Оюу толгой: Ямагт ил тод ажиллаж, оролцогч талууд болон олон нийтийг нээлттэй мэдээллээр хангахыг эрмэлздэг

Mongolian Economy
2023-12-05 15:04:43
Ангилал: Мэдээ

Амралтын өдрүүдэд өрнөсөн “Оюу толгой” компанийн үйл ажиллагаатай холбоотой цахим орчинд өрнөсөн хэлэлцүүлэг болон дүрс бичлэгтэй холбогдуулан албан тайлбарыг тус компаниас ирүүлсэн байна.

1. Уурхайн цогцолборт зочид нэвтрүүлэхтэй холбоотой ташаа мэдээлэл өнгөрөгч амралтын өдөр гарсан билээ. Бидний хувьд хамтран ажиллагч талууд,  оролцогч талууд, сонирхлын бүлгүүд, иргэний нийгмийн төлөөллүүдийг бид албан хүсэлт болон уурхайн цогцолбор дахь боломж бололцоонд суурилан  зохицуулалттайгаар нэвтрүүлэн, айлчлалыг зохион байгуулдаг билээ. Бидний хувьд ямагт ил  тод ажиллаж, хамтран оролцогч талууд болон олон нийтийг нээлттэй мэдээллээр хангахыг ямагт эрмэлздэг болно.

2. Оюу толгойн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой ташаа мэдээллүүд болон гомдол олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ.  Бидний хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа ажил горилогчийн мэдлэг, ур чадвар, давуу талыг тухайн ажлын байрны шаардлагад  харьцуулах байдлаар сонгон шалгаруулалт явуулдаг. Мөн бид ажил горилогчийн нас, үндэс угсаа, арьсны өнгө, нийгмийн гарал, хүйс, бэлгийн чиг  хандлага, улс төрийн болон шашны итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхдаггүй.

Түүнчлэн манай компани ажиллах хүчнээ ажилд авахдаа ямар нэг  зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй болохыг үүгээр баталгаажуулж байна. “Оюу толгой” ХХК-д ажилд авна, ороход тусална хэмээн мөнгө нэхэмжлэх, өөр бусад аливаа шударга бус зүйлстэй тулгарвал OTcareer@ot.mn  хаягаар хүний нөөцийн бүрдүүлэлтийн багтай холбогдохыг зөвлөж байна. Түүнчлэн “Оюу толгой” ХХК-ийн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон  шалгаруулалттай холбоотой аливаа гомдол санал байвал My Voice хөтөлбөрт MyVoiceMongolia@riotinto.com хаягаар холбогдоно уу. Аливаа гомдол санал  гуравдагч талаар дамжигддаг ба эх сурвалжийн мэдээллийг нууцалдаг.

 


3. Олон нийтийн сүлжээнд хэсэг бүлэг хүмүүс Оюу толгойг цөөн сэндвичэн барилга барьсан, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт байхгүй  xэмээн мэдээлсэн. Оюу толгойн уурхайн бүс нь идэвхтэй үйлдвэрлэлийн бүс буюу суурьшлын зориулалтын бүс биш юм. Харин бид Өмнөговь аймгийн Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2022 онд Ханбогд сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэх  “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулан,“Оюу толгой” компаниас ирэх 5 жилд 50 сая ам.долларын хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Өмнөговь аймгийн төсвийн орлогын тал хувийг бүрдүүлдэг Ханбогд сум одоо 2,000 гаруй өрхийн 8,660 суурин хүн амтай.

Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм. Харин 2040 он гэхэд 6,312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5,292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ. Бид үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийнхаа байгаль орчин,  ард иргэдийн амьдрал, цаашдын тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлэхээр ажилладаг бөгөөд одоогоор тогтвортой хөгжлийн төслүүдийг 26.5 тэрбум  төгрөгөөр санхүүжүүлээд байна.

4. Ус бол чандмань эрдэнэ. Тийм ч учраас Оюу толгой хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлээд байгаа билээ. Бид 150-450 метрийн хэт гүний, ундны усны стандартаас 3 дахин их эрдэсжилттэй усыг үйлдвэрлэлдээ хэрэглэдэг юм. Энэ нь хүмүүс, амьтдад зориулсан орон нутгийн усны нөөцөөс байгалийн гаралтай шавар хаалтаар тусгаарлагдсан байдаг.  Усны газраас Оюу толгой төслийн усны хэрэглээг 918 л/сек байхаар  зөвшөөрсөн ч байгальд ээлтэй технологийн ачаар бид зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин бага ус хэрэглэж байгаа бөгөөд дэлхийн ижил төстэй уурхайнуудаас 3 дахин бага ус ашиглалттай байгаа юм. Бид ахуйн зориулалттай усыг 98% дахин ашиглаж, уурхайн тоосжилт дарах, машин, техник угаах  болон үйлдвэрлэлдээ ашигладаг бол үйлдвэрлэлийн усныхаа дунджаар 86 хувийг дахин ашиглаж байна. Оюу толгойн усны хэрэглээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хөндлөнгийн аудитууд гэх зэрэг 10 орчим төрийн болон төрийн бус байгууллагууд тогтмол хяналт тавьж хамтран ажиллаж байгаа юм.

Оюу толгойн уурхайн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш малчны ундны усны нөөц, чанарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдгийг эдгээр байгууллагын сар бүрийн хяналт, шинжилгээний тайлангаас харж болно.

5.  2023 оны гуравдугаар улирлын байдлаар Оюу толгойн уурхайн аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд 700 орчим үндэсний компаниуд, 20,000 гаруй монгол залуус өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Нийт ажиллах хүчний 97.3 хувийг монголчууд бүрдүүлж байгаа бөгөөд тэдний 24 орчим хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Бид цаашид орон нутгийн ажил олголтыг илүү нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Бид  2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин хэлбэрээр 38.8 их наяд  төгрөгийг дотоодод зарцуулжээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц амжилттай урагшилж байгаа бөгөөд өнгөрөгч 3 дугаар сард Гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн. Цаашлаад Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед “Оюу толгой” компани бага зардлаар үйлдвэрлэл явуулдаг  дэлхийд өрсөлдөхүйц томоохон зэсийн уурхайн нэг болох юм.

 

 

 

 

Mongolian Economy