Н.Учрал: Цахим үндэстэн болох нь алс холын биш амьдралын бодит зүйл болж эхэллээ 

Sarangerel
2024-06-14 12:53:39
Ангилал: Ярилцлага

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа.

-Манай улс “Цахим үндэстэн” болох зорилго тавин төр, засгийн зүгээс сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам ч байгууллаа. Тэгвэл “Цахим үндэстэн”-г хэрхэн тодорхойлох вэ?

-Бид дижитал эрин үе дэх дэлхийн Монгол Улс. Технологийн дэвшил хөгжил дэлхий дахинд, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг, энгийн хэрэглээ, соёл болж хэвшлээ. Дижитал технологи, хиймэл оюун ухаан нийгэм, эдийн засгийн салбарт хурдтай нэвтэрч, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ажлын бүтээмж, үр ашгийг нь өсгөх зэрэг олон талаар ашиглах болсон эрин үед бид амьдарч байна.

Дэлхийн улс орнууд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн, хөгжлийн бодлого, зорилго, үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахад онцгойлон анхаарч байна. Технологи хөгжлийн хурдасгуур, технологи хөгжлийн алтан түлхүүр болсон. Монгол Улс ч урт хугацааны хөгжлийн бодлогодоо цааснаас хурдан чөлөөлөгдөж, цахим шилжилтийг түргэсгэн, технологид үндэслэн суурилсан, иргэндээ ойрхон төрийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Технологи ашиглана гэдэг бол хүний эрхийг хамгаална, эрүүл, нээлттэй нийгмээ бүтээнэ гэсэн үг. Технологи бол авлигын эсрэг шийдэл. Хүн биш технологи засаглахын хэрээр хүнд суртлын хана хэрмийг нураана гэсэн үг. Энэ бүхэн нийлээд “Цахим үндэстэн” болох эрхэм зорилго, үнэ цэн, үр дүн юм. Өөрөөр хэлбэл, технологийн дэвшлийг улс орныхоо хөгжлийн бодлоготой нягт уялдуулан ашиглаж, иргэндээ ээлтэй, нээлттэй, эрх тэгш боломж, оролцоог хангасан ил тод засаглалтай, хүртээмжтэй нийгмийг цогцлоосон үндэстнийг “цахим үндэстэн” гэж тодорхойлж болно.  Цахим үндэстэн болоход улс төрийн манлайлал, засаглалын зөв бодлогоос гадна монгол хүн нэг бүрийн идэвх, оролцоо нэн чухал юм.

-Цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү?

-За тэгье. Өнөөдөр Монгол Улсын 21 аймаг, 330 сум өндөр хурдны интернэт сүлжээнд холбогдсон. Өөрөөр хэлбэл, өргөн уудам манай улсын аль ч сумаас мэдээллийн технологийн үр шимийг хүртэх боломж нээлттэй байна. Улаанбаатар хотын иргэдийн 85.3 хувь, орон нутгийн иргэдийн 67.6 хувь нь интернэтэд холбогдсон. 2023 оны байдлаар давхардсан тоогоор монголчууд дөрвөн сая орчим ухаалаг төхөөрөмж өдөр тутамдаа ашиглаж байна гэсэн судалгаа гарсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яам  харилцаа холбооны дэд бүтцийг өргөтгөх, төрийн үйлчилгээг түргэн хөнгөн болгох, кибер аюулгүй байдлыг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг сайжруулах, цахим эдийн засгийг дэмжих, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, сансар судлал, сансрын технологи хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. Цахим засаглал, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд нэн тэргүүнд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь чухал байна. Дүрэм журмын цаасан түгжээ, гох дэгээг мултлахгүй бол цахим шилжилт илүү хурдан өрнөж чадахгүй. Бид өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд санаачлан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж чадлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлэгчийн тухай хуулиудыг УИХ-аар батлуулж амжлаа. Төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээд цаасан хэлбэрээр, өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг байсныг арилгаж чадсан. Монгол Улсын хүчин төгөлдөр 430 гаруй хуулийн 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан, 2023 онд УИХ-аар батлуулсан. Цаасан 109 түгжээнээс монгол хүн бүр чөлөөлөгдсөн. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia 1.0”-ийг 2020 онд нээж байсан бол өнөөдөр 1200 гаруй үйлчилгээг дэлхийн хаанаас ч алган дээрээсээ, гар утаснаасаа авдаг нь ер бусын зүйл биш ердийн хэрэглээ боллоо. Насанд хүрсэн арван иргэний найм нь энэхүү платформын байнгын үйлчлүүлэгч болж, цаг, мөнгөө хэмнэж, цаасан хүнд суртлаас өөрсдийгөө чөлөөллөө. “E-Mongolia” сард Сүхбаатарын талбайг зургаа дахин бүрхэх, Парисын Эйфелийн цамхагтай тэнцэх цаас хэмнэж байна. Нэг иргэн сард 50 цагаа хий дэмий үрэлгүй, ажил, амьдралдаа зориулсан. Ажлын цагаар бол сард нэг бүтэн долоо хоногийг дараалал, түгжрэл бөглөрөлд алдалгүй авч үлджээ гэсэн үг. “E-Mongolia” систем анх нээгдсэнээс хойш 921 тэрбум төгрөгийг иргэний халаасанд үлдээгээд байгаа тооцоо гарсан.

