Р.Дагдан: Эрчим хүчний үнэ хямд учраас хэрэглэгчид цахилгаанаа хэмнэе гэж бодохгүй байна
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.Дагдантай ярилцлаа. Тэрбээр эрчим хүчний салбарт 26 дахь жилдээ ажиллаж буй. Орон нутгийн эрчим хүчний үйлдвэрийн монтёроос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 92 жилийн түүхтэй энэ том айлыг удирдах албанд 2020 онд томилогдсон. Р.Дагдан 1997 онд Монгол Улсын Техникийн их сургуулийн ЭХИС-ийг цахилгаан системийн инженер мэргэжлээр суралцаж төгсжээ. Монгол Улсын Зөвлөх инженер. Эрчим хүчний салбарын 2023 оны шилдэг менежерээр шалгарсан.
–Эрчим хүчний салбар хүнд байдалд орсныг өнөөдөр ард иргэд жаахан ч болов мэдэрч байх шиг. Энэ салбар 16 мянга гаруй ажилтантай. Танай компанийн ажилтнууд салбарынхаа талаар хэр сайн мэддэг, хэр мэдээлэлтэй байдаг бол гэсэн асуултаас ярилцлагаа эхэлье.
-Шат шатныхаа л түвшинд мэдээлэлтэй байгаа болов уу. Арга ч үгүй байх. Манай компанийн 2000 ажилтан ачааллыг өнөөдөр авч болох хамгийн дээд түвшиндээ авч ажиллацгааж байна. Юун мэдээлэл хайх, авах. Эхлээд ажилтнууд маань салбарынхаа асуудлыг сайтар ойлгох ёстой гэдэг нь ч зөв юм. Энэ хүмүүсээр дамжуулан гэр бүл, ах дүү, найз нөхөд нь үнэн зөв мэдээлэл авах болно. Ах дүү, найз нөхөд нь цахилгаан, дулаан яаж байна даа гэхээр ихэвчлэн л мэдэхгүй ээ, хэцүүхэн л байх шиг байна гэсэн бүдэг бадаг, товчхон хариулт өгч байвал нөгөө хүмүүс нь “за за, гайгүй л юм шиг байна” гэсэн ойлголт авна. Манай салбарынхны онцлог юм шиг байгаа юм. Урдах ажлаа л сайн хийхийн төлөө явдаг. Яриа хөөрөө багатай. Энэ нь нөгөө талаараа олон нийтэд салбарынхаа тухай зөв ойлголт, мэдээлэл өгөхөд анхаараагүй ирснийг өнөөдөр харуулж байна. Эрчим хүчний салбарын 16 мянган ажилтан өөрийнхөө хүрээллийн хүмүүст үнэн бодит байдлыг хэлээд явбал ядахнаа 30 мянган хүн манай салбарын талаар зөв мэдээлэлтэй, ойлгодог болно шүү дээ.
Дээр нь нийгэм ердийн, энгийн байдлаар юм хүлээж авахаа больж. Томоохон асуудал, жишээ нь үер усны гамшиг, цахилгаан дулааны хязгаарлалтад ороод ирэхээр л анхаарлаа хандуулах хандлагатай. Уг нь цахилгаан хүний өдөр тутмын амин чухал хэрэглээ байгаад байдаг. Гэтэл хамгийн чухал салбарын асуудал нь бусад асуудлын бүр ард нь хаягдаж иржээ. Харин танай “Energy Mongolia” сэтгүүл уг асуудлыг хөндөж, бодлого тодорхойлогчдод, олон нийтэд зөв мэдээлэл өгч, ойлгуулъя гэж байгаад талархаж байна. Нөгөөтээгүүр, та бүхний “Эрчим хүчний салбараа аваръя” уриатай энэ ажил хаа хүрэх вэ гэдэг чухал шүү. Мөнгө биш, хүсэл мөрөөдөл хүнийг хөтөлж, амжилтад хүргэдэг шүү дээ. “Energy Mongolia” сэтгүүлийн хийж буй ажил хожим эрчим хүчний салбарт түүх болон үлдвэл үнэ цэн нь үүнд орших болов уу.
–Баярлалаа. Эрчим хүчний салбарт тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. “УБЦТС” компанийн хувьд байдал хэр байна, ямар асуудлууд тулгамдаж байна вэ?
-Эхлээд компаниа товчхон танилцуулъя. Улаанбаатар хот болон Төв аймгийн 16 сум, суурин газрын 480 гаруй мянган хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээж, хангадаг. Нарийвчилсан тоо хэлэхэд, 484,718 хэрэглэгчтэй, үүний 197 мянга нь гэр хороолол, 257 мянга нь орон сууцны, 30126 нь аж ахуйн нэгжийн хэрэглэгч байна. Нийт 1940 ажилтантай. Энэ өвлийн оргил ачааллын үеэр хэрэглэгчдийнхээ хэрэглээг 2-3 цагаар түр хязгаарласан, одоо ч хязгаарлалт мэр сэр хийж л байна. Юутай ч эх үүсвэрийн дутагдалд орчихсныг нийтээрээ мэдэрч, ойлголт авлаа. Манай компанийн хувьд тулгамдсан асуудлууд бий. Асуудлуудаа нэг дор, нэг мөр шийдэх боломжгүй.
