Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг дан ганц дулааны цахилгаан станцууд хангахад хүндрэлтэй болж байна. Цаашид эрчим хүчний хэрэглээгээ хангах, хямралаас гарах гарцын нэг нь манай оронд их хэмжээний нөөцтэй байгаа нь нар, салхийг ашиглан сэргээгдэх эрчим хүчээр өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах юм.

Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл, хувийн хэвшлийн санаачилгаар амжилттай бүтээн байгуулсан “Салхит” салхин цахилгаан станц (СЦС)-ын үйл ажиллагаатай танилцах завшаан сэтгүүлч надад тохиосон юм. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн салхин  цахилгаан станцтай танилцахаар өглөөний зургаан цагт “Клин Энержи” компанийн ажилчдын автобусанд сууж Төв аймгийн Сэргэлэн сумыг зорилоо. Хотоос цаг гаруй давхих үед Салхит уулын бараа холоос харагдаж тэнгэр баганадсан салхин турбинууд эргэлдэн байх нь нэн үзэсгэлэнтэй.

Биднийг очиход Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Н.Отгонтуяа тосон авч аюулгүй ажиллагааны зааварчилгаа,  мэдээлэл өгч, “Салхит” СЦС-ын тухай 10 минутын баримтат кино үзүүлэв. Салхин цахилгаан станц бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг дээд зэргээр мөрдөж анхаарал болгоомжтой ажиллах ёстой стратегийн ач холбогдолтой чухал объект гэдгийг сануулан, хамгаалах малгай,  цацруулагч хантаазаар хангалаа.

08:00 цагт ээлж солигдож шөнийн ээлжинд ажилласан М.Энхтөр Ээлжийн инженерийн баг ажлаа хүлээлгэн өглөө. М.Энхтөр инженер ээлж хүлээн авсан цагаас эхлээд биднийг очих хүртэл салхин турбинууд хэрхэн ажиллаж хичнээн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэсэн, салхины чиг, нөхцөл байдал ямар байсан зэрэг станцын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээ, тайлангаа гаргаж дараагийн ээлжийн инженер О.Од-Эрдэнэд ээлжээ хүлээлгэн өгөв.

М.Энхтөр инженерийн хувьд 2012 оноос хойш “Клин Энержи” компанид ажиллаж байгаа сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхин станцын талаар туршлагатай нэгэн. Түүнийг анх ажилд орох үед “Салхит” СЦС барих төсөл дөнгөж эхэлж байжээ. Тэрбээр төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, схем, зургийг нягталж тулгах ажил хийдэг байсан талаараа бидэнд хуучиллаа. Харин одоо ээлжийн инженерээр салхин цахилгаан станцыг 24 цагийн турш горимын дагуу тасралтгүй найдвартай удирдан ажиллуулж, хяналт тавьдаг байна.

Ээлжийн ажилчид

Түүнийг ээлжинд ажилласан өдөр салхин турбинууд хэвийн ажиллаж нийт 221 мянга гаруй кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж төвийн бүсийн сүлжээнд нийлүүлжээ. Манай сурвалжлах баг О.Од-Эрдэнэ инженерээр ахлуулсан Ээлжийн техникч Д.Мөнхжаргал, Г.Өрнөхбат, С.Бат-Эрдэнэ нартай бүтэн өдрийн турш хамт ажиллаж салхин цахилгаан станцыu хэрхэн ажиллаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэгтэй танилцсан юм.

“Салхит” СЦС жилд дунджаар 150-170 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж Төвийн бүсийн сүлжээнд нийлүүлдэг. Гэхдээ тухайн жилийн салхины байдлаас хамаарч үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ харилцан адилгүй байдаг гэдгийг Ээлжийн инженер О.Од-Эрдэнэ тайлбарлалаа. Тус станц нь Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл, тоног төхөөрөмж болон ашиглаж буй зарим програм хангамж, систем нь сүүлийн үеийнх. Инженер, техникийн ажилтнуудын хувьд мэргэжлийн, ажилдаа сонирхолтой аж.

