Стагфляц хэмээх адгуустай тулалдана

Mongolian Economy
2023-09-05 12:14:59
Ангилал: Эдийн засаг

Өндөр зардал, сул эрэлтийн хорт хольцтой компаниуд нүүр тулна гэж Рачана Шанбөг үзэж байна. Тэд хэрхэн тэмцэх вэ?

2020-оод оны үед бизнес эрхэлж байсан хүн бүр геополитик, дайн, дэлхийн хямрал гээд бүхнийг үзсэн мэт санагдаж магадгүй. Одоо харин тэд өндөр инфляц, эдийн засгийн зогсонги байдал гэсэн хоёр толгойт мангастай тэмцэхэд бэлдэх хэрэгтэй. Стагфляцын эл мангас хамгийн сүүлд 1970-аад онд буюу өнөөгийн дээд түвшний удирдлагуудын ихэнх нь амжилтын тавцанд залрахаас өмнө гарч ирж байв. Тэд эл мангастай хэрхэн тулах вэ?

Компаниуд нэмэгдсээр байгаа инфляцтай барилдаж байна. Хэт өндөр зардлын дарамтад орсноо компаниуд зарласнаар 2022 онд хувьцааных нь үнэ эрс унасан. Евро бүсийн хувьд эрчим хүчний үнийн огцом өсөлтийн улмаас үйлдвэрлэлийн үнийн индекс 40 гаруй хувиар нэмэгдэв. Хэдий зардал өссөн ч цар тахлын үеийн төсвийн өгөөмөр халамж, тусламжийн хүчинд хэрэглэгчдийн худалдан авалт сайн байлаа. Энэ нь Америкийн аж ахуйн нэгжүүдийн ашгийг ДНБ-тэй харьцуулахад жилийн турш урьд хожид байгаагүйгээр өсөхөд дэм болсон.

Тэнгэрт тулсан эл ашгийн маржиныг хоёр төрлийн цохилтоос хамгаалах хүнд даалгавартай компанийн удирдлагууд 2023 онд тулгарна. Эхнийх нь өндөр хэвээр байгаа зардал. Эрчим хүчний үнийн өсөлт тун богино хугацаанд зогсож магадгүй ч цалин хөлс, бусад зардлын адилаар өндөр хэвээр байна. Хөрөнгө оруулагч Уоррен Баффеттын “инфляцын асар том туузан хорхой” гэж тодорхойлсон үзэгдэл хөрөнгө оруулалтад чиглэх ёстой байсан мөнгийг залгих эрсдэл бий. Компаниуд үйлдвэрлэлээ өгөгдсөн түвшинд барихын тулд бараа, материалын нөөц, өглөгтөө маш их хөрөнгө зарах нь хөрөнгө оруулалтыг бууруулна.

Ашгийн маржинд нөлөөлөх хоёр дахь цохилт нь буурч байгаа эрэлт. Эрчим хүчний шокийг Европын орнууд сааруулахыг хичээж байгаа ч хэрэглэгчдийн худалдан авалт багасна. Өссөөр буй бодлогын хүү Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлнэ. Deloitte компанийн 2022 оны наймдугаар сард явуулсан санал асуулгаар 2023 онд Америк стагфляцтай тулгарна гэж санхүү хариуцсан захирлуудын 39 хувь, эдийн засаг удааширна гэж 46 хувь хариулсанд гайхах зүйл үгүй юм.

Үнээ өндөр тогтоох потенциалтай компаниуд илүү давуу талтай

Стагфляцтай тулалдахын тулд захирлууд янз бүрийн стратеги ашиглана. Ихэнх нь нэмэлт зардлыг худалдан авагчдад үүрүүлнэ. 2022 онд McDonalds сүүлийн 14 жилд анх удаа Британид чизбургерийн үнээ өсгөсөн нь үүний жишээ. Өргөн хэрэглээний, эрэлт нь огт буурдаггүй бүтээгдэхүүн зардаг буюу үнээ өндөр тогтоох боломжтой компаниуд эсвэл брэндэд нь итгэж, үнэлдэг компаниуд ийм нөхцөлд давуу талтай. “Инфляцтай үед брэндтэй байх нь гайхалтай хэрэг” гэж Баффет нэгэнтээ хэлж байв.

Үнээ өндөр тогтоох потенциал бүх компанид байхгүй. Гэхдээ хэрэглэгчид татгалзаж эхлэх хүртэл үнэ хэр өсөх вэ гэдэг нь тодорхой хязгаартай. Зарим компани, жишээлбэл шоколадны хэмжээг багасгаад үнээ хэвээр үлдээдэг “шринкфляц” зэрэг аргыг хэрэглэж эхэлнэ. Зарим нь бүтээмжээ дээшлүүлэх замаар зардлаа багасгахыг хичээнэ. Европт цахилгааны үнэ өссөнөөр зарим компани нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөөд эхэлсэн. Тухайлбал, химийн бүтээгдэхүүний BASF компани байгалийн хийн өндөр үнийн улмаас Германд үйлдвэрлэх нь ашиггүй болоод байгаа илүү их эрчим хүч хэрэглэж үйлдвэрлэдэг бордооны аммиакийг Америк, Бельгид үйлдвэрлэх болов.

Зардлаа бууруулах хамгийн “эвгүй” аргуудын нэг нь ажилчдын цалинг танах юм. Цар тахлын хугацаанд ажиллах хүчний хомсдолд орсон компанийн эзэд ажилтнуудаа авч үлдэхийн тулд оффисоо сайжруулж, зайнаас ажиллахыг дэмжсэн. Харин зардал өсөж, эрэлт савалгаатай байгаа нөхцөлд удирдлагууд “асрагчаас” “дайсан” болж хувирч магадгүй. Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Америк, Европт үйлдвэрчний эвлэл цалин хөлсийг дорвитой нэмэхийг шаардсаар байна. Гэвч эрэлт буурч байгаа учраас цалин нэмэх тохиролцоонд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй төдийгүй цомхотгол хийх аюул улам бодитой болно. 2022 оны дундуур зөвлөх үйлчилгээний PWC компанийн судалгаанд хамрагдсан Америкийн аж ахуйн нэгжүүдийн тал нь ажилчдынхаа тоог бууруулахаар төлөвлөсөн гэж хариулжээ.

Сүүлийн жилүүдэд тохиосон бусад сорилтот үеийн адилаар зарим компани улам эрчийг авна. Зардал нэмэгдэж, зах зээлд эзлэх хувь нь буурч байгаа компанийн удирдлагуудыг сэтгэл дундуур байгаа хөрөнгө оруулагчид нь зайлуулна. Энэ том тулаанд ялагчаар тодорч гарах компаниуд нэр хүндээ улам бататгана. Тулааныг эхлүүлье.

РАЧАНА ШАНБӨГ, Бизнес хариуцсан орлогч редактор, The Economist

Дэлхий-2023 дугаараас

Mongolian Economy