П.Баяр: Монгол Улс гига төсөл хэрэгжүүлэх амбийцтай баймаар байна

tselmeg tselmeg
2021-02-16 15:47:45
Ангилал: Ярилцлага

Үндэстэн дамнасан гига төсөлд оролцохын тулд наана нь мега төслөө саадгүй явуулдаг болох хэрэгтэй

Монголын мянганы сорилтын сангийн хуулийн захирал, Хууль зүйн шинжлэх ухааны доктор П.Баяртай худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын талаар ярилцлаа. Тэрбээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйгээр мэргэшсэн бөгөөд 2018 онд АНУ-ын Корнеллийн их сургуульд ашигт малтмал, байгалийн нөөц баялагийн олон улсын экспортын зохицуулалтын сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үүнээс өмнө Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д суух Байнгын төлөөлөгчийн газарт Хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

-Та хэзээнээс хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйгээр мэргэших болсон талаар яриагаа эхэлье?

Үндсэн хуулийн эхийг баригч гэгддэг Ардын багш Б.Чимид, академич Ж.Амарсанаа багш нар маань намайг 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөний дараа Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ)-д судлаачаар ажиллахыг зөвлөж, би тэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар орсон. Тухайн үед “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ ид яригдаж байлаа. Тэр үед Б.Чимид багш “Манайхан хөрөнгө оруулалтын гэрээ гэж их ярьдаг боллоо. Энэ талаар судлаач” гэж надад хэлж байсан юм.

ХЗҮХ-д ажиллахын хажуугаар Герман, БНСУ,Сингапур зэрэг улсад судлаачаар ажиллаж олон улсын гэрээний эрх зүй, тэр дундаа хөрөнгө оруулалтын гэрээг судалж эхэлсэн. Харин судалж мэдсэнээ бүтээгдэхүүн болгохын тулд бодлогын ажилд оролцох ёстой юм байна гэж ойлгосон. Улмаар 2008 оноос хойш ГХЯ-нд атташегаас эхлээд Хүний эрхийн хэлтсийн даргаар ажиллаж, 2012-2015 онд Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суух ЭСЯ, Женев дэх НҮБ болон ДХБ-д суух Байнгын төлөөлөгчийн газарт Хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажилласан.

-Таныг ДХБ-д байх үед манай улсад худалдааны ямар боломжууд бий болсон бэ?

ДХБ бол захиргааны байгууллага биш, 160 гаруй орны төлөөлөл зэрэгцэж суугаад дэлхийн худалдааг хөнгөвчлөх, экспорт, импортын саад тотгорыг бууруулах, хөгжиж буй орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлыг хэлэлцэж худалдааны дүрэм журмыг тогтоох хэлэлцээ хийдэг. Гэхдээ нэг талдаа аж үйлдвэржсэн, экспортлогч орнууд нөгөө талаас хөгжиж буй болон хөгжил буурай орнуудын эрх ашиг хоорондоо зөрчилдөх тохиолдол цөөнгүй гардаг. Ийм эрх ашгийн зөрчилдөөнтэй талбар дээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн гурван жил яриа хэлэлцээнд оролцохдоо Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг батлах, транзит тээвэр, Монголын ноос ноолуур зэрэг экспортын бүтээгдэхүүнийг бусад улсад тарифын хөнгөлөлттэй гаргах зэрэг асуудлаар яриа хэлэлцээнд оролцож, манай улсын эрх ашгийг хамгаалж чадсан.

-Энэ туршлага таны дараагийн карьерт яаж нөлөөлсөн бэ?

-ДХБ нь хөгжиж буй орнуудад ээлтэй байж чаддаг уу гэдэг эргэлзээ төрсөн. Том орнуудын экспортыг дэмжсэн, жижиг орны экспортод халтай буюу зөвхөн импортолж, эсхүл түүхий эдээ л гаргаж амьдрах байх ёстой гэсэн журам тогтсон мэm байсан. Ийм байхад манайх шиг хөгжиж буй орнууд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, экпортоо дэмжих ямар ч боломжгүй. Тиймээс би олон улсын худалдааны эрх зүй ямар байх ёстойг судалж, энэ шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулъя гэж шийдээд, 2015-2018 онд АНУ-ын Корнеллийн их сургуулийн магистр, докторантурт энэ чиглэлээрээ суралцсан. Магистрын түвшинд бол үндсэндээ барууны гэгдэг аж үйлдвэржсэн орнуудын бусад орнуудад тулгадаг эрх зүйн хэм хэмжээг судалж, үргэлжлүүлэн докторын шатанд гүнзгийрүүлсэн судалгаа хийсэн.

