Сансраас алдрын од шүүрэхүй

Mongolian Economy
2021-08-02 12:56:52
Ангилал: Дэлхий 2021

Сансрын хөтөлбөрүүд шинжлэх ухаанаас гадна эдийн засаг, аюулгүй байдлын ашиг сонирхлоос үүдэлтэй.

2021 онд хүн төрөлхтний анхаарлын төвд ороод буй хэд хэдэн сансрын хөтөлбөр хэрэгжинэ. Цэнгэлдэх хүрээлэн шиг том солирын дагуулын тойрог замыг өөрчлөхийн тулд Америкийн сансрын агентлаг (NASA) машины хэмжээтэй сансрын хөлгийг хөөргөж энэ дагуултай мөргөлдүүлэхээр төлөвлөж байна. Дидимос солир, түүний дагуул болох Диморфосын аль нь ч дэлхийг мөргөхгүй. Гэхдээ ингэж мөргүүлэх нь “гараг эрхсийн хамгаалалт” талаасаа ашигтай ноу-хау болох учиртай. Мөн NASA хүнгүй хөлгийг сарны тойрог замд оруулж, Канад болон Европын сансрын агентлагийн тусламжтай сансрын хамгийн том, хамгийн үнэтэй James Webb Space Telescope дуран авайг огторгуйд гаргана. Энэтхэг гурван сансрын нисгэгчээ дэлхийн тойрог замд гаргаж магадгүй. Энэтхэг, Орос хоёр сарнаа явагч хөөргөхөөр зорьж буй бол Хятад өөрсдийн хамгийн том Тяньгон-3 сансрын станцыг угсарч эхэлнэ.

Эдгээр нь бүх сонирхогч талын хувьд том амбицтай ажлууд. NASA-ийн хөлөг 6,6 км/секундын хурдтайгаар солирыг мөргөхөөсөө өмнө Италийн сансрын агентлагийн ажиглалтын капсулыг шидэх ёстой. Нийт 10 тэрбум ам.долларын үнэтэй сансрын дуран толь, теннисний талбайн хэмжээтэй нарны туяанаас хамгаалагчийг угсрахын тулд -230 хэмд роботууд хэдэн долоо хоног тун төвөгтэй “оригами” хийнэ. Энэтхэг нэг ч удаа сансарт хүн илгээж байгаагүй. Өмнөх сарнаа явагч нь буухдаа сүйрсэн. Оросын ШУА-ийн Сансрын судалгаа, шинжилгээний институтын захирал Лев Зеленыйгийн хэлснээр Орос Улс сарны өмнөд туйл орчмын судлагдаагүй хэсэгт пуужин хүргэх балластик жолоодлогын систем хөгжүүлэх ёстой. Хятад хоёр жилийн дотор арав орчим удаа станц хөөргөснөөр сансрын станцаа барьж дуусна гэж найдаж байгаа.

Сансрын зардал дэлхийн эдийн засгийн өсөлтөөс түрүүлж байгаа учраас “сансрын зорчигчид” 2021 онд том амжилт гаргахын зэрэгцээ зардлаа бууруулахыг хичээнэ. Европын Ariane Group компани Ariane 6 нэртэй анхны том пуужингаа хөөргөснөөр Америк өрсөлдөгчдөдөө алдсан зах зээлээ эргүүлж авна гэж найдаж буй. Оросууд ч бас амжилт гаргах дарамтад байгаа. Хамгийн сүүлд тус улс 1976 онд сар луу пуужин хөөргөсөн.

Олон улсын сансрын станц руу сансрын нисгэгч хүргэдэг монополь байр суурийг нь 2020 оны тавдугаар сард Америкийн SpaceX эвдсэн билээ.

Туршлагатай тоглогчид, “шиноков”-ын аль аль нь инновац гаргана. Ачааг сансарт гаргадаг “Rocket Lab” нэртэй Америк, Шинэ Зеландын компани пуужингийн салаад орхигдсон хэсгийг сэргээж чадах магадлалтай. Ингэхдээ нисдэг тэрэг ашиглан шүхрээс нь татаж тогтоох аж. Бусад компани ч юу чадахаа харуулахыг хичээж байна. Жефф Безосын Blue Origin компани олон дахин ашигладаг, бусадтай харьцуулахад хоёр дахин их ачааг хүргэж чадах New Glenn пуужин хөөргөхөөр төлөвлөж байна. Boeing ч бас анхны сансрын нисгэгчдээ ОУСС-д аваачна гэж найдаж буй (2019 онд хүнгүй аппарат холбох оролдлого нь бүтэлгүйтсэн). United Launch Alliance компанийн Vulcan Centaur тээгч пуужин анхны хоёр нислэгээрээ саран дээр модуль газардуулж (Astrobotic-ийнх), дэлхийн доод тойрог замд ачаа, сансрын нисгэгчдийг хүргэх зориулалттай хөлгийг (Sierra Nevada Corp-ийнх) сансарт гаргахыг зорьж байна. Барууны компаниудын зэрэгцээ Оросын Роскосмос агентлаг 2021 онд анхны сансрын жуулчдаа илгээх зорилттой.

Гэхдээ “сансрын тоглоом”-д мөнгөнөөс гадна олон зүйл нөлөөлнө. Сансрын олон хөтөлбөр геополитикийн, эсвэл цэрэг дайны нөлөөлөлтэй. Жишээ нь, Энэтхэгийн үндэсний аюулгүйн зөвлөлийн даргын туслах асан Ражи Ражагопаланы хэлснээр энэтхэгчүүд сансарт хүн хөөргөх болсон нь Хятадаас хоцрохгүй гэсэнтэй нь холбоотой аж. Хятадын сансрын станц нь тойрог замын маневрын хөгжилд “том үнэ цэн” бий болгох, бэлэг тэмдэг болох зорилттой гэж сансрын асуудал судалдаг хятад эксперт Ван Гою хэлсэн. Харин АНУ-ын Агаарын цэргийн хүчний сансрын командлалын дарга асан Уильям Шелтон энэ бүхний үр дүнд хиймэл дагуул эсэргүүцэх Хятадын хүчин чадал ихэснэ гэж үзэж байна. Францын Батлан хамгаалахын сайд Флоренц Парли тойрог замд Оросын идэвхижил аюултай түвшинд очсоныг тэмдэглэв. Нэг үгээр, өчигдрийн “шинэ хязгаар” өнөөдрийн “тулааны шинэ талбар” болжээ.

“Дэлхий 2021” сэтгүүлээс

Бэнжамин Сатерланд. чөлөөт сэтгүүлч

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

 

 

Mongolian Economy