Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх бага театр байгуулна

B Shurenchimeg
2021-12-17 19:15:03
Ангилал: Нийгэм

Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны оршин тогтнох, сэтгэх, бүтээж туурвихын үндэс, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл болдог. Өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг учраас соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, дэмжихэд улс болгон ихээхэн анхаарч байна. 2014 онд манай улс Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, соёлын биет бус өвийн 15 ангилал, өвлөн уламжлагчийн эрх, үүрэг болон тэднийг урамшуулах, өвлөн уламжлуулах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан юм.

Тэгвэл соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, сургалт, судалгаа хийх, тоглолт, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах зорилго бүхий театр байгуулагдах гэж байна. Эл бага театрыг “Рио Тинто Монгол” ХХК-ийн ивээн тэтгэлгээр 2022 онд Соёлын өвийн үндэсний төвд байгуулах аж. Энэ хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын дүрслэх урлагийн музейд өнөөдөр Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Монголын Урлагийн Зөвлөлийн Захирал О.Одгэрэл, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар гурван талт хамтын ажиллагааны ивээн тэтгэлэгийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд театрын тайз, гэрэлтүүлэг, дуу дүрсний тоног төхөөрөмжөөр хангах, интерьер дизайн, дотоод заслын ажилд “Рио Тинто Монгол” ХХК 440 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Энэ нь соёлын өвийн салбарт хийж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

Нийт 162 мкв талбай бүхий 100 хүний багтаамжтай Соёлын өвийн театр нь ардын авьяастнуудын тоглолт, үзүүлбэрийг тогтмол толилуулж, соёлын өвийг язгуур шинжээр нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим соёлын өвийг тээгч, ардын авьяастан байдгийн 71 хувь нь ардын язгуур урлагийн төлөөлөл, 26 хувь нь уламжлалт гар урлалыг өвлөн уламжлуулагчид байгаа юм. Тэдгээр авьяастнууд тус театрын гол эзэд болох юм. Соёлын өвийг дэлгэрүүлэх театрыг байгуулснаар хүүхэд залууст соёлын өвийн боловсрол олгох сургалт, тоглолт, үзэсгэлэн, кино үзвэр зэргийг зохион байгуулах боломж бүрдэнэ.

Өнөөдрийн арга хэмжээнд Шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш С.Дулам, Чингис хаан одонт СГЗ, Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын өв уламжлагч, Бий биелгээч Г.Баяртай, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат ерөөлч магтаалч, улсын цоллооч С.Мөнхжаргал, морин хуурч, МУСТА О.Баттөгс нар оролцож, уран бүтээлээсээ толилуулсан юм.

“Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амаржаргал:Рио Тинто” групп дэлхийн 135 улсад соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран биет болон биет бус соёлын өвийг хадгалах, хамгаалах, дэлгэрүүлэх зорилгоор энэхүү гэрээнд гарын үсэг зурж байна. Нүүдэлчин соёл уламжлалтай монголчуудад биет бус соёлын өв хадгалагдан үлдсэн байдаг. Тиймээс энэхүү гайхамшигтай өв уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, зааж сургах цаашлаад дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд “Рио Тинто Монгол” ХХК хөрөнгө оруулж байна. Цаашдаа ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёлын өв, уламжлалыг сэргээх, дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. “Рио Тинто” групп нь соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого, хөтөлбөртэй. Энэ хүрээнд соёлын өвийг дээдлэхийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүлэх чиглэлээ болгон соёл урлагийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал, бид “Соёлын наадам” арга хэмжээг СУИС, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл: Уг төслийг хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл ажиллах болсондоо баяртай байна. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,000 гаруй соёлын өв тээгчдийн өвийг энэхүү шинэ театраараа дамжуулж олон нийтэд түгээж, хүүхэд залуучуудын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Монголын соёлын өвийн үндэсний төвд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах, боловсролын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулахад ихээхэн хувь нэмэртэй гэж үзэж байна.

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат: Засгийн газраас Соёлын яамыг шинэчлэн байгуулсны дагуу соёлын өвийг хамгаалах ажлуудыг хийж эхэлсэн. Үүний нэг  нь “Соёлын өвийн үндэсний төв”-ийг шинээр ашиглалтад орууллаа. Мөн соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч нарт зориулсан бага театрыг байгуулахаар “Рио Тинто Монгол” ХХК болон Монголын урлагийн зөвлөлтэй гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хүмүүс  өөрсдийнхөө урын санг олон нийтэд танилцуулах, сурталчлах, сургалт явуулахад зориулсан төрөлжсөн театргүй байсан. Харин эл хамтын ажиллагаа нь соёлын өвийг тээгч, уламжлагч уран бүтээлчдийг дэмжсэн маш том хөрөнгө оруулалт боллоо.

Биелээч Г.Баяртай: Миний эмээ толгой дээрээ дүүрэн цэгээтэй таван мөнгөн аяга давхарлаж тавиад биелдэг аугаа мундаг биелээч байсан. Аав маань бас биелдэг урлагийн хүн байлаа. Би хоёр настайгаасаа биелгээ сурч, дөрвөн настайдаа Увс аймгийн Хөхмөрөн сумын соёлын төвийн тайзнаа Дөрвөд биелгээ биелж урлагийн гараа маань эхэлж байсан. Увс аймгийн хөгжимт драмын театрт 30 гаруй жил бүжиглэсэн. Манай багш Баатарын Лхасүрэн ЗХУ-д сургууль төгссөн аугаа бүжиг дэглээч, балет мистер, бүжиг судлаач хүн байсан. Багшийнхаа өвлүүлсэн олон ардын бүжиг, бий биелгээг өнөөдрийг хүртэл ард түмэндээ түгээн дэлгэрүүлээд явж байна. Олон улсад Монголынхоо үндэсний өв соёл, бий биелгээг сурталчлах зорилгоор арав гаруй орноор аялан тоглож, 2000 оноос хойш нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зургаан ястны бий биелгээг зааж сургаж ирлээ. Монголын урд зүгээс нар зөв тойроод тэр нутаг усанд бий биелгээг нутагшуулах зорилго тээж явдаг. Удахгүй энэ хүсэл мөрөөдөл минь биелэх болтугай.

Ерөөлч магтаалч, улсын цоллооч С.Мөнхжаргал: Монголын соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, дэлхийд таниулах, тоглолт, үзвэр үйлчилгээ гээд олон арга хэмжээ зохион байгуулж болох орон байртай болгож байгаа нь бидэнд ихээхэн ач холбогдолтой, сайхан үйл явдал юм. Миний хувьд ерөөл, магтаал, мөн эрийн гурван наадмын чимэг сүлд нь болдог морь, бөхийн цоллоочийг бэлтгэх, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах тал дээр ажиллаж, 200 гаруй шавьтай болоод байна. Өнөө үеийн залуучуудын орчин, нийгэм нь өөрчлөгдөж сонирхол нь өөр болсон байна. Ерөөлч, магтаалчийн 30 хүүхэдтэй сургалт явуулахад нэг хоёр нь л ерөөлч болох жишээтэй. Хамгийн гол нь ерөөлч хүн их, бага хэмжээгээр цэцэлж сурах нь чухал. Мөн монгол ёс заншлаа, уламжлалт соёлоо сайн мэддэг байх хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg