Номин ногоон “Хангайн сувд”, цэвэр тунгалаг Мухартын голыг зорьсон нь

Sarangerel
2024-09-24 11:45:02
Ангилал: Нийгэм

Манай сэтгүүлийн баг Завхан аймгийн “Хангайн сувд” гэгдэх Улаагчны хар нуур, элсэн манхнаас ундардаг Мухартын голоор аялж, сурвалжлага, нийтлэл бичихээр нийслэлээс 1000 км-ын зайд орших Завхан нутгийг өнгөрсөн долдугаар сарын сүүлээр зорьсон юм. Тэнгэрийн диваажин мэт Завхан аймагт очихын тулд Солонготын даваа, Загастайн даваа зэрэг олон уул, толгодыг давж хүрнэ. Завхан аймаг маш сайхан үзэсгэлэнт байгаль, өвөрмөц сонин түүх соёлын олон өв баялагтай нутаг. Мөн хангай, говь, тал хээр хосолсон тогтоцтой аймаг. Оройн дээд Очирваань хайрхан энэ л аймагт оршин байж монголчуудыг ивээж байдаг нь гайхалтай. Монгол онгон тагшин байгальтай улс гэдгээрээ дэлхийд алдартай. Тэр тусмаа уул уурхай хөгжөөгүй баруун аймгуудын байгаль үнэхээр гайхалтай бас эмзэг ариун байдаг.

Сүүлийн үед аялал жуулчлал хөгжиж, дэлхийн хүмүүс шинэ содон газар орон, амар амгалан, байгалийн гоо сайхныг мэдрэхийн тулд аялдаг болсон. Дотоодын аялагчид ч ялгаагүй Улаанбаатар хотоос гарч Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж, сэтгэлдээ буулгаж, явах нь эрс ихэссэн. Аялагчдын зорин очих дуртай газруудын нэг нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Улаагчны хар нуур болон Мухартын гол билээ. Бид Завхан аймгийн төвөөс Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлогч Д.Пүрэвдоржийг багтаа элсүүлж, Улаагчны хар нуурыг зорьсон юм. Олон даваа гүвээ, бартаат замыг туулсаар Улаагчны хар нуурын зүрхэн хэсэгт орших “Хар нуур” жуулчны баазад хүрэлцэн ирлээ. Нар жаргах дөхсөн намуухан дулаан орой байлаа. Нуур цаанаа л нэг тогтуун, эргэн тойрны элсэн манхан шаргалтаад л, уул нь дүнхийж усны шувууд хаа нэг үзэгдээд жаргах нарны улаан туяа нуурын магнайг чимэн харагдах нь сэтгэл татам. Нар жаргах үед тэнгэрт одод чуулж, сар хаяанд мэт үзэгдэх нь үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ орой сэтгэл яагаад ч юм хэзээ ч байгаагүйгээр тайван, байгалийн хайр энэрэлд хөвөөд ч байгаа шиг санагдаж байсан шүү. Бид өглөө эрт 08.00 цагт Мухартын гол дээр аймгийн Засаг дарга болон албаны хүмүүстэй уулзахаар тохирсон тул унтаж амрав. Үзэсгэлэн төгөлдөр нуурын зөөлөн салхинд бүүвэйлэгдэн нам унтжээ. Өглөө эртлэн босоод бушуухан нуураа харахад гайхалтэй дүр зураг нүдийг минь мялаав. Тэнгэрт бүртийх ч үүлгүй, цэв цэнхэр, мэлтэлзэн харагдах нуурын мандал, уул, элсэн манхны зохилдолгоо үгээр хэлэхийн аргагүй.

