Орлого олохгүй, зарлагаа даахгүй төсөв үү

B Shurenchimeg
2023-10-26 16:54:51
Ангилал:

Өнгөрсөн оны улсын төсвийг бараг бүхий л хэмжүүрээр түүхэнд байгаагүй өндөр боллоо гэлцэж байсан бол 2024 оны төсөв бүр илүү данхайж, таван их наяд төгрөгөөр тэлжээ. Ирэх оны төсвийн нийт орлого 25.3 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг долоон хувиар өснө гэж МАН өөдрөгөөр төсөөлж байна. Мөн  дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 6000 ам.доллар давна гэж тооцоолжээ. Энэ бүхнээс харвал ирэх оны төсөв УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн “онцгой” төсөв гэдэг нь илэрхий байна. Магадгүй тэр утгаараа эрх баригчид Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүнтэй, өндөр зардалтай төсөв батлахаар зэхэж байна. 

Сануулбал, 2023 оны нэгдсэн төсвийн орлогыг 18.9 их наяд төгрөг, эдийн засаг таван хувиар өснө гэж төсөөлсөн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 6.4 хувиар өсөж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая долларын ашигтай гарлаа. Уул уурхайн салбарын өсөлт үүнд голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

Ирэх онд ч төсвийн орлого болон эдийн засгийн огцом өсөлтийг уул уурхайн салбартай холбон тайлбарлаж буй. Тодруулбал, нүүрсний экспортын биет хэмжээг өнгөрсөн оныхоос 10 саяар нэмэгдүүлэн 60 сая тонн, зэсийн баяжмалыг 1,500 мянган тонн, төмрийн хүдрийг 8,400 мянган тонн, алтыг 20 тоннд хүргэх боломжтой гэж үзжээ.  

Төсвийн зарлагын хэмжээг өнгөрсөн онд 20.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувьтай тэнцэхээр тооцоолж, 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Гэсэн ч бид нүүрсээ сайн зарж, далд эдийн засгийг илчлэх тэмцлийн үр дүнд ойрын хэдэн жил тохиогоогүй төсвийн алдагдалгүй ажиллав. 

Харин 2024 оны төсвийн нийт зардал 27.4 их наяд төгрөг байх бөгөөд төсвийн алдагдал 2.1 их наяд гэж тооцжээ. Төсвийн зарлага жилээс жилд түүхэн дээд хэмжээгээ шинэчилсээр байна. 

Засгийн газар жил бүрийн төсвийн үндсэн агуулга, чиглэлээ тодорхойлон нэр оноож өгдөг уламжлалтай. Өнгөрсөн оны төсвийг Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн “Хэмнэлтийн төсөв” гэж нэрийдэж байсан. Харин 2024 оны төсөв “Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ” гэсэн үндсэн агуулгатай. Ийнхүү нэрийдэх болсон нь учиртай. Өнгөрсөн онтой харьцуулбал 21 аймгийн төсвийг тус бүрд нь хоёр дахин нэмж, нийт 4.12 их наядын санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь. Тухайлбал, аймгуудаас хамгийн өндөр санхүүжилт авсан Хөвсгөлийн төсөв 2022 оныхоос 21.4 тэрбумаар нэмэгдэж 43.4 тэрбум төгрөг болсон байна. Харин Хэнтий аймаг 39.5 тэрбум төгрөг буюу 18 тэрбумаар, Архангай 36.3 тэрбум буюу 18.7 тэрбум төгрөгөөр гэх мэтчилэн нэмэгджээ. 

Бид орлогодоо тохируулж зарлага гаргах учиртай. Харин 2024 оны төсвийг харахад орлогоо давсан зардал гаргана гэдгийг дээрх тоонууд бэлээхэн илчилж буй. Бүүр нарийвчилбал, сайд нарын зардлыг орлоготой нь харьцуулахад Хуул зүй, дотоод хэргийн сайд 1.3 их наядыг зарцуулаад 8.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 3.9 их наядыг зарцуулж 3.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар байна. 1.3 их наядын 90 хувийг урсгал зардалд зарцуулах аж. 

 

Төсвийн нийт урсгал зардал 2024 онд 21.3 их наяд төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд үүний 60 хувийг иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон хуульд заасны дагуу тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, 16 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал,15 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал эзэлж байна. Төсвийн задаргааг нэг бүрчлэн авч үзвэл олон сонирхолтой тоо, эерэг болон сөрөг үзүүлэлт харагдана. 

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2023 оны аравдугаар сарын эдийн засгийн тайланд эдийн засгийн өсөлт 2023 оны хоёрдугаар хагасаас хурдац нь буурч 2024 онд 4.5 хувьд хүрэх төлөвтэй байна хэмээн мэдээлсэн. Мөн уг тайланд бүс нутгийн эдийн засагт геополитикийн хурцадмал байдал даамжрах, байгалийн гамшиг, тэр дундаа цаг агаарын онцгой үзэгдлүүд бий болох зэргээр өсөлтийг сааруулах эрсдэлүүд учирч болзошгүй гэж таамаглаж байна.

