С.Мөнгөнчимэг: Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого хэрэгжүүлж эхэлж байна

Mongolian Economy
2024-03-15 09:29:57
Ангилал: Ярилцлага

“Mongolian Economy” сэтгүүл Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийг “Онцлох зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. 2001 онд МУИС-ийн Эдийн засгийн их сургууль, 2012 онд АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургуулийг төгссөн. С.Мөнгөнчимэг МАН-ын дэргэдэх НАМЗХ (МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан, 2015 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “МИАТ” ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга, 2016-2020 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдаар ажилласан. 2020 оноос Сангийн яамны дэд сайд, мөн МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо, одоо СДМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр өнөөгийн Засгийн газрын цөөхөн эмэгтэй сайдын нэг бөгөөд жендэр, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого, ногоон санхүүжилтийн механизм, ногоон эдийн засгийн асуудалд ихээхэн анхаарч, манлайлж буй эмэгтэй юм.

-Та манай сэтгүүлийн албан ёсны эрхтэй гаргадаг олон улсын “Дэлхий 2024” дугаарт “Монгол Улс гадаад өрийн дарамтыг бууруулсан томоохон арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд гадаад бондын эргэн төлөлтийн дарамтгүй болсон” гэж бичсэн. Манай Засгийн газрын өрийн байдал ямар байна вэ?

-Одоогийн байдлаар Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 43.7 хувьтай тэнцэж байна. Энэ нь 2016 онд Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувьд хүрч байсан үеэс хойших хамгийн бага үзүүлэлт юм.

Засгийн газар 2017 оноос хойш өмнө гаргасан бондуудын өрийн зохицуулалтыг хийх, тухайн жилийн төсвөөс төлж чадах хэмжээгээрээ төлж, гадаад өрөө барагдуулж байна.  2021-2023 онд 13.3 их наядын өр төлбөрийг төлж барагдуулсан. Өрийн зохицуулалт буюу дахин санхүүжилтаар 5.6 их наяд, үндсэн төлбөрт тав, хүүгийн төлбөрт 2.6 их наядыг төсвөөс төлсөн. Ер нь жилд гадаад бондын үлдэгдэлд төсвөөс 400-500 сая ам.доллар төлдөг.

Өнөөдрийн байдлаар хамгийн ойрын хүлээгдэж буй төлбөр бол 2026 онд төлөх “Номад” бондын 578 сая ам.доллар юм. Өөрөө хэлбэл, 2026 он хүртэл Засгийн газарт хугацаа тулсан бондын өр байхгүй болсон.

Энэхүү бондуудыг гаргасан бас нэгэн онцлох үйл явдал бол олон улсын санхүүгийн хүнд нөхцөл байдалд ижил В зээлжих зэрэглэлтэй орнуудаас хамгийн эхэнд бонд гаргасан амжилт юм. Мөн 2023 онд Хөгжлийн банканд өрийн дарамт үүсгээд байсан “Самурай” болон “Евро бонд”-ыг өрийн оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр өөрийн эх үүсвэрээс амжилттай төлж барагдуулсан. Ингэснээр Засгийн газарт хугацаа нь тулсан томоохон гадаад төлбөр тооцоо байхгүй боллоо. Энэ нь өрийн дарамтгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байгаа юм.

-Өрийн зөв удирдлагын талаар ярина уу. Манай улс өрийн зөв удирдлага хэрэгжүүлж чадаж байна уу?

-Засгийн газар гурван жил тутамд УИХ-аар өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлуулж, үүнийгээ чанд сахиж, мөрддөг. Энэхүү стратегийн баримт бичигт хэрхэн өр үүсгэх, өр үүсгэснээр юуг санхүүжүүлэх вэ гэдгийг маш нарийн зааж өгдөг. Үүний хамгийн том жишээ бол гадаад бондын хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого юм.

Засгийн газар 2012 оноос эхлэн олон улсын зах зээлд үнэт цаас гаргаж эхэлсэн. 2016 он хүртэл гаргасан үнэт цааснууд нь төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, төсвийн алдагдал санхүүжүүлэх зорилготой байсан. Гэтэл энэхүү үнэт цаас нь өндөр хүүтэй, богино хугацаатай буюу маш хатуу нөхцөлтэй. Иймд 2017 оноос зөвхөн өмнө гаргасан их хэмжээний гадаад төлбөрийг төлөх зорилгоор бонд гаргаж, гадаад бондын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж байна. Тухайлбал, 2021 онд хугацаа нь тулсан “Чингис”, “Гэрэгэ” бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор 1.0 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний “Сенчири” бондыг 3.5-4.45 хувийн хүүтэйгээр гаргасан. Түүнчлэн, өнгөрсөн онд 650 сая ам.долларын “Сенчири-2” бондыг, 350 сая ам.долларын “Сенчири-3” бондыг тус тус амжилттай гаргаснаар “Гэрэгэ”, “Хуралдай” бондыг амжилттай дахин санхүүжүүлсэн.

Засгийн газрын хувьд дахин санхүүжүүлэхээс гадна төсөв, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулахгүйгээр гадаад бондыг жил бүр төлж барагдуулах бодлого баримталж байна.