Та үнэхээр эх оронч байхыг хүсдэг бол оргил цагуудад эрчим хүчээ хэмнээрэй
Хамгийн эхний асуудал гэвэл олон улсын жишгийн дагуу бусад улсын түгээх компаниуд бүгд ухаалаг тоолуурын системд шилжчихсэн. Гэтэл эрчим хүчний салбарын хамгийн олон буюу 480 мянган хэрэглэгчтэй “УБЦТС” ухаалаг тоолуурын системд шилжиж чадаагүй байна. Ухаалаг тоолуурын технологийн асуудлыг шийдэж, энэ системд даруй шилжих шаардлага үүссэн. Өсөн нэмэгдэж буй хэрэглээ, цэг бүрийн тоогоор хүний оролцоотой хийх ажил нэмэгдэж байна. Үүнийг технологийн дэвшлээр зохицуулах шаардлага үүссэн.
Дараагийнх нь гэр хорооллуудын цахилгаан эрчим хүчний чанарын асуудал учир дутагдалтай хэвээр байна. Хамгийн гол асуудал нь эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин бага байна. Мэргэжлийн, туршлагатай ажилтны нөөц маань ажлын ачаалал, цалин хөлсний асуудлаас болж алдагдсан. Энэ нь эрчим хүчний салбарын хөгжлийг зах зээлийн зарчмаар нь явуулахгүй байгаатай холбоотой. Төр тодорхой хэмжээнд оролцож, бодлогоор явуулж байгаа нь нөлөөлж байна гэж боддог. Уг нь эрчим хүчний салбарын үнэ тарифыг чөлөөлж, цэвэр арилжааны хэлбэрээр нь явуулбал дорхноо технологижоод, босоод ирэх салбар. Хөгжлийн гол суурь салбар шүү дээ. Гэтэл өөрчлөлт шинэчлэл, технологижих процесс явагдахгүй олон жил болсноос өнөөдөр ийм хүнд байдалд орж байна.
–Ухаалаг тоолуур суурилуулбал олон асуудал шийдэгдэнэ биз?
-Яагаад ухаалаг тоолуурыг эн тэргүүнд ярьж байна вэ гэхээр 480 мянган хэрэглэгчид 1940 хүн хүрч ажиллах нь нэн хүнд асуудал болчихоод байна. Үйлчлэх хүрээ тэлсэн, ажлын ачаалал өссөн, хүн нэмэх боломж хязгаарлагдмал. Хүртээмжтэй ажиллах боломжгүй. Ажилтнууд маань ихэнхдээ хагас, бүтэн сайн өдрүүдэд амрахгүй ажилладаг. Энэ ачааллыг бууруулахын тулд ухаалаг тоолуурын системд шилжих зайлшгүй шаардлага байна. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг тохируулах, удирдах шаардлагатай.
Дээр нь эрчим хүчний үнэ хямд учраас хэрэглэгчид цахилгаанаа хэмнэе гэж хичээхгүй, бодохгүй, улмаар хүссэн хэмжээгээрээ хэрэглэнэ, төлбөрийг нь төлчихнө гэсэн ойлголт хэвийн болчихсон байна. Гэтэл эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал ямар байгааг бид 2023 оны арванхоёрдугаар сард харлаа. Саяхан л нийтээрээ нөхцөл байдлыг бодитоор мэдэрч, ойлголоо. Түүнээс асуудал хүнд байна гэдгийг яриад ойлгохгүй. Энэ талаар хэвлэл мэдээллийнхнийг олон нийтэд хүртээмжтэй хүргээсэй гэж хүсэж байна. Эрчим хүчгүйгээр мянга сайхан технологи, төсөл хөтөлбөр, улсын хөгжил, аюулгүй байдал ярих боломжгүй.
–Ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажил өнөөдөр хэдэн хувьтай явна вэ?
-Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас худалдаж авдаг, хоорондын баланс тооцоо хийдэг тоолуурууд ухаалаг тоолуураар шинэчлэгдсэн. Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 15 мянга орчим хэрэглэгчдэд ухаалаг тоолуур суурилуулсан. Энэ нь нийт хэрэглэгчдийн 6.5 хувь юм. Маш доогуур үзүүлэлт. Нийт 480 мянган хэрэглэгчдэд бүгдэд нь ухаалаг тоолуур суурилуулахад 60-70 сая ам.доллар шаардлагатай. Үүнийг төр засаг, олон улсын төсөл хөтөлбөр, зээл хэлбэрээр явуулах нэг хувилбар байна. Өөр шийдэл гарц хүндрэлтэй.
Гэхдээ бид өнгөрсөн онд нэг гаргалгаа гаргасан. “УБЦТС” компанийн хамт олон сүүлийн гурван жилд эрчим хүчний алдагдлыг сайн бууруулж чадсанаар эрчим хүчний салбарын тэг үлдэгдэлтэй орлогын дансанд гол тоглогч болж орж ирсэн. Бид өөрсдөө төсөл боловсруулаад алдагдлын бууралтаар төслийг санхүүжүүлэх саналаа ЭХЯ, ЭХЗХ-д тавьсан нь дэмжигдсэн. Энэ онд хэрэгжиж эхэлнэ. Бид ойрын гурван жилийн хугацаанд бүх хэрэглэгчээ ухаалаг тоолуураар хангана гэж тооцоолж байгаа юм.
