Насжилт, баталгаат хугацаа нь дууссан Монголын цахилгаан станцууд

Sarangerel
2023-10-16 15:24:27

Хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллах ёстой станцуудын нөхцөл байдал өнөөдөр хүнд байна. Ингэж яриад, санаа зовоод олон жилийг ардаа орхилоо. Дахин ярьж сануулах цаг нэгэнт иржээ. Бид “Эрчим хүчний салбараа аваръя” цуврал контентын хүрээнд энэ удаа дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн насжилтын асуудлыг хөндөж байна. Төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын насжилт 10-30 жилээр хэтэрч, Дулааны IV цахилгаан станцаас бусад нь өндөр настай болжээ.

Дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа гэдэг нь станцуудын зуух, турбингенераторууд өндөр параметртэй орчинд (439-560 градусын халуун, 39-138 кгс/см2) 220 мянган цаг ажиллах нормыг хэлдэг байна. Энэ нь ойролцоогоор 30 жил ажиллах ёстой гэсэн үг юм. Гэтэл Дулааны II цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд 53-62 жил ажиллаж байгаа бөгөөд нэг, дөрөв, тавдугаар зуух болон нэг, гуравдугаар турбингенераторын үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа аль эрт дуусчээ.

Дулааны III цахилгаан станцын нэг, хоёр, тавдугаар зуух болон 1-8 дугаар турбингенераторууд 40-55 жил ажиллаж байна. Тус станцад 13 зуух, есөн турбингенератор суурилагдсан байдгаас есдүгээр турбингенераторыг сүүлд 2015 онд шинэчилжээ. Харин бусад найман турбингенератор нь 220 мянган цагаас дээш ажилласан, хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн, үйлдвэрийн баталгаагүй болсон байна.

Их хэмжээний эрчим хүчний дутагдал үүсвэл  зарим газарт хөлдөлт болохыг үгүйсгэхгүй. Ийм байдал тулж ирсэн тул шинээр цахилгаан, дулааны станцуудаа яаралтай барих хэрэгтэй.

Дулааны IV цахилгаан станцын хувьд энэ жил нас сүүдэр 40 жилийг зооглож байна. Бусад станцаас зуух, турбин харьцангуй гайгүй. Долдугаар турбингенераторыг 2015 онд шинээр суурилуулж, 1-4 дүгээр турбингенераторт 2018-2020 онд шинэчлэл хийснээр 190 мянган цаг ажиллаад байна. Гэхдээ тус станц манай төвийн эрчим хүчний системийн гол тохируулгыг хийж ажилладаг учир ачаалал нь маш их хэлбэлздэг аж. Тиймээс зуухнуудын халаах гадаргуу, экран хоолойнууд, уур халаагчийн шугам хоолойны ажиллах хугацаа дуусчээ.

“Дарханы дулаан цахилгаан станц”-ын насжилт 37-58 жилд хүрсэн бөгөөд гуравдугаар зуух болон нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр турбингенераторуудын ажиллах хугацаа дууссан байна. Харин  тавдугаар турбингенераторыг 2019 онд шинээр суурилжээ.

“Эрдэнэтийн дулаан цахилгаан станц” 36 жил ажиллаж байна. Зуухнууд нь харьцангуй гайгүй боловч нэгдүгээр турбингенераторын ажиллах хугацаа нь мөн дууссан.

Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлж байгаа дулааны цахилгаан станцуудын нөхцөл байдал ийм л байна. Насжилт, үйлдвэрийн хугацаа нь дуусаад 10-30 жил болсон ч ажилласаар байгаа нь хачирхалтай. Цахилгаан, дулааны хэрэглээ өсөн нэмэгдсээр буй энэ үед дээрх станцууд сөхөрч унах дээрээ тулсан нь харамсалтай. Үүнийхээ төлөө төр, засаг нь санаа зовж, шинэчлэлт хийж, дорвитой шийдвэр гаргаагүй нь бүр гайхалтай санагдана. Олон үг нуршихгүйгээр энэ салбарт ажиллаж, тогоонд нь буцалж байгаа мэргэжилтний үгийг хүргэе. Түүний ярианаас дулааны цахилгаан станцуудын нөхцөл байдлыг төвөггүйхэн ойлгоно биз ээ.

Т.Батдондог:  Станцуудад аваар, саатал гарахгүй гэх баталгаа алга

Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга Т.Батдондогтой ярилцлаа. 

