С.Хүрэлбаатар: Япончууд биднийг Зүүн хойд Ази дахь хамгийн чухал түнш гэж үздэг

Sarangerel
2025-07-07 15:12:33

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрээлбаатартай ярилцлаа.

-Монгол-Япон Улсын 45 жилийн түүхт харилцаанд ямар онцлох үйл явдлууд өрнөж байв. Мөн энэ хугацаанд хоёр орны иргэд болон улстөрийн харилцааны түвшин хэрхэн нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн 45 жилд Монгол Японы харилцаа танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Түүхэн хугацааны эхний хагаст хоёр орны нийгмийн байгуулал, үзэл суртлын хувьд ялгаатай тул харилцааг өргөн хүрээнд хөгжүүлэхэд хязгаарлагдмал байлаа. Гэхдээ өнөөдрийн найрсаг дулаан харилцааны суурь энэ үед л тавигдсан. Энэ цаг үед парламент болон Гадаад хэргийн яамд хоорондын харилцаа илүү түлхүү байсан. Үүний үр дүнд 1977 онд тухай үеийн ханшаар таван тэрбум иенийн Эдийн засгийн хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, одоогийн “Говь” үйлдвэрийг байгуулсан. Гол ач холбогдол нь “Говь” үйлдвэрт тулгуурлан эдийн засгийн харилцааг сэргээх, суурийг тавьсан юм. Үйлдвэр байгуулахаас өмнө улс хоорондын худалдаа нэг сая ам.доллар орчимд эргэлддэг байсан бол үүнээс хойш эрс өссөн.

Мөн 1974 оны есдүгээр сард хоёр улсын соёлын харилцааг өргөжүүлэх хэлэлцээр байгуулагдаж, үүний дагуу хоёр жил тутамд соёлын солилцоо явуулах агуулга бүхий төлөвлөгөөт ажил эхэлсэн. Ингэснээр Монголоос Япон руу эсвэл Японоос Монгол руу багш, оюутан сургах ажлын суурь нь тавигдсан юм. Түүнчлэн Дэлхийн II дайны дараа олзонд байсан япон цэргүүд нутагтаа буцсан. Харин Ардчилсан хувьсгал гарснаас хойш хоёр орон харилцаагаа бүх салбарт маш идэвхтэй, нээлттэй, өргөн хүрээнд хөгжүүлсэн. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн чухал зүйл бий. Нэн тэргүүнд хоёр улсын эрх ашиг нэг цэгт огтлолцсон. Манай улсын хувьд ЗХУ-тай харилцаж байсан эдийн засаг, нийгмийн бүх харилцаа тасарсан. Тиймд дэмжих, туслах, хамтрах эрх ашигтай түншлэгч орон ардчиллын дараа бидэнд зайлшгүй хэрэгтэй байсан. Тэр улс нь Япон байв. Япон Улс ч 1980-аад оны сүүлчээр гадаад орнуудтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх зорилготой байсан юм. Мөн эрх чөлөө, хүний эрх, ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн үнэт зүйлсээр холбогдсон. Эдгээр хүчин зүйл байснаар 1990-ээд оны дунд үеэс харилцаа улам бүр бэхэжсэн. 2010 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлахдаа “Хоёр орны харилцааг дараагийн шинэ шатанд хөгжүүлж, стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Үүний дагуу ч харилцаа маш амжилттай хөгжиж байна. Үр дүнд нь 2013 онд Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөл бөрийг байгуулсан. Амжилттай ч хэрэгжсэн. Харин одоо дараагийн таван жилийн дунд хугацааны хөтөл бөрийг баталчихсан нь дээрх ажил ихээхэн эерэг үр дүнд хүрснийг харуулж байна.

-Хоёр улсын хооронд байгуулсан “Стратегийн түншлэл”-д чухам юу агуулж байна вэ?

1990-ээд оны үед Япон Улсын гадаад бодлогод Монгол Улс руу чиглэсэн ажил нь цэг төдий зүйл байсан. Тэгвэл өнөөдөр Зүүн хойд Ази дахь хамгийн чухал түншээ гэж Япончууд үздэг.

