Нүүрсний экспорт 2.5 хувиар өсжээ

B Shurenchimeg
2022-08-17 17:11:58
Ангилал: Мэдээ

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, тоон мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн сард инфляц 15.7 хувьд хүрсэн. Ийнхүү өсөхөд импортын барааны үнэ 54.1 хувиар голлон нөлөөл үзүүлсэн байна. Үүнд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь нөлөөлсөн. Энэ бүлгийн үнэ сүүлийн нэг жилд 39.2 хувиар өсжээ. Харин 6.3 нэгж буюу 40.1 хувийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байна. Хүнсний ногооны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 82.6 хувь өссөн, үүний дотор төмс, цагаан будааны үнэ хамгийн өндөр хувиар өсжээ.

Нүүрсний экспорт 2.5 хувиар өсжээ

Гадаад худалдааны тэнцэл долдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Харин  импорт 924 сая ам.доллараар, экспорт 1752 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмал 15 хувиар, нүүрс долоон хувиар өссөн бол төмрийн хүдрийн биет хэмжээ 51 хувиар буурчээ. 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

                                                   Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Мөн энэ оны хагас жилийн байдлаар манай улс 11 мянга гаруй тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна. Мөн 1795 сая ам.долларын   856 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн экспорт 10 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн 3.2 их наяд төгрөгөөр өсөв

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 23.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2  их наяд төгрөгөөр өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өслөө. Энэхүү өсөлтийн 1.8 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, -3.7 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -0.1 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 2.2 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.7 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

 

Төгрөгийн хадгаламж 13.7 хувиар буурчээ

Харин төгрөгийн хадгаламж долоодугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.1  их наяд төгрөг буюу 13.7 хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 89.8 хувь нь иргэдийн хадгаламж, 10.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 354.1 тэрбум төгрөгөөр өсжээ.  

Mөнгөний нийлүүлэлт 27.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8эрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 тэрбум төгрөг буюу буюу 0.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 88.8 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар буурчээ.  

                                                                                                         Төгрөг, валютын нийт хадгаламж, сараар

                                                     Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

 

Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.0 их наяд төгрөгөөр өссөн байна

Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь урсгал дансны алдагдлаас шалтгаалжээ. Импортын төлбөр, манай иргэд гадагшаа аялж жуулчилсан,  гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдсэн нь үйлчилгээний урсгал дансны алдагдалд нөлөөлжээ. Харин санхүүгийн данс гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 300 сая ам.доллараар өссөн.   

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний долоон сарын байдлаар 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 773.8 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөгөөр өссөн байна. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 7 сард 9.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Харин Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 47.6 тэрбум төгрөгөөр, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 408.1  тэрбум төгрөгөөр буурчээ. 

 

 

 

 

 

B Shurenchimeg