“УБЦТС” компани Монгол Улсын эрчим хүчний системийн нийт ачааллын 50-60 хувийг авч байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу 1058 МВт-ын ачаалал авсан. Саяхан даа, 2017 онд эрчим хүчний салбарын нийт ачаалал 1000 МВт-д хүрлээ гэж байсан. Гэтэл нийт системийн тэрхүү оргил ачааллыг манайх дангаараа авч ажиллаж байна. Зургаахан жилийн дараа шүү дээ. Энэ бол ачаалал маш хурдтай нэмэгдэж байгааг илэрхийлсэн үзүүлэлт. Эрчим хүчний хэрэгцээ шаардлага, хэрэглээ хурдтай өсөж байна. Эрчим хүчгүйгээр урагшлахгүй болсон цаг үе гэдгийг улам ихээр харуулж байна.
–Хэрэглээ жилээс жилд хурдтай нэмэгдээд байдаг. Гэтэл эрчим хүчний салбар ард хоцорчихсон. Танай компанийн хувьд ямар асуудлыг шийдвэл хурдыг гүйцэж очих бол?
-Энгийнээр хэлэхэд, маш сайн технологижих шаардлагатай. Сайн ажилтнууд байгаад, сайн цалин аваад дээрээс нь компани өөрөө технологижоод ирвэл цахилгаан түгээх ажилд ямар ч саад, бэрхшээл гарахгүй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтнууд ажлын өдөртөө ажиллаад амралтын өдөртөө амардаг байх нь чухал асуудал болж байна. Ялангуяа одоогийн нийгэм хүнээ хуулинд заасан цагт нь л ажиллуулахыг шаардаж байна. Бусад цагт нь хүмүүс үр хүүхэд, гэр бүлдээ зориулах, амрах, аялах хэрэгтэй гэдэг хандлага руу хүссэн ч, эс хүссэн ч орчихлоо. Гэтэл эрчим хүчний салбарынхан амралтын өдрөөр ч ажилласан хэвээрээ.
Эрчим хүчгүйгээр мянга сайхан технологи, төсөл хөтөлбөр, улсын хөгжил, аюулгүй байдал ярих боломжгүй
–Эрчим хүчний салбарынхан улс орныхоо гал голомтыг сахин, бадраах үүргээ чин сэтгэлээрээ ухамсарлаж, зүтгэж ажиллаж ирсэн. Гэтэл эргээд харсан чинь салбар нь уналтад орчихсон байгаа нь ажилтнуудын хувьд харамсам зүйл болчихсон байдаг. Уг нь зах зээлийнхээ зарчмаар салбар нь хөгжсөн бол ажилтнууд нь итгэл дүүрэн, сэтгэл хангалуун, бахархам байна гэж бодогдлоо. Та санал нийлнэ биз дээ?
-Тийм ээ, нийлнэ. Хүн хөдөлмөрлөж, ажилласныхаа хэрээр үр дүнд хүрэх ёстой. Гэтэл манай салбар тэр хэмжээнд хүрч хөгжиж чадаагүй л байна. Хүүхэд байхад тухайн сургуулийн тоо, физиктээ хамгийн сайн, онц сурдаг, шилдэг сурагчид л эрчим хүчний сургуульд, ялангуяа инженерийн мэргэжлээр элсэж суралцдаг байлаа. Тэр хүүхэд эрчим хүчний салбарын хамгийн сайн инженер, хамгийн сайн ажилтан болдог систем үйлчилдэг байж. Бусад салбараас хамаагүй өндөр цалинтай. Тэр хэмжээгээр амьдрал ахуй нь ч сайн. Тухайн үед эрчим хүч бол улсын хөгжлийн суурь салбар учраас нийгмийн асуудал, цалин хөлсийг бодлогоор өөр түвшинд тавьдаг байж гэж бодогдох үе бий. Эрчим хүчний салбарт тодорхой бодлого хэрэгжиж байсны жишээ юм даа.
Өнөөдөр манай эрчим хүчнийхний цалин хамаагүй доогуур болсон. Ингэхээр одоогийн залуу үеийнхэн ажлын ачаалал ихтэй, хариуцлага өндөртэй, эрсдэлтэй салбарт ажиллахгүй гээд гараад явчихдаг. Салбарын нарийн мэргэшсэн ажилтнууд ховордож, хүний нөөцийн дутагдалд орж эхлэх үндэс нь ч ингэж тавигдсан. Энэ нь өөрөө салбарын уналтад нөлөөлнө. Гэхдээ би энэ байдлыг шилжилтийн цаг үе байх гэж боддог. Ийм байдлаар цаашид үргэлжлэх боломжгүй. Улс орныг хөгжүүлэх салбар бол эрчим хүч гэдгийг хэрэглэгчид нийтээрээ ойлгоод хандлагаа өөрчлөх байх. Улс орны бодлого ч өөрчлөгдөх байх. Энэ тохиолдолд манай салбар олон асуудлын ард гараад хөгжлийн гараа руугаа явах болов уу гэж бодож байна.