Олон улсын эрх зүйч мэргэжил эзэмшсэний хамгийн том амбийц бол олон улсын эрх зүйг бүтээх (англиар international law making)-д хувь нэмрээ оруулах юм. Тиймээс би “Олон улсын эрх зүйг бүтээх нь: Ашигт малтмал, байгалийн нөөц баялгийн экспортын зохицуулалт”  сэдвийг судалсан. Ингэхдээ “ДХБ-ын экспортын зохицуулалт” гэдэг төсөл боловсруулж, хоёр талт болон бүс нутгийн худалдааны хэлэлцээрт ямар ямар заалтууд орвол хөгжиж буй орнуудын экспортыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, баялгийн хараалаас ангид байж чадах үндэслэлийг докторын ажлаараа гаргаж ирсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд “Оюутолгой”-нх шиг алдаа давтагдах эрсдэлтэй байсан

-Монголдоо ирээд хэр зэрэг ашиглаж байгаа вэ?

-Олон улсын хэмжээний төслүүдэд гэрээ боловсруулахад зөвлөхөөр ажилласан. Тэдгээрийн нэг нь Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төслийн менежментийн гэрээ. Мөн 2019 оны тавдугаар сараас Монголын мянганы сорилтын санд ажиллаж байна. Онолоор мэдэж сурснаа улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах нь чухал учраас томоохон төслүүдээс гадна цаашдаа бодлогын ажлууд руу орох бодолтой байгаа. Ялангуяа, хуулиуд тухайлбал Худалдааны тухай хууль, худалдааны бодлого дутмаг байна.

-Та том төслүүдийн гэрээний зохицуулалт дээр ажиллаж байгаа юм байна. Манай улс ер нь ийм төслүүд дээр ямар алдаа гаргаад байна вэ?

-Чухал асуулт байна. “Оюутолгой” төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр нь ялгаагүй мега төслүүд. Гэтэл дэлхийд үндэстэн дамнасан гига төслүүд гарчихлаа. Бид гига төслүүд эхлүүлж, хөрөнгө оруулалт татах амбийцтай байх хэрэгтэй. Үүний тулд наана байгаа мега төслөө сайн хийдэг болмоор байна. Нэгэнт байгуулсан “Оюутолгой”-н гэрээг одоо улам сайжруулахын тулд мэргэжлийн хүмүүс суугаад заалт тус бүрээр нь ярилцаж, хэрхэн өөрчлөх тодорхой санал яримаар байгаа юм. Асуудалд мэргэжлийн хандаж чадвал цаад тал ч гэсэн ойлгоно шүү дээ.

Газрын тосны үйлдвэрийн хувьд Энэтхэгийн компанитай төслийн менежментийн гэрээ гэж хийсэн. “Оюутолгой” төслөөс харьцангүй өөр ч гэсэн тодорхой хэмжээнд эрсдэлтэй байсан учраас амаргүй хэлэлцээ байсан. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн. “Оюутолгой”-н гэрээг эргээд харахад бид төслийн менежмент дээр алдсан. “Рио Тинто”- ийн ажиллуулж байгаа төслийн менежментийн компанийг ямар зардлаар юу хийж байгааг нь бид хянаж чадахгүй байгаа юм. Тиймээс газрын тосны үйлдвэрийн гэрээн дээр энэ алдааг давтахгүйн тулд төслийн менежментэд юуг хянах вэ гэдгийг тусгасан. Зардал болгон цаанаа зориулалт нь тодорхой, ил тод байх ёстой. Үүнийг нь гэрээнд тусгаж өгсөн тул манай газрын тосны үйлдвэрийнхэн санаа зовох зүйлгүй хяналтаа тавиад, менежментээ хийлгээд ажиллаж байна.

-“Оюутолгой”-н талаар хөрөнгө оруулагчтай хамтын ажиллагаагаа сайжруулах ажил ид өрнөж байна. Таны хувьд сайжруулах боломж хэр зэрэг харагдаж байна вэ?

Мэргэжлийн түвшинд ажиллаж чадвал сайжруулах боломж хангалттай байгаа. Засаж залруулах алдаагаа мэргэжлийн сувгаар тавиад явбал гаднын хамтрагч, хөрөнгө оруулагчид биднийг ойлгоно, хүндэлнэ. Зөв ярьж байна, аргагүй, гэрээгээ засаж сайжруулъя гээд ажиллана. “Оюутолгой”-н хувьд тооцоо судалгаан дээрээ юуны өмнө сайн ажиллах хэрэгтэй. Хоёрт, УИХ-аас 2019 оны 11 дүгээр сард баталсан Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсэг нь яг юу хийгээд байгаагаа, хийснээ УИХ-даа, ард түмэндээ ил тод тайлагнах ёстой. Ийм тоо байгаа гээд ерөнхий ярьж байснаас түүнийгээ задлаад ард түмэндээ тайлбарлавал мэдээлэлтэй хүмүүс асуудалд өөрөөр хандаж эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс гарч ирж хийж байгаа ажлаа танилцуулж, улстөржилтөө аль болох багасгамаар байна. Асуудлыг нэг талд нь гаргаад хөгжлийн бодлогодоо төвлөрөх хэрэгтэй байна шүү дээ.

Байгалийн баялаг, түүхий эдийн экспортоо зохицуулж, хязгаарлахгүй бол дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх ямар ч боломжгүй.

-Манай улсад худалдааны яам байдаггүй, худалдааны бодлого нэгдсэн байдлаар явдаггүй. Тиймээс ч гадаад худалдааны боломжуудыг гүйцэт ашиглаж чаддаггүй гэх шүүмжлэл бий. Та хэр зэрэг санал нийлдэг вэ?

-100 хувь санал нийлнэ. 2005-2006 онд судалгаа хийж байхад ДХБ-ын тухай асуух зүйл гараад Үйлдвэр, худалдааны яамны Худалдааны газраар ороход надад маш мундаг хүмүүс зөвлөгөө өгч байсан. Одоо гэтэл хаана хандах уу. ГХЯ-нд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар байдаг ч тэнд дипломатууд ажилладаг. Дипломатууд ерөнхий харилцааны асуудлыг л мэдэхээс биш худалдааны агуулгыг мэддэг мэргэжилтнүүд биш.

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулаад, мэргэжилтнүүдээ үе шаттай бэлдэх хэрэгтэй. Миний бодлоор Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам гээд байгуулчихвал зүгээр санагддаг. Мэргэжилтэнтэй болж байж худалдааны бодлого гарна, хэрэгжүүлнэ, хяналт тавина, гадаад орчинтой харилцана. Цаашлаад олон улсын худалдааны байгууллагуудад монгол хүн ажиллах нөхцөл бүрдэнэ. ДХБ гэхэд гишүүн орнуудынхаа татвараар санхүүждэг. Гэтэл тэдний ажлын албанд нэг ч монгол хүн байхгүй. Одоогоор 83 орны 625 мэргэжилтэн ажиллаж байгаагаас Азийн 12 орны 68 мэргэжилтэн бий. Энэ бүтцэд ядаж 4-5 монгол хүн ажиллуулмаар байна. Энэ байгууллагатай тайлан мэдээ өгөх төдийгөөр харьцах нь харамсалтай. ДХБ төр, хувийн хэвшлийнхэнд зориулсан олон төрлийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг боловч манай улс чиглэлийн яамгүйгээс тэр бүр хөөцөлдөж, зохион байгуулж чадахгүй байна.

