О.Батнайрамдал: Энэ онд 350-400 тусгай зөвшөөрөл олгоно

B Shurenchimeg
2022-03-01 12:43:26
Ангилал: Уул уурхай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явц хэрхэн шинэчлэгдсэн талаар товч ярилцлаа. 

-Уул уурхайн салбар дахь хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхцөл байдал өнөөдөр ямархуу түвшинд байна вэ?

Уул уурхайн салбарт хамгийн идэвхтэй явагдаж байх ёстой ажлын нэг нь хайгуул. Дараа дараагийн томоохон ордуудыг илрүүлж нээхийн тулд хайгуулын ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар улсын хэмжээнд 2649 ашигт матмалын тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Үүний 899 нь хайгуулын, 1750 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Дүрмээрээ бол хайгуулын зөвшөөрөл нь түлхүү олгогдож, судалгаа нь эхэлж хийгдэх ёстой. Гэтэл манай улсад хайгуул нь орхигдоод ашиглалтын тусгай зөвшөөрөл нь давамгайлсан байдалтай байна. 

Мөн олон нийтийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалттай холбоотой хардалт, сэрдэлт их бий. Эдгээр асуудлыг зөв голдиролд нь оруулахын тулд бид олон улсын жишгийг судалсны үндсэн дээр ил тод, нээлттэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлж эхэллээ. 

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмын шинэчлэлийн талаар та мэдээлэл өгнө үү?

-Хайгуулын ажлыг идэвхжүүлэх хүрээнд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. Эл журмаар гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын аж ахуй нэгжийн тэгш өрсөлдөөнийг бий болгоно. 2017 оноос сонгон шалгаруулалтын журмаар явснаас хойш маш бага хайгуулын лиценз олгосон.

Жилд 37 хайгуулын лиценз олгож байсан нь чамлалттай үзүүлэлт. Хамгийн ихдээ 2021 онд 109 лиценз олгогдсон. Цаашид энэ тоог эрчимтэй нэмэгдүүлнэ. 

Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, тэр дундаа уул уурхайн салбарыг эрчимжүүлэхээр олон улсад хайгуулын ажил руу томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Үүнийг манай улс ч гэсэн ашиглаж өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын журмыг шинэчилж байна. Гол агуулга нь лиценз олголтыг нээлттэй ил тод, түргэн шуурхай байхаар үйл ажиллагааг нь цахимжуулсан. Олон нийтэд нээлттэй байдлаар цахимжуулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах тал дээр анхаарсан. 

Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх талбайг tender.gov.mn сайтаар дамжуулан олон нийтэд зарлана. Сонгон шалгаруулалтын үйл явцад 300-600 хуудастай цаасан материал, 102 гаруй гарын үсэг шаарддаг байсныг өөрчилж, 42-45 хоногт олгодог тусгай зөвшөөрлийг 7-10 хоногт болгон богиносгож байна. Санхүүгийн үнийн саналыг 70, техникийн үнийн саналыг 30 хувь байх нь оновчтой гэж үзсэнээр авлигад өртөх эрсдэлийг багасгана гэж тооцоолж байгаа.  Мөн үнэлгээний комиссын гишүүдийн өгсөн оноонуудыг ч олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

Энэ онд яамнаас хайгуулын хэдэн зөвшөөрөл олгох вэ?

Багаар бодоход 4.2 сая га талбайд 350-400 тусгай зөвшөөрлийг энэ ондоо багтааж олгохоор төлөвлөсөн. Энэ нь сүүлийн долоо жилийн хугацаанд олгосон нийт лицензээс ч олон юм. Үндэсний геологийн албанаас талбайн хуваарилалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой ялгаж лиценз олголтын үйл ажиллагааг зохион байгуулна. 

Оролцогч аж ахуйн нэгжээс өмнө нь банканд тушаасан төлбөрийн баримт шаарддаг байсан. Харин одоо цахимаар 250 мянган төгрөг төлснөөр эрх нь нээгдэнэ. Цахим гарын үсгээр баталгаажуулсан өргөдлөө өгч, үйлчилгээний хураамжуудыг ч цахимаар төлөх боломжтой.

Сонгон шалгаруулалтад нэг оролцогч байвал техникийн саналын бүрдэлтээс хамаараад шууд олгоно. Харин хоёроос дээш оролцогч байвал техникийн саналыг үнэлж хамгийн их үнэлгээ авсан аж ахуй нэгжид лиценз олгох юм.

-Хайгуулын ажлын үед орон нутгийн иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол их бий. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд геологи, хайгуулын ажлын мөн чанар, ажлын үйл явц, үр дүнг орон нутгийн иргэд, малчдад үнэн зөвөөр тайлбарлан таниулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Уул уурхайн хөрөнгө оруулалт хөдөөгийн хөгжилд хувь нэмэр оруулж байдаг. Засгийн газрын бодлого ч гэсэн орон нутаг руу уул уурхайн хөгжлийг чиглүүлэхэд анхаарч байна. Мөн хайгуулын лицензийн татварын хувь, ашигт малтмалын лицензийн тодорхой хувь нь орон нутагт үлддэг. Ингэж орон нутаг ч гэсэн баялгийнхаа хувь хишгийг хүртэж харилцан ашигтайгаар хөгжих ёстой. 

Мэдээж уул уурхайн хайгуул, олборлолтын ажил байгаль орчин, ан амьтанд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг ханган ажиллахад чиглэгдэх болно. Холбогдох байгууллагууд ч зохих шаардлага, хяналтаа тавина.

 

 

 

 

 

B Shurenchimeg