Цаасан 109 түгжээнээс монгол хүн бүр чөлөөлөгдсөн

“E-Mongolia” иргэнээ, хүүхдүүдээ хамгаалдаг, урьдчилан сэргийлдэг ухаалаг хотоо бүтээх шинэ шийдэл нэвтрүүллээ. Хүүхэд сургууль, гэр хаана байгаа байршлаа ганцхан товчлуураар аав ээждээ мэдэгддэг, хоорондоо хичээл ном, хүсэл сонирхлоо ярьж болдог сошл платформ болж хувирсан. Цахим орчинд хүүхдийг гэмт хэрэг, ялгаварлал гадуурхлаас хамгаалах нь зүгээр л нүдийг нь таглаж, утсыг нь хураана гэсэн үг биш. Тэдний харилцах, хөгжих, үзэх, унших эрхийг хүндэтгэж, эрүүл зөв талбарыг нь нээж өгөх нь эцэг эхчүүд бидний үүрэг. Би ч гэсэн өөрөө аав. Миний хүүхэд сошлын бохирдлоос сэргийлэгдэх ёстой ч үе тэнгийнхэнтэйгээ, аавтайгаа чатлах эрхтэй гэж боддог. “E-Mongolia” иргэнээ хамгаалагч болсон. Утаа угаарын талаар гэр хорооллын 75 мянган өрхийн гишүүн бүрд 20 секунд тутамд анхааруулж сануулж, монгол айлын элэг бүтэн амьдралын төлөөх манаанд технологи үүрэг гүйцэтгэж байна. Хий газаар ажилладаг  гуанз, зоогийн газруудыг холбож анхааруулж сануулдаг болж байна. Тун удахгүй үер, усны аюулыг нүд цавчих, унтаж зүүрмэглэх гэдгийг мэдэхгүй мэдрэгчүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэлдэг болохоор ажиллаж байна.  

Улсын хэмжээнд 166 “Хурдан” цэг хурдан нээгдлээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ хаанаас ч ойрхон хүрч очсон төрийн үйлчилгээ. “E-Mongolia”, “Хурдан” цэгүүд бол авлигын хөрс тэжээл болсон зохиомол хүнд суртлыг халах, иргэндээ ойрхон, илүү хөнгөн шуурхай үйлчилдэг төрөө угсрах шинэ шийдлүүд юм. Иргэндээ нээлттэй төр зөв, иргэн нь мэдээлэлтэй нийгэм эрүүл байдаг. Хаана нууц байна, тэнд авлига байдаг. Авлигын эсрэг “Шилэн” ажиллагаагаар shilen.gov.mn-ийг бүтээсэн. Тусгай сангууд, газар олголт, барилга байгууламжийн комиссууд, ашигт малтмалын лиценз зэрэг төрийн 970 мянган мөр өгөгдөл мэдээллийг ил тод байршуулаад байна. Мэдээллийг эмх цэгцтэй, илүү хялбар ойлгомжтой, зураг графиктай, хайлт хийх боломжтойгоор боловсруулан байршуулсан. Иргэн таны сонгосон төр учраас та харах, мэдэх, хянах бүрэн эрхтэй. Shilen.gov.mn 13 сая хандалт авсан гэдэг нь 26 сая хос нүд төрөө шууд харж хянаж, олуулаа нүдээ нээснийг нотлох тоо баримт. Нийтийн өмч хөрөнгө, эрх ашгийн талаарх Засгийн газрын хөрөнгийн зарцуулалтыг шилээр хараад, шүүрдэн цэвэрлэж, шувуугаар зөөж, шилжүүлэн авчирч байна гэсэн үг. Татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн 92 тэрбум төгрөг  буюу 27 сая гаруй ам.доллартой тэнцэх зээл буцаан төлөгдсөн. Shilen.gov.mn хиймэл оюун сургаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар асуусан бүхэнд хариулдаг болсон. Хиймэл оюун хэнд ч тал засахгүй, байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хэлж өгдөг. Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлэхдээ хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжихэд онцгой ач холбогдол өгч, “И-Бизнес”, “Mindgolia” зэрэг дижитал платформуудыг бүтээсэн нь бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг хялбарчлах, хүнд суртлыг бууруулах, цаг хугацаа хэмнэхэд чиглэсэн бидний ажлын бас нэг үр дүн юм.

-Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” платформд 86 байгууллагын 1200 гаруй үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон талаар та дурдлаа. Гэсэн ч зарим бичиг баримт, лавлагааг заавал цаасан хэлбэрээр нэхдэг хэвээр байна. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Төр иргэнээс өөрт байгаа баримт лавлагаа нэхдэг, ийш тийш гүйлгэдэг биш өөрийнх нь зөвшөөрлөөр татаад авчихдаг тэн тэргүүний шийдэл. Цаашдаа ерөөсөө лавлагаа бүү хэл лавлагаа гэдэг ойлголтыг нь алга болгоно. Банкнууд бидний бэлтгэж өгсөн lavlagaa.e-mongolia.mn хэрэглээд хэвшчихвэл энэ асуудал шийдэгдэнэ. Зарим банк ийм систем аль хэдийнээс ажиллаж буйг мэдсээр байж хэрэглэхгүй байна. Банкны удирдлагуудтай уулзахаар манайх бүх шатандаа цахим лавлагаа тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн гэж хэлдэг. Гэтэл орон даяар олон салбартайгаасаа болоод ч янз янзаар, өөр өөрөөр хэрэгжиж байна. Жишээ нь Говьсүмбэр аймгийн Төрийн банк цахим баримт бичгээр үйлчилж байхад Улаанбаатар хот дахь зарим салбар нь иргэний үнэмлэх нэхдэг. 109 хуулийн өөрчлөлтөөр банктай холбоотой гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Банкнууд тэдгээр өөрчлөлтийг судалж, цахим баримт бичиг хүлээн зөвшөөрөхөд айх зүйлгүй гэдгийг ойлгомоор байна. Түүний дараа бүх ажилтнууддаа сургалт явуулж аль ч салбарт очсон хэрэгждэг баймаар байна. Засгийн газраас 2024 оны тавдугаар сарын 15-нд “төрийн албан хаагчид цахимаар авах боломжтой баримт бичгийг иргэнээс цаасаар шаардахгүй”  гэсэн шийдвэр гаргасан. 

“E-Mongolia 4.0” шинэчилсэн хувилбар нь хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг ухаалаг платформ юм

-“E-Mongolia” системийн 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан. Шинэ хувилбарт төрийн ямар үйлчилгээнүүд нэмэгдсэн бэ. Уг системийн дэвшилтэд, шинэлэг давуу талууд нь юу байх вэ?

-Бид “E-Mongolia 4.0” шинэчилсэн хувилбарыг 2024 оны тавдугаар сарын 7-ны өдөр нээж, олон нийтэд танилцуулсан. Шинээр хэрэглээнд нэвтрүүлсэн “E-Mongolia 4.0” шинэчилсэн хувилбар нь хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг ухаалаг платформ юм. Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн интерфейсийн өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эзэмшил бүхий аж ахуйн нэгжийн бүхий л мэдээллийг профайл хэсэгт тусгай талбарт байршуулсан. Зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр мөн санал болгодог болж байна.  Мөн иргэн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Замын хураамж, тээврийн болон жолоочийн торгууль, үер ус, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг боллоо. 

Технологи бол авлигын эсрэг шийдэл. Хүн биш технологи засаглахын хэрээр хүнд суртлын хана хэрэм нураана

Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд “E-Mongolia 4.0” хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ. Миний хувьд өөрийн биеэр туулсан учраас эрүүл мэндийн салбартаа цахим технологи нэвтрүүлж, хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэж боддог. Цаг захиалахаас эрүүл мэндийн дэвтэр, оношилгоо шинжилгээний хариу бүгд цаас биш цахим боллоо. Уут дүүрэн, хаяж ч болдоггүй, хадгалахаараа олдоггүй оношилгооны зураг барьж явах хэрэггүй болсон. Хувь, хувьсгалын 800 гаруй эмнэлэг мэдээллээ солилцож байна. Өвчний оношинд тохирсон эмнэлгийг сонгох, шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан шинээр төрсөн нярайгаас эхлээд заавал хийх үндэсний товлолт дархлаажуулалтаа хянах юм.

-Монгол Улс цахим хөгжил, дижитал шилжилтээрээ дэлхийн хаана явж байна вэ.   Салбарын гадаад хамтын ажиллагааны талаар бидэнтэй хуваалцаач?

-Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр  Монгол Улс 2018, 2020 онд 193 орноос 92 дугаарт орж байсан.  2022 онд 74 дүгээр байранд орж, 18 байраар ахиж урагшилж чадсан. Нээлттэй засгийн түншлэлийн өргөмжлөл, Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас “Дэлхийн шилдэг засгийн газрын шагнал” хүртсэн. Энэ бол бид өөрсдөдөө тавьсан дүн биш. Дэлхийгээс авсан үнэлгээ. Хууль эрх зүй, мэдээллийн технологи, бүтэн салбар бүтээмж, иргэн бүрийн идэвх оролцоо, УИХ, Засгийн газар нэгэн зүгт нэг санаа зорилготой хичээн зүтгэсний хамтын шагнал.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд салбарын гадаад харилцааг идэвхтэй хөгжүүлсний үр өгөөж гарч байна. Хоёр хөрштэйгөө уламжлалт харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Япон, Британитай хамтран ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг чиглэлээр Өмнөд Солонгос, Эстони, Сингапур, Казахстан, сансар судлал, хиймэл дагуул, цахим эдийн засгийн чиглэлээр АНУ, Франц зэрэг олон улстай идэвхтэй, үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж байна. Мөн бид хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын анхны санамж бичгийг 2024 оны хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улстай байгуулсныг энд дурдах нь зүйтэй. Цаашид  ХБНГУ, Колумби зэрэг улс орнууд Монгол Улсын цахим шилжилтийн туршлагатай танилцах, туршлага солилцон хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байна. 

“E-Mongolia” сард Сүхбаатарын талбайг зургаа дахин бүрхэх, Парисын Эйфелийн цамхагтай тэнцэх цаас хэмнэж байна

Цаашид салбарын гадаад хамтын ажиллагааны өнөөгийн үр дүнг бататгаж,  үндэсний хиймэл дагуулыг 2027 онд хөөргөхөд онцгой анхаарч ажиллана.  Мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цахим эдийн засгийг үр ашигтай хөгжүүлэхэд гадаадын улс орон, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахад анхаарч байна.

-Та оны эхэнд салбарын сайдын хувиар АНУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын гол зорилго, үр дүн ямар байсан бэ?

-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувиар 2024 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сард хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжсэнээрээ онцлог байсан. 

Айлчлалаар Америкийн төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй нийт 34 уулзалт хийж сансар, цахим эдийн засаг, хиймэл оюун ухааны хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон. Монголчууд олноор амьдардаг Вашингтон, Сан Франциско хотод “Хурдан” цэгээ нээлээ. Цахиурын хөндий дэх монгол залуустайгаа уулзлаа. Торгоны зам инновацын төвийн нээлтэд оролцлоо. “Торгоны зам инновацын төв”-д Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч найман компанийн мэдээлэл албан ёсоор байршлаа. Цахиурын хөндийд монголчууд цахиур хагалан цахилан гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн сансрын их өгөгдөл ашиглалтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх, “Марс” гарагийн судалгаанд Монголынхоо эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг хамруулах, “Starlink”-ийн Монгол дахь үйлчилгээний  албан ёсоор нээх зэрэг олон асуудлаар Америкийн талтай санал солилцож, харилцан тохиролцсон нь эхнээсээ үр дүнгээ өгч, амьдрал дээр хэрэгжиж байна.

