Р.Мөнхтуяа: Харилцагчидтайгаа хамтдаа өсөж хөгжиж байгаа нь ХААН Банкны хамгийн том ололт
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяатай банкны салбарын шинэчлэл, тэр дундаа банкууд нээлттэй компани болох сэдвээр ярилцлаа. Тэрбээр 28 жил банкны салбарт ажиллаж буйгаас сүүлийн 22 жил ХААН Банканд ажиллаж байгаа юм.
-Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа тууштай хадгалж ирсэн ХААН Банк олон нийтэд хувьцаагаа санал болгохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ тухай асуултаар ярилцлагаа эхлүүлье. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? IPO хийхэд бэлэн болсон уу?
-Бэлтгэл ажил 100 хувь хангагдсан, олон нийтэд хувьцаагаа санал болгож, анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлэхэд ХААН Банк бэлэн болоод байна. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сард УИХаар батлагдсан. Үүний дараа ХААН Банкны удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), хувьцаа эзэмшигчид хуралдаж, нэмэлт өөрчлөлт орсон хуулийн бүх заалтыг дагаж мөрдөх талаар ярилцаж шийдэлд хүрсэн. Ингээд 2021 оны гуравдугаар сард нээлттэй компани болох хүрээнд ажлын хэсэг байгуулж, нэн тэргүүнд хамтран ажиллах мэргэжлийн байгууллагуудаа сонгож гэрээ байгуулсан.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хамгийн том андеррайтер компани болох “БиДиСек ҮЦК” ХК-ийг ХААН Банк сонгосон. Улмаар хуулийн фирм болон санхүүгийн аудит хийх, магадлан итгэмжлэгдсэн тайлан гаргах компани, дэд андеррайтераа мөн сонголоо. ХААН Банкны сүүлийн таван жилийн санхүүгийн тайланг олон улсын аудитын “Эрнст энд Янг Монголия Аудит” компани хийсэн. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагаж мөрдөх журмын дагуу гурван жилийн санхүүгийн аудитын тайлан болон түүнийг баталгаажуулсан захидлын хамт өгөх ёстой. Энэ захидлыг гаргахын тулд бид хамтран ажиллалаа. Миний бодлоор аливаа том ажлын хамгийн чухал нь бэлтгэл үе шат байдаг. Эхнээсээ нарийн, тодорхой зөв төлөвлөгөө гаргах нь амжилтын үндэс гэж боддог.
Тиймээс ХААН Банк олон нийтэд хувьцаагаа гаргаж нээлттэй компани болох бэлтгэл ажилд дээд зэргээр анхаарч баг, хамт олноороо бүх хүчээ дайчлан ажилласан. Энэ бүхний үр дүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр манай банкны олон нийтэд гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн, үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олголоо.
ХААН Банк хувьцаагаа гаргаж, олон нийтэд нээлттэй болсноор үйл ажиллагааны хувьд ямар ахиц дэвшил гарч, санхүүгийн үзүүлэлтүүд нь хэр өснө гэж тооцоолж байгаа вэ?
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 12 арилжааны банк ажиллаж байна. Эдгээр банк Монголын санхүүгийн зах зээлд тодорхой хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулан, өсөж хөгжөөд явж байна.
Олон нийтэд хувьцаагаа гаргаж нээлттэй хувьцаат компани болсноор маш олон оролцогчтой болж, олон нийтийн хараа хяналт сайжирч, цэвэр тунгалаг, ил тод, сайн засаглалтай банкны систем бий болон хөгжих боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Энэ хүрээнд бид шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдадаа хамгийн өндөр ашигтай, хамгийн зөв хөрөнгө оруулалтын сонголт байхыг эрмэлзэж, банкны засаглал болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн санаачилгатай ажиллаж байна.
-Банкны салбарын энэхүү томоохон реформ нь хөрөнгийн зах зээлд болон танай салбарт ямар өөрчлөлт, үр дүнг авчирна гэж та дүгнэж байна вэ?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 оноос арилжааны банкууд болон Монголын хөрөнгийн бирж зэрэг үүсэн байгуулагдаж, өнөөдөр 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ одоогийн байдлаар санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны салбар эзэлдэг.
Арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд гарч, биржид бүртгэлтэй болсноор маш олон оролцогч үүнд татагдан оролцоно. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд банканд зөвхөн хадгаламж нээлгэж мөнгөө өсгөх бус, хөрөнгийн зах зээлээс банкны хувьцаа, үнэт цаасыг худалдан авч орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж, үүнийгээ бодитоор мэдэрч, үр шимийг нь хүртэх болно.
Олон улсын жишгийн дагуу хөгжиж яваа салбар бол яах аргагүй манай улсын банкны салбар юм. Тиймээс банкууд нээлттэй компани болсноор Монголын хөрөнгийн зах зээл ч үүнийг дагаад хөгжиж тодорхой хэмжээнд үнэлгээ нь нэмэгдэнэ. Энэ хэрээр манай хөрөнгийн биржийн үйл ажиллагаа олон улсын түвшинд очно гэж бодож байна.
-Системийн нөлөө бүхий таван банк хамгийн түрүүнд активын чанарын үнэлгээ хийлгэсэн байх ёстой. ХААН Банк ямар компаниар активын чанарын үнэлгээ хийлгэсэн бэ? Санхүүгийн үзүүлэлтүүд тогтвортой, хангалтай сайн гарсан уу?
-Монголбанкнаас нэгдсэн журмаар системийн нөлөө бүхий таван банкны активын чанарыг үнэлэх ажлыг зохион байгуулсан. Төв банкнаас активын чанарын үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулж, “PwC” олон улсын аудитын компани Монголбанкны тогтоосон стандартын дагуу үнэлгээг системийн нөлөө бүхий таван банканд 2022 оны 5-8-р сард хийсэн. ХААН Банкны хувьд активын чанарын үнэлгээний шалгалтыг амжилттай давсан.
Манай банк жилд дөрвөн удаа, улирал тутам, мөн жилийн эцэст бүрэн хэмжээний санхүүгийн аудит хийлгэдэг. 2022 оноос бид “PwC” олон улсын аудитын компанитай хамтран ажиллаж байна. Үүнээс өмнөх таван жилд “Эрнст энд Янг Монголия Аудит” компаниар аудит хийлгэж байсан.
Үүний хажуугаар ХААН Банк дижитал шилжилтийг маш амжилттай хийж байна. Дижитал болсон учраас мэдээллийн технологитой холбоотой нэмэлт аудит хийлгэдэг. Тухайлбал, хакерууд банк руу довтолж нэвтрэх оролдлого хийвэл яах вэ, үүнээс сэргийлсэн ямар програм болон тогтолцоог ажиллуулах вэ гэдгийг хөндлөнгийн аудитын байгууллагаар жилд хоёр удаа шалгуулдаг гэсэн үг. Мөн олон төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааны хүрээнд манай банк маш олон програм хангамжийн систем ашигладаг.
Эдгээр програм хангамжийг тус тусад нь шалгуулж алдаа, дутагдал байгаа эсэх “аппликэйшн аудит” хийлгэдэг. Манай банк олон улсын мэдээллийн аюулгүй байдлын “ISO27001” стандартыг сүүлийн долоон жил мөрдөн ажиллаж байна. Нийт харилцагчдын мэдээлэл, дижитал хэлбэрээр байдаг учраас үүнийг хамгаалах нь банкны үүрэг. Үйл ажиллагаа цахимжаад ирэхээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгддэг. Тиймээс ХААН Банк аюулгүй ажиллагаа, мэдээллийн нууцлалд дээд зэргээр анхаарал хандуулан ажилладаг.
-Банкны хадгаламж эзэмшигч болон хувьцаа эзэмшигчийн ялгаа юу вэ? Олон нийтэд IPO хийх, хөрөнгийн зах зээлийн талаар хэр мэдээлэл хүргэж байна вэ?