-Энэхүү түншлэл нь таван баганаас бүрддэг. Эхнийх нь хоёр орны харилцан ойлголцож, итгэмжилсэн улстөрийн харилцааг өндөр, дээд болон бүх түвшинд хөгжүүлэх тухай. Хоёрдугаарт, худалдаа эдийн засгийн харилцааг аль алиндаа ашигтай болон харилцан нөхсөн зарчимд тулгуурлан хөгжүүлэхэд чиглэж байна. Гуравдугаарх нь соёл, боловсрол, спорт болон олон нийт, орон нутгийн харилцааг бэхжүүлэхэд оршино. Одоогийн байдлаар Японд 7000 гаруй Монгол Улсын иргэн сурч, ажиллаж амьдардаг. Үүний 1800 орчим нь оюутан. Мөн Японы Засгийн газрын боловсролын зээлээр инженерийн мэргэжлээр оюутан сургах хөтөлбөр хэрэгжиж байна. Соёл урлагийн тухайд ч харилцан аль нэг улсдаа тоглолт хийх нь элбэгшиж, монгол үндэсний урлагийн хамтлагууд жилдээ 3-4 удаа Японд ирж тоглодог. Японы сонгодог урлагийнхан ч Монголын урлагийнхантай хамтарсан тоглолт зохион байгуулах нь эрс ихэссэн.

-Өнгөрсөн таван жилийн хамтын ажиллагааг товчоор дүгнэвэл?

-Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд өндөр төвшний айлчлалууд олон боллоо. Мөн манай Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар тус бүр хоёр удаа айлчилсан. Энэ нь улстөрийн түвшинд ямар идэвхтэй харилцаатайг харуулж байгаа юм. Гол ач холбогдол нь итгэмжлэгдсэн улстөрийн харилцаа хөгжих эх суурь тавигдаж байна. Мөн парламент хоорондын харилцааг дурдах хэрэгтэй. Сүүлийн үед стратегийн түншлэлээр дамжуулан улам бүр бэхэжсээр байна. Хоёр орны парламент дахь бүлгэмүүд маш идэвхтэй. Үр дүнд нь хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт нэмэгдэж байна.

-Японы зах зээл бол дэлхийнх л гэсэн үг. Монгол бизнес эрхлэгчид энэ зах зээлд гарахыг их хүсэж байна. Ямар боломж байна вэ. Юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

-Хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх сонирхол аль аль талдаа байна. Япончууд боловсруулсан нүүрс, жонш, алт, уран, зэс зэрэг бүтээгдэхүүн авах сонирхол бий. Мэдээж гол асуудал нь тээвэр. Үүнийг шийдчихвэл хамтарч ажиллая гэдэг. Мөн сүүлийн үед сонирхол нь уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна хөдөө болон мал аж ахуйн бүтээгдэхүүн сонирхох болсон. Бэлчээрийн малын мах амттай, тэжээлтэй гэдгийг япончууд сайн мэддэг. Гэхдээ япон стандартад суурилсан технологи нэвтрүүлэхэд 2-3 жил шаардлагатай. Түүнчлэн малын боловсруулсан үс, ноос, ноолуур, арьс зэргийг стандарт хангасан тохиолдолд л худалдан авна. Бас цагаан идээ ч үүнд хамаардаг. Үүнээс харвал монголчууд япончуудын сонирхож буй салбарыг таниж мэдэх, хөрөнгө оруулалт хэрхэн татах, аль чиглэлд нь хамтрах вэ зэрэг асуудал тулгарч байгаа юм. Тийм учраас хоёр талын бизнес эрхлэгчдийг уулзуулан танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг манай Элчин сайдын яамнаас сар бүр зохион байгуулж байгаа.-Япон жуулчид дэлхийд маш өндөр орлоготойд тооцогддог. Тэгвэл Японы аялал жуулчлалын салбарын тухай яривал, Япон Улс жилдээ 20 сая жуулчин хүлээн авдаг. Энэ тоог 4-5 жилийн дараа 40 сая болгох зорилт той ажиллаж, холбогдох хуулиа баталсан. Үүнтэй уялдаад жуулчдын тав тухтай байх талд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ зорилгоо 2020 онд болох Зуны олимпийн бэлтгэлтэй уялдуулан хийж байна. Тэр нь ч маш амжилттай үргэлжилж байгаа.

-Элчин сайдын яам монгол иргэдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж, тусалж дэмжиж байна вэ?

-Монголын дипломат алба болон тухайн улсад байрлах Элчин сайдын яамны нэг үүрэг нь өөрсдийнхөө иргэдийн эрх ашгийг хамгаалах. Манай Элчин сайдын яаманд 10 ажилтан бий. Үүний дөрөв нь консулын хэлтэст харьяалагддаг бөгөөд иргэдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр ажилладаг. 7000 гаруй иргэний асуудлыг дөрөвхөн хүн хариуцаж байгаа нь маш ачаалалтай ажилладаг гэсэн үг. Мөн хамгийн чухал ажлын нэг нь тухайн орны хууль, дүрэм, ёс заншлыг мэдэх, мэдсэнийхээ хэрээр мөрдөх зэргийг нь сурталчлан таниулах. Ер нь иргэдтэй холбоотой асуудал тасрахгүй. Иргэдийн тоо нэмэгдэх тусам л асуудал үүсч байгааг өнгөрсөн хугацаанд харлаа. Намайг таван жилийн өмнө ирэхэд 5000 орчим монгол иргэн байсан

-Сүүлийн үед хоёр улсын хооронд ажиллах хүчний тухай их яригдах болж. Энэ тал дээр бидэнд ямар боломж байна вэ?

