Том хотууд тахлын дараа

Mongolian Economy
2020-06-22 17:53:51
Ангилал: Олон улс

Коронавирусийн дэгдэлт Барууны том хотуудад ямар хохирол учруулав

Саяхныг хүртэл том хотууд дийлдэшгүй байлаа. Жил өнгөрөх тусам Нью-йорк, Лондон, Парис зэрэг хот улам баян, улам завгүй болж байв. Шинэ зуун гарснаас хойш тэд доткомын сүйрэл, санхүүгийн хямрал, террористуудын дайралт болон хөгжил цэцэглэлт, бардам байдалд нь атаархсан улс төрийн популизмыг давж гарчээ. Тэдний ид шидийн мэт он жилүүд төгсгөл болох юм биш биз?

Санаа зовох шалтгаан олон бий. Дэлхийн хамгийн сонирхолтой, даяарчлагдсан хотуудыг Ковид-19 хамгийн их нэрвэв. Америкийн хүн амын гурван хувь амьдардаг Нью-йорк хотод эл өвчнөөр тус улсад нас барагсдын 19 хувь ногдсон юм. Францад нас барсан дөрвөн хүний нэг нь Парис болон ойролцоох хотуудын оршин суугчид байлаа. Хөл хориог цуцалсан ч олон улсын тээврийн хязгаарлалт, халдвар авахаас эмээх явдал анзаарагдсаар байна. Лондон гэхэд л өмнөх үетэй харьцуулахад завгүй байдал нь ердөө 15 хувь байгаа гэсэн тооцоо гарчээ.

Ийм нам гүм байдал хотуудад, тэр дундаа том, дэлхийн хэмжээний хотуудад аюул дуудах юм. Хотын захын дүүрэгт амьдрахын сайхан нь амины орон сууц, цэцэрлэгүүдтэй холбоотой бол хөдөө амьдрахад тайван амгалан байдал, байгаль нь анхаарал татдаг. Харин том хотуудын хувьд өдгөө чимээгүй эсвэл хаагдсан завгүй гудамж, зоогийн газар, театрууд асар чухал. Ковид-19 вирус эдгээр хотыг эрч хүчтэй, амжилттай болгодог цөм рүү дайрсан юм. Том хотуудын хөгжил цэцэглэлтийн нууц бол шинэ, содон санаагаар дүүрэн авьяаслаг хүмүүсийг нэг дор цуглуулж, зорьсноо хийх боломж олгодогт оршдог. Нэг саяас олон хүнтэй хотод аж төрдөг америкчууд бусад суурин газарт амьдардаг иргэдээсээ 50 хувиар илүү бүтээмжтэй байдаг аж.

Харин өдгөө хүмүүсийг албан газар, бааранд цуглуулах нь хариуцлагагүй явдал болж хувирав.  Нэгэн зууны өмнөх Испани ханиадаас ялгаатай нь маш олон ажилтан энэ удаад сонголттой болсон байлаа. Хүмүүс гэрээсээ ажиллах шаардлагатай болж, заримд нь энэ явдал таалагдсан. Саяхныг хүртэл том оффисуудаараа алдартай байсан Facebook компани вирус дарагдсан ч ихэнх ажилтнаа зайнаас ажиллуулна гэж зарлав. Хүмүүс хотод ажиллахаа больж эхэлснээр оффисын болон орон сууцны зах зээл хүнд байдалд орох төлөвтэй. Гудамжинд ил үйлчилдэг дэлгүүр, кафе ч оффисын ажилтан, жуулчин, оюутнуудын тоо багасахтай зэрэгцээд цар хүрээ нь хумигдана.

Хэрэв тэд харилцагч, үйлчлүүлэгчдээ алдвал хотуудын төсөв хүнд байдалд орно. Зочид буудлын татвар, нийтийн тээврээр зорчсоны төлбөр үгүй болно. Нью-йоркийн бие даасан төсвийн байгууллагын тайлангаас үзвэл “дээд зэргийн таагүй, тодорхойгүй байдал” үүсээд байгаа бөгөөд ирэх хоёр төсвийн жилд татварын орлого есөн тэрбум доллароор буурч магадгүй аж. Ингэснээр хотууд төсвөө танаж, иргэддээ үзүүлдэг үйлчилгээ нь муудаж, гэмт хэрэг нэмэгдэж, дундаж давхарга алга болох аюул бий болно.

Тиймээс том хотуудын хувь заяа Ковид-19-ийн эмчилгээ, вакцинаас хамаарч байгаа юм.

Гэвч тэдний ид шид тийм амархан агаарт хийсэн замхрахгүй. Сүлжээ үүсгэх, хамтран ажиллаж сурах тал дээр хотууд нь хүмүүсийн хувьд үнэ цэнтэй цор ганц газар хэвээр байна. Хотын зах, хөдөөний эдлэнгээс Zoom-ийн хуралд оролцож байгаа оюуны хөдөлмөр эрхлэгчид нь компанийн оффист хамтрагчидтай болж, соёлд суралцсан учраас ажлаа хийж байгаа юм. Хөл нь биш ч толгой нь хотод байгаа гэсэн үг. Хэдий алсын зайнаас ажиллаж байж болох ч хагас хүнтэй оффис нь шинэ ажилтнуудад компани нь хэрхэн ажилладагийг танилцуулахад чухал хэвээр байх болно. Цаашдаа банкир, программчид хотод ирэхээ больсон ч хотууд дасан зохицож чадна гэж найдагчид олон. Ковид-19-ийн халдвар авах эрсдэл багатай залуус том хотод амьдрах нь тийм ч өндөр өртөгтэй биш гэдгийг олж мэдэх боломжтой. Тэднийг татахын тулд хотууд ковидийн дараах эринд бэлтгэх хэрэгтэй юм. Угаас хотууд автобус, метрогоор зорчихоос эмээж буй олон сая хүнийг тээвэрлэх толгой өвтгөсөн асуудалтай аль хэдийнэ нүүр тулаад буй. Зарим нь унадаг дугуйны замын сүлжээг нэмэгдүүлэх, замыг нь өргөн болгох, явган зорчигчдыг авто замаар явуулахын тулд хуванцар саад босгох зэрэг янз бүрийн арга бодож олсоор байна. Энэ бол сайны дохио. Гэвч иргэд нь автобус, метроноос зайлсхийж, хувийн унаагаар зорчдог болсноор түгжрэл үүсгэнэ гэхээс эмээж буй хотууд автомашины зогсоолын үнийг нэмэх, зогсоолын тоог нэмэх зэрэг арга хэмжээ нэмж авах нь зүйтэй болов уу.

Тун удахгүй том хотууд санхүүгийн хувьд хүнд байдалд орж болзошгүй учраас Засгийн газар, мужууд тэдэнд илүү эрх мэдэл өгөх ёстой. Учир нь том хотууд тухайн улсын төсөвт ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Том хотууд улсдаа зөвхөн эдийн засгийн хувьд тусалдаг юм биш. Хүмүүс орчин үеийн, нээлттэй нийгэмд аж төрж сурахаар ирдэг газар бол хот. Хот бол иргэнийг бүтээдэг “машин” юм.

 

Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. 

 

Mongolian Economy