Худалдааны хуулийн талаар сүүлийн 10 гаруй жил ярилаа. Гэтэл чиг үүргийн яам байхгүй юм чинь яаж хууль боловсруулах юм бэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад зах зээл дээр манайхаас ямар бараа бүтээгдэхүүн гаргаж болохыг судалж баймаар байна. Яамтай болчихвол мэргэжилтнүүд туршлагажаад, мэргэшээд, аяндаа институт бүрдэнэ. Тэгэхгүй бол улстөрч болгон нэг нэг хөгжлийн асуудал ярьдаг байж болохгүй. Мэргэжилтнүүд нь хөгжлийн бодлогоо оруулж ирээд л УИХ-аар хэлэлцүүлж батлуулаад, хэрэгжүүлээд явах ёстой. Уг нь маш амар. Аль нэг гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж, суулт хийх шаардлагагүй болно. Яамны мэргэжилтнүүд “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г ингэж хийнэ гээд л бодлогоо оруулж ирээд хэлэлцүүлээд батлах ёстой. Даанч одоо ийм бүтэц байхгүй учраас улстөрчид манай нийгэм, эдийн засагт хамгийн хэрэгтэй сэдвүүдийг барьж аваад явдаг ч бүтээж бий болгохоос илүү нураах нь их байна.

Засаж залруулах алдаагаа мэргэжлийн сувгаар тавиад явбал гаднын хамтрагч, хөрөнгө оруулагчид ч гэсэн биднийг ойлгоно, хүндэлнэ. Зөв ярьж байна, аргагүй, гэрээгээ засаж сайжруулъя гээд ажиллана. Нөгөө талдаа, гадаадын хөрөнгө оруулагчид ч эерэг хандлагатай болно. Мэргэжлийн хэлээр ярьдаг улс учраас хөрөнгөө оруулахад ямар ч аюулгүй юм байна гэж бодно. Нөхцөл байдал ийм замаар л сэргэж, дээрдэнэ үү гэхээс биш улс төржөөд шийдчихдэг бол шийдэхээр хугацаа өнгөрлөө гэж харж байна.

-ДХБ мухардалд ороод 20 жил болж байгааг та хэллээ. Одоо дэлхийн худалдааны орчинд ямар өөрчлөлт гарч байна вэ. Монгол Улсын орон зай хаана байгаа вэ?

-Мухардалд орсон шалтгаан нь АНУ яриа хэлэлцээнд хойшоо суусантай холбоотой. АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн өрнөлөө, том гүрнүүд өөр өөрсдөө тоглолт хийгээд эхэллээ. Өмнөд хөрш гэхэд энэ хавиараа бүс нутгийн болон хоёр талт худалдааны хэлэлцээрүүд байгуулж, АНУ тэнд НАФТА-гаа шинэчлээд, Европын холбоо, Ази, Номхон далайн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийгээд явж байна. Бүгд гадуур хувийн тоглолтоо хийж байхад бид тэнд хуучин зааландаа суугаад байж болохгүй. Тэмцээн өрнөж байгаа талбайд гарья, тоглогч болъё, чөлөөт худалдааны хэлэлцээрийг бүс нутаг, хоёр талт гэж зоригтой хийе. Гэхдээ яриа хэлэлцээгээ мэргэжлийн түвшинд, өмнөх алдаанаасаа суралцаж, эх орныхоо шаардлагатай эрх ашгийг тусгах нь чухал.

Хятад, БНСУ, АНУ, Европын орнуудтай хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээр рүү ормоор байна. Монгол Улс өөрсдөдөө таатай худалдааны орчныг дэлхийд бий болгож чадвал манай улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд Хятад, Оросын зах зээлд гаргах бүрэн боломжтой.

-Хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээрүүд Монголд ашиггүй гэдэг болгоомжлол давамгайлаад байх шиг?

-Хятадаас хамаг юмаа авснаар дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй гэдэг болгоомжлол бол өрөөсгөл. Ашигтай байлгах эсэх нь биднээс л шалтгаална. Өөрсдөө гэрээгээ зөв хийх хэрэгтэй. Хятадын зарим бүтээгдэхүүнд бид татварын хязгаарлалтаа тавина. Бидний экспортолж, үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнийг Хятадаас авахдаа өндөр татвар тавина. Харин үйлдвэрлэж чадахгүйгээ Хятадаас авна. Ингэснээр эцсийн дүндээ хэрэглэгч хождог. Худалдааны хэлэлцээрийн нэг давуу тал нь энэ. Тиймээс энэ бүхэн бидний өөрсдийн авхаалж самбаа, эрдэм мэдлэг, сэтгэл зүтгэлээс шалтгаална.

