Ногоон хөгжлийн сэргэлтэд 15 их наяд төгрөг шаардлагатай

Mongolian Economy
2023-10-11 15:30:24
Ангилал: Эдийн засаг

Шинэ сэргэлтийн бодлогын нэг гол салбар бол ногоон хөгжлийн сэргэлт юм. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Ногоон хөгжлийн сэргэлтийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулаад байна.

Ногоон хөгжлийн сэргэлтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны нөөцийг хамгаалж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулах зэрэг дөрвөн зорилтын хүрээнд найман үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ. Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор Ойн газрыг байгуулж, үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг Уур амьсгалын үндэсний хороогоор батлуулсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар идэвхтэй явж буйг бид мэднэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих амлалт өгсөн билээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 14.6 сая ширхэг мод тариад байна. Өнгөрсөн оны байдлаар нийт 4228.4 га талбайд ойжуулалт нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн ажлыг хийснээр ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайн газар нутгийн хэмжээ 8.1 хувь болж өсчээ. Манай улс нийтдээ 1750 га талбай бүхий 336 мод үржүүлгийн газартай. Нэг мод үржүүлгийн газрын дундаж талбай хэмжээ 5.2 га орчим бөгөөд дээрх мод үржүүлгийн газруудад 2022 оны дүнгээр 51.6 сая тарьц, суулгац ургуулж байна. Мөн Монгол Улс, Европын Холбоотой хамтран ойн түншлэлийн замын зургийг Ойн газар, ЕХ-ны Төлөөлөгчийн газартай хамтран боловсруулж байгаа аж.

Ногоон хөгжлийн сэргэлтэд тусгагдсан “Хөх морь” төслийн хүрээнд Монгол орны томоохон голууд дээр техникийн боломжтой 33 байршлын судалгаа хийснээс гадаргын усны хуримтлал бий болгох, урсцын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх техникийн төсөөллийг боловсруулж, нийгэм, эдийн засаг, экологийн хувьд ач холбогдол бүхий 10 байршлыг сонгожээ. Эдгээр байршил нь 3.6 тэрбум куб.метр усны нөөцийг бий болгох боломжтой. Эхний ээлжинд Сэлэнгэ мөрний сав газарт барихаар төлөвлөсөн усны барилга байгууламж, Онги голын усан цогцолборын ажлын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлыг гүйцэтгэх юм.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 14.6 сая ширхэг мод тариад байна.

БОАЖЯ-наас дэлхийн чиг хандлагатай уялдуулан бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 20 хувь, 2030 онд 30 хүртэл хувьд хүргэх зорилт тавьсан. Цахилгаан автомашиныг төлбөртэй зогсоолын төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөх, авто зогсоол, албан байгууллага, шатахуун түгээх станц, томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд, улсын чанартай автозам дагуу цахилгаан автомашины цэнэглэгч суурилуулах, барилга, орон сууцны авто зогсоолд цахилгаан автомашины түргэн цэнэглэгчтэй байх шаардлагыг барилгын зураг төслийн шатанд хянаж, баталдаг байх, автотээврийн хэрэгслээс үүдэлтэй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зорилтын хүрээнд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Засгийн газрын 2022 оны 377 дугаар тогтоолыг батлуулж, тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээг Төв аймгийн Сэргэлэн сумын удирдлагатай 2023 оны нэгдүгээр сард байгуулсан. Аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахыг нийслэл болон 15 аймагт байгуулах ажлыг шат дараатай гүйцэтгэж, газрын асуудлыг бүрэн шийдвэрлэснээс гадна аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар шийдвэрлэсэн.

Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход 2030 он хүртэл 11.5 тэрбум ам.доллар, ногоон хөгжлийн сэргэлтийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 15 их наяд төгрөг шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Энэхүү хөрөнгийг төр дангаар бүрдүүлэх боломжгүй юм. Улсын төсвөөс гадна олон улсын уур амьсгалын сан, хандивлагч орнуудын зээл, буцалтгүй тусламж, арилжааны шугамаар орж ирэх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх боломжтой.

БОАЖЯ-ны зүгээс байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон санхүүжилтийн механизм бий болгох, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тууштай ажиллаж тодорхой үр дүнг гаргасан. Тухайлбал, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулсан. 2019-2022 онд нийт 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс зарцуулж, 1000 орчим иргэн, 70 орчим аж ахуйн нэгжид гэрээт банкуудаар дамжуулан ногоон зээл олгожээ.

Харилцан ашигтай түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт дутмаг байгаа нь үнэн юм.

Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн “ногоон бонд”, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн “өрийн солилцоо”, нүүрстөрөгчийн зах  зээл зэрэг олон улсад шинэ тутам хэрэгжиж буй санхүүжилтийн хэрэгслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энэхүү шаардлагыг харгалзан яамны зүгээс биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааг эрчимжүүлэхэд олон талын эх үүсвэрээс санхүүжилт татан төвлөрүүлж, төрийн оновчтой бодлогын хүрээнд зарцуулах чиг үүрэг бүхий “Байгаль хамгаалах итгэлцлийн сан”-г байгуулах гэж байна.

Цаашид Ногоон хөгжлийн сэргэлтэд тусгагдсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хөх морь” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгоход чиглэсэн бодитой гарц, шийдэл гаргах хэрэгцээ их байна.

Welcome to Mongolia

Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь хөрөнгө оруулалт татах нөөц боломж ихтэй юм. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэгдүгээрт, агаарын тээврийн салбарын либералчлал, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, гадаадын авиа компаниудын нислэгийн тоог нэмэгдүүлэх нь чухал билээ. Ингэснээр агаарын тээврийн үнэ өрсөлдөөний зарчмаар тогтож, ирэх жуулчдын тоо нэмэгдэх ач холбогдолтой. Энэ чиглэлд Засгийн газраас дорвитой шийдвэрүүд гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Өнөөдрийн байдлаар манай улс иргэний агаарын тээврийн 10 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд агаарын тээврийн урсгал нэмэгдэж, үүнийг дагаад жуулчдын урсгал ихээхэн өсөж байна. Засгийн газар энэ жилдээ багтаж нэг сая жуулчин авах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 200 гаруй мянган жуулчин ирээд буй статистик тоо бий. Мөн УИХ- аар Аялал жуулчлалын тухай хуулийг баталсан. Энэ мэтчилэн цар тахалд хамгийн ихээр өртөж, тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын салбар сэргэж ирж байна.

Эдийн засгийн форум 2023 тусгай дугаараас

 

 

 

 

Mongolian Economy