Нүүдэллэгч элс

Mongolian Economy
2023-11-21 08:37:03
Ангилал: Олон улс

Адармаатай холбоотнуудын сүлжээ улам хөгжинө.

Ойрхи Дорнодын дипломат бодлогод сүүлийн үед гарсан хамгийн эрс өөрчлөлт нь Израиль болон Арабын ертөнцийн хоорондох энх тайван юм. 2020 онд Арабын нэгдсэн эмират улс (АНЭУ), Бахрайн, Марокко, Судантай Израилийн байгуулсан Абрахамын үүнд гол үүрэг гүйцэтгэв. Израиль худалдаа, технологийн харилцааг ялангуяа АНЭУ, Мароккотой өргөжүүлэв. Эдийн засгийн эл шинэ блок өргөжиж чадах эсэх нь 2023 оны гол асуулт юм.

Израиль нь Йордан, Египеттэй энх тайвны хэлэлцээр байгуулсан. Харин Саудын Арабтай өрнүүлж буй нууцлаг харилцаа нь анхаарал татаж буй. Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салман Израилийн гарааны бизнесүүдэд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Саудын Араб Абрахамын гэрээний шинэ гишүүнээр тодорлоо ч Салман улсаа тэргүүлсэн хэвээр, Израиль Палестиний харилцаанд дэвшил гарахгүй бол хоёр улсын харилцаа сайжирсан ч албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөхгүй.

Махмуд Аббасын удирдлагад хэцүү байдалд буй палестинчуудад эрх чөлөө өгөх дарамтаас Израиль Абрахамын ачаар бага ч болов гарав. Арабын ихэнх улс Палестинд итгэхээ больжээ. Гэвч Йерусалимд үймээн гарах, ИзраильПалестиний хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх нь хэлэлцээрийн хүчийг шалгана. Эдгээр хэлэлцээр нь эдийн засгийн шинж чанартай ч Иран хэмээх ижил дайсныг сөрөх давхар зорилготой.

Эл бүс нутагт шашны хагарал нь исламын суннит болон Иран, Сири, Йемений дэмждэг шиа урсгалын хооронд оршсоор байна. Олон зууны турш үргэлжилсэн энэ зөрчилдөөн бол өөрчлөгдөшгүй зүйл биш. Ирантай удаан хугацаанд дайсагналцсан Персийн булангийн Араб улсууд үүнийг зохицуулах боломжтой. Тухайлбал худалдаачид нь тэнгис далайгаар холбогдсон эртний харилцаатай АНЭУ, Катарыг дурдаж болно. Харин эсрэгээр Саудын Араб нөхөрлөлийн гараа сунгахыг тууштай эсэргүүцсээр байх болов уу.

Аятолла нар Засгийн эрхэнд байвал Барууны гүрнүүд болон Ираны хооронд цөмийн хэлэлцээрийг сэргээх боломж бага. 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нд болох Израилийн сонгуулиар Беньямин Нетаньяху эвслээ ялуулсан ч сэргээх магадлал бага хэвээр үлдэнэ. Хэрэв Ираны дэглэм унавал Персийн булангийн хурцадмал байдал намжиж, бүгд үр шимийг нь хүртэнэ. Израиль ч Ирантай ярилцаж магадгүй.

Ирантай цөмийн хэлэлцээр байгуулах найдвар бага ч боломжгүй биш

Барууныхан Украины дайнд анхаарлаа хандуулсан энэ үед Ираныг дэмжигч Сирийн Башар аль-Ассадын тэсэх магадлал тун өндөр. Турк, Ирактай хиллэдэг хэсэгт үе үе мөргөлдөөн гарч болзошгүй ч улсынхаа ихэнх хэсгийг эрхэндээ оруулсан тэрбээр барьцаа улам лавшруулна. Түүнийг унагахыг оролдож асан АНЭУ, Катар зэрэг улс эргээд найрсаг харилцаа тогтоохыг сонирхоно. Турк мөн адил. Харин оросууд Украинд “гацаад” байгаа ч Сирийг ялагдуулахыг хүсэхгүй.

Ойрхи Дорнодын хамгийн цуст улс нь Йемен хэвээр байна. Хэн хэн рүүгээ ээлжлэн дайрдаг хоёр ч талын дунд хавчуулагдсан Ливийг мөн дурдах хэрэгтэй. НҮБ тус улсад зөвшилцөл үүсгэхийг хичээж буй.

Хүн амын тоогоор Египет, Судан, Иракийн дараа ордог Алжир, Мароккогийн харилцаа нь өөрийн газар нутаг хэмээн Марокко зарласан ч Алжир үл хүлээн зөвшөөрдөг фосфатаар баялаг Баруун сахарын газар нутгийн талаарх маргаанаас шалтгаалж царцанги хэвээр байна. Марокко эл асуудлаар дэлхий нийтээс дипломат дэмжлэг авч магадгүй ч Алжир амархан бууж өгөхгүй. Хөрш зэргэлдээ Арабын орнуудын иргэд харилцан хил нэвтэрч чадахгүй байгаа нь утгагүй боловч урьдны дайсагнал амар арилахгүй. Харин Израильтай түр зуур найрамдахаас өөр аргагүй.

ШАН СМАЙЛИ Чөлөөт редактор, The Economist

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy