Оюуны өмч ямар үнэтэй вэ? 

B. Misheel
2020-03-20 19:37:07
Ангилал: Оюуны өмч

Аливаа компанийг үнэлэхэд оюуны өмч, дата, харилцаа холбоо гээд биет бус хөрөнгө өдгөө бэлэн мөнгө, биет хөрөнгөөс илүү үнэ цэнтэй болсныг “S&P 500” индекст бүртгэлтэй компаниудын биет бус хөрөнгийн хэмжээ 2018 онд 21 их наяд ам.долларт хүрснээс харж болно. Дэлхийн топ компаниудын хөрөнгийн 80 ба түүнээс дээш хувийг биет бус хөрөнгө бүрдүүлж байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ бүгд цаанаа патент, гэрчилгээгээр хамгаалагдсан оюуны өмч байдаг гэж бодвол энэ тийм ч гайхширмаар тоо биш юм. Тэгвэл манайд биет бус хөрөнгийг хэрхэн үнэлдэг вэ?

Монгол Улсад оюуны өмчтэй холбоотой харилцааг энэ оны нэгдүгээр сар хүртэл Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, биет бус хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжилтэн, итгэмжлэгдсэн байгууллага байхгүйгээс гадна эрх зүйн орчин бүрдээгүй байсан гэсэн үг. Иймд компаниуд биет бус хөрөнгөө өөрсдөө эсвэл хувийн байгууллагаар үнэлүүлдэг байв. Харин энэ оны нэгдүгээр сард батлагдсан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуульд оюуны өмч буюу биет бус хөрөнгийн үнэлгээг хийх зохицуулалтыг оруулж өгсөн. Уг хууль энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн хэрэгжих бөгөөд үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний институт хийхээр тогтжээ. Ингэснээр компаниуд дүрмийн сангаа нэмэгдүүлэх ба бараа, бүтээгдэхүүний тэмдгээ барьцаалан зээл авах боломж нээгдэх аж. 

Монгол Улсад бүртгэлтэй нийт 6563 патент, 3143 бүтээгдэхүүний загвар, 75842 барааны тэмдэг байна.

Оюуны өмчийг үнэлэх асуудал нь өөрөө маргаантай бөгөөд дэлхий нийтэд ч ийм хандлага ажиглагддаг ажээ. Компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилготой үнэлгээ болон бүтээгдэхүүний тэмдгийг барьцаалж зээл авахад хийх үнэлгээ ялгаатай. Хоёр дахь тохиолдолд банк өөрөө үнэлэх зэрэг туршлага олон улсад дэлгэрсэн байдаг. Энэ жишиг манайд ч хэрэгжээд явж байна. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сараас Улаанбаатар банк оюуны өмчийн нэг объект буюу барааны тэмдгийг барьцаалж зээл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 25 аж ахуйн нэгжид 825 сая төгрөгийн зээл олгоод буй. Энэ нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж буй нэг хэлбэр юм. 

Монгол Улсад оюуны өмчтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулдаг бөгөөд салбарт гарч буй өөрчлөлтийн талаар Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригоос тодрууллаа. 

-Манай улсад компаниудын үнэлгээг хэрхэн хийдэг вэ?

– Одоогийн байдлаар компанийн хөрөнгийг үнэлэхдээ зөвхөн биет хөрөнгийг үнэлж байна. Өмнө нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийг үнэлдэг байсан бол 2016 оноос хөдлөх хөрөнгийг үнэлдэг болсон. Харин эрх зүйн орчин, боловсон хүчин бий болсноор ирэх жилээс биет бус хөрөнгийг мөн үнэлэх боломж бүрдэх болов уу гэж харж байна. Биет бус хөрөнгийг баталгаажуулах үүрэг Оюуны өмчийн газарт байдаг бөгөөд хувь хүн өөрөө үнэлсний дараа бидэнд ханддаг байв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад оюуны өмчийн үнэлгээ хийлгэсэн бүтээгдэхүүний нийт үнэлгээ 22 тэрбум төгрөг байна. Оюуны өмчийн газар сүүлийн жил гарангийн хугацаанд үнэлгээ хийгээгүй нь оновчтой үнэлгээ хийхэд учир дутагдалтай гэж үзсэнийх. 