-Хадгаламж эзэмшигч байгуулсан гэрээний дагуу хадгаламжийн хүүгийн ашиг хүртэнэ. Банк хадгаламж эзэмшигчийн өмнө төлбөр түргэн гүйцэтгэх болон найдвартай байдлыг хангах үүрэгтэй байдаг. Мөн Хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу 20 сая төгрөг хүртэлх хадгаламж даатгагддаг. Харин хувьцаа эзэмшигч нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаасаа ногдол ашиг хүртэнэ. Мөн тухайн байгууллагын цаашдын хөгжлийг тодорхойлоход санал өгөх, цаашлаад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Хувьцаа худалдан авахаар зэхэж байгаа бол хөрөнгө оруулалт хийх компаниа зөв сонгох ёстой. Санхүүгийн тасралтгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагаа, сайн засаглал болон боломжийн хэмжээнд ашигтай ажилладаг эсэхийг нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын цаашдын ашигт ажиллагааг чухалчилж, нэгж хувьцаанд ногдож байгаа өгөөжийн хэмжээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Банк, санхүүгийн байгууллагууд МҮОНРТтэй хамтран “Ногоон сум” нэртэй олон нийтэд хөрөнгийн зах зээл, иргэдийн мэдвэл зохих мэдлэг, мэдээллийг багтаасан томоохон цуврал нэвтрүүлгийг өнгөрсөн оны турш явуулсан.
-Системийн нөлөө бүхий таван банк дундаас ХААН Банкны IPO юугаараа онцлог байх вэ?
-ХААН Банкны IPO бидний төлөвлөж буйгаар хамгийн олон оролцогчтой, хамгийн их мөнгөн дүнг анхдагч зах зээлээс босгосон арилжаа болно. Арилжаанд оролцохоор зэхэж байгаа харилцагч, хөрөнгө оруулагч нартаа санхүүгийн хувьд тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, жил бүр үйл ажиллагааны ашгаасаа ногдол ашиг хуваарилна гэж амлаж чадна. Бид ногдол ашгийн хэмжээг тухайн жилийн ашгийн 40 хувиас дээш байхаар тооцоолж байна. Бидний үүрэг бол тасралтгүй, тогтвортой, ашигтай ажиллах. Хувьцаа эзэмшигчид маань үүнд хяналт тавьж, ашиг хүртэх замаар хамтран ажиллах юм.
2021 оны эцсийн байдлаар ХААН Банкны өгөөж 23 хувь байсан бол 2022 оны эцсийн байдлаар 32 хувь болж өссөн үзүүлэлттэй байгаа.
Өөрийн хөрөнгийн өгөөж бол тухайн банкны хувьцаа эзэмшигч болон хувь нийлүүлсэн хүн хэдэн хувийн ашиг хүртэх вэ гэдгийг тодорхойлдог үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 2022 оны эцсийн байдлаар тооцоход ХААН Банкны хувьцааны 100 төгрөг тутмын хөрөнгө оруулалт нь 32 төгрөгийн ашигтай ажиллаж байна гэсэн үг.
-ХААН Банкны томоохон хувьцаа эзэмшигчид олон нийтэд нээлттэй компани болж, IPO гаргах гэж байгаа үйл явдалд ямар байр суурьтай байгаа вэ? -Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь: Нэгдүгээрт, нээлттэй хувьцаат компани болох, хоёрдугаарт, нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны дээд хэмжээг 20 хувиар хязгаарласан. Манай хувьцаа эзэмшигчид бүх хууль, журмыг дагаж биелүүлнэ гэдгээ илэрхийлсэн, анх удаа олон нийтэд хувьцаа гаргах (IPO) ажлыг дэмжин ажиллаж байгаа.
-ХААН Банк хувьцаагаа гаргаж, олон нийтэд нээлттэй болсноор үйл ажиллагааны хувьд ямар ахиц дэвшил гарч, санхүүгийн үзүүлэлт нь хэр дээшилнэ гэж тооцоолж байгаа вэ?
-Тухайн банкны өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр ирээдүйд өсөх, чадавхжих боломж бий болдог. Учир нь санхүүгийн гол харьцаа үзүүлэлт өөрийн хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогдож байдаг.
Өөрийн хөрөнгө нэмэгдэхийн хэрээр банкны актив өсөх, олгож буй зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой болно. Мөн мэдээллийн технологид хийж буй хөрөнгө оруулалтаа ч нэмэгдүүлэх чадамжтай болно.
-Хөрөнгийн зах зээлд тухайн компанийн хоёрдогч арилжаа чухал байдаг. ХААН Банк хоёрдогч зах зээлийн арилжаанд бэлтгэж төлөвлөсөн зүйл бий юу?
-Мэдээж байгаа. Хэдийгээр банкны салбарт энэ нь шинэ үйл явдал ч гэсэн бид мэргэжлийн хандах ёстой. Анхдагч арилжааны дараа хоёрдогч зах зээлд ХААН Банкны хувьцааны үнэ өсөх трэндийг хадгалахын тулд тодорхой ажлууд хийсэн. ХААН Банкны бизнес болон санхүүгийн төлөвлөгөө, тэдгээрийн гүйцэтгэл, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх тал дээр илүү хичээж ажиллах болно.
-ХААН Банк нийт арилжаалах хувьцааны хэдэн хувийг стратегийн хөрөнгө оруулагчдадаа санал болгож байгаа вэ?
-Системийн нөлөө бүхий таван банкнаас Төрийн банк болон Голомт банк арилжаагаа амжилттай хийсэнд баяртай байна. ХААН Банкны анхдагч зах зээлийн арилжаа энэ амжилтыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нийт арилжаалах хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид авах болно. Урьдчилсан байдлаар стратегийн хөрөнгө оруулагчидтай гэрээгээ хийсэн.
-ХААН Банкны бусдаас ялгарах онцлогийг ярих нь зүйтэй байх. Тэр дундаа энэхүү онцгой цаг үед ХААН Банк салбартаа хэрхэн манлайлан ажиллаж байна вэ? Сүүлийн жилүүдэд ХААН Банкны гаргасан томоохон ололт амжилтуудаас дурдвал?
-ХААН Банк ололт амжилтаар дүүрэн байна. 1991 онд байгуулагдсан цагаасаа хойш уналт, өсөлт хосолсоор өнөөдрийн амжилтад хүрчээ. Гэхдээ өсөлт нь илүү байсан болов уу. 1998 онд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдож, манай банкийг Засгийн газрын мэдэлд шилжүүлсэн. Үүний дараа 2000 онд менежментийн хувьчлал хийсэн бөгөөд энэ үед ХААН Банкны өөрийн хөрөнгө хасах үзүүлэлттэй байлаа.
Ингээд АНУ-ын “Девелопмент алтернативс инк” компанитай хамтран хувьчлалд бэлдэж эхэлсэн. Хувьчлал маш амжилттай болж, 2003 онд Япон улсын “Савада Холдинг” компани, “Таван Богд” групп ХААН Банкны томоохон хувьцаа эзэмшигч болсон. Тухайн оны сүүлчээр Олон улсын санхүүгийн корпораци (IFC) манай хувьцаа эзэмшигч болсон цагаас хойш бид олон улсын жишигт нийцсэн, зөв засаглалтай банк байх тал дээр маш их ажилласан. Арилжааны банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байснаар цэвэр тунгалаг, ашигтай ажиллагаа нэмэгддэг гэдгийг хамгийн сайн ойлгож ухаарсан юм.
Манай банк дээрх түүхэн үйл явдлуудын үр дүнд засаглалаа зөв байлгахад хамгийн их анхаарсан. Сүүлийн жилүүдэд бид олон улсын жишгийн дагуу дижитал шилжилт хийж байна. 2021-2023 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд анх удаа “Дижитал стратеги”-ийг баталсан. Энэ стратегийг хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлж байна. Үүнийг батлахаас өмнө ХААН Банкны цахимжилт дэлхийн түвшинд хаана явж байгааг “Deloitte Digital” олон улсын байгууллагаар үнэлгээ хийлгүүлсэн.
Цаашид цахимжилтыг хэрхэн сайжруулах, илүү дээд түвшинд хүргэхийн тулд ямар ажлууд хийх ёстой вэ гэдэг замын зургаа бий болгож, төлөвлөгөөгөө гаргасан. Үүний дагуу олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээнүүд шинээр гарган ажиллаж байна.
Энэ бүхнийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, рейтинг тогтоодог олон улсын байгууллагууд үнэлж, ХААН Банкийг олон удаа шилдэг банкаар шалгаруулсан. Гэхдээ шилдэг банкаар шалгарснаас илүүтэй хамгийн чухал ололт бол харилцагчидтайгаа илүү ойртож ажилласан явдал юм.
