С.Бадамхорол: Олон улсад Монгол орноо сурталчлан таниулах асар их хэрэгцээ шаардлага бий

B Shurenchimeg
2022-07-07 14:42:11
Ангилал: Ярилцлага

“Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга уулзалт-2022”-д оролцсон Герман дахь Монгол Улсын соёлын элч С.Бадамхоролтой ярилцлаа. 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

1999 оноос хойш би өөрийн амьдардаг Фрайбург хотод Монголын соёлын төвийг үүсгэн байгуулж, үндэснийхээ соёл урлагыг сурталчилан таниулах, түгээх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.  

Соёлын элчийн хувьд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-тэй нягт хамтран ажилладаг. Учир нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа маш олон монголчууд энэ төрийн бус байгууллагаар дамжуулан эвлэлдэн нэгдэж, амьдарч байгаа улсдаа эх орноо сурталчлах, соёл урлагаа түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. 

Монголын соёл урлаг  гадныхныг үнэхээр соронзон мэт татаж чаддаг. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр бидний зохион байгуулсан Монголын соёл урлагийн арга хэмжээ, уулзалтад оролцсон гадныхан Монгол руу яаж аялах вэ, Монголын урлагийн салбарынхантай хэрхэн холбогдож хамтран ажиллах вэ, зарим компани, аж ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэх нь элбэг. 

Тиймээс Фрайбург хот дахь Монголын соёлын төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн жилийн дөрвөн улиралд тогтмол арга хэмжээ, уулзалт зохион байгуулж байна. 

– Та хилийн чанад дахь монголчуудын чуулганд хэд дэх удаагаа оролцож байна вэ? Уулзалтын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаагийн чуулганаар дамжуулан Фрайбург хот дахь Монголын соёлын төвийнхөө үйл ажиллагааг таницуулахаас гадна Ази, Европын орнуудад үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож буй монголчуудтай уулзаж танилцах зорилготой ирсэн. Чуулганд оролцож байгаа зорилго маань биелэж дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголын соёлын элч төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байна. 

Хоёрдугаарт, бид Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн соёлын хороотой маш идэвхтэй хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцдог. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Сүүлийн жилүүдэд манай төр засгаас хилийн чанад дахь Монголын соёлын төвүүдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулан, дэмжиж байгаад баяртай байгаа. 

Хилийн чанадад амьдарч байгаа монголчууд төрийн бодлого, үйлчилгээ, эх орныхоо талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цогц байдлаар  авч чаддаггүй. Энэ бүгдийг цогц хэлбэрээр хүргэхэд хөрөнгө мөнгө маш их шаардлагатай. 

Соёл урлагийн үзүүлбэр, уулзалт, лекц, сургалт, эрдэм шинжилгээний хурал зэргийг цогц хэлбэрээр хүргэхийн тулд Монголын холбогдох яам, агентлаг, урлаг соёлын байгууллагуудтай хамтран ажиллавал илүү их мэдээ мэдээллийг нэг дороос авах юм байна гэсэн сэтгэгдэл уг чуулга уулзалтад оролцож байх үед төрлөө. 

-Салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн яамд, агентлагуудад хүргүүлж байна. Хилийн чанад дахь соёлын элч төлөөлөгчийн хувьд саналаа тусгав уу? 

-Би энэ удаагийн чуулганаас гарах зөвлөмжид нэг санал хэлсэн. Хилийн чанадад тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа маш олон соёлын төв байдаг. Энэ төвүүд сайн дурын үндсэн дээр, өөрсдийн боломж бололцоо, хөрөнгө мөнгөөр маш олон арга хэмжээг зохион байгуулахыг хичээдэг. Гэсэн ч бодлоготой, цогц үйлчилгээ үзүүлэхэд тэдэнд зайлшгүй төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. 

Европт үйл ажиллагаа явуулж байгаа бусад орны соёлын төвүүдийн туршлагаас харахад соёлын зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төр засгаас нь онцгой анхааран, санхүүжилт, хөрөнгө мөнгөөр маш их дэмждэг. Мөн энэ хэрээр тухайн улсыг зорин очих гадаад жуулчдын тоо ч нэмэгддэг. 

Үүнд манай Засгийн газраас тодорхой хэмжээнд анхаарч байгаа ч илүү далайцтай байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлмээр байна. 

Энэ нь нөгөө талдаа хилийн чанадад төрж өссөн, амьдарч байгаа залуус, хүүхдүүдийнхээ монгол хэл, үндэсний өв уламжлал, соёлоо суралцах, түгээн дэлгэрүүлэхэд маш их ач холбогдолтой. 

-Европын орнуудын ард түмэн Монголын талаар хэр сайн мэддэг вэ? 

-Дэлхий даяар биднийг мэддэг, үндэсний урлаг соёлыг гайхан биширдэг гэж монголчууд боддог. Гэтэл эсрэгээрээ манай улсыг мэддэг хүн цөөхөн. 

Чуулганы үеэр Соёлын сайд Ч.Номингийн илтгэлд дурдсан судалгаагаар гурван гадаад хүний хоёр нь Монгол Улсын тухай сонсож байснаас тодорхой сайн мэддэггүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Европын оронд олон жил ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд энэ бол өнөөдрийн яг бодит үнэн гэдгийг хэлмээр байна. 

Монгол Улс оршин тогтнодог гэж мэдэхээс бусад орноос юугаараа ялгаатай, ямар ёс заншилтай, үндэсний соёл урлаг нь юу вэ гэдгийг сурталчлан таниулах асар их хэрэгцээ шаардлага бий. 

Эдийн засгийн үзүүлэлт, гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин нөхцлөөрөө манай улс дэлхийн хэмжээнд доогуур бичигддэг. Тиймээс Монголынхоо соёл урлаг, өв уламжлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлд анхаарч хөгжүүлбэл эдийн засагт ч эерэг нөлөөтэй. 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөж нь асар их бий гэдгийг урлагийн хүний хувьд хэлмээр байна. 

Соёлын төвөөрөө дамжуулан цаашид юу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? 

Наадмын дараа “Туурайн төвөргөөн” хөгжмийн наадам зохион байгуулна. Энэ сардаа багтаж Соёлын сайдтай уулзаж үйл ажиллагааныхаа талаар ярилцана. Германы Штутгарт хотод 2023 онд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс гол түнш орноор оролцох асуудал яригдаж байгаа. Хэрэв түнш орноор сонгогдож чадвал Европын олон мянган жуулчдын анхаарлыг эх орон руугаа хандуулах боломжтой. Энэхүү ажлын хэсэгт миний бие орж, Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг өргөнөөр оролцуулах тал дээр уулзаж ярилцахаар төлөвлөж байна. 

2017 онд Канад Улсад Хөгжмийн наадамд эгч дүүгийн хамт оролцов. /Канад, ХБНГ-ын хөгжимчдийн хамт/

 

 

 

 

 

B Shurenchimeg