-Насжилт өндөртэй, үйлдвэрийн баталгаагүй тоноглолуудыг манай дулааны цахилгаан станцууд ашигласаар байна. Ингээд ажиллаж болоод байдаг юм уу?

-Эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн тоноглол зуух, турбингенераторын их засварыг дөрвөн жилд нэг удаа, урсгал засварыг хоёр жил тутамд хийх ёстой. Энэ хүрээнд станцууд хөрөнгө мөнгөндөө тохируулан засвараа хийдэг. Энэ хөрөнгөөр зуухны экран хоолойнууд, агаар халаагчуудыг бүрэн шинэчлэх хэмжээнд биш зөвхөн гэмтэл гарсан хэсгийг сольж өвлийн бэлтгэл ажлыг хангаж байна. Уг нь экран хоолой, уур халаагч, экономайзер зэргийг иж бүрнээр солих хэрэгцээ байдаг боловч бидэнд хөрөнгө байдаггүй. Эрчим хүчний үнэ, тариф бага байгаа болохоор тоноглолуудынхаа найдвартай ажиллагааг хангасан иж бүрэн засварыг хийх боломжгүй. 

Дунд даралтын станцыг бүрэн буулгаж 250 мегаваттын шинэ станц барина гэсэн ТЭЗҮ, төлөвлөлт бий.

Хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлуудыг компаниуд өөр өөрийнхөө хөрөнгийн хүрээнд шийдээд хийж байна. Өөрөөр хэлбэл, зуухны үндсэн барабан болон карказ эд ангиас бусад бүх халах гадаргуу, турбинүүдийн урсгал хэсгийн сэлбэгүүдийг хэсэгчлэн сольсоор өнөөг хүрч байна. Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж буй учраас засвар шинэчлэлээ цаг хугацаанд нь хийж чадахгүй, зөвхөн гарсан гэмтлүүдээ л засаад явдаг. Жишээлбэл, Дулааны III цахилгаан станцын есөн турбингенераторын найм нь, “Дарханы дулаан цахилгаан станц”-ын таван турбогенераторын дөрвийнх нь хугацаа дууссан байхад яаж болж бүтэж байна гээд яриад суух вэ дээ. Станцууд үнэхээр хэцүү байдалд байна. Бид хэр хэмжээндээ засвар хийгээд зүтгүүлээд явж байна.

-Төр, засгаас дулааны цахилгаан станцуудын тоноглолуудыг шинэчлэх, солиход хэр их анхаарч, төсөв мөнгө төсөвлөдөг вэ?

-Засгийн газраас арга хэмжээ авч байгаа. Дулааны IV цахилгаан станцын 1-4 дүгээр турбингенераторуудын гол эд ангиудыг шинэчилж, Дулааны III цахилгаан станцын есдүгээр турбингенераторыг шинээр суурилуулсан бол Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудад тус бүр нэг турбингенератор шинээр суурилуулсан, Амгалангийн дулааны станц, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл шинээр хийх зэрэг ажлыг хийж байна. Дулааны III цахилгаан станцын есдүгээр турбингенератораас бусад нь ашиглалтын хугацаа дууссан тул үе шаттайгаар шинэчлэн солих шаардлагатай. Төсөл хэрэгжиж, шинэчлэхийг хүлээгээд л байна. Эхний 1-4 дүгээр турбингенераторыг зуухнуудын хамт шинэчлэх станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дунд даралтын станцыг бүрэн буулгаж 250 мегаваттын шинэ станц барина гэсэн ТЭЗҮ, төлөвлөлт бий. ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр 2018 оноос хойш яриад таван жил болж байна. Засгийн газрын сайд, дарга нар хөөцөлдөөд л байгаа. 

Харин Дулааны III цахилгаан станцын 5-8 дугаар турбингенератор, “Дарханы дулаан цахилгаан станц”-ын дөрвөн турбингенераторуудыг шинэчлэх, Дулааны IV цахилгаан станцад шинээр 500 т/ц бүтээмжтэй зуух шинээр барих зэрэг санхүүжилтийг улсын төсвөөс үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Дулааны III цахилгаан станцаас ОХУ-ын Калужскийн турбины үйлдвэрээс 2021 онд ПТ-25/30-8.8./1.0-1 маягийн турбингенераторыг бүрэн автомат удирдлагын системийн хамт нийлүүлэх үнийн саналыг авахад 26.7 тэрбум төгрөгийн санал өгсөн.

-Жилд засвар шинэчлэлтэд хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ?