Үүрийн 05.00 цагт “Хар нуур” жуулчны баазынхан аль хэдийнэ босчихсон өглөөний цайгаар дайлав. Баазын захирал С.Ганбат гэж шавилхан биетэй хөдөлгөөнтэй эр бүх зүйлдээ өөрөө гүйж, зүрх сэтгэлээ зориулдаг нь харагдана. 2008 онд хэдэн гэр бариад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд Хар нууранд хүн ирдэггүй байж. Гэсэн ч тэрбээр зүтгэсээр жуулчны баазаа өргөжүүлж, өдийг хүргэжээ. Түүний хичээл зүтгэл талаар болсонгүй. Одоо жуулчид, аялагчид олноороо зорин ирэх болсон байна. Эднийд герман, солонгосчууд түлхүү ирдэг гэнэ. Германчууд аль эрт хавар захиалга өгчихөөд хуваарийн дагуу амрахаар ирнэ. Биднийг наран шингэх үед очиход, хэдэн герман жуулчин гэрийн гадаа тойроод суучихсан, нуурыг бишрэн харангаа виски тойруулан их л жаргалтай оройг өнгөрүүлж байв. Харин нуурын эрэг дагуу солонгосчууд майхнаа босгочихоод өвсөн дээр хэвтэж харагдана. Тэд хоолоо жуулчны баазаар хийлгүүлж идээд нуурын эрэгт майхнаа барьж хонох дуртай гэнэ. Үүнээс гадна монголчууд гэр бүлээрээ үр хүүхдээ дагуулан ирж жаргалтай цаг хугацааг өнгөрөөх нь олонтаа.

Зүүн гар талаас Завхан аймгийн Мухартын голын байгаль хамгаалагч П.Ганболд, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, Отгонтэнгэрийн УТХГХЗ-ны Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Б.Жавхлан, Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Пүрэвдорж, Эрдэнэхайрхан сумын байгаль хамгаалагч Ж.Тамжид

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр байгаль хамгаалагчдын хамт Мухартын голд.

Бид Улаагчны хар нуураас Мухартын гол руу өглөөний 06.00 цагт хөдөллөө. Энэ газар нутагт ирж үзээгүй миний бие хаяанд нь давхиад очих юм шиг санаж их л хөнгөхнөөр хүлээж авсан байлаа. Ер нь хүн гээч хот суурин газарт удаан амьдраад ирэхээр байгаль дэлхийгээс холдож аливаа зүйлд тав тухтай, хялбар ханддаг болчихдог юм байна. Бид Улаагчны хар нуураас хөдлөөд Бургастын дөрөлж, Бургастын гол, Шар хадны энгэрээр дайраад далайн түвшинээс 2000 гаруй метр өндөрт ханхайх Сэнжид хадаар өгсөж, дараа нь Мухартын голд ирэв. Бартаат замыг туулж сэгсчүүлсэн ч байгалийн гоо үзэмж илүү сонирхол татаж, замын хүндийг мартаж орхино. Бид замдаа саатаж  зураг дарж явсаар болзоот цагаасаа хоцорчихов. Мухартын голын эхэнд уулзах хүмүүс маань байгаа учир элсээр явган явж, өглөөний хага ташсан хүйтэн голыг туулах хэрэгтэй болов. Голын ус хөлийн шагай татам гүехэн. Мухартын гол хэмээх элсэн манхнаас цэвэр тунгалаг булаг ундардаг онгон тагшин газарт хүмүүс ирэх гэж хэцүүхэн бартаат замыг туулдаг юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдов. Байгаль дэлхий өөрөө олон сорилтыг хүмүүст бий болгодог аж. Ийнхүү зориод хүсээд очно гэдэг амьдралдаа дурсамж үлдээх хамгийн сайхан зүйлсийн нэг гэдэг нь тодорхой юм.

