танай хэрэгжүүлж буй төсөл бусад олон улсын байгууллагын бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслөөс юугаараа онцлог вэ?

-Манай төв 2002 оноос эхлэн Монголын бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх олон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Бид бизнес эрхлэгчид ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг цогцоор нь дэмжиж ажиллахыг зорьдог. Хүний нөөцийг нь хөгжүүлэх, менежментийн цогц зөвлөгөө өгөх, Япон улсад бодит дадлага сургалтад хамруулах гэх мэт тухайн компанийг сайжруулах тал дээр бүхий л талаар дэмждэг. Мөн өнөөг хүртэл бий болгосон нэтворк, хамтын ажиллагаагаараа дамжуулан хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжин хамтран ажиллах замыг тавьж өгөх төслийг эхлүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бусад төслүүдээс ялгаатай нь, жишээ нь Япон улсын талаар, Японы бизнес эрхэлдэг зарчмыг сууриас нь таниулж түүний дараа хамтын ажиллагааг ул суурьтай хийдэг гэсэн үг.

-Танай төслийн хүрээнд Японы зах зээл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлсэн аж ахуйн нэгж бий юу?

-Бид Японы зах зээлд гарах хүсэлтэй Монголын компаниудыг бэлтгэн 2019 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан FoodEx Japan үзэсгэлэнд оролцоход туслалцаа үзүүлсэн. Тус үзэсгэлэнд оролцоод Япон компанитай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд бий.

Цар тахлын улмаас уулзалт, арга хэмжээ зохион байгуулах боломжгүй болсноор төслийн худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээний үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Гэсэн хэдий ч манай хамт олон хоёр улсын бизнес эрхлэгчдэд зориулан цахим орчноор мэдээлэл түгээж, семинар сургалтуудыг зохион байгуулсан хэвээр буй. Хэрэв цар тахлын нөхцөл байдал сайжирч агаарын хил нээгдвэл Япон, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа сэргэж бодит үр дүн дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн, Японы зах зээл рүү орох чин хүсэл сонирхолтой, тууштай аж ахуйн нэгжүүдийг 2022 оны гуравдугаар сард зохион байгуулагдах FoodEx Japan болон бусад үзэсгэлэнд оролцох хэн бүхэнд бид зөвлөгөө өгөхөд бэлэн.

-Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Монголын бизнес эрхлэгчдэд зориулан ямар сургалт зохион байгуулдаг вэ?

-Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд бизнесийн сургалтууд явуулдаг. Тус сургалтуудыг Японы бизнес харилцаа, соёл, зах зээлийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор зохион байгуулж эхэлсэн юм. Тухайлбал, Япон компаниуд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хугацаа их зарцуулдаг. Энэ нь Япон соёлын нэг хэсэг. Тиймээс манай сургалтад сууснаар Япон талын хамтрагчаа ойлгож харилцахад тодорхой хэмжээгээр хялбар болно гэдэгт итгэлтэй байна.

Дээрх сургалтуудаас гадна дөрвөн сэдвийн хүрээнд компанийн удирдах түвшний хүмүүст зориулан жилд нэг удаа сургалт явуулдаг. Үүнд хүний нөөц, маркетинг, стратеги, санхүү гэсэн сэдвүүд багтана Тус сургалт нь MBA-ийн сургалттай дүйцэхүйц хэмжээний сургалт учраас 180 гаруй өргөдөл хүлээн авч, тэдгээрээс 60 орчим хүнийг шалгаруулж авдаг (Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Япон Төвийн вэбсайтаас хүлээн авна уу). Өнгөрсөн хугацаанд нийт 15,000 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл манай сургалтад хамрагджээ.

-Монголд үйл ажиллагаа явуулдаг Японы хэдэн компани байдаг вэ?

-Монгол дахь Японы худалдаа аж үйлдвэр эрхлэгчдийн холбоо гэж бий. Тус холбоонд одоогоор 58 Япон аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэхдээ тус холбоонд гишүүнээр хараахан элсэж амжаагүй аж ахуйн нэгжүүд байдаг. Тиймээс 100 орчим аж ахуйн нэгж байгаа болов уу гэж таамаглаж байна. Өнгөрсөн жил 50 орчим компани Монголын зах зээл рүү орох хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан. Ерөнхийдөө жил бүр 30-50 орчим япон компани ханддаг гэж ойлгож болно.

-Японоос Монгол руу экспорт хийхэд ямар түгээмэл бэрхшээлүүд тулгардаг вэ? Хэрэв Япон, Монголын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэвэл ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Нэгдүгээрт, тээврийн асуудал хамгийн том бэрхшээл учруулдаг. Тодруулбал, Японоос тээвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн Хятадын боомтод хэдэн сараар гацдаг. Энэ нь тээвэрлэлтийг удаан бас өндөр үнэтэй болгодог. Хоёрдугаарт, татвар гаалийн асуудал. Гуравдугаарт, төрийн бүтэц, бодлого, эрх зүйн орчинд анхаарах хэрэгтэй байна. Хэрэв Монгол Улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа бол тээвэр, татвар гаалийн асуудалдаа илүү анхаарах хэрэгтэй.