–Эрчим хүчний үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ? Өнөөдөр цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнгүүт иргэд уурлаж, бухимддаг. Харин гар утасны төлбөртөө хэдэн ч төгрөг гарсан төлдөг. Энэ байдал хззээ арилах бол?
-Англид долоон жил болсон хоёр залуутай би саяхан уулзлаа. Эх орондоо амьдрахаар ирж байгаа юм байна. Тэд Монголд хоёр зүйл үнэхээр хямдхан байна гэсэн. Нэгд, усны үнэ, хоёрт, эрчим хүчний үнэ маш хямдхан. Энэ нь ард түмний суурь ойлголт, хандлагад нөлөөлж байна. Энгийн юм шиг хэрнээ маш том бодлогын энэ асуудалд төрөөс яагаад анхаардаггүй юм бол оо гэж ярьж байна. Энэ үнэхээр үнэн. Улс орны хөгжлийн суурь нь эрчим хүч юм бол үнэ цэнтэй л байх ёстой. Үнэгүй юм үнэ цэнгүй л байдаг. Үнэтэй, ховор юм үнэ цэнтэй л байдаг.
Эрчим хүчний дутагдалд орно гэдэг нь эрчим хүч ховордож буйн шинж шүү дээ. Үнэтэй байхын хэрээр хүмүүс түүний үнэ цэнийг ойлгоно, мэдэрнэ, тэгээд хэмнэх хэвшилд суралцана гэдэг ойлголт хамгийн чухал байна.
Эрчим хүчний салбар өнөөг хүртэл хүндрэлтэй явж ирсэн. Гэхдээ бүгдийг хүндрэлтэй асуудалтай уямааргүй байна. Би энэ салбарын ажилтан гэж өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, салбартаа чин сэтгэлээсээ ажиллаж зүтгэдэг ажилтан олон бий. Ийм хүмүүсийн хүчээр эрчим хүчний салбар хүнд хэцүү зарим асуудлаа шийдээд, технологижиод явж байгаа гэдгийг онцлон хэлье.
–“УБЦТС” компани алдагдалтай үнэ тарифаас үүдэн ямар боломжуудыг алдсан бэ?
-Миний бие 2020 онд компанийнхаа гүйцэтгэх захирал болсон. Энэ том компанийг удирдаж чадах уу гэдэгтээ эргэлзэж байсан. Салбарын маань өмнөх туршлагатай удирдлагууд ч ”байгууллагыг удирдаж л байгаа бол хөгжлийн тодорхой түвшинд аваачих ёстой” гэж хэлдэг байсан. Тэгээд ажлаа аваад компанийн бодлого төлөвлөлт, дотоод, гадаад хүчин зүйлсийг олж хараад ажиллая гэж бодсон. Ингээд сайн эдийн засагчид хандаж сүүлийн 16 жилийн эдийн засгийн үзүүлэлтүүдэд үндэслээд юун дээр анхаарч ажиллавал амжилт, үр дүн гаргаж чадахаар байна гэсэн дүгнэлт хийж өгөхийг хүссэн. Тэр дүгнэлтээс гарц гаргалгаа, боломж олж харсан.
Хамгийн түрүүнд эрчим хүчний алдагдалтай тулж ажиллая гэж бодсон. Энэ бол манай дотоод хүчин зүйл шүү дээ. Бид өөрсдөө эрчим хүчний зүй бус алдагдлаа сайн бууруулъя гэж зорьсон. Манайд бүх хэрэглэгчдэдээ хүрч үйлчлэх парк шинэчлэлт, ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, техник хэрэгсэл, ажлын орчин нөхцөл гээд цогцоор нь шийдэх шаардлагатай ажлууд бий. Үсрэнгүй байдлаар шийдэх боломжгүй ч алхам алхмаар шийдээд явж байна.
Урдах ажлаа л сайн хийхийн төлөө явдаг. Хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа
Монгол Улсын эрчим хүчний гол тохируулагч болж буй энэ том айл сайн байх юм бол дамжуулах, эх үүсвэр ч сайн байна. Анхдагч эх үүсвэрээс үйлдвэрлээд, дамжуулаад ирсэн эрчим хүчийг сайн түгээе, сайн борлуулъя, борлуулалтын орлогоо сайн цуглуулж, тэг үлдэгдэлтэй орлогын дансанд гол тоглогч хэвээр явъя, улс орны хөгжилд хувь нэмэр болж, урагшилъя гэж хараад багаараа ажиллаж эхэлсэн. “УБЦТС” ийм өндөр үүрэг хариуцлага хүлээдэг компани, энэ зорилгынхоо төлөө л ажилласан. Үр дүн ч гарч эхэлж байна. Би түрүүн тэг үлдэгдэлтэй орлогын дансанд гол тоглогч болсон гэж ярьсан. Өнгөрсөн жил нүүрсний үнэ өссөн. “УБЦТС” компанийн төвлөрүүлсэн 36 тэрбум төгрөгөөр Эрчим хүчний зохицуулах хороо нүүрсний үнийн зөрүүг хааж байх жишээтэй. Энэ ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үнэлээд “Танай хамт олон сайн ажиллалаа. Та бүхэн жинхэнэ эх оронч байлаа” гэж хэлж байсан.