Сүүлийн жилүүдэд Мухартын голыг зорин ирэх аялагчид олширч, элсэн манхнаас гулгаж, энэ тэндээс нь машинтайгаа хамаагүй орж ирдгээс болж элс нь нурж, голын ус нь ширгэж байгаа гэнэ. Урин зуны өглөөний 08.00 цагт Мухартын голд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ИТХ-ын дарга Н.Тамир болон газар хэлтсийн дарга нар, байгаль хамгаалагчид, Эрдэнэхайрхан сумын удирдлагууд, мөн Mongolian Economy сэтгүүлийн сэтгүүлчид Мухартын голд үүссэн асуудлыг хэлэлцэж, элсэн манхны нурж буй сөрөг нөлөөг үзэж, цаашид ямар арга хэмжээ авч хэрхэн ажиллах талаар ярилцав. Байгаль хамгаалагчийн тоог нэмэгдүүлэх, Мухартын гол орчимд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хяналт тавихад аймаг орон нутгаас хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, морь унуулж буй болон гэр кемп ажиллуулдаг нутгийн иргэдтэй гэрээ байгуулах, шинээр байгаль хамгаалагчийн пост барьж, морин тээврийн зөөвөрлөх цэгийг хязгаарлах, улсын тусгай хамгаалалттай газар нутагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар талуудын оролцоог тэгш хангах, ойлголтын зөрүүг арилгах талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах зэрэг асуудлыг эхний ээлжинд анхаарч ажиллахаар болсон. Нутаг усаа хайрлах, эмзэг нандин экосистемийг нь хамгаалах гэсэн чин сэтгэл нутгийн удирдлагуудаас ийн харагдана. Харин байгаль хамгаалах хууль, дүрэм журам дутмаг санагдсан.

Бид Улаагчны хар нуураас хөдлөөд Бургастын дөрөлж, Бургастын гол, Шар хадны энгэрээр дайраад далайн түвшинээс 2000 гаруй метр өндөрт ханхайх Сэнжид хадаар өгсөж, дараа нь Мухартын голд ирэв.

Дураараа загнасан аялагчдад сануулга өгөх л эрх үүрэг тэдэнд бий. Хууль журмыг нь бодлогоор дэмжээд ягштал мөрдүүлдэг бол хэн дуртай нь замбараагүй хандахгүй биз ээ. Бид Мухартын голын булгийн эхээс наашлахдаа сумын байгаль хамгаалагч Ж.Тамжид, Мухарт голын байгаль хамгаалагч П.Ганболд нартай хөөрөлдөн явав. Байгаль хамгаалагчид нутгийнхан, мөн аялагчдад Мухарт голын зөвшөөрсөн замаар явахыг сануулахад “Бид нутагтаа явж байна, чамаар заалгахгүй” гээд л томордог гэнэ. Бас нутгийн иргэд хүмүүсийг мориор авч явахын тулд хоорондоо маргах зэрэг замбараагүй явдал мэр сэр гаргадгаас гадна, хаа хамаагүй хог хаях, Мухарт голын аль ч талаас машин тэргээр орж ирэх зэрэг асуудал үүсгэдэг тухай, Мухартын голыг ганц хамгаалагч хамгаалж хүчирдэггүй талаар П.Ганболд ярив. Бидний явах замд гол ус ширгэсэн ул мөр бишгүй таарав. Олон жижиг гол ус ширгэжээ. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна дэлхийн дулааралтай ч хамаатай тухай тэд онцолсон. Өвс ногоо халиурч, гол ус жирэлзэн урсах нь бидний багад дивааажин мэт л санагддаг байж. Харин өнөөдөр энэ тэнд гандсан тал, ширгэсэн голын ул мөр үе үе үзэгдэх нь сэтгэл эмзэглүүлэх аж.