Мөн миний бодлоор монгол бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулах нь зүйтэй гэж бодож байна. Монголын бараа бүтээгдэхүүний чанарыг Японы стандартад хүргэж чадвал Японы зах зээлд бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах боломжтой. Мөн зах зээлээ судлах, хэнд юуг хэрхэн борлуулах гэж байгаагаа урдчилан бэлдэх хэрэгтэй. Жишээлбэл, ноолууран бүтээгдэхүүн гаргах гэж байгаа бол Япон хүний нийтлэг дуртай өнгө загварт тааруулах нь зах зээлд гархад дөхөм байх болно. Монгол хүн тод загварлаг бүтээгдэхүүн сонирходог бол япон хүн ихэнхдээ энгийн, даруу бүтээгдэхүүн сонирхдог. Эдгээр ялгаатай байдлыг тооцон зах зээлээ сайтар судалж байж Япон руу гарах хэрэгтэй.

Үүнээс гадна Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (Economic Partnership Agreement)-ийг байгуулаад таван жил өнгөрсөн. Гэвч өнгөрсөн хугацаанд тодорхой, бодитой үр дүн гараагүй гэхэд хилсдэхгүй. Үүнийг шийдэхийн тулд сая миний хэлсэн жишээ зэрэг олон асуудлыг сайжруулснаар EPA илүү үр дүнгээ өгөх боловуу гэж бодож байна.

-Монгол Улс уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлэхийн тулд Япон Улсаас ямар зүйл суралцаж болох вэ?

-Би Япон улсаас бүх зүйлийг нь сураасай гэж зөвлөхгүй ч хэрвээ монголчууд Японоос юуг нь сураасай гэж боддог вэ гэвэл брэндинг хэрхэн хийдгээс нь суралцаасай гэж хүсдэг.  Дэлхийн II дайны дараа Sony, Toyota, Mitsubishi зэрэг компани дэлхий даяар Японы бараа бүтээгдэхүүний чанарыг таниулж чадсан. Одоог хүртэл Япон бүтээгдэхүүний чанар, найдвартай байдалд итгэх хэрэглэгчид байсаар байна. Тухайлбал, Монголд Японы HaiHai, GunGun, Каgome зэрэг бүтээгдэхүүн эрэлттэй байгаа нь Япон барааны чанарт олон нийт итгэж буйг харуулж байна. Дэлхийн хэрэглэгчид цаг гэвэл Швейцар цагийг сонгодог.

Үүний адилаар Монгол Улс чанартай брэнд бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй. Нөгөөтээгүүр, тухайн чанарын стандартаа тууштай хадгалдаг байх нь чухал.

Монголд шинээр Япон хоолны газар нээгдлээ гэхэд аажмаар хоол үйлчилгээний чанар мууддаг жишиг олон бий. Тиймээс Японы тууштай байдлаас бас суралцаасай гэж боддог.

-Таны бодлоор Японы зах зээлд Монголын ямар бараа бүтээгдэхүүн амжилт олох боломжтой вэ? Та Монголд ажиллаж амьдраад 20 орчим жил болсон байна. Японоос ямар бүтээгдэхүүн нэмж оруулж ирэх хэрэгтэй вэ?

-Мэдээж мал аж ахуйн гаралтай гэвэл ноолуур, арьсан бүтээгдэхүүн. Хүнсний бүтээгдэхүүн дундаас аньс, нэрс, чацаргана, хөмүүл, халгай байж болох юм. Түүнчлэн хатуу шампунь, органик гаралтай тос гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн Японы зах зээлд амжилт олох бүрэн боломжтой. Гэхдээ зөвхөн Япон руу бүтээгдэхүүнээ гаргах төдийгүй япон технологийг оруулж ирэх боломжтой. Японы зах зээл рүү махаа экспортлохгүй ч Японы мах үйлдвэрлэлийн технологийг оруулж ирээд Хятадын зах зээл рүү гаргах махаа бэлтгэж болох юм. Иймэрхүү байдлаар Япон улстай хамтарч ажиллах бүрэн боломж бий.

Мөн Монгол улс залуу улс учраас цаашид хүн ам нь өсч, хүүхдийн тоо нэмэгдэнэ. Монголд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлдэг тоглоом хомс байдаг юм болов уу гэж боддог. Тиймээс Японоос хүүхдийн сэтгэхүй хөгжүүлсэн тоглоом оруулж ирвэл тохиромжтой. Тэдгээр тоглоомыг гэртээ төдийгүй сургууль цэцэрлэгт хүртэл ашиглах боломжтой. Ер нь бол хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ их эрэлттэй байх болов уу.

-Манай уншигчдад удахгүй болох арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү.

-Монгол-Япон төв нь Ибараги мужтай хамтран 2021 оны арваннэгдүгээр сард хөдөлмөрийн цахим яармагийг зохион байгуулах ба бүртгэл нь аравдугаар сард эхлэх юм. Бид хөдөлмөрийн яармаг зохион байгуулахдаа Японы талаас оролцох компанийг сайтар судалж сонгодог. Учир нь монголчуудыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл орчинд ажиллуулж амьдруулах нь бидний нэг үүрэг.

Мөн 2022 оны наймдугаар дугаар сард Монгол Японы бизнес форум, Japan Festival арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Ташрамд хэлэхэд 2022 он бол Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Япон төвийн 20 жилийн ой, JICA байгууллагын 30 жилийн ой тохиож буй гэдгээрээ их онцлог жил. Эдгээр ойн баярын хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө та манай уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?

-Монгол, япон хүмүүс олон талаараа ялгаатай. Тэс өөр хүмүүс гэж хэлсэн ч хилсдэхгүй. Гэхдээ бие биенийхээ чадахгүй зүйлийг нөхөж чадна гэж боддог. Өөрөөр хэлбэл, бид хамтрах юм бол хийж чадахгүй зүйл гэж үгүй. Манай хамт олон Япон, Монголын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бүхий л хүчин чадлаа зориулах болно.

ariunzaya ariunzaya