Мөн 2017 оноос эхлэн төсвөөс төлөх нөхцөлтэй, өр төлбөрийг нэмэгдүүлж байсан барих-шилжүүлэх концесс болон векселийн гэрээг огт нэмж байгуулаагүй. Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн шаардлагыг нэмэгдүүлэх бодлого бас барьж байна. Үүнээс гадна бид өрийн бүтцэд буй өндөр хүүтэй, арилжааны нөхцөлтэй зээлийг багасгах зохицуулалт байнга хийдэг. Ингэснээр 2016 онд гадаад зээлийн 49 хувийг эзэлж байсан арилжааны зээлийг 2023 оны байдлаар 31 хувь болгож буурууллаа. Ингэж бууруулсан хэмжээгээр төсвөөс төлөх зээлийн хүүгийн төлбөр буурдаг.

Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү өрийн удирдлагын хүрээнд Засгийн газрын өрийн харьцаа үзүүлэлт тогтмол буурч, 2016 онд 78.8 хувьд хүрсэн өрийн харьцаа үзүүлэлт 2023 онд 43.7 хувь болж буурсан. Энэ оны төгсгөлөөр 42.5 хувьд хүрнэ гэж төсөөлж байна. Цаашдаа ч тогтвортой  буурна гэж үзэж байгаа.

-Ковидоос хойш төсвийн алдагдлыг бууруулах, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогууд хэрэгжүүлсэн. Ямар үр дүн гарч байна вэ?

-Эдийн засгийг дэмжих хамгийн эхний алхам нь вакцинжуулалт байсан тул богино хугацаанд, бусад улс орноос түрүүлж вакцинжуулалтын аяныг эхлүүлсэн нь эдийн засгийн үйл ажиллагааг нээх боломжийг олгосон. Вакцинжуулалтын үр нөлөөгөөр 2022 онд бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн.

Цар тахал бүрэн дарагдаагүй байсантай зэрэгцээд ОХУ-Украины хямралт нөхцөл байдал үүссэн нь 2022 оны төсвийн бодлогод томоохон эрсдэл учруулсан. Улс орнууд өндөр инфляцын эсрэг мөнгөний эрс хатуу бодлого баримталж, БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Тэг Ковид” бодлогын нөлөөгөөр манай улсын экспорт буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан нь Монгол Улсад давхар цохилт өгч, эдийн засагт эрсдэлийг нэмэгдүүлсэн.

Энэхүү хүнд сорилттой цаг үед манай Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, эдийн засагт үүссэн эмзэг байдлыг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх багц арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспорт эргэн сэргэж, 2022 онд 31.8 сая тоннд хүрч өмнөх оноос хоёр дахин өссөн бөгөөд нийт экспорт 12.5 тэрбум ам.долларт хүрсэн. Түлш, шатахууны үнийг хөнгөлснөөр 2022 онд 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарах хүлээлттэй байсан төлбөрийн тэнцэл 727.2 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, нэгдсэн төсвийн нийт орлого төлөвлөгөөнөөс 1.8 их наяд төгрөгөөр давж биелэн, инфляц 3.7 хувиар саарч, эдийн засаг таван хувиар өссөн.

Боомтын шинэчлэлийн хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг сэргээж, гарцыг нэмэгдүүлэн, хилээр нэвтрүүлэх явцыг сайжруулан, экспортыг эрчимжүүлж чадсанаар нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн онд 69.6 сая тоннд хүрч өмнөх түүхэн дээд амжилт болох 2019 оны 36.7 сая тонн нүүрс экспортолсныг шинэчлэн тогтоосон нь онцлох үзүүлэлт болж байна. Улмаар эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 7.0 хувь, экспортын хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 24.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөөнөөс 1.3 их наяд төгрөгөөр давсан.

Улсын нэгдсэн төсөв ч өнгөрсөн онд 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

Энэ нь түүхэндээ хамгийн өндөр ашигтай, төлбөрийн тэнцэл мөн 1.5 тэрбум ам.долларын ашигтай буюу 13 жилийн дараа төсөв, төлбөрийн тэнцэл хоёулаа ашигтай гарч эдийн засгийн амжилтыг бататгасан явдал боллоо.

-2024 онд эдийн засгийн өсөлтийг хангах, тогтворжуулахад чиглэсэн ямар бодлого, арга хэмжээнүүд авахаар төлөвлөж байна вэ?

-Нэн тэргүүнд өмнө эхлүүлсэн төсөв, санхүүгийн салбарын шинэчлэлийн арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх, сайжруулах чиглэлд анхаарч байна. Засгийн газраас 2024 оны төсвийн бодлогыг тодорхойлохдоо онцгойлон Хот, хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд анхаарсан.

Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон нутагт иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх эхний алхам бол хөдөө, орон нутагт төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэх төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутагт иргэдийг дэд бүтэц бүхий тохитой орон сууцаар хангах боломжийг нэмэгдүүлж, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Иймд энэ жил татварын ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, сайжруулах замаар татварын эрсдэлийг бууруулах, баяжуулах үйлдвэрүүдийг дэмжих, гааль, татварын үйл ажиллагаа, бүртгэлийн уялдаа холбоог сайжруулах замаар далд эдийн засгийг бууруулж, татварын тэгш шударга байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

Нүүрсний экспортыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, 60 сая тоннд хүргэхээр тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого явуулна. Мөн ашигт малтмалыг уул уурхайн биржээр нээлттэй, ил тод олон улсын зах зээлийн үнээр борлуулах, түүнд хяналт тавих, бүртгэх цогц системийг бүрдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн экспорттой холбоотой далд эдийн засгийг бууруулах бодлогын арга хэмжээг авна.