Хар нуурын хувьд асуудал бас л бий. Нуурыг зорих хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд ихэссэн. Оргил үе нь 2014, 2015 он байсан гэж нутгийнхан ярьж байна. Хэний ч мэддэггүй, хэнбугай ч ирдэггүй байсан нуур нэг л өглөөний нарнаар олон хүний зорьдог, аялахыг хүсдэг газар болж өөрчлөгдсөн юм. Энэ нь аялал жуулчлал хөгжүүлэхэд давуу тал болсон ч байгаль экологи талдаа эмзэг асуудал болж хувирав. Ялангуяа дотоодын олон аялагч нуурын аль ч талаас хамаагүй орж ирж, нуурын хөвөөнөө дуртай газраа буудаллана. Майхан барьж, амарч улмаар хог тариад явна. Хар нуурыг улс хамгаалалтад авах үед ганцхан зам л байсан тухай байгаль хамгаалагчид ярьсан. Тэгвэл одоо газрын хөрсийг эвдэлсэн олон зам зурайж байна лээ. Дуртай замаараа, хүсвэл өөр шинэ зам гаргаад л нуур руу явчихдаг ажээ. Дээр нь Хар нуур хүний өтгөн, шингэний үүр болж байгаа нь хамгийн сэтгэл эмзэглүүлэм. Аялагчид дуртай газраа бие засч, 00 хийж байна. Энэ нь нуурыг улам бохирдуулж, хогын үүр болгож буйг хэлье. Дээр нь загас агнагчид нуурыг ихээр бохирдуулж буй ажээ. Улсын тусгай хамгаалалтад буй газрын ан амьтныг агнах эрхгүй хуулийн заалттай ч загас агнуурын хүмүүс хулгайгаар нуурт загасны тор татаж, улмаар тороо нуурт үлдээгээд явдаг нь нуурыг илүүтэй бохирдуулдаг гэж байгаль хамгаалагчид үзэж байна. Энэ мэт асуудлаас гадна дэлхийн дулаарал мөн нөлөөлж эхэлсэн талаар нутгийнхан ярилаа. Бороо хур бага, зундаа ган гачиг болоод ирэхээр нуурын ус багасч, ширгэх тохиолдол ч гарсаар байгаа аж. Нуурын хөвөөгөөр зусдаг малчид “Манай сум нуургүй л болох гээд байна” хэмээн сэтгэл нь шаналан ярьсныг хүргэе.

Сэтгүүлч Д.Бэхбаяр Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлогч Д.Пүрэвдоржтой Хар нуурын тулгамдсан асуудлаар ярилцаж байгаа нь.

Мухартын голд. Сэтгүүлч У.Сарангэрэл Завхан аймгийн Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэртэй Мухартын голын асуудлаар ярилцлага хийж байгаа нь.

Мухартын гол, Улаагчны хар нуурын үзэсгэлэн төгөлдрийг магтан, бишрэхээс гадна хэрхэн эмзэг мэдрэг экосистемийг нь хамгаалах вэ гэдэг дээр анхаарал хандуулах цаг болжээ. Монгол Улс аялал жуулчлалын салбараас олох орлого жилээс жилд нэмэгдэж, зуны улиралд ирэх жуулчдын тоо тасрахгүй байна. Гэвч аялал жуулчлалаа хөгжүүлэхийн хажуугаар байгаль орчноо хамгаалах цогц бодлого дутагдсаар байгаа юм. Бидний зорилго ч энэ чиглэл рүү зүглэсэн. 2019 онд боловсруулсан “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөл энэ зорилгод бүрэн нийцэж байгаа юм. Уг төсөл олон улсын стандартын дагуу байгалийг онгон тагшин хэвээр хадгалан үлдэхээс гадна түүндээ түшиглэж, аялал жуулчлал хөгжүүлэх улмаар аймагт, орон нутагт валютын болоод төгрөгийн урсгалыг оруулж ирэх зорилготой. Хэрэв тус төсөл хэрэгжвэл Завхан аймгаас гадна баруун бүсийг хөгжүүлэх томоохон ач холбогдолтой гэдгийг судлаачид, албаны хүмүүс онцолж буй. Харин нутгийн иргэд энэхүү төслийг хэрэгжээсэй хэмээн горьдлого тээж өнөөг хүрсэн тухай ярьж байв. Биднийг Улаагчны хар нуураас Улаанбаатарын зүг хөдлөхөд үүл бүрхэж, салхи ширүүсч, нуурын давалгаа хүчтэй болов. Амгалан тайван, зөөлөн мэлтэлзэх нуур хормын төдийд хүчтэй давалгаалж, номин ногоон өнгө нь тэнгэрт нүүх битүү үүлний өнгөөр сааралтаж ирэв. Хамгийн тунгалаг ариухан нуур юу ч юм хэлээд буй мэт хүчтэй сэтгэл бидэнд түрүүлсэн юм. “Авраарай л” гэж байгалийн өнгөөрөө хэлсэн болов уу. Хэсэг хугацааны дараа бороо асгарлаа. Улаагчны хар нуур улам хүчтэй давалгаалан биднийг үдэв.

Сэтгүүлч У.Сарангэрэл, Д.Бэхбаяр 2024.07.23

/“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар/