Нар мандаж, салхи салхилахад

Mongolian Economy
2020-09-14 16:15:09
Ангилал: Эрчим хүч

Зайрмагийг хамгийн хүйтэнд хадгалах температур хасах 18 хэм. Харин хот маань өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. Зайрмаг ч тас хөлдөх хэмжээний хүйтэнд төрөлх хотод маань оршин суугаа 400 мянга гаруй өрхийн тэн хагас нь төвийн дулаанаар халдаг. Үүнээс харахад бид эрчим хүчгүйгээр амьдралыг төсөөлөхийн ч аргагүй. Монгол Улсын хувьд нийт хэрэглээ нь нийлүүлэлтээсээ давчихсан, эрчим хүчний оргил үеийн хэрэглээг дангаараа хангаж чаддаггүй тул ОХУ-аас эрчим хүч импортолдог. Хуучин Зөвлөлт холбоот улсын үеийн цахилгаан станцуудын технологи хуучирч, насжилт өндөр болсноор дэлхийн дунджаас хоёр дахин их хэмжээний цахилгааныг түгээхдээ алдаж буй. Анх 1965 онд ашиглалтад орсон ДЦС-2 болон 1985 ашиглалтад онд орсон ДЦС-3,4- ийн тоног төхөөрөмж хэдийнэ хуучирсан ч өргөтгөх замаар ажиллуулсаар. Цаашдаа ДЦС-5 зайлшгүй шаардлагатай гэх ч 2023 он хүртэл төрийн зүгээс эрчим хүчний талаар баримтлах төлөвлөгөөнд шинэ цахилгаан станцын тухай огт дурдагдаагүй. Энэ мэтчилэн бидэнд олон асуудал бий.

Эрчим хүч үйлдвэрлэхэд цөөн хэдэн л эх үүсвэр шаардагддагийн хамгийн түгээмэл нь нүүрс. Монгол Улсын эрчим хүчний салбар нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцад голлон суурилсан бөгөөд нийт эрчим хүчний 91 хувийг эзэлдэг. Багануурын уурхай улсын нийт нүүрсний хэрэглээний 70 хувь, эрчим хүчний 60 хувийг дангаараа нийлүүлж, үлдсэнийг нь Шивээ-Овоон нүүрсний уурхай нийлүүлдэг. Гэвч эдгээр уурхай өртгөөсөө доогуур ханшаар нүүрсээ зарж, алдагдлыг нь төсвөөс санхүүжүүлдэг. Багануурын уурхай л гэхэд нэг тонн нүүрсээ 39 мянга гаруй төгрөгөөр гаргаж авдаг ч 31.5 мянган төгрөгөөр борлуулдагаас тонн нүүрс тутамд 7.500 төгрөгийн алдагдал хүлээдэг. Өдөрт уг уурхай 8000 тонн нүүрс олборлон Улаанбаатар руу ачуулдаг бөгөөд өдөрт 60 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг аж. Ийнхүү нүүрсээ станцуудад нийлүүлсний дараа станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчээ өртгөөс нь доогуур түгээдэг тул эрчим хүчний шат болгонд татаастай явдаг аж. Ингэснээр эрчим хүчний салбар жилдээ 53.6 тэрбум төгрөгийг зөвхөн хөнгөлөлтөд зарцуулдаг. Эцсийн хэрэглэгчдэд очих эрчим хүчний төлбөр бага ч төрөөс жил бүр эргээд л бидний татварын мөнгөнөөс татаас өгч эрчим хүчний салбарыг санхүүжүүлдэг. Нүүрсний уурхайнууд зах зээлийн зарчмаараа ажиллан хоорондоо өрсөлдөж, олсон ашгаараа технологио сайжруулан инноваци хийж эрүүл арга замаар өсөн дэвжих боломжийг хаах нь урт хугацаандаа ихээхэн хохиролтой. Төр иргэдийн халааснаас авсан татварын мөнгөөрөө нөгөөхийг санхүүжүүлэх нь хэмнэлт гэж харагдаж болох ч тун егөөдөлтэй дүр зураг.

