О.Эрдэнэ-Өрнөх: Өмнөговьд ямар боломж, шийдлүүд байгааг өөр өөрийн өнцгөөс харж, мэдрэх болно

Sarangerel
2023-09-26 10:07:57
Ангилал: Нийгэм

Өмнөговь аймагт энэ сарын 28, 29-нд “Invest Gobi 2023”  хөрөнгө оруулалтын форум болно. Тус форумын талаар Өмнөговь аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөхтэй ярилцлаа.

 

-Өмнөговь аймагт хөрөнгө оруулалтын форум зохион байгуулах болсон шалтгаан, зорилго юу вэ?

-Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хот-Хөдөөгийн сэргэлт” бодлого, “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байна. 

Өмнөговь аймагт хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бодлогууд хэрэгжиж байна. Тиймээс Өмнөговь аймагт хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа бизнес эрхлэгч, гадаад, дотоодын байгууллагуудад нэгдсэн байдлаар мэдээлэл хүргэх, танилцуулах, ойлгуулах, тодорхой асуудлыг хэлэлцэн гарц, гаргалгаа хайх нь эхний шалтгаан юм. Өмнөговь аймагт уул уурхай дагасан ханган нийлүүлэлтийн том сүлжээ үүсэж байгаа. Нөгөө талаас, аялал жуулчлал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаагийн хувьд хөрөнгө оруулалтаа хэрхэн босгох, хэрэгжих боломжтой төслүүдэд хөрөнгө оруулалт оруулах боломжийг бид хайж байгаа юм.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын чуулганаар дамжуулаад иргэдийн санхүүгийн боловсрол, хөрөнгө оруулах сонирхол, арга замуудыг нээхийн тулд амжилттай хөрөнгө оруулж бизнес хийсэн хувь хүн, компаниудын түүхийг хуваалцах, хөрөнгө оруулалтын ямар боломж байгааг олон нийтэд ойлгуулахад чиглэсэн яриа илтгэл явагдах юм.

“Invest Gobi 2023” форумын онцлог юу вэ?

-Форум хоёр өдөр болж, бүс нутгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, уул уурхайн дараагийн том төслүүд хэрэгжих боломжийн талаар ярилцана. Эрчим хүч, хот байгуулалт зэрэг салбарт ямар ирээдүй хүлээж байгааг салбар тус бүрээр дэлгэрэнгүй хэлэлцүүлнэ. Мөн форумын үеэр дугуй ширээний яриа, “Говь фестиваль”, “Оюу Толгой” ХХК-ийн ажлын байр, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, “Говийн үзэсгэлэн”, “Уулын эзэн” фото зургийн үзэсгэлэн, “Манлайлагчдын яриа” уулзалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үзэсгэлэн, Даланзадгад хотын аялал, Баянзагийн чиглэлийн тусгай аялал зэрэг  олон дагалдах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Сүүлийн 13 жилд бид 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн дэд бүтэц рүү оруулаад байна. Цаашдаа ч энэ чиглэлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

-Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад хэчнээн зочид, төлөөлөгч оролцох вэ? Гадаадаас зочид төлөөлөгчид ирж байгаа юу?

-Хөрөнгө оруулах боломжтой сангууд, брокер дилер болон банк санхүү, даатгалын компаниудын төлөөлөл оролцоно. Мөн Өмнөговьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хайгуул, ашиглалтын лицензтэй бүх аж, ахуйн нэгжүүд оролцоно. Тээвэр, барилга гээд өргөн хүрээний салбаруудад бүх мэдээллээ түгээгээд явж байна. Нөгөө талаас аймаг, сумдын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид, хөрш аймгууд, гадаадын худалдааны танхимууд, элчин сайдын яамдад бүх мэдээллээ хүргүүлсэн. Нийт 500 орчим хүн оролцсон форумыг хоёр өдрийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Уул уурхайн хөрөнгө оруулалт хамгийн сайн хийгдэж байгаа аймаг бол Өмнөговь. Уул уурхайн салбар болон бусад салбарын олон төслүүд яригдаж байгаа юм билээ. Ер нь танай аймагт хөрөнгө оруулах орчин нөхцөл хэр байгаа вэ?

-Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараар улсдаа өндөрт бичигддэг. Бизнесийн орчин ч муугүй. Тиймээс уул уурхай дагасан боловсруулах үйлдвэрийг орон нутагтаа байгуулах боломжийг бид эрэлхийлж байна. Орон нутгаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг, улсдаа орлого төвлөрүүлдэг аймгийн хувьд дэд бүтцийг нь шийдвэрлэсэн тодорхой байршлуудыг санал болгож байна. Нэг ёсондоо дэд бүтэц, төлөвлөлтийн ажлаас эхлээд газар зохион байгуулалтыг шийдэж өгөхөд бэлэн байна гэсэн үг. Сүүлийн 13 жилд бид 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн дэд бүтэц рүү оруулаад байна. Цаашдаа ч энэ чиглэлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

-Тус форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Өмнөговь аймагт ямар боломж, шийдлүүд байгааг хуралд оролцсон талууд өөр өөрийн өнцгөөс харах, мэдэх боломжтой. Маш тодорхой мэдээлэлтэй болно. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд тодорхой хугацааны дараа хийгдэнэ гэж найдаж байна.

Өмнөговь аймагт  метан, зэс, алтны болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлд томоохон төслүүд хэрэгжих боломжтой. Энэ чиглэлийн олон судалгаа хийгдэж байна.

-Өмнөговь аймгийн зүгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалж ажиллаж байна вэ?

-Өмнөговь аймгийн амин чухал эрх ашиг бол аль болох олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Газрын тос, сэргээгдэх эрчим хүчний хайгуул судалгааны төсөл дээр хамтран ажиллах, дэмжихийг үргэлж хичээдэг. Шинэ салбаруудыг иргэддээ ойлгуулах ажлыг бид хийж байна. Аль болохоор бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

-Өмнөговь аймагт Тавантолгой, Оюутолгой зэрэг гадаадын томоохон төсөл хэрэгжиж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Цаашид хөрөнгө оруулалт татах боломж хэр байгаа вэ?

-Эрдэнэс тавантолгой, Оюутолгой бол маш том төсөл. Өмнөговь аймагт  метан, зэс, алтны болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлд томоохон төслүүд хэрэгжих боломжтой. Энэ чиглэлийн олон судалгаа хийгдэж байна. Нар, салхинаас эрчим хүч гаргаж авах том боломж байна. Хятадын болон Европын холбооны компаниуд орж ирэх сонирхлоо илэрхийлсэн. Газын тосны хайгуул хийгдэж байна. Нөөц байна гэсэн мэдээлэл бий. Газрын ховор элементийн төсөл ч бий. Энэ мэтчилэн Өмнөговийн ирээдүйг тодорхойлох том төслүүд гараанаас гарахад бэлэн болсон.  

-Хөрөнгө оруулалт татах боломжтой томоохон хэмжээний төслүүдийн талаар танилцуулна уу?

-Өмнөговь аймгийн хөгжлийг урт хугацаандаа хязгаарлаж байгаа зарим асуудлууд бий. Тухайлбал, дулааны эх үүсвэр. Дулааны шинэ эх үүсвэр барих зорилгоор аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 мегаваттын дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, улсад хүлээлгэж өгсөн. Мөн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн ТЭЗҮ бэлэн болсон. Монголд ирж байгаа гурван жуулчин бүрийн хоёр нь Өмнөговь аймгийг зорих буюу дамжин өнгөрдөг. Манай аймаг олон улсын нисэх онгоцны буудалтай болж байж аялал жуулчлал хөгжинө. 

Түүнчлэн усны асуудал байна. Өмнөговь аймаг гадаргын  усны нөөцгүй. “Таван толгой”, “Энержи ресус”, “Оюу толгой”, МАК компаниуд гүний ус ашигладаг. Тиймээс манай аймаг Мандал-Овоо, Булган, Даланзадгад, Тавантолгой чиглэлийн ус дамжуулах хоолойн техник эдийн засгийн төслийг боловсруулаад дуусч байна. Шивээ хүрэнгийн боомт, Гурван тэс-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр зам барих асуудал байна. Энэ төслийн судалгааг Өмнөд Солонгосын Засгийн  газрын дэмжлэгтэй хийж байгаа. Энэ төсөл хэрэгжвэл Монголын говь нутагт байгаа маш олон түүхий эдийн эргэлтийг маш хурдтай бий болгох асар өндөр ач холбогдолтой юм.

Мөн Цогтцэций суманд тээвэр логистикийн том төвлөрлийг бий болгохоор зорьж байна. Аймгийн төвд ШУТИС-ийн харъяа сургууль байгуулна. Эдгээр төслийн бодлого, хүний нөөц хоорондын уялдааг зөв хийж чадвал говийн бүс улсаас хамаарахгүйгээр хөгжих боломжтой.