“Оюу толгой” компани 72 сая ам.долларын татвар төлжээ
Энэ оны нэгдүгээр улиралын байдлаар “Оюу толгой” компани 72 сая ам.долларыг татвар, төлбөр хураамж хэлбэрээр төлжээ. Ийнхүү 2010 оноос хойш нийт 3.65 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлсөн байна.
Мөн нэгдүгээр улирлын байдлаар 577 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 409 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулсан аж.
Уурхайн үйл ажиллагааны хувьд энэ оны нэгдүгээр улиралд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна. Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 85.59 хувийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлсэн байна.
Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн агууламж 33 хувиар буурсан. Хоёрдугаар сард баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт бүрэн зогсолтыг осол аюулгүй, төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэх шийдвэрээр огтлох малталтыг нэгдүгээр сард эхлүүлсэн. Барилга угсралтын ажлын явцад Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлж, улмаар нэгдүгээр сард уурхайн талбар дахь Ковид-19 цар тахлын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор уурхайн талбар дахь ажиллах хүчийг төлөвлөлтөөс 55 хувь хүртэл бууруулсан. Ажиллах хүчний түвшин үүнээс хойш төлөвлөлтийн 70-90 хувьд хүртэл нэмэгдсэн.
Гуравдугаар сарын эцэс хүртэл Ковид-19-тэй холбоотой нэмэлт хязгаарлалтын төслийн зардалд үзүүлэх нөлөөлөл нь 195 сая ам.доллар (эхний улиралд 20 сая ам.доллар) байхаар тооцоолсон. Хоёрдугаар сард Материал зөөвөрлөх систем нэгийг ашиглалтад оруулсан.
Гуравдугаар сарын сүүлчээр агааржуулалтын хойд ам газрын гадаргаас доош 181 метрийн нэвтрэлт хийгдэж агааржуулалтын гуравдугаар босоо амын нэвтрэлтийн ажил дуусчээ. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна. Энэ нь Панел 0-ын тогтвортой үйлдвэрлэлд нөлөөлөхгүй бөгөөд Панел нэг ба хоёдугаар хэсгийн ажлын төлөвлөлт хийгдэж байна.
Энэ оны нэгдүгээр улиралд “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн Газар, Туркойз Хилл Ресурс, Рио Тинтогийн хооронд явагдсан хэлэлцээний үр дүнд гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн мөчийг ажилчид, ханган нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, орон нутгийн иргэдтэй хамт тэмдэглэв. Энэ алхам нь уурхайн хамгийн үнэ цэнтэй хэсгийг нээж буй хэрэг бөгөөд анхны тогтвортой олборлолтод 2023 оны эхний хагаст хүрэхээр тооцож байна.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак Ван Тондер “Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэн нь төсөл амжилттай хэрэгжиж, Монголын ард иргэд үр шимийг нь олон арван жилийн турш хүртэх бидний хүсэл зоригийн нотолгоо юм. Оюу толгойтой ижил мега төслүүд нь эдийн засаг, техникийн шинж чанартай сорилтуудыг дагуулдаг. Төсөлд тууштай итгэж байсан хувь нийлүүлэгчдэдээ талархал илэрхийлье. Мөн Оюу толгойн гэр бүл болох Төлөөлөн Удирдах Зөвлөл, Удирдлагын баг, ажилчид, хамт олон, ханган нийлүүлэгчдэд гүн талархаж байна. Бидний шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэл, тууштай байдал нэгдүгээр сард тэмдэглэсэн нээлтийн үйл ажиллагааг бодит болгох хөрс суурь болсон. Бидний одоогийн нэн тэргүүний зорилт 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлээ хүрэх явдал юм.” гэдгийг онцолсон.
Гуравдугаар сард “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өнгөрсөн таван жилийн хугацаанд компанийг удирдан ажилласан Армандо Торресын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан шинэ Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилоод буй. Тэрбээр ирэх тавдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох аж.