Монгол Улс ДХБ-ын 164 гаруй орны өмнө импортын татварын дээд хязгаараа дунджаар 17.3 хувь байлгана гэж үүрэг амлалт авсан боловч өнөөдөр дийлэнх бараа бүтээгдэхүүний импортод ногдуулж буй дундаж татвар нь таван хувь байна. Энэ тоондоо баригдаад зөвхөн импортлогч улс хэвээр үлдэх үү, худалдааны бусад арга хэрэгслүүдийг ашиглан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх үү гэдэг нь тусгаар тогтносон манай улсын дотооддоо нэн түрүүнд шийдвэрлэх асуудал мөн.

-ДХБ-ын гишүүн орнууд баян, ядуугаараа ялгараад ойлголцож чадахгүй байхад бидний хувьд ч гэсэн аж үйлдвэржсэн оронтой эрх тэгш харилцаж, хэлэлцээ хийж чадахгүй гэсэн байр суурь байгаа. Хэд хэдэн улстай хоёр талт хэлэлцээр хийх ажлууд судалгааны шатандаа явж байгаа. Ийм гэрээнүүдэд манай улс ямар эрх ашгуудаа тусгах ёстой вэ?

-Олон улсын яриа хэлэлцээ эрх тэгш л явагддаг. Дэлхий нийт харж байхад XXI зуунд буу шийдэм тулгачихаад гарын үсэг зур гэж тулгаж хэзээ ч чадахгүй. Нөгөөтэйгүүр, худалдааны соёл, дипломат соёл гээд ямар нэг байдлаар хүч хэрэглэх боломжгүй арга хэрэгслүүд байна шүү дээ.

Нөгөө талаар, манай улс 1997 онд ДХБ-д элсэх үед яриа хэлэлцээ, үндсэн хэлэлцээрүүдэд багтсан үндсэн асуудал нь худалдаа, тариф байж ирсэн. Цаашид ч үүнд өөрчлөлт орохгүй болох нь илт байна. ДХБ-ын хүрээнд улс орнуудын хооронд шийдвэрлэгдсэн хэрэг маргаанаас дүгнэлт хийхэд байгаль орчныг хамгаалах эсхүл дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж хамгаалах нь ДХБ-ын зорилго биш. Харин аж үйлдвэржсэн орнуудын бараа бүтээгдэхүүнийг хөгжиж буй орнуудын зах зээлд саадгүй нэвтрүүлэх нь чухал хэвээр байх бөгөөд цаашид худалдааны асуудлыг хөгжлийн асуудлаас дээгүүр тавьж байх нь тодорхой болсон. Гэтэл хөгжиж байгаа орнуудын хувьд худалдаа нь хөгжлийг авчирдаг, хүрээлэн буй орчин ээлтэй байхыг хүсч байна. Тухайлбал, манай улс бусад орнуудтай хийх чөлөөт худалдааны загвар гэрээндээ хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлууд, гадаадын шударга, өгөөжтэй хөрөнгө оруулалт, ашигт малтмалын худалдаа, тээвэр логистик болон бусад асуудлыг багтаан илүү өргөн агуулгатай гэрээ, хэлэлцээр байгуулах бүрэн боломжтой болно.

Том дипломатчид улс орныхоо эрх ашгийг тэр том гэрээ, дүрэм журмуудад хэрхэн ярьж, яаж тусгуулж байгааг их ажиглаж суралцсан

-Ийм том хэлэлцээнүүд хийхэд ямар ур чадвар хэрэгтэй вэ. Жишээ нь, та ДХБ-ын индрээс хэр их туршлага хуримтлуулсан бэ?

