Сарны доорх нутаг

Фүжимото Микикогийн Монгол Улсад оруулсан хувь нэмрийг төр үнэлж, 1995 онд “Найрамдал” медаль, 2010 онд Алтан гадас одонгоор тус тус шагнасан юм.
Сар хээр хоносон өргөн уудам элсэн цөлийн тухай дуунд хатагтай Фүжимото Микико их дуртай. Өөрөөс нь ч өндөр настай энэ дууг тэрбээр ухаан орсон цагаасаа л дуулж өссөн байна. Дуунд дүрслэгдсэн тэр уудам хээр тал нутгаас өвөг дээдэс нь гаралтай тухай дайны дараах дунд сургуулийн сурагч Микико сурах бичгээс олж мэджээ. Фүжимото Микико гэх энэ буурай монголчуудад, монгол эмэгтэйчүүдэд их тус үйлдсэн хүн. Монгол-Японы эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэгийн ерөнхийлөгч тэрбээр Японы ард түмний сэтгэлийн хандивыг цуглуулж, Монголд авч ирэн өнчин, ядууст хүргэх ажлыг олон жил зохион байгуулж ирсэн юм. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн амьдрах ухааны сургалтыг анх санаачилсан хүн. Түүний энэ санаачилга Монголд олон үйлдвэр үүдээ хааж эмэгтэйчүүд ажил, орлогогүй болсон хүнд цаг үеийн зөв гарц болсон билээ. Фүжимото Микико монголчуудад туслах үйл хэргээ сая ширхэг савангаар эхлүүлсэн юм. “Японд дайны дараа гудамжаар дүүрэн гэр оронгүй хүүхдүүд байсан. Тэр дүр зургийг Улаанбаатараас олж харсан юм. Монголд очсоныхоо дараагаас би яаж энэ хүмүүст тус болох вэ гэж үргэлж бодох болсон” хэмээн тэрбээр ярив. Төд удалгүй Монголд нярай хүүхдүүд бохир орчинд торнисноос эндэгдэл их байгааг олж мэдсэн байна. Тиймээс нялх хүүхэдтэй хамгийн ойр харьцдаг ээжүүд, эмэгтэйчүүдийн гарыг цэвэр байлгах хэрэгтэй.
Тэмээнд сундлаад хайртай хос
Тэргэл сартайд цав цагаахан элсэнд аялж явна
Эр нь урд нь, эхнэр нь нөмөрт нь
Хос мөнгөн мэлхий бариад явбал
Хорвоод тэд юу ч гуйхгүй болно доо… “Сарны доорх элсэн цөл” дууны хэсгээс
гэж бодсоноор нутгийн иргэдээс саван цуглуулж эхэлжээ. Тэгэхдээ нэг сая ширхэг саван цуглуулах зорилго тавив. Тэрбээр “Би төрж өссөн Чиба муждаа бас ч нэлээд нэр хүндтэй байсан болохоор саван хурдан цугласан” хэмээн дурсав. Мөн дуунд өгүүлдэг сарны доорх элсэн цөлийн цаана Монгол байдаг гэсэн ойлголт япон хүмүүст байсан болохоор монголчуудад туслахыг хүссэн олон хүн байсан гэлээ. Фүжимото Микико 1989 онд анх Монголд иржээ. Түүний хань Фүжимото Тадаши Японы нэр хүндтэй өмгөөлөгчдийн нэг байлаа. Мон голд ирэх саналыг ч анх Ф.Тадаши түүнд тавьсан аж. Монголд өөрчлөн байгуулалт явагдаж байгаа учир хуулийн салбарт Японы талаас туслах боломж байгаа эсэхийг судлах хүсэлт Монголын Засгийн газраас тавьжээ. Ингээд 11 хуульчдын судалгааны багийг Ф.Тадаши ахлахаар болсон байна. Тэрбээр гэргийгээ дуртай дууных нь ертөнцөөр аялуулахыг хүсэн “Нөгөө дуунд гардаг цав цагаан элстэй тал нутаг чинь Монгол юм байна шүү дээ” гэж. Тэд ч Монголд ирснээр Өмнийн говиор тэмээ унан, дуунд гардагчлан эр нөхрийнхөө ард сундлан жонжууланхан хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. Тэр шөнө Ф.Тадашигийн баг сарны дор дуулалдан хоноцгоолоо. Харин багийн гишүүдээс нэг нь алга байгааг мэдээд ихэд сандрав. “Амиа хорлохоор явсан юм биш байгаа даа” хэмээн сандралдсан тухайгаа Ф.