Засгийн газраас ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрийн импортын тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараас чөлөөллөө. Уул уурхайн баялгаа түүхийгээр нь шууд экспортлох бус эх орондоо нэмүү өртөг шингээж экспортлох нь Аж үйлдвэрийн сэргэлтийн гол зорилт юм.

Иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлд цалин, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, нөгөө талаас, үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлд төсөв, мөнгөний бодлогын уялдааг үргэлжлүүлэн хангах замаар эдийн засагт бий болсон баялгийг иргэдийн амьжиргаанд бодитой хүргэх төсөв, санхүүгийн шинэчлэлүүдийг эхлүүлээд байна.

-Энэ оны төсвийн гол онцлог нь хот, хөдөөгийн тэнцвэржилтийг хангахад анхаарсан гэж дурдлаа. Тэнцвэржилтийг хангах бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нэгдүгээрт, орон нутагт орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулж, цалингийн нэмэгдэл олгоно. Суманд 40 хувь, аймгийн төвд 20 хувийн нэмэгдлийг олгоно. Гуравдугаарт, орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ. Дөрөвдүгээрт, орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтыг уул уурхайтай аймгуудад нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд эрчим хүч, авто зам, аймгуудын дэд бүтэц, шугам сүлжээ, хөдөөгийн алслагдсан багуудаас мэдээлэл холбооны дэд бүтцэд холбогдоогүй 191 багт харилцаа, холбооны дэд бүтэц, “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, Хөшигийн хөндийн дэд бүтэц, инженерийн хангамж, цахилгаан болон дулааны хангамжийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх нийт хөрөнгө оруулалтын 77 хувь нь орон нутагт хэрэгжинэ. Энэ нь хот, хөдөөгийн сэргэлт болон хөгжлийн тэнцвэрийг хангах суурь асуудал юм.

-Төсвийн шинэчлэлийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсөвт гол анхаарлаа хандуулсан тухай ярьсан. Жэндэрийн мэдрэмжтэй төсвийн онцлог юу вэ?

-Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт (ЖМТ) нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил хэмжээний хөрөнгө, эсхүл зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан төсөв биш, харин төсвийн хөрөнгийг иргэдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн байхаар төлөвлөж, төсөвлөхийг хэлдэг. Товчхондоо, бидний санхүүжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, төрийн үйлчилгээ нь нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүдийн онцлог хэрэгцээг тодорхойлж, тэгш бус байдал, аливаа сөрөг үр дагаварыг бууруулахад шаардлагатай төсвийн дүн шинжилгээнд үр ашигтай хуваарилах замаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад туслах бодлогын хэрэгсэл юм.

Нийгэм дэх тэгш бус байдал нь бүтцийн шинжтэй, нарийн төвөгтэй асуудал учраас жендэрийн ялгаатай байдал манай салбар бүрт түгээмэл байна. Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт нь бүх салбарын жендэрийн ялгаатай байдлыг арилгах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах арга хэрэгсэл болж өгнө.

Монгол Улс 2020 оноос эхлэн Европын холбооны дэмжлэгтэйгээр Сангийн яамны манлайлал дор үндэсний шинжээчид, салбар салбарын мэргэжилтнүүд, НҮБ, Статистикийн хорооны төлөөлөгчдөөс бүрдсэн “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт”-ийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд 2021 оноос БСШУЯ болон ХНХЯ-ны сонгосон хөтөлбөрийн жендэрийн үр дүнг сайжруулахад туслах зорилгоор жендэрийн дүн шинжилгээг хийж, үр дүнд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрүүдийг сайжруулах, жендэрийн мэдрэмжтэй боловсруулах хэрэгцээ байгааг тодорхойлсон. Энэ жилээс ЖМТ-ийг эрүүл мэндийн салбарт туршиж эхлээд байна.

Цаашид Засгийн газар ЖМТ-ийг бодлого болон төсөв боловсруулах бүх үйл явцын салшгүй хэсэг болгохоор төлөвлөж байна. Энэ нь засаглал, төрийн бүтээмжийн сэргэлт, төсвийн шинэчлэлийн хүрээнд бодлого төлөвлөлтийн талаарх холбогдох хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах, гадаадын зээл тусламжийн болон төсвийн бодлогод жендэрийн ялгаатай байдлыг тусгах замаар хэрэгжинэ.

-Төсөв, санхүүгийн бодлогоор жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд Сангийн яам ямар ажлууд хийж байна вэ?

-Сангийн яам жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд гурван үндсэн чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, бид одоогийн татварын эрх зүйн орчин жендэрийн эрх тэгш байдлыг бүрдүүлэхэд хэрхэн нөлөөлж байгааг олон улсын туршлага болон манай улсын онцлог зэргийг харгалзан судалж, холбогдох татварын бодлогын өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Хоёрдугаарт, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт буюу төсвийн зарлагын бодлогоор дамжуулан хүйсийн эрх тэгш байдлыг хангах олон улсын нийтлэг туршлагыг төсвийн төслийг боловсруулах явцад үе шаттайгаар нэвтрүүлж байна. Гуравдугаарт, Сангийн яам, харьяа агентлагуудыг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангасан, хүртээмжтэй байгууллага болгохоор НҮБХХ-тэй хамтран төсөл хэрэгжүүлж байна.

Ингэснээр, сангийн бодлого буюу татвар, төсвийн бодлогоор дамжуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэн, илүү тогтвортой хөгжлийг бий болгох боломжтой юм.

-Та сая жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд татварын бодлогын өөрчлөлт хийх талаар ярьлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Яагаад ийм бодлогын өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бэ?

-Сүүлийн жилүүдэд жендэрийн мэдрэмжтэй татвар гэдэг ойлголтын талаар дэлхий дахинаа эрчимтэй ярьж байна. Учир нь татвар тэгш шударга байх зарчимтай ч орлогын түвшин, хөдөлмөр эрхлэлт, нийгэм эдийн засгийн харилцаан дахь хүйсийн ялгаатай оролцооноос шалтгаалан татвар нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр байдлаар нөлөөлж байна. Үүнтэй холбогдуулан олон улсад татварын тогтолцооны жендэрийн ил болон далд ялгаварлалттай холбоотой асуудлууд түгээмэл гарч ирлээ.

Ил ялгаварлалт гэдэг бол татварын хууль тогтоомжид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн байдлаас нь хамаарч шууд ялгавартайгаар татвар тогтоохыг хэлдэг. Жишээлбэл, зарим улс оронд хувь хүний орлогын албан татварыг өрхөөр тайлагнадаг бөгөөд татварын аливаа хөнгөлөлт, буцаан олголтыг нөхрийнх нь нэр дээр олгохоор зохицуулсан хууль тогтоомжтой байсан нь ил ялгаварлалтын нэг хэлбэр юм.

Харин далд ялгаварлалт гэдэг нь нийгмийн харилцаа, эдийн засгийн зан төлөв зэргээс шалтгаалан татварын хууль тогтоомж эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай байдлаар нөлөөлөхийг хэлдэг. Энэ төрлийн ялгаварлалтыг тодорхойлох их хэцүү. Жишээ дурдвал, эмэгтэйчүүд ихэвчлэн гэр орныхоо хүнс, хүүхдийн хэрэглээний зүйлс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд орлогын ихэнх хэсгээ зарцуулах хандлагатай байдаг. Үүнээс харахад, хэрэглээний татвар эмэгтэйчүүдэд илүү ачаалал болдог гэж болох ч бид үүнийг нарийн тооцож гаргаж ирээд нотлох боломжгүй байна.

Жендэрийн мэдрэмжтэй татвар нь татварын тогтолцооны ил болон далд хэлбэрийн ялгаварлалтыг арилгах замаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эдийн засгийн боломж, орлогын түвшин, нийгмийн харилцаан дахь зөрүүтэй байдлыг бууруулахад чиглэдэг.

-Жендэрийн мэдрэмжтэй татварыг дэлхийн улс орнууд ямар байдлаар хэрэгжүүлж байна вэ? Энэ нь хэр үр дүнтэй бодлогын хувилбар вэ?

-Жендэрийн мэдрэмжтэй татварын хүрээнд дэлхийн улс орнууд татварын эрх зүйн орчиндоо тодорхой өөрчлөлтүүд хийсэн. Жишээлбэл, Франц, Ирланд, Нидерланд, Малайз зэрэг улс хувь хүний орлогын албан татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, татварын тайлангаа өрхийн түвшинд хамтарч гаргадаг байсныг хувь хүнээр тайлагнах боломжийг бий болгох, татварын буцаан олголтыг зөвхөн нөхрийнх нь гарын үсгээр олгодог байсныг хамтын гарын үсгээр олгох, гэрлэсэн эрэгтэй хүнд гэрлэсэн эмэгтэй хүнээс илүү татварын дэмжлэг үзүүлдэг байсныг болиулж, ижил түвшний татварын дэмжлэг үзүүлдэг болсон.

Сүүлийн жилүүдэд улс орнууд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг татвараас чөлөөлөх арга хэмжээг түгээмэл хэрэгжүүлж байна. Гэхдээ эл татварын дэмжлэг нь зорилтот бүлэгтээ очиж байна уу гэдгийг нарийвчлан тооцож үзэх шаардлагатайг олон судлаач хэлдэг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүн үйлдвэрээс гараад хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ олон дамжлагаар явж, тухай бүрт үнэ нь нэмэгдсээр эцсийн хэрэглэгчийн төлөх үнэ нь татвартай үед төлж байснаас ялгаагүй болох эрсдэлтэй байна.

Ийм ч учраас улс орнууд жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогыг хэрэгжүүлэхдээ олон талаас авч үзэж, нарийн тооцоо судалгаа хийсний үндсэн дээр бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай байгаа юм.

-Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй татварын асуудлыг юу гэж харж байгаа вэ? Энэ чиглэлээр тодорхой ямар ажлууд хийж байна вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эдийн засгийн боломж, орлогын түвшин, нийгмийн харилцаан дахь зөрүүтэй байдлыг татварын бодлогоор хэрхэн бууруулж болох вэ гэдгийг Сангийн яам судалж байна. Энэ асуудлаар олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Тухайлбал, НҮБХХ-ийн  EQUANOMICS буюу Тэгш эдийн засгийн санаачилгын хүрээнд тодорхой ажлууд эхлүүлээд байна.

Юун түрүүнд, Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогын нарийвчилсан судалгаа хийлгэж байна. Эл судалгааны хүрээнд Монгол Улсын татварын хуулиудад жендэрийн үнэлгээ хийж, ил болон далд хэлбэрийн ялгаварлалт байгаа эсэхийг тодорхойлохоос гадна татварын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх санал дүгнэлт, Монгол Улсад хэрэгжүүлэх жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогын зөвлөмжүүд боловсруулах юм.

Дараагийн ажил бол Татварын ерөнхий газарт хэрэгжиж байгаа Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт (Gender Equality Seal)-ийн төсөл юм. Тус төслийн хүрээнд НҮБХХ-өөс Татварын ерөнхий газрын үйл ажиллагаа, ажлын байр, байгууллагын соёлд үнэлгээ хийж жендэрийн тэгш бус байдал илэрсэн бол түүнийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Төслийн үр дүнд тухайн байгууллага нь илүү хүртээмжтэй, эрх тэгш ажлын орчныг бий болгох ба нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм.

Мөн жендэрийн мэдрэмжтэй татварын чиглэлээр зохион байгуулж буй олон улсын арга хэмжээнд Сангийн яам идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2024 оны хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд БНТУ-ын Стамбул хотноо зохион байгуулсан Жендэрийн тэгш байдлыг хангах төрийн санхүү, татварын анхдугаар зөвлөгөөнд миний бие оролцож, жендэрийн мэдрэмжтэй татварын чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлого, мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийсэн.

Тус арга хэмжээнд дэлхийн 40 гаруй улсын сангийн яам, татварын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаачид, түүнчлэн олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөл оролцож, жендэрийн мэдрэмжтэй татварыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтууд, түүнийг хэрхэн даван туулж буй туршлагаасаа хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн.

-Жендэрийн мэдрэмжтэй татварын хүрээнд дэлхийн улс орнууд татварын эрх зүйн орчиндоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийсэн гэлээ. Тэгвэл Монгол Улс энэ чиглэлээр бодлого, шинэчлэлийн өөрчлөлт хийсэн үү? Эсвэл шинэ ойлголтын түвшинд байна уу?

-Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого нь шинэ ойлголт гэдгийг онцолж хэлье. Тиймээс, Сангийн яам татварын бодлогодоо жендэрийн дүн шинжилгээ хийж эхэлж байна. Энэ оны дундуур дуусна гэж үзэж байна. Энэ үнэлгээний үр дүнд жендэрийн тэгш байдлыг хангахын тулд татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох хувилбарыг гаргаж ирэх юм.

Тухайлбал, Монгол Улс орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэдийн цалин болон шууд бус орлогын хэмжээнээс хамаарсан хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэвтрүүлсэн. Эл өөрчлөлт нь орлогын тэгш бус байдлыг бууруулах дэлхийн жишигт нийцэж байгаа хэдий ч манай улсын онцлогийг харгалзан эргэж харах зарим асуудал бий. Жишээлбэл, өндөр хувь хэмжээгээр татвар төлдөг иргэдийн дийлэнх буюу 67 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь эрэгтэйчүүд, тэд гэрээсээ хол олон долоо хоногоор ажилладаг. Гэтэл эхнэр нь гэр бүлийнхээ арыг дааж үр хүүхдүүдээ асран халамжилдаг бөгөөд ажил хийх боломжгүй тохиолдолд тэдний татварын ачаалал өндөр байж болзошгүй юм. Дахин нэг жишээ дурдахад, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар өрх толгойлсон ганц бие ээж, аавын татварын ачаалал бусадтай адилхан байдаг бол олон улсад тэдгээр иргэдийг дэмжсэн тодорхой хөнгөлөлтүүд бий.

Тэгэхээр, иргэдийн гэр бүлийн байдал, хүүхдийн тоо, өндөр настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн асран хамгаалж, ажил хийх бололцоогүй байгаа зэрэг нийгмийн шинжтэй асуудлыг судалж, зорилтот бүлэгт чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлснээр жендэрийн тэгш бус байдлыг бууруулах боломжтой. Бид энэ чиглэлээр л ажиллаж байна.

Сангийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хийж буй Жендэрийн иж бүрэн дүн шинжилгээний үр дүнд эдгээр бодлогын хувилбарууд илүү тодорхой болох юм.

-Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмэгтэйчүүд асарч харснаар гэрийн ажилд ихэнх цагаа зарцуулж ажил хийх, албан тушаал дэвших бололцоогоо багасгадаг талаар та дурдлаа. Эмэгтэйчүүдийн ийм цалин хөлсгүй хөдөлмөрийн цагийг хэрхэн бууруулах вэ?

-Судлаачдын тооцсоноор цалин хөлсгүй гэрийн ажлын мөнгөн дүн нь ДНБ-ий 8-15 хувьтай тэнцдэг. Иймд, сare economy буюу асрахуйн эдийн засгийг дэмжиж, эмэгтэйчүүдийн гэр бүлийн гишүүдээ асрахад зарцуулдаг цагийг багасгаж, цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм.

Цэцэрлэг, хүүхэд харах, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүн асрах, харах үйлчилгээний эдийн засгийн хэмжээ ийм өндөр байгаа нөхцөлд төр хариуцахаас гадна хувийн хэвшлийн ийм үйлчилгээг татвар, төсөв, санхүүгийн бодлогоор сайн дэмжих хэрэгтэй байна. Тухайлбал, ийм төрлийн үйлчилгээнд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн, нийгмийн үр нөлөө өндөртэй зээл, Жендэр бонд гаргахыг дэмжих боломжтой.

-Шинэ хөгжлийн бодлого 2024 оны төсөв, Сангийн яамны бодлогод хэр туссан бэ?

-Сүүлийн жилүүдийн төсөв, санхүүгийн бодлого Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод түлхүү чиглэсэн. Үүнээс гадна дэлхий дахинд хурдацтай өрнөж буй хөгжил дэвшлээс үүдсэн нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг шийдэх, дэлхийн хүн амын тав тухтай, тогтвортой амьдралын хэв маягийг бий болгох зорилгын хүрээнд улс орнууд байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг эрчимтэй санхүүжүүлэх болсон энэ загвар руу төсвийн бодлогыг хандуулж байна.

Бидний хэрэгжүүлж буй хэд хэдэн ажлыг дурдъя. Нэгдүгээрт, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндэсний ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх боломжтой болсон. Энэ хүрээнд Засгийн газраас 2024 оны төсвийн жилд 63.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргэж төлөгдөх цэвэр зээл ангилалд тусгаад байна. Мөн олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтээр нийт 253 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орон сууц барихад зориулж ногоон бизнесийн зээл гаргах боломжтой.  Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон улсын санхүүгийн зах зээлд ногоон бонд гаргах сонирхол, эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн улс орнууд 2016 оноос хойш олон улсын санхүүгийн зах зээлд ногоон бонд босгох замаар байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, улмаар ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг хийж эхлээд байна. Тухайлбал, 2021 онд нийт 16 улсын Засгийн газар 92 тэрбум ам.долларын санхүүжилт, 2022 онд 17 улсын Засгийн газар 81 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн.

Ногоон бондын зах зээлд Европ, Хойд Америкийн улс орнууд, нэн ялангуяа хөгжингүй улс орнууд голлон оролцдог. 2022 оны байдлаар хөгжингүй орнууд ногоон бондын зах зээлийн 67.6 хувийг эзэлж байна.

Засгийн газар болон компанийн бондоос ялгаатай нь ногоон бонд гаргагч нь зах зээлээс босгосон санхүүжилтээ зөвхөн ногоон хөгжлийн шаардлага хангасан төслүүдэд хуваарилах ёстой байдгаараа онцлогтой. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг бөгөөд энэ хүрээнд олон улсад жил бүр шинээр гаргаж буй ногоон бондуудын 30-35 хувь нь эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэж байна. Гуравдугаарт, ногоон хөрөнгө оруулалтыг нэвтрүүлж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалт нь улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд бэлдэх, шийдвэрлэх гол хэрэгсэл болжээ. Уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй учраас төрийн болон хувийн хэвшлийн бүх хэлбэрийн хөрөнгө оруулалт нь түүний нөлөөг бууруулахад чиглэх ёстой, Ингэснээр өндөр тэсвэртэй, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хий багатай, эсвэл огт хүлэмжийн хий ялгаруулдаггүй байдлыг бий болгож чадах юм.

Энэ хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажил бол төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын технологиор төлөвлөж, хэрэгжүүлэх юм.

Сангийн яамнаас энэ чиглэлийн судалгаанууд хийж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн шалгуур үзүүлэлт, аргачлалд оруулж батлуулсан. Энэ оны төсөвт гурван цэцэрлэгийг ногоон хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөлөө. Эдгээр цэцэрлэг ашиглалтад ороход урсгал зардал нь 80 хувь буурна гэсэн судалгаа гарсан. Цаашдаа ч бид энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжинэ.

-Та МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо, одоо СДМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Ногоон, тогтвортой хөгжлийн нэг гол бодлого нь эмэгтэйчүүд, жэндэрийн эрх тэгш байдалд түлхүү төвлөрч яригддаг. Монголын эмэгтэйчүүдийг дэмжих бодлого, жэндэрийн эрх тэгш байдал өнөөдөр ямар түвшинд байна, ирээдүйн төлөвийн талаар ярина уу?

-Дэлхийн эдийн засгийн форум 2006 оноос хойш гаргаж буй жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2021 онд 156 улсаас 69, 2022 онд 145 улсаас 70 дугаарт байсан бол 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдлээ. Тус индексийн дэд индекс болох боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байгаа бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо бага, парламентэд суудалтай эмэгтэйчүүдийн хувь бага, өсвөр насныхны төрөлтийн түвшин нь хүний хөгжлийн түвшин өндөртэй улсуудтай харьцуулахад өндөр зэргээс шалтгаалан манай улсын үзүүлэлт ухрахад нөлөөлсөн байна.