Бид үндэсний хиймэл дагуулыг 2027 онд хөөргөхөөр зорьж байна

-“Чингис Сат” хиймэл дагуул хөөргөх төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Энэхүү төслийг хэдий хэр хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа вэ? 

-“Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл” нь хуурай газрын далай өргөн уудам Монголын хаана ч үргэлж найдвартай харилцаа холбоотой байх үнэ цэнтэй. Интернэтийн эринд аврал эрсэн бяцхан иргэнээ олдоггүй, гамшигт өртсөн малчнаасаа төөрдөг улс байх учиргүй. Эх орныхоо хаанаас ч орон зайн саадгүйгээр яаралтай тусламж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авчихдаг, дэлхийтэй холбогддог байх ёстой. Малчны өвөлжөө хаваржаа бүрд газар ухаж шилэн кабель татаж, дагаад нүүдэг, уулын орой бүхэнд антен босгож, арчилж тордох боломж бололцоо байхгүй. Үндэсний хиймэл дагуул өргөн ашиг тусаараа сансар тусгаар тогтнолоо дархлах, гуравдагч хөршүүдтэйгээ харилцах тэнгэрийн өртөө зам юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн БНФУ-д 2023 оны аравдугаар сард хийсэн айлчлалын үеэр Францын Талес Алейна Спейс компанитай хиймэл дагуул үйлдвэрлэж, ашиглах чиглэлээр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Бид үндэсний хиймэл дагуулыг 2027 онд хөөргөхөөр зорьж байна.

-Дижитал шилжилт, цахим үндэстэн болоход мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдал хамгийн чухал. Бидний мэдээлэл, төрийн нууц, эрсдэл, халдлагаас урьдчилан сэргийлэх зэрэг кибер аюулгүй байдал хэр хангагдаж байгаа вэ? 

-Мэдээллийн технологийн дэвшлийн сүүдэр тал нь кибер халдлага. Улс, иргэн бүр кибер орчинд амьдарч байна. Кибер аюулгүй байдлыг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх Кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, Дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажилладаг.  Монгол Улс кибер аюулгүй байдлын эрх зүйн орчинтой, иж бүрэн тогтолцоо, бүтэцтэй, мэргэшсэн байгууллага, мэргэжилтнүүдтэй болж чадлаа. 

Бид өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд санаачлан УИХ-аар батлуулж чадлаа

Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай боллоо. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төвийг Тагнуулын ерөнхий газрын дэргэд,  Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төвийг Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын командлалын дэргэд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 318, 319 тогтоолоор байгуулсан.

Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 224 дүгээр тогтоол “Кибер аюулгүй байдлын нийтлэг журам”-аа батлуулсан. Төрийн өмчит хуулийн этгээд, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний кибер аюулгүй байдлыг хангах, кибер халдлага, кибер аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх болон нөхөн сэргээх арга хэмжээг байгууллага дотроо хэрэгжүүлэх боломжтой болсон.

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн 760 гаруй сургагдан бэлтгэгдэж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын Кибер аюулгүй байдлын цэргийн командлал хамтран “ITACTIC” команд штабын хамтарсан сургуульд долоон байгууллагын 80 алба хаагчийг хамруулаад байна. 

-Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлэх дараагийн алхам юу вэ?

-Монгол Улс Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих хуультай болохоор хуулийн төсөл боловсруулан өргөн барилаа. Тэргүүний дэвшилтэд технологиудыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх, дэмжих, хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг тусган боловсруулж байна. Дотоод, гадаадын программ хангамж үйлдвэрлэгчдийг мэдээллийн технологийн виртуал бүсэд  бүртгэн, гарааны бизнес эрхлэгч нарт татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг сайжруулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төрийн түвшинд бодлого боловсруулах, илүү сайн шийдвэр гаргахын тулд их өгөгдөл болон хиймэл оюун ухааны чадавхыг үр дүнтэй ашиглахад анхаарах хэрэгтэй. Цаашид хиймэл оюун ухааныг эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлээд байна. Ингэхдээ технологи нь нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг, мэдээлэл хамгаалах хатуу стандартыг мөрддөг, хувийн нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг дээдэлдэг байхад ихэд анхаарч байна.