Микико гуай дурсана. Харин маргааш үдийн хэрд хээр төөрсөн япон хуульчийг нисдэг тэргээр эрэлд гарсан цэргийн баг олсон байна. Цэргийн дарга их ууртай байсан гэнэ. Учир нь хилд ойрхон байсан тул хоёр улсын хооронд үл ойлголцол үүсч, онгоц осолдох эрсдэл байжээ. Амьд сэрүүн олдсонд нь баярлаж байсан ч, олон хүнийг хүнд байдалд оруулсан хариуцлагагүй алхмыг нь зэмлэсэндээ Ф.Микико түүнийг алгадаад авчээ. Гэтэл энэхэн агшинд цэргийнхний уур хилэн арилж, инээлдэн тэднийг тайтгаруулсан гэнэ. Монголоос буцахдаа тэд манай орны талаар “Нөхөрлөж болох хүмүүсээр дүүрэн орон” гэсэн бодол тээн харьжээ. Гэвч нийгмийн ороо бусгаа байдал тэдний сэтгэлийг зовоосоор байлаа. “Онолын үүднээс социализмд ядуу хүн байдаггүй гэж ойлгодог байв. Хэдийгээр дөнгөж нийгэм солигдоод байсан ч тийм олон гэр оронгүй хүүхэд байгаад маш их гайхсан” хэмээн Фүжимото Микико анхны сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр саван цуглуулахын тулд өөрийн орны эмэгтэйчүүдэд лекц уншиж, галт тэрэгний буудлуудад танилцуулах хуудас тарааж, дэлгүүрүүдэд саван цуглуулах хайрцаг байршуулж, нэг хотоос нөгөө хотын хооронд явсаар зорилгодоо хүрчээ. Япон гэр бүлийн төлөөлөл болсон тэд Монголтой холбогдох хувь тавилантай.
“Монголчууд өөрсдийн жаргалын замаа сонгожээ гэж бодож байна. Шинэ зүйл эхлүүлэхэд алдах зүйл гарна. Гэвч алдлаа гээд зогсож болохгүй” хэмээн захисан юм.
Фүжимото Тадаши 1996 оноос Япон, Монголын хуульчдын найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан бол, хожим түүнийг нас эцэслэснээс есөн жилийн хойно “Солонго” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг Фүжимото Тадашигийн нэрэмжит болгосон юм. Тус сургалт, үйлдвэрлэлийн төв нэг хичээлийн жилд 600 гаруй хүүхдийг нэхмэл, оёдлын чиглэлээр мэргэжил эзэмшүүлж ирсэн байна. Энэ төв Ф.Тадаши агсныг нас барснаас дөрвөн сарын дараа хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болон нээгдсэн аж. Гэргий Микико хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Монголд ирээд “Бидний дуртай Монгол орон сайхан хөгжиж байна” хэмээн бурхан болсон эр нөхөртэйгөө ярилцаж суусан тухайгаа хуучиллаа. Мөн монголчуудад хандан “Монголчууд өөрсдийн жаргалын замаа сонгожээ гэж бодож байна. Шинэ зүйл эхлүүлэхэд алдах зүйл гарна. Гэвч алдлаа гээд зогсож болохгүй” хэмээн захисан юм. Чибагийн Их сургуулийн хүндэт профессор, эдийн засагч, хатагтай Фүжимото Микикогийн Монгол Улсад оруулсан хувь нэмрийг төр үнэлж, 1995 онд “Найрамдал” медаль, 2010 онд Алтан гадас одонгоор тус тус шагнасан юм. Тэрбээр Монголын соёлыг Японд сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа. “Мандухай Сэцэн Хатан”, “Чингис Хаан” зэрэг киног анх Японд Чиба мужид гаргаж Японы ард түмэнд танилцуулж байлаа. Монголд эх хүний сэтгэлээр хандаж, ард түмний харилцааг ойртуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн япон эмэгтэйн гавьяаг монголчууд үргэлж санаж явах биз ээ. Бидний Токио хотноо Чуо их сургуулийн төгсөгчдийн байранд болзсон уулзалт өндөрлөхөд тэрбээр “Монгол орны талаарх өөрийн бодол санаагаа Монголын сэтгүүлчидтэй сайхан ярьж хуваалцлаа. Одоо л миний сэтгэл онгойлоо” хэмээн инээмсэглэж байв.
/Арчилсан Монголын анхны найз тусгай дугаараас 2017.09 сар/