-Станц бүр өөр өөр. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын их засварт 1171 нэр төрлийн 136.4 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Хөрөнгө оруулалтын 602 нэр төрлийн 110.4 тэрбум төгрөгийн, техникийн  402 нэр төрлийн 56.6 тэрбум төгрөгийн ажлыг хийхээр төлөвлөсөн. 

-Тоног төхөөрөмжийн эд ангийг хаанаас авдаг вэ?

-Үндсэн тоноглолын дийлэнх нь ОХУ-ын үйлдвэрийн эд ангиуд байдаг. Жишээлбэл, турбин нь ОХУ-ын КТЗ, ЛМЗ, УТЗ, зуух нь БКЗ байх жишээний. Сүүлийн үед “Эрдэнэтийн дулаан цахилгаан станц”-ын дөрөвдүгээр турбингенератор, “Дарханы дулаан цахилгаан станц”-ын есдүгээр турбингенераторыг БНХАУ-аас авч суурилуулсан.

-Ер нь осол аваар гарахгүй гэх баталгаагүй болж байна, тийм үү?

-Компаниуд аваар, саатлаас сэргийлж, холбогдох арга хэмжээг маш сайн авч ажиллаж байна. Гэхдээ үйлдвэрийн баталгаат хугацаа нь дууссан тоноглолтой учир хэзээ л бол хэзээ аваар саатал гарахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Компаниуд  өөрийнхөө хэмжээнд засвараа хийгээд л ажиллаж байна.

-Нэг машин шинэчилэхэд зардал нь хэр хэмжээтэй байдаг вэ?

-Дулааны III цахилгаан станцаас ОХУ-ын Калужскийн турбины үйлдвэрээс 2021 онд ПТ-25/30-8.8./1.0-1 маягийн турбингенераторыг бүрэн автомат удирдлагын системийн хамт нийлүүлэх үнийн саналыг авахад 26.7 тэрбум төгрөгийн санал өгсөн. Хэрэв нийлүүлсэн тохиолдолд манай станцын боловсон хүчин жилийн засварын хугацаандаа багтаан станцын ажилчид өөрсдөө угсарч суурилуулаад ашиглалтад оруулах бүрэн боломжтой.

-Үйлдвэрийн баталгаа байхгүй, хугацаа нь дууссан дулааны цахилгааны тоног төхөөрөмжүүд нам зогсвол яах вэ? 

-Өвлийн их ачаалалд тулсан тоноглолтой ажиллаж байгаа үед зуухнуудын халаах гадаргуу нь хагараад явахгүй, засварлаад явуулах хугацаанд тухайн тоноглолын хүчин чадлын хэмжээгээр цахилгаан, дулааны эрчим хүчний хязгаарлалт хийнэ.  Их хэмжээний эрчим хүчний дутагдал үүсвэл  зарим газарт хөлдөлт болохыг үгүйсгэхгүй. Ийм байдал тулж ирсэн тул шинээр цахилгаан, дулааны станцуудаа яаралтай барих хэрэгтэй. Жил болгон бага чадлын эх үүсвэрүүд орж байгаа боловч том чадлын эх үүсвэрүүдээ нэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлж, ашиглалтад оруулах нь чухал байна.

Мөн салбарын мэргэжилтэй ажилчид ажлаасаа их гарч байна. Дулааны III, IV цахилгаан станцын ажилчид зуу зуугаараа ажлаасаа гарч гадагшаа явж байна. Шинэ ажилтан аваад шууд ажилд нь оруулж болдоггүй салбар. Өчнөөн сар жил дадлагажиж байж хийдэг ажлуудыг хүмүүс нь хаяад явчихаар боловсон хүчний асуудалд орж байна. Тиймээс эрчим хүчний үнэ тарифыг зохистой түвшинд хүргэж салбарын ажилчдын цалин хөлс, хөрөнгө оруулалт, бусад хүндрэлтэй зүйлийг шийдэх хэрэгтэй.

Төр, засгаас өнгөрсөн онд улс, орон нутагт шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг түр зогсоож  бондуудын эргэн төлөлтийг амжилттай төлсөн.  Энэхүү сайн жишгийн дагуу Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан шинэ эх үүсвэрүүд барих болон хуучирсан, насжилт өндөртэй тоног, төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтын ажлуудыг дээрх жишгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-Системийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд өвлөө ямар ч байсан даваад л гарна. Цаашид шинэчлэл, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг  хийхгүй бол асуудал улам л  хүндэрнэ.