 

– Хөрөнгийн үнэлгээний институт биет бус хөрөнгийг ямар аргаар үнэлэх вэ?

-Үнэлгээг орлогын, эрэлтийн зэрэг зах зээлийн жишигт суурилсан хандлагын аргуудыг ашиглан гаргах юм. Биет бус хөрөнгийн үнэлгээг баталгаажуулах ажлыг Оюуны өмчийн газар хийх нь хүнд суртал үүсгэхээс гадна учир дутагдалтай байсан тул бид Хөрөнгийн үнэлгээний институттэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус байгууллага хөрөнгийн үнэлгээний салбарт 20 орчим жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай боловч оюуны өмчийн үнэлгээ хийх асуудал тэдний хувьд шинэ. Иймд энэ чиглэлд сургалт, зөвлөгөө авах хүсэлтийг бид өнгөрсөн жил Дэлхийн оюуны өмчийн байгууллагад тавьсан. Үүний дагуу тусгай баг арваннэгдүгээр сард ирж нөхцөл байдалтай танилцаад явсан. Гэвч энэ хүрээнд төлөвлөгдсөн сургалт, семинарууд одоогоор хорио цээртэй холбоотойгоор цуцлагдаад байна. 

– Зохиогчийн эрх болон бүтээгдэхүүний патентийг ашиглахад төлбөр ноогдуулдаг зарчим байдаг уу? Энэ харилцааг хэрхэн зохицуулдаг вэ?

– Уг төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээгээр зохицуулдаг. Харин тухайн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулах, эд хөрөнгийг нь хурааж авах, нөхөн төлбөр шаардах замаар шийднэ. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жил болж байгаа ч бодит байдал дээр нөхөн төлбөрийг гаргуулсан тохиолдол одоогоор байхгүй байна. Учир нь энэ тохиолдолд хохирлыг тооцох арга, аргачлал дутмаг тул дахиад л үнэлгээний асуудал үүсдэг. 

– Монголын брэнд бүтээгдэхүүн эсвэл патентийг олон улсад хэрхэн хамгаалдаг вэ?

– Олон улсын гэрээ конвенциор дамжуулан хамгаалах боломжтой. Тухайлбал, патентаа хамгаалах гэж байгаа бол патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу мэдүүлэг өгөх эсвэл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулах боломжтой. Барааны тэмдгийг олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрээр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулах боломжтой. Эдгээр сонголтоос аль зардал багатай, өөрт амарыг сонгох боломжтой. Олон улсын гэрээ, конвенцийн дагуу нэг хүсэлтээр хэд хэдэн улсад зэрэг мэдүүлэг гаргаж болно. Олон улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа бол оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа хийх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бусад улсад лицензийн гэрээгээр ашиглуулах боломж бий болох юм. 

– Цаашид шинээр хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлаасаа дурдвал?

– Бид хэд хэдэн өндөр зэрэглэлийн хоолны газруудад The Hu хамтлагийн дуу болон хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын аялгууг төлбөртэй явуулах тухай санал тавьсан байгаа. Жишээлбэл, та 30 мянган төгрөгийн стейк идлээ гэхэд үүнийн 300 төгрөг нь дээрх бүтээлийн төлбөрт явдаг байх гэх мэтээр. Зохиогчийн эрхтэй бүтээлийг өндөр үнээр биш хямд үнээр гэхдээ олон давтамжтай борлуулах нь чухал юм. Үүнтэй холбоотойгоор бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлмээр байна. Бид оюуны өмчийн тухай ойлголтгүйгээсээ болж багаасаа хулгайн сэтгэлгээтэй болсон үеийнхэн. Хулгайн кино үзнэ, дуу сонсоно гэх мэтээр. Иймд шинэ үеийнхэнд сургалтын системээр дамжуулан бага наснаас нь эхлэн оюуны өмчийн тухай ойлголтыг суулгах шаардлагатай байна. Энэ нь заавал тусдаа хичээл байх албагүй бөгөөд чиний зурсан зураг бол чиний оюуны өмч гэх зэргээр ойлголтыг алхам тутамд нь өгөх нь чухал юм. 

 

B. Misheel