Рио Тинто компани зээлийн хүүг бууруулахад бэлэн гэдгээ илэрхийлэв
Өөрийн эзэмшилд буй хамгийн чухал төсөлд тооцогдох зэсийн аварга том уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахаар чармайж буй Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт зөвшилцөх санал тавилаа. Нийт 6.75 тэрбум ам. долларын өртөгтэй Оюу толгойн гүний уурхайн төслөөс орж ирэх өгөөжийг аль болох хурдан хүртэхийн тулд Англи-Америкийн хамтарсан тус компани нь Улаанбаатарт өгсөн зээлийн хүүгийн хэмжээг бууруулахад бэлэн байна. Риогийн хувьд зохицуулалтын болон төсвийн олон асуудлыг тодорхой болгох мөн цахилгаан эрчим хүчээр хангах урт хугацааны гэрээ байгуулахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр тун адармаатай блоклон нурааж олборлох үйл ажиллагааг эхлүүлэх, 2022 оны аравдугаар сард гүний уурхайг ашиглалтад оруулах зорилгодоо хүрэх боломжтой болно.
Рио Тинтогийн саналыг тодорхой тусгасан захидлыг өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогийн зэсийн группийн захирал Б.Болд, “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээжээ.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсон талаарх Риогийн тайлбарыг бие даасан шинжээчдийн баг үгүйсгэснээр энэ сарын эхээр тус компани болон Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцаа таагүй болсны дараачаар ийм санаачилга гарч байгаа юм. Гүний уурхай нь 2020 оны сүүлчээр анхны бүтээгдэхүүнээ олборлохоор анх төлөвлөж байсан билээ.
Хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн нийт 157 нүүр тайланд төсөл хойшилсны гол шалтгаан нь Риогийн мэдэгдэж байсанчлан уул уурхайн хүнд нөхцөл бус менежментийн алдаа байсан гэж дурдсан. Зардал 90 сая ам.доллароор хэтэрсний ердөө 12 сая нь геотехникийн асуудалтай холбоотой болохыг тус тайланд онцолсон юм. Түүнчлэн төслийн удаашралын талаарх Риогийн тайлбарыг Их Британи, АНУ-ын санхүүгийн байгууллагууд судалж буй.
Оюу толгой нь Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд олон мянган өндөр цалинтай ажлын байрыг бий болгоод байгаа юм. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болж, жилд 500 мянган тонн зэсийн хүдэр үйлдвэрлэнэ. Гэвч тус төсөл нь татвар, санхүүгийн тал дээр Монголын Засгийн газартай үл ойлголцолтой явж ирсэн юм.
Ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын нэмэлт төлбөр төлөхийг санал болгож буйгаа Б.Болд, С.Тибо нар захидалдаа дурдсан байна. Эл нэмэлт мөнгөөр нийгэм болоод эдийн засгийн чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах ингэснээр цар тахлын амаргүй нөхцөлөөс эдийн засгаа сэргээхэд Монгол Улсад тус болно гэж тус компани үзэж байгаа аж. Мөн зээлийн хүүг бууруулахаас гадна Оюу толгойн өмчлөлийн бүтцэд өөрчлөлт хийх талаар ярилцахад бэлэн байгаа тухай тэд захидалдаа дурджээ.
Эх сурвалж: Financial Times