“Клин Энержи” компани инженер, техникийн ажилтнуудынхаа чадавхыг сайжруулах зорилгоор салхин турбин, цахилгаан тоноглолын засвар, үйлчилгээ, автомат удирдлагын чиглэлээр сургалтад хамруулж иржээ. Салхиар эрчим хүч үйлдвэрлэх үйл явцад салхины нөхцөл байдал, урьдчилсан мэдээ хамгийн чухал. Тиймээс цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг Испанийн “Meteologica” компанитай анх удаа гэрээ байгуулж, салхины хурдыг урьдчилан таамаглан хамтран ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, “Meteologica” компани Салхит уулын долоо хоногийн салхины хурд, цаг агаарын нөхцөл байдал, салхин станцын үйлдвэрлэх боломжтой эрчим хүчний хэмжээг урьдчилан боловсруулахад нэн чухал ач холбогдолтой салхины хурдны таацыг урьдчилан илгээдэг аж.

ИТА-ууд энэхүү мэдээллийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж бодит нөхцөл байдалтай хэр тохирч буйг харьцуулдаг байна. Биднийг очсон өглөөний 08:40 минутад салхины хурд 7м/секунд, СЦС-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 10 МВт байсан нь “Meteologica”-гаас ирүүлсэн урьдчилсан мэдээтэй ойролцоо байна гэдгийг О.Од-Эрдэнэ инженер хэлсэн. Харин орой 20:00 цагийн үед салхины хурд 10-14 м/секунд хүрч ширүүсэх төлөвтэй байлаа.” Салхит” станц өнгөрсөн 10 жилд өглөөний оргил ачааллын үеэр нийт 180 сая кВтц, оройн оргил ачааллаар нийт 231сая кВтц цахилгаан эрчим хүч нийлүүлсэн байна.

Энэхүү СЦС нь Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-аас өгсөн горимын дагуу ажилладаг. Өөрөөр хэлбэл, цагт үйлдвэрлэх эрчим хүчний доод болон дээд хэмжээг нь Диспетчерийн үндэсний төвөөс зохицуулалт хийдэг аж. Бид станцын 110 кВ-ын хийн битүүмжлэлтэй хуваарилах байгууламжтай танилцав. Эл байгууламж нь маш бага зай эзэлдэг төдийгүй дээд зэргийн найдвартай ажиллагаатай, ашиглалтын хугацаа урт, засвар үйлчилгээний зардал бага зэрэг олон давуу талтай аж. Дараа нь салхин турбиныг ойроос харахаар Салхит уул руу явлаа.

Салхи исгэрсэн Салхит ууланд нийт 31 турбины урт далбаанууд эргэлдэх нь сүрдмээр. Салхин турбин далбаа нь босоо тэнхлэгт байх үед 120 гаруй метр өндөр болох бөгөөд энэ нь “Цонжин болдог”-гийн Чингисийн хөшөөг гурав давхарласантай тэнцэх хэмжээний өндөр юм.

“Салхит”-ын турбин генератор тус бүр нь 1,6 мВт-ын хүчин чадалтай, АНУ-ын “Женерал Электрик” компани нийлүүлсэн учир тус компанийн Монгол дахь салбар засвар үйлчилгээг нь хариуцан ажилладаг байна. Турбин болгон өөр дээрээ хяналтын систем, камер, салхи хэмжигч зэргээр иж бүрэн тоноглогдсон.

Энэ өдөр “Женерал Электрик” компанийн засвар үйлчилгээний баг 13 дугаар турбинд  төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийж байлаа. Салхин турбин байнгын эргэлдэж байдаг учраас төлөвлөгөөт болон урсгал засваруудыг зайлшгүй хийх шаардлагатай. Турбин бүр өөр дээрээ мэдээлэгч системтэй учир  алсаас эвдрэл, гэмтэл гарсан эсэхийг бүрэн хянах боломжтой тухай “Женерал Электрик” компанийн засварын хэлтсийн ахлах инженер Ч.Энхээ онцолсон. 31 турбины аль нэгэнд гэмтэл гарсан тохиолдолд Ч.Энхээ инженерийн утсанд мэдээлэл шууд очдог гэнэ. Энэхүү мэдээллийн дагуу гэмтлийг засахад хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй, ямар багаж сэлбэгтэй очих зэргээ тооцоолон бэлтгэлээ хангадаг байна. Үүний дараа “Женерал Электрик” компаниас засвар, үйлчилгээ хийх захиалгыг “Клин Энержи” компанид өгснөөр засварын баг ирж ажил үүргээ гүйцэтгэдэг аж.