–Эрчим хүчний салбарын 2023 оны шилдэг менежер болсон тухайд?
-Нэгдүгээрт, байгалийн гамшиг үер усны аюул болоход манай ажилтнууд хүнд нөхцөлд хохирол багатай, маш сайн зохион байгуулалттай, гүйцэтгэлтэй ажилласан. Хотын удирдлага, онцгой байдлын штабуудтай хамтраад шуурхай, хурдтай ажиллаж, иргэд, олон нийтийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж, усанд автсан объектуудын эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд аюулгүйгээр сэргээсэн. Хоёрдугаарт, компанийн санхүүгийн үйл ажиллагаа сайжирсан. Тэг үлдэгдэлтэй орлогын дансанд төвлөрүүлэх худалдаж авсан цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийг 101.1 хувиар буюу 7.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Гуравдугаарт, компани бие дааж ухаалаг тоолуур нэвтрүүлэх гэж байгааг үнэлсэн. “УБЦТС” ХК бол үндэсний, төрийн өмчит том компани. Ингэж өөртөө хөрөнгө оруулж, асуудлыг шийдсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм билээ. Эдгээр ажлыг маань яам, удирдлагууд үнэлсэн юм болов уу.
–Дотоод хүчин зүйл болох зүй бус алдагдлаа бууруулсан талаар илүү тодруулж ярьна уу. Хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрэв?
-Зүй бус алдагдал бол хүн, технологи, зохион байгуулалттай холбоотой асуудал. “УБЦТС” компани 2017 оноос реклоузерыг нэвтрүүлэн суурилуулж эхэлсэн. Олон талын үүрэг оролцоотой харьцангуй шинэ технологи. Хуучин гэмтэл саатал гарахад эрчим хүчний тасралт нэлээн том хүрээг хамардаг байсан. Гэмтэл гарахад тухайн гэмтэл гарсан хэсгийг энэ тоног төхөөрөмжийн нөлөөгөөр тусгаарлаад бусад нь хэвийн болж, автоматаар процессыг удирддаг болсон. Хэдий олон хэрэглэгч гэмтэл саатлын шалтгаанаар цахилгаангүй болно, төдий хэмжээгээр худалдан авч, түгээх эрчим хүчний төлөвлөгөө тасалддаг. Тэгвэл энэ төхөөрөмжийн нөлөөгөөр гэмтэл гарсан цэгийг тусгаарласнаар түгээх сүлжээг хамгаалж, олон хэрэглэгч цахилгаанаар тасралтгүй, найдвартай хангагдах боломж нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь худалдан авч буй эрчим хүчний хэмжээнд маш том нөлөө үзүүлсэн. Дээр нь хүний хүчин зүйл, машин механизм, мал амьтны нөлөөнөөс шалтгаалж гарах томоохон гэмтэл саатлаас түгээх сүлжээг хамгаална. Аливаа технологийн шинэчлэл нь эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Энэ төхөөрөмжийг суурилуулснаар эдийн засгийн ямар эерэг нөлөө гарсныг бид тоон үзүүлэлтээр гаргасан. Нийт 12 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчийг худалдаж аваад алдах байсныг хязгаарлаж чадсан байсан. Зүй бус алдагдалтай манай компанийн үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтнууд тэмцэж, бууруулсаар ирснийг дурдах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн тоо маш их өссөн. Энэ хоёр дүүрэг дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд маань ачааллаа дийлэхгүй, тэр хэрээр хүн хүрч ажиллаж хүчрэхгүйд хүрээд байсан. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдийн өсөлт харьцангуй тогтвортой, суурьшил нь тогтсон, газар нутгийн сунгалт, шинэ суурьшил байхгүй, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн ажлын ачаалал нь ч гайгүй. Ийм тэнцвэргүй ажлын хуваарилалт дээр зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Ингэснээр өндөр ачаалалтай хоёр төвийн нэг ажилтанд ногдох ажлын ачаалал тэнцвэржиж, үйлчилгээний чанар, хүртээмж ч сайжирсан. Ингээд нэг хүнд ногдох ажлын ачаалал буурч, ажил тодорхой болоод ирмэгц хяналтын систем сайжирсан. Дотоод хүчин зүйлд зохион байгуулалтын нөлөө үр дүнгээ өгсөн талаар ярихад ийм байна.
–Сайн мэдээ байна. Өөрсдийн зүгээс ийм том санал санаачилга гаргаж хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрснийг сонсоод талархах сэтгэл төрж байна. 2023 оны арванхоёрдугаар сараас хийсэн эрчим хүчний хязгаарлалтын талаар ярьна уу?
-“УБЦТС” компани ачааллын өсөлтөөс шалтгаалсан хязгаарлалт хийх асуудлыг дангаараа шийддэггүй. Эрчим хүчний системийг удирддаг, өдөр тутмын горимыг зохицуулдаг Диспетчерийн үндэсний төв (ДҮТ) гэж байгууллага бий. Ачаалал өсөөд эрчим хүчний чадлын дутагдалд ороод ирэхээр ДҮТ-өөс манайд команд өгдөг. Команд ирсэн тохиолдолд манай компани хэрэглэгчдэдээ хоёр, гуравхан цагийн өмнө байсан ч урьдчилж мэдээлэхийг хичээдэг. ДҮТ манайд команд өгөхгүйгээр шаардлагатай тохиолдолд алсын удирдлагаар шууд хязгаарлалт хийх WAMS системийг ашигладаг. Манайхаас үл хамаарсан систем гэсэн үг.