Дунд хугацааны төлөвлөгөөнд тусгасан “Хамтын өсөлт төгөлдөр” урианы дагуу харилцагчидтайгаа хамтдаа өсөж хөгжиж байгаа нь ХААН Банкны хамгийн том ололт. Мөн үүний хажуугаар ажилтнууд маань ч цуг хөгжиж байна. ХААН Банкны дижитал алсын харааны өөр нэг чухал хэсэг нь ажилтнууд юм. Ажилтнууд улам илүү мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж, уламжлалт банкны салбарын ажилтнаас “дижитал банкны ажилтан” болж өсөж байна.
Бид дотооддоо ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, дижитал сэтгэхүйтэй болгох, дижитал сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь онцгой анхаарч “Дижитал банкир”, “Этикал банкир”, “Hackathon” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь хамгийн том амжилт юм.
-Цар тахалтай, эдийн засгийн өсөлт удаашралттай, хямралын үед банк хэрхэн ажиллаж байна вэ?
-ХААН Банк сүүлийн 10 жилийн турш мэдээллийн технологийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулсан. Жил бүр 60-100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Үүний үр дүнд Ковид-19 цар тахлын хөл хориотой үед манай банкны үйлчилгээ тасралтгүй үргэлжилж байлаа. Иргэд хатуу хөл хориотой үед гэрээсээ, гар утаснаасаа банкны бүх төрлийн үйлчилгээг авч байсан.
Энэ нь манай “Дижитал стратеги”- ийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын үр дүн юм. Ингэснээр цахим банкны үйлчилгээгээр нийт зах зээлийн 50-90 хүртэл хувийг эзэлж, банкууд дундаа тэргүүлж байна. Үүнээс үзэхэд бидний хэрэгжүүлсэн “Дижитал стратеги” маш оновчтой, цаг үеэ олсон зөв төлөвлөгөө байжээ. Энэ стратегийг цааш нь улам сайжруулж, банкны үйлчилгээг цаг хугацаа, орон зай хэмнэсэн зардал багатай хүргэх боломжийг төгөлдөржүүлнэ.
-ХААН Банк цаашдын үйл ажиллагааны зорилго чиглэл болон хөгжлөө хэрхэн тодорхойлж байна вэ?
-ХААН Банк жил бүр бизнес төлөвлөгөөгөө дунд хугацааны стратегид үндэслэн гаргадаг. 2021- 2023 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд дижитал шилжилт, стратегийг голлон баримталсан. Цаашид ХААН Банк бүхэлдээ Тогтвортой хөгжлийн бодлогыг чухалчилж буй. Тиймээс энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна. НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон үүнтэй холбоотой Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд 2020 онд манай банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баталснаар банкны бүхий л үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг тусган мөрдөж эхлээд буй. ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, эрчим хүчийг хэмнэх, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг олон стандарт бий болгож байна. Эрчим хүч, ус, цаасны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлсэн ХААН Банк цамхагт 2017 онд төв оффисоо нүүлгэсэн бол 2018 оноос Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн бодлого маань тогтвортой санхүүжилт, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлага, тайлан гэсэн үндсэн дөрвөн чиглэлтэй.
Манай банк санхүүгийн тайлангаа улирал тутам, тогтвортой хөгжлийн тайланг жил бүр гаргаж олон нийтэд танилцуулдаг. Энэ тайлангаараа улсынхаа эдийн засгийг тогтвортой, найдвартай байлгахын төлөө ХААН Банк ямар ажлууд хийсэн бэ гэдгээ тайлагнадаг.
Санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдгийн хувьд банкны хамгийн том хэсэг бол тогтвортой санхүүжилт юм. Энэ нь харилцагчдад ногоон зээл санал болгох, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн бодлогууд байгаа. Үүнтэй холбоотой олон улсын байгууллагуудаас таатай нөхцөлтэй, урт хугацаатай хөрөнгийг татан төвлөрүүлж байна.
Өнгөрсөн онд олон улсын санхүүгийн байгууллагуудтай 345 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтын гэрээ байгуулж, ондоо багтаан 183 сая ам.долларыг дансандаа хүлээн аваад байна. Эл санхүүжилтыг ногоон зээл, жижиг дунд бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн олголтод зарцуулахаар төлөвлөсөн.