-Японд ажиллах хүчний тоо цөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, голлох ажиллах хүчийг бүрдүүлэх ёстой хөдөлмөрийн насны хүмүүс багасаж буй учраас гадаадаас нөхөх сонирхол нэмэгдэж байна.

Дэлхийн II дайны дараа нутагтаа буцсан Япон цэргүүд 1957 онд Япон-Монголын нийгэмлэг байгуулсан.

Ялангуяа Токиогийн Олимпод зориулсан бүтээн байгуулалтад ажиллах хүч дутагдана. Тиймд гадаадаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан өнгөрсөн арванхоёрдугаар сард хууль баталсан. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд ч ярилцсан, ажил хэрэг эхлээд явж байна. Бүр цаашилбал ХНХЯ ны Төлөөлөгчийн газрыг Японд нээн ажилуулах сонирхол яригдаж байна.

-Таны хувьд Япон Улс дахь Элчин сайдаар хоёр удаа томилогдсон. Та энэ улстай хэзээнээс ажил, амьдралаа холбосон бэ?

-Манай улс 1964 онд Токиод болсон Олимпийн наадамд анх удаа оролцож байлаа. Тухайн үед би зургадугаар ангийн сурагч байв. Тэр үеэс л энэ улсыг ихэд шимтэн сонирхох болсон. Япончууд хэнийг ч хүн ёсоор хүндэлдэг харилцааны өндөр соёлтой хүмүүс. Дунд сургуулиа төгсчихөөд Япон Улстай холбоотой мэргэжлээр мэргэших гэтэл хуваарь байгаагүй. Гэхдээ сэтгэлдээ бууж өгөлгүй боломж эрэл хийлж явтал Гадаад явдлын яамнаас Японоор мэргэших оюутныг Моск вагийн Олон улсын харилцааны сургуульд сургах уралдаант шал гаруулалт зарласныг сонссон. Тэгээд шалгалт өгч тэнцээд таван жил сурсан даа. Тухайн үедээ Монголд энэ чиглэлээр боловсрол эзэмших боломжгүй байсан юм. Ингээд буцаж ирээд Гадаад явдлын яаманд ажилласнаар Японтой харилцах харилцаа эхэлсэн дээ. Түүнээс хойш тасралтгүй 40 орчим жил хоёр улсын харилцаанд ажиллаж байна.

-Энэхүү түүхэн ойн жилд зориулаад хоёр орны иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Өнөөг хүртэл хөгжүүлсэн энэхүү харилцааг хадгалан улам, илүү өргөжүүлэхийг хүсч байна. 1990-ээд оны үед Япон Улсын гадаад бодлогод Монгол руу чиглэсэн ажил нь цэг төдий зүйл байсан. Тэгвэл өнөөдөр Япон манай улсыг Зүүн хойд Ази дахь хамгийн чухал түншээ гэж үздэг. Нөгөө талд Монголын гадаад бодлогод Японыг гэх байр суурь яг адилхан. Мэдээж гол нь худалдаа, эдийн засгийн харилцаа бие биедээ байгаа боломж нөөцөө сайтар ашиглан хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хоёр улсын иргэд хоорондын болон боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын хамтын ажиллагаа улам өргөжих байх. Түүнчлэн орон нутаг хоорондын шууд харилцаа хөгжих нь нэн чухал. Тиймээс цаашид бүс нутаг, глобал асуудлаар нэг нэгнээ ойлгодог, хамтарч ажилладаг байгаасай. Үүний төлөө хоёр улсын дипломатууд хамаг хүчээ дайчлан хамтран ажиллах болно гэж хэлмээр байна.

Жич:

Бид тавдугаар сард түүнтэй уулзаж ярилцсан бөгөөд энэхүү сэтгүүлийг бэлтгэж байх хугацаанд түүний бүрэн эрхийн хугацаа дуусаж эх орондоо ирсэн юм. Өнөөдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар Г.Тэнгэр томилогдоод байгаа билээ.

/Ардчилсан Монголын анхны найз тусгай дугаараас 2017.09 сар/