-Ер нь хуульч хүний хувьд шүүхийн танхимаас эхлээд л мэтгэлцээнд ордог нь нэг төрлийн хэлэлцээний ур чадварыг эзэмшиж байна гэсэн үг. Би их сургуулиа төгсөөд судалгааны ажлын хажуугаар өмгөөлөл хийдэг байсан. Хүнийг сонсох, баримт материал, нотолгоонд үндэслэн дүгнэлт хийх, тэрхүү дүгнэлтээ бусдад зөв ойлгуулж, ятган үнэмшүүлэхэд хуульч, өмгөөлөгчдөд яалт ч үгүй давуу ур чадвар суудаг. Харин ГХЯ-нд ажиллахдаа дипломат хэлэлцээнд суралцсан. Мэдээж ДХБ хамгийн том туршлага болсон. Бүтэн гурван жил тасралтгүй яриа хэлэлцээнд оролцож бусад улс орны туршлагатай, том дипломатчид яаж ярьдаг, улс орныхоо эрх ашгийг тэр том гэрээ, дүрэм журмуудад хэрхэн тусгуулж байгааг их ажиглаж суралцсан.

Докторын ажлаа хийж байхад надад өмнө явж ирсэн туршлага асар их хэрэг болсон. ДХБ дээр их гүрнүүд хэрхэн ярьдаг талаар баримжаа байгаа учраас докторын ажилдаа асуудлыг бүх талаас нь оруулж, гарц гаргалгааг тусгасан. Үндсэндээ жижиг орнуудын дуу хоолойг үл хайхардаг байдлыг залруулж, зохицуулахын тулд ямар дүрэм журам гаргаж, гэрээ хэлэлцээр батлуулах ёстойг докторын ажилдаа оруулахыг хичээсэн. Эргээд ДХБ-ын алдааг засах ажил хийсэн гэсэн үг. Яалт ч үгүй практик, онол хоёр хосолж байж хүнд мэргэжлийн төлөвшил тогтдог юм билээ. Ингэж чадвал улс оронд хэрэгтэй мэргэжилтэн гарна гэж ойлгосон.

-Ковид-19 худалдааны орчинд яаж нөлөөлж байгаа вэ?

-Маш их нөлөөлж байна. Улс орнуудын түүхий эдийн орцод нөлөөлөл гарч эхэллээ. Мөн ялангуяа цахим худалдаа маш өргөн хүрээтэй боллоо. Гэтэл улс орнууд цахим худалдаанаас татвараа авч чадахгүй болж байна. Тиймээс цахим худалдааны дүрэм журам, зохицуулалтыг дэлхий дахин эргэн харж, шинэчлэх шаардлагатай болсон.

Түүнчлэн технологийн салбарт бий болж буй өндөр технологи, блокчейн гээд нүдэнд үл харагдах бүтээгдэхүүнүүд бий болж байгаа нь шууд татвар ногдуулахад маш түвэгтэй болчихлоо. Нөгөөтэйгүүр, Монгол Улс технологи суурьтай бүтээгдэхүүн хөгжүүлж, экспортлох боломжтой. Тиймээс манай улс одооноос энэ бүгдэд анхаарч яаралтай зохицуулдаг болох хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн Худалдааны хууль яг одоо хэрэгтэй болж байна. Дурын хүн Монголд орж ирээд дуртай үнээрээ импортын бүтээгдэхүүнээ зарж болохгүй. Яагаад гэвэл, Монголд монгол хүний үйлдвэрлэж, борлуулж буй бүтээгдэхүүний үнээс хэт доогуур үнээр,  чанар муутай бараа оруулж ирэх тохиолдол элбэг. Энэ тохиолдолд дотоодын үйлдвэр, бизнесийн салбараас гадна иргэд эрүүл мэнд, амь насаараа ч хохирч болзошгүй. Тиймээс бид ДХБ-ын дүрэм журмаар хүлээн зөвшөөрсөн саармагжуулах арга хэмжээ, татаас өгөх, хамгаалалтын арга хэрэгслүүдийг хэзээ, ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдгээ хуульд заагаад зохицуулсан байх ёстой. XXI зуунд ийм зохицуулалтгүй, хар захын дүрмээр явж байгаа бол дотоодын үйлдвэрлэл хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлнэ гэж яриад нэмэргүй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхээр ярьж байгаа. Уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжих ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч бий. Таны хувьд уг хуулиар дамжуулж хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж харж байгаа вэ?