Ийм хязгаарлалт хийхэд хүргэж байгаа хэрэглээний өсөлтийг нухацтай авч үзэх ёстой. Хэрэглээний өсөлтөд эрчим хүчний үнэ тариф ихээхэн нөлөөлж байна. Дээр нь цахилгаанаар дулааныг шийддэгийг дурдах хэрэгтэй. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард гэр хорооллын ачаалал 193 МВт-аар, харин оргил ачааллын үеэр 385 МВт хүрч өссөн. Энэ нь гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаалт ашиглаж байгаагийн нөлөөлөл юм. Яагаад ийм асуудал үүсэв гэхээр 2016-2018 онд агаарын чанарын асуудалтай холбоотойгоор цахилгаанаар дулааныг шийдье гэсэн БОАЖЯ-ны бодлого, шийдвэртэй холбоотой. Манай салбарын бодлого үүний эсрэг байдаг. Онолын хувьд дулааны энерги, цахилгааны энергид шилжээд буцаад дулааны энерги болох процессыг алдагдалтай гэж үздэг. Тухайн үеийн нийгмийн асуудлыг шийдэх үүднээс нэг улстөрч цахилгаан халаагуураар гэр хорооллын дулааны асуудлыг шийдчих юм байна гэсэн санал дэвшүүлснээс энэ явдал үүдэлтэй.
Эрчим хүчний салбарын хувьд 17.00-22.00 цаг бол оргил ачааллын үе. Энэ үеэр эрчим хүчээ хэмнэж, тогоо тохируулаарай гэсэн мэдээллийг бид хэрэглэгчдэдээ хүргэж, ойлгуулахыг хичээж байна. Төдийлөн үр дүн гарахгүй л байна. Иргэд мэдээлэл авсан ч хэмнэж сурахгүй байх шиг.
Эрчим хүчний хэмнэлт хийх үүрэг хүлээсэн хэрэглэгчидтэй хийсэн нэгэн арга хэмжээний тухай ярья. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний баярын орой хязгаарлалт хийлгүй хэрэглэгчдээ гэрэл, цахилгаантай байлгах үүднээс Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн, өндөр хэрэглээтэй 192 үйлдвэр, аж ахуйн нэгжид баярын өдөр битгий ажиллаач ээ гэж бид уриалсан. Ийм арга хэмжээ хүртэл авч байлаа. Эдгээр ААН-ийн нийт хэрэглээ нь 157 МВт. Аз болоход, оны сүүлийн өдөр цаг агаар дулаахан, дээр нь салхитай өдөр байсан учир салхин станцууд төвийн бүсийн нэгдсэн системд тодорхой хэмжээний цахилгаан нийлүүлснээр шинэ он гарах өдрийг эрчим хүчний хязгаарлалт хийлгүй давж чадсан. Айл бүр гэрэл цахилгаантай, баярын хоолоо зооглож, зурагтаа үзээд шинэ оноо гэрэлтэй угтсан. Юм үнэнээрээ сайхан шүү дээ. Энэ явдал түүх болон үлдэх биз ээ.
Цэвэр арилжааны хэлбэрээр нь явуулвал дорхноо технологижоод босоод ирэх салбар
–Та бүхнийг ийм сэтгэлээр ингэж зүтгэж байгааг иргэд мэдэхгүй. Эх үүсвэрийн дутагдалтай, дээр нь эрчим хүчний ачааллаа дийлэхгүй байхад Улаанбаатар хотын дарга гэр хорооллын бараг бүх айлд цахилгаан халаагуур тараах тухай ярьсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Иргэд өөрт энгийн байдлаар асуудлаа шийдэхийг хүсдэг юм байна. Би хотын удирдлагуудтай хамт гэр хорооллын айл өрхүүдээр явсан. Дулаанаа цахилгаанаар шийдсэн айлуудаар ч орсон. Хүмүүс хэн нэгэн хэрэглээд үзсэний дараа түүнийг нь хэрэглэхийг боддог юм байна. Доржийнх хэрэглээд жил болчихож, тэд дулаанаа цахилгаанаар шийдээд дулаахан, сайхан өвөлжлөө гэдэг. Үүнийг нь дагаад Дондог мөн тийм шийдэл нэвтрүүлье гэж хүсдэг. Энэ хүслийг нутгийн захиргааны удирдлагууд нь дэмжихээс өөр аргагүйд хүрдэг юм байна. Тэр нь эргээд эрчим хүчний салбарт хэрхэн нөлөөлж байна гэхээр чадлын дутагдлаар илэрдэг. Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатартай ярилцахад “тодорхой шийдлүүд гаргая, асуудал өөрөө асуудал болж байж үр дүнд хүрдэг. Асуудал болоогүй бол асуудлыг асуудал гэж ойлгодоггүй юм аа” гэсэн. Мөн “Ард түмний хүсэл хэрэгцээг бид гүйцэлдүүлэх л хэрэгтэй. Хот гэдэг ойлголт өөрөө эрчим хүч юм. Эрчим хүчтэй байж л би хотын хөгжил ярина. Эрчим хүчгүйгээр би хотын хөгжлийн тухай мянга яриад хэрэггүй” гэж ярьсан нь надад чухал санагдсан.