2023 оны гуравдугаар сард ХААН Банк өөрийн түншүүд болох Олон улсын санхүүгийн корпораци, Нидерландын хөгжлийн банк, АНУ-д төвтэй хөрөнгө оруулалтын MicroVest компанийн дэмжлэгээр олон улсын зах зээлд 60 сая ам.долларын хэмжээтэй Монголын анхны Ногоон бондыг гаргалаа. Уг бондыг гаргаснаар цаашид санхүүжилтийн шинэ үүд хаалгыг нээж, ногоон зээлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, улсдаа тогтвортой санхүүжилт болон ногоон зээл олголтоор тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх таатай боломжтой болж байна.
-Тогтвортой хөгжил рүү чиглэсэн ХААН Банкны онцлох “ногоон” тодотголтой ямар төсөл хөтөлбөр байна вэ?
-Олон улсын санхүүгийн байгууллагуудаас ногоон зээлийн санхүүжилт авах хүрээнд мөн техникийн туслалцаа авдаг. Шаардлагатай ногоон зээлийг бий болгохын тулд аль салбар, чиглэл рүү хандуулах, үүнийг хэрхэн үнэлж, ногоон зээл гэдгийг яаж баталгаажуулах вэ гэдэг талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
Мөн эрчим хүчээ хэмнэх шаардлага жил ирэх тусам, улс орон бүрд өсөн нэмэгдсээр байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг, технологийн дэвшилд суурилсан цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгсэл, нарны халаагуур ашигласнаар цахилгаанаа, мөнгөө ч хэмнэнэ. Энэ хүрээнд ХААН Банк “Гэр бүлийн ногоон зээл”-ийг санал болгож байна.
Мөн эдгээр цахилгаан барааг оруулж ирдэг бэлтгэн нийлүүлэгч, харилцагч нартаа эрчим хүч хэмнэдэг сүүлийн үеийн технологийн талаар мэдээлэл, сургалт хийдэг.
ХААН Банк нь Ногоон эдийн засгийг дэмжих агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой бодитой үр дүн гаргаж 2022.12.31-ний өдрийн байдлаар ХААН Банкны нийт ногоон зээлийн багц 104,9 тэрбум төгрөг байгаа бөгөөд банкны салбарын хэмжээнд буюу зах зээл эзлэлт 33 хувьтай байна.
ХААН Банк зөвхөн ногоон бизнесийг дэмжих зорилгоор 2021-2023 онд 153 сая ам.долларын эх үүсвэрийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, responsAbillty зэрэг байгууллагаас татан төвлөрүүлээд байна.
-Банк санхүүгийн салбарт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү үнэлэгдэх орчин хэр зэрэг байдаг вэ? Удирдаж манлайлах чадвараар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс юугаараа ялгаатай, бас давуу вэ?
-Аливаа ажил хэрэгт хандахдаа эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс илүү нарийн нямбай, чимхлүүр ажилдаа сайн болов уу. ХААН Банк бол иргэдийн банк. Тиймээс бүх ажил маш олон нарийн хэсгүүдээс бүрддэг. Тэр бүх нарийн ажлын үйл явц болгоныг мэдэрч ажиллах боломж эмэгтэй захиралд арай илүү байдаг болов уу. Мөн боловсон хүчин, ажилтнуудаа хувь хүн талаас нь илүү ойлгож анхаарч ажилладаг байх гэж найдаж байна.
-ХААН Банкны зээл олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу?
-Манай банкны бүх төрлийн зээлийн үйлчилгээ хэвийн тасралтгүй үргэлжилж байгаа. 2021 оны эцсийн байдлаар 7.0 их наяд төгрөгийн зээлийн багцтай байсан бол 2022 оны эцэст найман их наяд төгрөгийн зээлийн багцтай болж өссөн. Банкны зээлийн багцын чанар, байдлыг сайжруулах зорилгоор “Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн мэдэгдэл”-ийн дагуу зарим зээлд хязгаарлалт тавьсан байдаг.
Манай банк 545 салбар нэгж болон 24/7 зайны цахим сувгуудаараа дамжуулан харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүх төрлийн зээл олгож, эргэн төлөлт хэвийн үргэлжилж байна. Цаашид хэрэглээний цахим зээл болон ногоон зээлийн бүтээгдэхүүнд бид илүү анхаарлаа хандуулан ажиллах болно.