10 жил тасралтгүй ажилласан Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний төсөл, анхны салхин цахилгаан станц гэхэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, ухаалаг системийн иж бүрэн тоноглол нь ажилтнуудын цаг зав, ажлыг хөнгөвчилж байгаа нь үнэхээр гайхалтай санагдаж байлаа.  Тухайн үед Монголын хамгийн томд тооцогдох, 27 км үргэлжлэх 35 кВ-ын кабелийн хуваарилах байгууламж, сүлжээг “Салхит” СЦС-д байгуулжээ. Энэхүү кабелийн сүлжээг ашигласнаар хүн, ан амьтан, мал сүрэгт учрах аюул, эрсдэлийг багасгаж, байгалийн унаган төрхийг хадгалж чадахаас гадна шугам сүлжээний ашиглалт, засварын зардлыг бууруулах давхар ач холбогдолтой.

Мөн сүүлийн жилүүдэд энэхүү кабелиас дэд станц руу ирж буй эрчим хүчний горим, кабелийг хянадаг ухаалаг системийг нэвтрүүлсэн байна. Энэ нь 35 кВ-ын кабельд гэмтэл гарахад богино хугацаанд мэдээлэх, гэмтлийг хянаж хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх зэрэг ач холбогдолтой ухаалаг систем хэмээн Реле хамгаалалтын инженер Д.Ганбат тайлбарлав. Цаашид салхин станцын хамгаалалт, хяналтын системийг илүү ухаалаг, бүрэн автомат, алсаас удирдаж хянах боломжтой бүхий л дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа гэдгийг мөн тэрбээр онцолсон.

“Салхит” СЦС өндөр хүчдэлийн цахилгаан хэлхээ нь энэхүү 27 км үргэлжлэх 35 кВ-ын кабелийн сүлжээгээр 31 салхин турбинуудыг хооронд нь холбосноос гадна 28 км урт 110 кВ-ын хоёр хэлхээт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х50 МВа хүчин чадал бүхий трансформатортай, 110/35 кВ-н иж бүрэн дэд станцаас бүрдэж байна.

Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт анхны шанг маш амжилттай татсан хувийн хэвшлийн санаачилагаар олон улсын байгууллагууд, Монголын  Засгийн газартай хамтран ажилласны үр дүнд сүндэрлэн боссон “Салхит” СЦС-тай танилцсан нэг өдрийн аялал ийн өндөрлөсөн юм. Монголын эрчим хүчний салбарт олон шинэчлэл, технологийн дэвшлүүдийг авчирсан, ногоон хөгжилд үлгэр жишээ болсон томоохон бүтээн байгуулалт болж чаджээ  гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөөр хотыг зүг явлаа.

Дэлхий дахин яагаад ногоон эрчим хүч рүү хошууран байгаагийн утга учрыг ч эндээс олж харлаа.

Үнэхээр л байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл юм. Ажилтнуудын хувьд ч байгальтайгаа, ухаалаг төхөөрөмжүүдтэй харилцаж, цэвэр нөхцөлд ажиллаж байна. Ирээдүйд салхи, нарны арвин нөөцөө аль болох түлхүү ашиглаж, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд нэгдэж, гадны улс орнуудтай хамтран хүчээ нэгтгэн ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна.

Цаашид ногоон эрчим хүчний бодлогод анхааран, хөгжүүлж, ногоон эрчим хүчний эрх зүйн орчныг сайтар бүрдүүлээд өгчихвөл хувийн хэвшлийнхэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой гэдгийг “Салхит” СЦС харуулаад 10 жил болжээ. Дэлхий дахинаараа, хүн төрөлхтөн ногоон хөгжил, тэр дундаа шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө идэвхийлэн зүтгэж байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогоо сулруулахгүй, илүү их анхаарч ажиллах цаг болжээ гэдэгт бүрэн итгэлтэй болсноо эцэст нь хэлье.

 

Ногоон хөгжил сэтгүүлийн 2023 оны №2 дугаараас

 

 

 

 

B Shurenchimeg