Цаашдаа эрчим хүчний эрэлт улам ихэсч, түүнийг дагаад урьд өмнөхөөсөө их нүүрс хэрэг болох үед татаасын хэмжээ ч дагаад ихсэх нь гарцаагүй. Багануурын уурхай жилдээ 3-4 сая тонн нүүрс олборлож байгаа ч 2018-2023 онд жилдээ 10 сая тонн нүүрс нийлүүлж байж эрчим хүчний хэрэглээг хангана гэх тооцоо бий. Төрөөс “угжсаар” компанийн хөгжлийг нь зогсонги болгосон уурхайнуудын тайланг одоо сонирхъё. Багануур, Шивээ-Овоон уурхайн санхүүгийн 2018 оны хагас жилийн тайланг харахад, 124.9 тэрбум төгрөгийн орлогоос 0.5 тэрбумын цэвэр ашигтай ч нийт 157.7 тэрбумын өр төлбөртэй. Тухайлбал, Багануурын уурхай 49.4 тэрбум төгрөгийн орлоготой хэрнээ зардал их тул 0.4 тэрбумын алдагдалтай ажиллаж, нийт 109.6 тэрбумын хуримтлагдсан өр төлбөртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Багануурын уурхайн хувьцааны ногдол ашиг болон нэрлэсэн үнийн харьцаа нь 104 байгаа нь хэт хөөсрөлттэй буюу хиймлээр үнийг хөөрөгдөж байгааг харж болно.

Монгол Улс жилдээ 7.5 тэрбум квт.ц цахилгаан хэрэглэж байгаагийн 20 хувийг гаднаас импортоор авч байна.Үүний 1.1 тэрбум квт-ыг Оюутолгой компани Хятадаас авч байгаа бол төвийн болон баруун бүсийн эрчим хүчний систем нийлж 300 сая квт-ыг нь ОХУ-аас авч байна. Монгол Улсын суурилагдсан хүчин чадал болох 1300 мвт бүрэн хязгаартаа хүрч байж 2017 оны өвөл эрчим хүчний хамгийн өндөр ачаалал 1081 мвт, 2018 оны өвлийн 1143 мвт-ын хэрэглээг хангах боломжтой. Гэвч манай станцуудын тоног төхөөрөмжийн элэгдлээс үүдэн үйлдвэрлэсэн бүх цахилгаанаа хэрэглэж чаддаггүй, мөн сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт хэлбэлзэлтэй байдгаас үүдэн зөрүүг нь ОХУ-аас нэг квт-ыг 10 центээр авдаг. Эрчим хүчний хамгийн ачаалалтай оргил цагаар буюу оройн 18-20 цагаас бусад цагаар бидэнд илүүдэл эрчим хүч гардаг ч уг эрчим хүчээ нөөцлөх технологи байхгүйгээс, ОХУ руу квт бүрийг нь нэг цент хүрэхгүй, үнэгүй шахам гаргадаг. Ялангуяа, өвлийн улиралд хүйтэнтэй холбоотойгоор эрчим хүчний ачаалал ихэсдэг.

Монгол Улсын эрчим хүчний салбар нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцууд дээр голлон суурилсан бөгөөд нийт эрчим хүчний нөөц бололцооны 91 хувийг энэ төрлийн эрчим хүч эзэлдэг. Нүүрсээр галладаг станцууд нь нүүрстөрөгчийн давхар ислийн нийт ялгарлын 63 хувийг эзэлдэг. Уг үзүүлэлтээрээ нүүрстөрөгчийн ялгарлаараа дэлхийд тавд ордог ч Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой тул дотоодынхоо урт хугацааны хэрэглээг хангах бүрэн боломжтой. Монгол Улс төрөлжсөн, хосолмол эрчим хүчний эх үүсвэртэй болж, сэргээгдэх эрчим хүч илүү хэрэглэдэг болох нь өртөг өндөр импортын эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүчний салбар дахь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Дотоодын хүчин чадлаасаа хэдийнээ хэтэрчихээд байгаа эрчим хүчний хэрэглээ цаашдаа жил бүр 5-10 хувиар нэмэгдэх тул бидэнд хийх ажил их бий.