–Гэр хорооллын зах хэсгээр эрчим хүчний хангамж, чанар, хүрэлцээ муу хэвээрээ байгаа юу?
-“УБЦТС” компани эрчим хүчний шугам сүлжээг өргөтгөж, шинэ шугам барьдаг гэсэн буруу ойлголт байдаг. Манай үндсэн үүрэг бол улс, нийслэлийн хөрөнгөөр баригдаад комисс хүлээж авсан шугам сүлжээний ашиглалтыг хариуцах юм. Нэгэнт шинэ суурьшлын бүс бий болсон газарт эрчим хүчний дэд бүтэц тавих хүсэлт манайд ирвэл бид дамжуулах л үүрэгтэй. Уг нь тухайн хороо, дүүрэг нь нийслэлийн захирагчийн албанд дамжуулж, тэндээс хотын төсөвт суулгах байдлаар асуудлыг шийддэг. Эрчим хүчний дэд бүтцийн томоохон асуудлыг улсын төсөвт суулгах тухай ч яригддаг. Ийм хүсэлт маш их ирдэг.
Уг нь улс, нийслэлээс тодорхой хэмжээнд шийдээд явж байна. Жил бүр гэрэлгүй айлын тоо 3-4 мянга гардаг, тооны хувьд буурахгүй, хэвээрээ л байдаг. Энэ нь хот төлөвлөлт, иргэдийн хот руу шилжих хөдөлгөөнтэй холбоотой.
–Хамгийн олон хэрэглэгчтэй, 92 жилийн түүхтэй их айлыг удирдахад бахархах зүйл олон байдаг болов уу.
-Энэ том айл маш их амжилт, дурсамж бүтээж байгаа. Хүлээсэн үүргээ ч нэр төртэй гүйцэтгэж байна. Манай компани 480 мянган хэрэглэгчийнхээ өмнө гал алдсангүй. Энэ гавьяа бол гол ачааг нуруундаа үүрдэг салбараараа, мэргэжлээрээ бахархдаг, мэргэжлийнхээ үнэ цэнийг мэддэг, ажилдаа дуртай эгэл жирийн ажилтнуудынх юм. Тэдний зүтгэл хөдөлмөрөөр манай салбар энэ зэрэгтэй явж байгаа нь үнэн. Дээр нь үе үеийн удирдлагууд зөв бодлогоор байгууллага, компаниа удирдаж ирсэн. Тэдний үргэлжлэл болж яваагаараа бахархаж, хичээж ажилладагг даа.
–Эрчим хүчний салбарын менежер гэж хэнийг хэлэх вэ?
-Хүнийг удирдана, ажил авч явна гэдэг нь хариуцлагын асуудал. Хуучны уламжлалт харилцаагаар хүнийг бэлдэх гэдэг их чухал бодлого байжээ. Би тийм үеийн бүтээгдэхүүн. Намайг өдий зэрэгт хүрэхэд нөлөөлсөн, надтай хамт ажиллаж байсан бүх хүн миний багш. Би өнөөдөр багш нарынхаа даалгаврыг л биелүүлэхийг хичээж байна. Бүх хүмүүсийн эрх ашгийг жигд хангаж явах ёстой юм байна. Хамтын шийдвэр хамгаас чухал. Би гэж зүйл байдаггүй юм байна. Бүх ажил хамтын шийдэл, гавьяагаар явдаг. Ганц хүний гавьяа гэж байдаггүй гэдгийг л сайн ойлгож байна.
–Танай компанийн ойрын хугацааны зорилго, зорилт юу вэ?
-Манай салбарын онцлог нь бүх илэрхийлэл тоон байдагт оршдог. Тоо нь хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Манай суурилагдсан хүчин чадал тийм болно, бид ийм технологи нэвтрүүлснээр эдийн засгийн үр ашиг төдий хэмжээтэй болно гэх мэт. Манай компани жил бүр техник эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний саналын төслөө боловсруулж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороогоор хянуулж, батлуулаад энэ зорилтоо биелүүлэхээр ажилладаг. Бизнес эрхлэхэд хэр таатай байгаагаар нь улс орнуудыг эрэмбэлэн харуулдаг Дэлхийн Банкны жагсаалтад Монгол Улс “Цахилгаан эрчим хүчээр хангагдах” буюу Getting Electricity үзүүлэлтээрээ харамсалтай нь 152-р байрт байна. Энэ нь хэдийгээр улсын хэмжээний үнэлгээ боловч манай компани энэ жагсаалтыг урагшлуулахын төлөө санаачилгатай ажиллах ёстой. Тиймээс нийслэлийн дэд бүтцийн хөгжүүлэлтийг дэмжин ажиллаж шугам сүлжээг өргөтгөх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын менежментээ сайжруулах, бүр цаашилбал, агаар, орчны хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, дадлыг нутагшуулах зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
–Хэрэглэгчид “УБЦТС” компанийн 70047004 дугаарыг сайн мэднэ. Хэрэглэгчдийн уур бухимдлыг бардаг дугаар гэж иргэд ярьдаг. Та бүхэн ч мэдэх байх. Энэ дугаар маш их ачаалалтай байдаг уу?