-Энийг ярихад яалт ч үгүй бас л мэргэжлийн яамны тухай л яригдана. Хөдөө аж ахуйн салбарт манай хүн амын 40 орчим хувь нь хүч хөдөлмөрөө зарцуулдаг атлаа орлого нь экспортын 10 хувьд ч хүрэхгүй байна. Манай улс хүний нөөцийнхөө 40 хувийг зарцуулаад 10 хувийн л орлого олж байгаа нь хөдөлмөрийн хуваарилалт буруу байгааг илтгэнэ. Бас бодлого буруу байна. Уул уурхайн экспортыг зохицуулах ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргахаас илүү экспортын квот тогтоож, ядаж баяжмал, баяжмалаас дээш хагас боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүн гаргавал төсөвт ахиу мөнгө орно.

Оюутолгойгоос гарч байгаа баяжмал хилийн цаана гараад ялгагддаг. Үүнийг хилийн наана, Замын-Үүд дээр яагаад байгуулж болдоггүй юм бэ. Одоо бид баяжмалаас л татвар авдаг. Хэрэв бүтээгдэхүүн болговол авах татварын хэмжээ хамаагүй нэмэгдэнэ. Дээрээс нь бид аваачиж өгөх биш гаднынхан өөрсдөө ирж авдаг болно. Түүнийг дагаад дэд бүтэц, ложистик хөгжинө. Ийм орчин бүрдсэнээр гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эд борлуулдаг брокерууд орж ирнэ. Азийн санхүүгийн төв болно гэдэг мөрөөдөл биелэхэд эдгээр нь хөрс суурь болно.

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд том зургаараа чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулж, хөрөнгө оруулагчдад гадаад зах зээл нээж өгөх хэрэгтэй. Хоёрт, түүхий эдээ боловсруулдаг болчихвол баялгийн хараалаас ангид байхын зэрэгцээ экспортын бүтцэд хөдөө аж ахуй зэрэг салбар түлхүү орж ирснээр уул уурхайгаас хамааралтай эдийн засгаас төрөлжсөн эдийн засагтай болох боломжтой болно.

-Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэх ёстой гэж та ярьж байна. Тэгвэл хөрөнгө оруулагчдад ямар шалгуур тавих ёстой вэ?

-Гадаадын ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулагчдад нэг л шалгуур тавих ёстой. Хөрөнгө оруулалт нь импортыг орлож, экспортыг дэмжихэд ямар хувь нэмэр оруулах нь чухал. Ингэвэл нэг л мэдэхэд үйлдвэрлэл хөгжсөн, экспортлогч улс болно. Ийм үнэлгээ байхгүй учраас л дурын хүн хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох салбарыг л сонгоод байна шүү дээ. Тэр нь манайд газраас олборлоод л зардаг түүхий эд байна. Энэ бодлогоо бид л зохицуулах ёстойгоос биш гаднын хүн шийдэхгүй. Шууд түүхийгээр нь зарахгүй, харин ийм боловсруулалт хийгээд ингэж зарвал бид таныг дэмжинэ гээд байр сууриа маш тодорхой болгочихвол хөрөнгө оруулагчид ч гэсэн тооцоо судалгаагаа хийгээд ашигтай байвал хөрөнгөө оруулаад хамтарч ажиллана.

Тэгэхгүй бол одоо ямар байр суурьтай бодлого баримталж байгаа нь тодорхойгүй атлаа хөрөнгө оруул гээд дуудаад, дэд бүтцээ барь гээд шахаад байж болохгүй. Өөрсдөө тоглоомын дүрмээ тогтоогоогүй байхад гаднын хүмүүс бидний төлөө санаа зовох үндэсгүй. Тиймээс энэ бүхнийг бодлого, хууль тогтоомжоор тогтоож өгөх ёстой. Дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ийм ийм салбарт хамтарч ажиллахад бэлэн гээд зарлавал аяндаа бидэнд ашигтай хөрөнгө оруулалт нь орж ирээд, бусад нь саармагжаад алга болно. Энэ бүхнийг нөгөө л түрүүнээс хойш яриад байгаа шинэ яамандаа зангидахад бид нилээд урагш ахина гэж боддог.

tselmeg tselmeg