Үндэсний хэмжээнд хийсэн үнэлгээ, судалгааны үр дүнгээс харахад, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байдаг. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 91.5 хувь нь бүрэн дунд боловсролтой бол эрэгтэйчүүдийн 86.1 хувь нь бүрэн дунд боловсролтой. Гэвч хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн харилцаа хангалтгүй байна. Эмэгтэйчүүд үл хөдлөх хөрөнгө харьцангуй бага өмчилж байгаа нь санхүү, ялангуяа зээл авч бизнес эхлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин жилээс жилд буурч, бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд санхүү хөрөнгийн асуудал тулгарч байна гэсэн үг.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны хувьд 2022 онд хөдөлмөрийн насны 100 эрэгтэйн 65, хөдөлмөрийн насны 100 эмэгтэйн 52 нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байв. Энэ нь зарим талаараа бага насны хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүнийг асрах, гэрээсээ хөдөлмөр эрхлэх боломж хомс зэргээс шалтгаалж байна. Тэгэхээр эдгээр асуудалд төрийн бодлого, зохицуулалт, дэмжлэг зайлшгүй шаардлагатай юм.

Мэдээж хүний нийгэмд, бусад улс оронд ч хүний эрх, жендэрийн асуудал оршсоор л байна. Гэхдээ бид үүнийг орхигдуулах ёсгүй, тэр дундаа манай улсад гардаг онцлог асуудлуудад, эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтад анхаарч, дундаж наслалтыг уртасгах үе шаттай тасралтгүй арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Цөөхөн хүн амтай манай улсад төрөлтийг дэмжих нь чухал. Нөгөө талаараа ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхгүй бол улс орны хөгжлийн асуудалд бүтцийн том өөрчлөлтүүд бий болно. Байшин барихтай адилхан ойлголт биш учраас тодорхой ахиц гарахад цаг хугацаа орно.

-2024 онд хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл, ажлууд эхэлсэн үү? Ямар ажил, бүтээн байгуулалтууд хэрэгжүүлэх вэ?

-Энэ жил улсын хэмжээнд нийт 3.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 693 шинэ төсөл, он дамжин хэрэгжих 607 төслүүд байна. Мэдээж он дамжих төслүүдийн бүтээн байгуулалт үргэлжлээд явж байгаа. Харин шинэ томоохон төслүүдээс Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв, шинээр эхлэх замууд, “Шинэ Хархорум” хотын ТЭЗҮ зэрэг төсөл худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэлээ хангаж байна. Мөн эрчим хүч, зам тээврийн салбарт түүхэнд байгаагүй өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийнэ. Эрчим хүчний салбарт 1.1 их наядын төсөл хэрэгжих бол улсын хэмжээнд 712 тэрбумын санхүүжилттэй 2472 км зам шинээр тавина. Шинэ зам тавихаас гадна одоо буй замуудынхаа чанарт, их засварт анхаарна. Улсын чанартай 720 км замын их засварт 376.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

-Та Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга. Ус цэвэршүүлэх төслийн явц ямархуу байна вэ? Энэ онд ямар ажлууд хийх вэ?

-АНУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх маш чухал хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүн амын талаас илүү хувь нь нийт газар нутгийн 0.3 хувьтай тэнцэх нийслэлдээ төвлөрөн амьдардаг. Худалдаа үйлчилгээний 84 хувь, үйлдвэрлэл, аж ахуй нэгжийн 76 хувь нь Улаанбаатар хотод байна. Хот усны хэрэгцээгээ газрын доорх усны нөөцөөс хангадаг онцлогтой. Хэдхэн жилийн өмнө нийслэлийн гүний усны нөөцөд асуудал үүсэж байсан шүү дээ. Усны хомсдолыг утаа, түгжрэл зэрэг нийгмийн бусад асуудал шиг нүдэнд шууд харагдахгүй болохоор хүн бүр төдийлөн мэддэггүй, анзаардаггүй, ач холбогдол өгдөггүй. Нийслэлчүүд жилд 76 сая куб.метр гүний ус ашигладаг. Үүнээс 55 сая куб.метрийг хэрэглээндээ, 21 сая куб метр усыг цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглаж  байна.

2017 онд Төсөл боловсруулах үеийн судалгаа тооцоогоор Улаанбаатар хотын усны эрэлт энэ хэвээр өсвөл 2023-2024 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн түвшин тэнцэнэ гэж гарсан. Гэхдээ энэ нь ус тасраад эхэлнэ гэсэн үг биш. Ус хангамжийн асуудлыг ойрын ирээдүйд шийдэхгүй бол цаашид ус хомстох эрсдэлтэй гэж дүгнэсэн байдаг.