-Энэ дугаар дээр нэг ээлжиндээ 18-20 хүн ажилладаг. Нийтдээ 36-40 мэргэжилтэн хоёр ээлжээр энэ утасны цаана ажиллаж байна. Ямар үед дуудлага ихсэж, хэрэглэгчийн гомдол нэмэгддэг вэ гэсэн статистик бий. Дийлэнх нь мэдээллийн чанартай дуудлага байдаг. Уг нь энэ мэдээллийн чанартай дуудлагуудыг автомат хариулагчаас бас компанийн сошиал хуудасны чатбот, цахим үйлчилгээний mytog.mn вэб, “цахилгаан хэрэглэгч” аппликэйшн руу шилжүүлбэл нэн чухал хэрэгтэй дуудлагыг авах боломж нэмэгдэх юм. Манай төлбөр хэдэн төгрөг гарсан бэ, хаашаа төлөх вэ, банкны данс байна уу гэх мэт төлбөртэй холбоотой дуудлага олон ирдэг. Үүнтэй холбоотой технологийн шийдлийг аль хэдийн цахимжуулсан. Гэхдээ хүн амьд харилцааг хүсдэг юм байна. Төлбөр тооцоо асуусан маш олон дуудлагад хязгаарлалт хийнэ, тэгэнгүүт хэрэглэгчид бухимдаж, уурлана. Бухимдсан хэрэглэгчид зэрэг дуудлага хийж орж ирнэ. Бид хэрэглэгчийн гомдлыг барагдуулахын төлөө хичээн ажилладаг. Одоо хэрэглэгчээс ирсэн бүх дуудлагыг бүртгээд эргэж ярьдаг, хариу өгдөг болсон. Энэ хэрээр орон тоогоо чадахаараа нэмэгдүүлж байна. Энэ жил 10 хүнээр орон тоог нэмнэ. Хэрэглэгчид амьд харилцаагаар ярьж, асуудлыг нь шийдэнгүүт гомдоллох нь багасдаг. Бид дуудлага ихэссэн үед компанид ажилладаг байсан хүмүүсээ гэрээр нь ажиллуулж үзсэн тохиолдол ч бий. Тэгээд ч дийлэхгүй. Энэ бол 480 гаруй мянган хэрэглэгчид 1950 хүн хүрэлцэхгүй байгааг харуулж байгаа юм. Үүнийг иргэд ойлгохгүй, бид ч сайн ойлгуулж чадахгүй байна. Ажлын ачаалал асар их байдаг гэдгийг л ойлгоосой.
–Өнөөдөр ихэнхдээ ахмадууд банк руу очиж цахилгааны төлбөрөө хийдэг байх. Тийм үү?
-Тийм. Та апп-аар төлбөрөө төлчих өө гээд байхад л “үгүй ээ хүү минь, би бэлнээр нь төлнө” гээд банк руу явдаг. Үүнийг үгүйсгэж болохгүй юм. Өвөө сурсан дадсанаараа банк руу л явна шүү дээ. Харин бид төлбөр авах уян хатан үйлчилгээг үзүүлэх үүргээ биелүүлэх ёстой. Ялангуяа Z үеийнхэн банк руу явж цахилгааны төлбөрөө төлнө гэдгийг ойлгохгүй. Манай ажилтнууд цахимаар бүх ажлаа хянаад сууж байдаг гэдгийг хэлмээр байна.
– “УБЦТС” компанийн захирлын зүгээс хэрэглэгчдэд хандаад эрчим хүчний үнэ цэнийн талаар, эрчим хүчээ хэрхэн хэмнэх талаар юу хэлэх вэ?
-Манай салбарын ахмад хүн надад “үндэсний аюулгүй байдал хэр хангагдаж байгааг 17.00-22.00 цаг тодорхойлж байна” гэж хэлсэн. Энэ айхавтар үг шүү. Надад “хэмнэнэ, гамнана гэдэг нь дараагийн асуудал юм байна. Хамгийн том ойлголт нь эх оронч байх юм” гэж бодогдсон. 17.00-22.00 цаг нь үндэсний аюулгүй байдал, салбар, системийн асуудал болоод байна. “Монгол Улсын иргэн та эх орныхоо төлөө зүрх цохилдог гэсэн сэтгэлгээ, хандлагаа 17.00-22.00 цагийн хооронд гаргаач ээ. Энэ талаас нь ойлгож хандаарай” гэж уриалмаар байна. Та үнэхээр эх оронч байхыг хүсдэг бол энэ оргил цагуудад эрчим хүчээ хэмнээрэй. Ийм л энгийн ойлголт. Үндэсний аюулгүй байдал гэхааээр юун том зүйл ярьдаг юм гэх байх. Гэвч энэ бол үнэхээр тулгамдсан асуудал шүү.