2017 онд дэлхий нийт эрчим хүчнийхээ хэрэглээний 17 хувийг сэргээгдэх эрчим хүчээс гаргаж авав. Харин манай улсад 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 20 хувийг, 2030 онд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэх зорилт бий. Ярих амархан, хийх хэцүү. Ярьснаа эргээд харвал ийм ч, хийснээ харвал 2017 онд нийт суурилагдсан хүчин чадал 1239.5 МВт хүрсний 11.8 хувийг СЭХ эзэлж байна. Цаашлаад уг ярьсан зорилтдоо хүрэхэд биднийг олон сорилт хүлээж буй. Мөн Монгол Улсын 2020, 2030 онд хүрэх зорилт нь сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал уу эсвэл нийлүүлж буй бодит хүчин чадал уу гэдгийг тодорхойлоогүй юм. Ингэснээр зорилтдоо хүрэхэд хэр хэмжээний ажил хийх дутууг тодорхойлоход бэрх бөгөөд ойлгомжгүй байдалтай байна.

Төрийнхөө “амны билгээр” сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэхийн тулд бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Гэтэл том төслийн гэрээ үзэглэхээс эхлээд эцэстээ ашиглалтад орох хүртэл маш олон үе шат дамжина. Хүсэхэд хясна гэгчээр энэ бүхнийг давж төслөө хэрэгжүүлэхэд Монгол Улсад төрийн тогтворгүй нөхцөл байдал том тээг болдог. Энэ том саадыг гэтлэн төслийн санхүүжилтийг хамгийн бага зардлаар босгож хамгийн богино хугацаанд хийж дуусгах нь яггүй даалгавар. Эндээс санхүүжилтийн хэсгийг тодруулбал, төслийнхөө санхүүжилтийг босгоход Лондонгийн хөрөнгийн биржийн хүүн дээр тухайн төслийн эрсдлийн хүүг нэмэхээс гадна улс орных нь эрсдлийг ч мөн нэмж тооцдог. Монголын хувьд улсын эрсдлийг хаах уг хүүний түвшин нэлээдгүй өндөр байдгаас төслийн хөрөнгө оруулалтын хүү өндөр байх гол шалтгаан болдог. Тийм ч учир төслийн хугацаа урт байх тусам төслийн үргэлжлэх хором бүр сая сая ам.долларын зээлийн хүүгээр хэмжигддэг аж. Гэвч ийм нөхцөл байдал дунд 2011 онд 128 сая ам.долларын санхүүжилт босгон бүх үе шатыг хууль ёсны дагуу гүйцэтгэж зургаан жилийн дараа Монголын анхны салхин паркыг эх орондоо байгуулав. Салхитыг байгуулсан “Клин Энержи Азиа” компани 2018 онд мөн 50мвт- ын Сайншандын салхин цахилгаан станцыг барихдаа найман сарын дотор барьсан нь дэлхийд хамгийн хурдан хугацаанд барьсан салхин паркаар шалгарч байсан удаатай.

Сэргээгдэх эрчим хүч нь нэгт, нүүрсээр ажиллах эрчим хүчний станцуудаас илүү зардалтайгаар эрчим хүч үйлдвэрлэдэг. Хоёрт, салхи болон нартай цагуудаар л ажилладаг тул тогтмол эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй. Ийнхүү нийлүүлэх эрчим хүчний хэмжээ хэлбэлздэг тул сэргээгдэх эрчим хүчний хажууд тогтмол эрчим хүч нийлүүлэх цахилгаан станц хэрэгтэй. 2007 онд Монгол Улс анх сэргээгдэх эрчим хүчний хуулийг баталж, хуульдаа салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэх нэг квт.ц-ийг 0.08- 0.095 ам.доллар, нарны эх үүсгүүрээр үйлдвэрлэх нэг квт.ц-ийг 0.15-0.18 ам.долларын үнийг тогтоож өгсөн байдаг. Гэвч ам.долларын ханш 1200 төгрөг орчим байсан хуулийн заалтын үнэ 2015 онд хоёр дахин орчим өссөнөөс үүдэн, тухайн онд дахин шинэчлэн найруулж нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Сэргээгдэх эрчим хүч бусад эрчим хүчтэй харьцуулахад зардалтай ч олноор нь үйлдвэрлэж өртгийг нь буулган,Монголынхоо сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах бүрэн боломжтой юм. Нар манддагаараа мандаж, салхи салхилдгаараа салхилсаар байх цагт сэргээгдэх эрчим хүчийг бид ашигласаар байх юм.

Mongolian Economy