Ногоон гэрэл аслаа
2019 онд 577 мянган жуулчин хүлээж авсан манай улс 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж байв. Улмаар тухайн жилд 36.9 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын ДНБ-ий 6.48 хувийг нь аялал жуулчлалын салбарын орлого бүрдүүлжээ.
Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж, үйл ажиллагаа нь бараг бүрэн зогсов. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуучлалыг уул уурхайн салбартай дүйцэхүйц эдийн засгийн өндөр ач холбогдолтой хэмээн тодорхойлж, цаашид эл салбарын компаниудыг тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэдгийг энэ сарын 14-нд болсон “Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал” хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ.
Дэлхий аялал жуулчлалын байгууллагын гаргасан Хөгжиж буй орнуудын аялал жуулчлалын салбарын хохирол амссан байдлын талаарх судалгаанд манай улс тавдугаарт бичигджээ.
Дэлхий дахинд цар тахлын хязгаарлалтыг үе шаттай хөнгөвчилж, одоогоор 140 гаруй улс орон хилийн хоригоо цуцлаад байна. Манай улсын хувьд ч хилийн хоригоо цуцалж, гадаадын жуулчдад хилээ нээж байгаа төдийгүй вакциндаа бүрэн хамрагдаагүй гадаадын жуулчдад Монгол Улсад ирсэн даруйдаа зохих журмын дагуу вакцинд хамрагдах боломжийг олгож байна.
Аялал жуулчлалын салбарыг цар тахлын хүнд цохилтоос гаргах эрс шийдвэртэй арга хэмжээнүүдийн талаар тус арга хэмжээний үеэр талуудын илэрхийлсэн байр суурийг танилцуулья.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ
-Хил орчмын жуулчдад зориулан 72 цагийн виз олгож эхэлсэн нь хөрш орнуудтай харилцах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно.
Агаарын тээврийг либералчлах асуудалд Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт нислэгийн хуваарь тодорхой байх асуудал чухал байдаг. Энэ асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Агаарын тээвэр-Аялал жуулчлалын зөвлөл”-ийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран байгууллаа. Мөн гадаадын жуулчдыг хүлээн авах талаар шинэчилсэн цогц мэдээллийг агуулсан гарын авлага бэлтгэж байна.
Дэлхий нийтээрээ шинэ нөхцөлд шинэ гараанаас хөдөлж эхэлж байгаа аялал жуулчлалын салбарын боломж, давуу талаа ашиглан энэ онд дэлхийн улс орнуудын Аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгахад таатай байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
–Дэлхий дахины чиг хандлага өөрчлөгдөж, аялал жуулчлалын салбар цахим руу шилжиж байна. Манай улсын аялал жуулчлалын салбар ч цахим шилжилтийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. ГХЯ-наас Гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахад түлхүү анхааран ажиллаж байна. Монгол Улсын визийг цахимаар болон хилийн боомт дээр олгох, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхзүйн зохицуулалтууд хийсэн. Энэ хүрээнд одоогийн байдлаар 36 улсын иргэнд гурван төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгож байна. Цаашид цахимаар виз мэдүүлэх ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Мөн Монгол, Хятадын хооронд олон жил яригдаж байгаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын иргэдэд зориулсан гурав хоногийн К3 ангиллын визийг шинээр гаргасан. Үүнийг бодит ажил хэрэг болгох үүднээс ГХЯ, БОАЖЯ, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан ажлыг хэсэг аяллын маршрут, хөтөлбөр, тээврийн хэрэгсэл болон бусад дүрэм, журмыг БНХАУ-тай урьдчилан тохиролцохоор зэхэж байна.
Соёлын сайд Ч.Номин
–Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд яамд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал. Аялал жуулчлал болон соёлын салбарыг нэг зоосны хоёр тал гэж хэлж болно. Олон улсын жуулчдыг үндэсний соёлын үйлдвэрлэлээрээ татах боломжтой. Тиймээс Чингис хааны өв соёлын хүрээлэн аялал жуулчлалын цогцолбор газруудыг судлан, таниулах тал дээр хамтран ажиллаж байна. Судалгаанаас харахад, олон улсад аялах сонирхолтой хүмүүсийн 80 гаруй хувь нь Монгол Улсын тухай мэдэхгүй байна. Тиймээс эхний ээлжинд Соёлын яамнаас үндэсний брэндийн судалгааг хийж, аялал жуулчлалын салбарынханд танилцуулахаар бэлтгэлээ. Соёл урлагаар дамжуулан жуулчдыг хэрхэн татах, гадаададад эх орноо хэрхэн сурталчлах, үүний үндсэн суурь нь юу байх вэ гэдгийг эл судалгаагаар гаргаж ирнэ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд
–Сүүлийн долоо хоногт дэлхий даяар халдварын тохиолдол 24 хувиар буурч байгаа эерэг дүр зураг ажиглагдаж байна. Дэлхий дахинд Ковид-19 цар тахлын Омикрон хувилбарын давлагаа буурч байгаатай холбогдуулан дотоодын хязгаарлалтаа сулруулах болсон. Ялангуяа Европын зарим орон хилээ нээж эхэллээ.
Монгол Улсын хувьд Ковид-19 халдвар авсан гадаадын иргэдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа. Энэ бол аялал жуучлалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын нэг хэсэг юм. Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд нийслэл болон орон нутгийн эмнэлэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулах боломжтой. Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлож байна.