АНУ-ын буцалтгүй тусламжийн дэмжлэгтэй 2026 он хүртэл хэрэгжих энэ төслийн хүрээнд хоёр том бүтээн байгуулалтын дэд бүтцийн төсөл хэрэгжиж байгаа. Эхнийх нь ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун доод хэсэгт Туул голын дагуу орших Био комбинат, Шувуун фабрик орчмын байрлалд нийт 30 худаг бүхий газрын доорх усны хоёр эх үүсвэрийг шинээр байгуулна. Мөн эдгээр эх үүсвэрээс олборлосон усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлж, нийслэлийн хүн амын унд, ахуйн хэрэглээнд нийлүүлэх дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барих юм. Уг төсөл хэрэгжсэнээр жилд 50 сая хүртэл куб.метр усыг нийслэлийн төвлөрсөн системд нийлүүлж, ус хангамжийн өнөөгийн хэмжээг 60 гаруй хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Хоёр дахь нь Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-3, ДЦС-4-д нийлүүлнэ. Өнөөдөр тус станцууд хөргөлт, үнс урсгах, нүүрсний тоос дарах, угаалга хийх зэрэгт жилд 21 сая куб.метр гүний цэвэр ус  ашигладаг. Энэ хэмжээгээр цэвэр усны нөөц багасч байгаа гэж ойлгож болно. Харин дээрх үйлдвэрийг барьснаар хэрэглэж буй цэвэр усыг нь саарал усаар солих юм. 2024 оны арванхоёрдугаар сараас Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулга эхэлж, 2025 оны зургадугаар сараас үйлдвэрийг хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төслийн үр дүнд нийслэлчүүд бид усны тулгамдсан асуудлаа бүрэн шийдвэрлэх, ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдтэй болоод зогсохгүй, хаягдал ус дахин боловсруулах дэвшилтэт технологитой, томоохон хэмжээний үйлдвэрийг эх орондоо анх удаа байгуулж байна.

-Та өмнө нь ХНХЯ-ны дэд сайдаар ажилласан. Энэ хугацаандаа ямар чиглэл, асуудалд түлхүү анхаарч ажилласан вэ?

-2016 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдон дөрвөн жил ажилласан нь чухал он жилүүд байв. Энэ хугацаанд хүүхэд хамгаалал, цалинтай ээж, ахмадын зөвлөх үйлчилгээ, залуучуудыг Австрали улсад нэг жилийн хугацаанд ажиллангаа аялах боломжийг нээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын стандартад нийцсэн хөгжлийн төвүүдийг зургаан аймагт байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах иж бүрэн төвийг анх удаа байгуулж, ашиглалтанд оруулах гэх мэт нэн чухал ажлуудыг манай хамт олон амжилттай хэрэгжүүлсэн.

Эдгээрээс нэг ажлыг онцгойлон хэлмээр байна. Манай улсын хүн амын 34 хувийг 18-34 насны залуус бүрдүүлдэг гэхээр Монгол яах аргагүй залуучуудын орон. Залуучуудын байгууллагад ажиллаж байх хугацаандаа бид Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа олон мянган залуустай уулзахдаа төр, засгаас тэдэнд чиглэсэн нэгдсэн бодлогын дэмжлэг хэрэгтэйг илүү мэдэрсэн. Тиймээс Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайдаар ажилласан эхний нэг жилдээ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, 2017 онд УИХ-аар батлуулснаараа бахархдаг. Энэ хуульд анх удаа нийгмийн амьдралын чухал асуудал болох залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих, залуучуудын гарааны бизнесийг дэмжих, оюутан цэрэг, оюутныг цагаар ажиллуулах тухай агуулга тусгагдан, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн.

-Та эдийн засаг, нийгмийн хамгааллын ачаалалтай гол хоёр яамны дэд сайдаар ажилласан, ажиллаж байна.Эмэгтэй сайдын хувьд ажил, гэр бүлээ хэрхэн зохицуулж байна вэ? Эмэгтэйчүүд бидэнд ажил болоод гэр бүлийн баланс барих гэдэг том асуудал байдаг шүү дээ?

-Ялангуяа нийслэлчүүд бидний хувьд ажил, амьдралаа хэрхэн тэнцүүлж авч явах вэ гэдэг асуудал тулгарч байгаа гэж боддог. Миний хувьд нэгэнт зориод ажиллаж байгаагийн хувьд ачааллаа тэнцвэржүүлж, ажлаа оновчтой төлөвлөж, цагаа зөв зохицуулахыг хичээдэг. Мэдээж төрийн хариуцлагатай алба хашиж буй болохоор зарим тохиолдолд ар гэрийн ажлыг орхигдуулах тохиолдол гардаг. Гэхдээ төрийн ажлаа ч, ар гэрийн ажлаа ч тэнцвэржүүлэхийг хичээж ажилладаг даа.

 -Манай энэхүү дугаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хэвлэгдэн гарна. Та Монголынхоо эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Юуны өмнө Монголынхоо бүх ээж, бүсгүйчүүд, охидууддаа баярын мэнд хүргэе.

Гэрэлт ирээдүй, үр хүүхдүүдийнхээ төлөө тэгш шударга, сайн сайхан нийгмийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд бидний дуу хоолой, үүрэг оролцоо, манлайлал ихээхэн чухал. Тийм учраас нийгэмд гэрэл гэгээ татуулах үйлс бүхэн нь гэгээн байхыг хүсэн ерөөе.

 

 

 

 

Mongolian Economy