Харин Азийн Хөгжлийн Банкнаас манай улсын эдийн засгийг ирэх онд 5.9 хувиар  өсөх төлөвтэй хэмээн “Азийн хөгжлийн төлөв-2023” есдүгээр сарын шинэчилсэн тайланд тусгажээ. Харин БНХАУ-ын түүхий эдийн эрэлт буурах, нүүрс, металлын үнэ унах, худалдааны шинэ хязгаарлалт, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан гадаад худалдааны тасалдал, санхүүжилтийн нөхцөл чангарснаас үүсэх эдийн засгийн сөрөг үр дагаврууд, дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал ба удаашрал, хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас гадагшлах зэрэг нь төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэл гэж тодорхойлжээ. 

Монголбанкны зүгээс “Ковид цар тахлын үеэс хойш тодорхой бус байдал буурахгүй байна. Гэхдээ ирэх оны эдийн засгийн өсөлт зургаа орчим хувь байна” гэж төсөөлжээ. 

Ямартай ч 25.3 их наядын орлого олж, 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргаж 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байх 2024 оны төсвийг УИХ-ын чуулган батлахаар зэхэж байна. 

Байр суурь

Эдийн засагч Ч.Хашчулуун

-2024 онд төсвийг их өөдрөгөөр төсөөлсөн байна. Бодит байдлаас айхтар зөрүүтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эрсдэл ихтэй төсөв болж. Орлогын хувьд тийм их хэмжээний экспортыг хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Дэлхийн эдийн засаг сайн биш байна. Урд хөрш Хятадын эдийн засаг сүүлийн саруудад нэлээд муудлаа. Тэгэхээр Монголоос хийх худалдан авалт нь өндөр хэмжээнд байж чадах уу гэдэг нь баталгаатай биш. Нөгөө талаасаа зохиомол тоо тавиагүй байх. Манай улс төмөр замаа барьж, боомтын хүчин чадлыг нэмэх, гарцаа сайжруулж байгаа гэдэг утгаараа бүтэшгүй зүйл биш.

Өнгөрсөн 2020-2024 оны үндсэн хэрэгжилт нь ямар байсныг зайлшгүй авч үзэх ёстой. Миний бодлоор хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц дээр төдийлөн ахиц гараагүй. Инфляц дээр айхтар сөрөг нөлөө гарахгүй болов уу. 

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Түвшинтөгс

-Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай орны хувьд орлогын хэмжээ зарим үед өндөр, заримдаа маш доогуур байх тохиолдол олон бий. Уул уурхайн орлого нэмэгдэхийн хэрээр төсвийн зардлаа тэр хэмжээгээр дагаад нэмж болохгүй, аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл төсвийн зардлаа нэмэгдүүлэх хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөөд зарлагаа нэмээд байна. 

Засгийн газар зарлагаа нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн түүхий эдийн үнэ, экспортын тоо хэмжээг өөдрөгөөр төсөөлдөг, төсвөөс гадуур зарцуулалт хийдэг. Зөвхөн 2021 онд төсвөөс гадуур 1.3 их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн. Харамсалтай үр дагавар нь бид “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” гэсэн үзэл баримтлалаасаа ухраад байна гэсэн үг. 

Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосян

-Ирэх онд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурах магадлалтай. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат байдаг. Ирэх оны нүүрсний экспорт 2023 оных шиг өндөр байна гэж хэлэхэд хэцүү. Монголоос импортлон авч байгаа Хятадын нүүрсний хэмжээ буурвал төсвийн нөхцөл байдал доройтох болов уу. 

Мөн ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн үеэр улс төрийн намууд ард түмэнд таалагдахын тулд биелэгдэх боломжгүй амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулдаг. Энэ нь эдийн засаг, бизнесийн салбарт сөргөөр нөлөөлдөг. Энэ хоёр хүчин зүйл ирэх оны Монголын эдийн засагт гол эрсдэлийг дагуулах магадлалтай гэж харж байна. 

2024 онд цалин, тэтгэврээс үүдэж төсвийн дарамт үүсэж болзошгүй. Инфляцаас болж цалин тэтгэврийг нэмэх шаардлага үүсэж байгаа ч энэ нь өрхийн орлогын өсөлтөд төдийлөн нөлөөлөхгүй. 

Эдийн засагч Н.Энхбаяр

Хөрөнгө оруулалтын төслийг эрэмбэлэх, үнэлэх өчнөөн дүрэм, журам бий. Гэсэн ч төсвийн төсөл боловсруулах үед ямар дүрэм журмаар энэ төсөл багтав гэж гайхмаар төслүүд их тааралддаг болсон. Үнэхээр улс орны хөгжлийн урт, дунд хугацааны зорилт гэж байдаг бол, улсын төсөв нь тэр бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бол эрчим хүчний салбарын амин чухал зорилтууд хамгийн эхэнд тусгагдаж байх ёстой. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтын ач холбогдлоор эрчим хүчний салбар хойгуур эрэмбэлэгддэг. 

Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фэйбер

-Үнийн тогтвортой байдлыг хангах, ажил эрхлэлтийг сайжруулах, бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн дархлааг дэмжих нь ДНБ-ий өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгоход эергээр нөлөөлнө.

 

 

 

 

 

B Shurenchimeg