“Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” бичиг баримтыг танилцууллаа

Sarangerel
2024-11-13 08:43:19
Ангилал: Нийгэм

Монгол Улсын төрөөс эрчим хүчний салбарт реформ хийхээ зарлаад, тус салбарын эрх зүйн орчинд нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа. Энэ үед НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” баримт бичгийг өчигдөр танилцууллаа.

НҮБ-аас Монгол Улсын хүний хөгжлийн анхны тайланг 1990 онд гаргаж байсан бол хамгийн сүүлийнхийг 2016 онд танилцуулсан байдаг. Харин энэ удаагийнхыг бол баримт бичиг хэмээн онцолж байна.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс манай улсын өнгөрсөн хугацааны эдийн засагт дүн шинжилгээ хийж, анализ судалгаа явуулсны эцэст энэхүү баримт бичгийг танилцуулж буй аж. Уг баримт бичигт, “Монгол Улс өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбар, хүн амын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хүчин чармайлт гаргасны үр дүнд хүний хөгжилд тодорхой ахиц гаргасан. Гэвч сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр (ХХИ) хэмжигдэхүйц ахиц дэвшил гарахгүй, зогсонги байдалд орж, удааширч байна. Тус улсын ХХИ 2018 он хүртэл тогтмол өсөж байсан боловч аажмаар буурч, 2022 он гэхэд 2016 оны түвшиндээ ч хараахан хүрээгүй хэвээр байна. Монгол Улс нь гол төлөв нүүрс, зэсийн үйлдвэрлэл болон экспортод түшиглэсэн аж үйлдвэрийн хөгжлийн үр дүнд хүний хөгжилд багагүй ахиц дэвшил гаргасан боловч энэхүү дэвшил саарч, малтмал түлшний хэрэглээ өсөхийн хэрээр хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон” гэдэг дүгнэлт хийжээ.

Цөөн хүн амтай Монгол Улс нь дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын дөнгөж 0.12 хувийг ялгаруулж байгаа хэдий ч нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн (CO2) ялгаруулалт маш өндөр буюу 11.2 тонн болж 2022 оны байдлаар дэлхийд 17-рт жагсаж байгаа тоог онцольё. Энэ нь эрчим хүчний хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг нүүрсээр хангаж байгаатай холбоотой. 1990 оноос хойш Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэлээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт 59.6 хувиар өсчээ. Ийнхүү Монгол Улс дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үр дагаврыг нь ч мөн өөрсдөө амсаж байна гэдгийг ч бас дурдсан байна.

2023 онд Монгол Улс 81 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оныхоос 118 хувиар өсч, үүний 70 сая тонныг нь голдуу БНХАУ руу экспортолжээ. Монгол Улс 2023 онд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 37,740 тэрбум төгрөг зарцуулсан нь 2018 онтой харьцуулахад 120 хувиар өсчээ. Монгол Улс хүний хөгжлийн индексээр 200 орчим орноос 96-р байрт эрэмбэлэгдэж байна.

Монгол Улсын эрчим хүчний салбарт хийх реформын нэг гол зорилго нь ногоон эрчим хүчийг хөгжүүлэх явдал гэдгийг Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” баримт бичгийг танилцуулах нээлтийн үгэндээ онцолсон.

Монгол Улс ийнхүү эрчим хүчний гол эх үүсвэр болох малтмал түлшнээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжин, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт хийх шаардлага тулгарч байгааг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн эдийн засагч Ясин Жонжуа хэлэв. Тэрбээр “Энэхүү илтгэлд өнөө болон ирээдүй хойч үеийнхний хөгжлийн төлөөх Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг (ТХЭХШ) хэрэгжүүлэхэд зайлшгүй нүүр тулах бодлогын асуудлыг судалж тусгасан болно” гэж тодотголоо.

“Сүүлийн 30 жилд Монгол Улсын нийт хүн амын 20 орчим хувь нь Улаанбаатар хотод шилжин суурьшсанаар өдгөө 1.6 сая гаруй хүн амтай болсон нь тус улсын нийт хүн амын тал орчим хувийг бүрдүүлж байна. Жилд 60,000 гаруй хүн Улаанбаатар хот руу шилжин суурьшиж байна. Улаанбаатар хотод ирмэгц тэд амьдрах орон байр олох, наад захын суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байх зэрэг сорилт, олон хэлбэрийн ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй нүүр тулж байна. Шилжих оршин суугчид амьдрахын тулд нүүрс түлэхээс өөр аргагүйд хүрсэн тэднийг хотын агаарын чанар муудаж байгаагийн гол буруутнууд хэмээн шударга бусаар цоллож байна. Хэдийгээр агаарын бохирдлын үндсэн шалтгаан нь системийн ядуурал, хотын дэд бүтцийн хөгжил сул байгаа зэрэг боловч ийм хэлбэрийн буруутгал тэдний эмзэг байдлыг улам хурцатгаж байна” гэж дүгнэжээ.

“Энэ мэт хүн амын бүлгүүдэд ялгаатай нөлөө үзүүлж болзошгүй тул хэнийг ч орхигдуулахгүй, тэгш, хүртээмжтэй хандах учиртай. Ийм “тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” нь хүний хөгжлийг бэхжүүлж, Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай хөгжлийн замд хөтөлнө. Нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчны бүхий л салбарыг хамарсан тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь зөвхөн техник технологийн өөрчлөлт төдий бус, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчинд хөрөнгө оруулах замаар өөрчлөлтийн эргэн тойронд хүний хөгжлийн соёлыг удирдахад чиглэнэ” гэж НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Маттилда Димовска хэллээ.

Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт гэдэг нь зөвхөн малтмал түлшнээс татгалзах асуудал биш юм. Харин энэ нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалт эрчимжих нөхцөл бүрдсэн эдийн засгийн аливаа шийдвэрийг гаргах хувилбарыг дэмжсэн улс төр, соёл, нийгмийн уламжлалт тогтолцоог үе шаттайгаар халах явдал юм. Иймээс тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн талаар олон талаас нь нухацтай хэлэлцэхэд оролцогч бүх талыг идэвхтэй, эрч хүчтэйгээр татан оролцуулах хэрэгтэй. Сайтар төлөвлөсөн, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны бүхий л сувгаар дамжуулан хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадна. Эрчим хүчний шилжилтийг тэгш, хүртээмжтэйгээр нухацтай хийж чадвал Монгол Улсыг хүний хөгжлийн шинэ замд хөтөлнө гэдэг бол дээрх бичиг баримтын гол санаа юм.

Тус баримт бичгийн танилцуулгын үеэр “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэхүү хэлэлцүүлэгт бодлогын яамны мөн нийслэл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, ямар сорилт бэрхшээлтэй тулж, байгаа, эрчим хүчний шилжилт хийхэд ямар бодлого, стратеги баримтлан ажиллаж буй талаараа ярилцсан юм. Эрчим хүчний шилжилт хийхэд оролцогч талуудын хэлэлцүүлэг яриаг олноор өрнүүлэхээс гадна олон нийтэд зөв ойлголт өгөх, ард иргэдийн ухамсарт сэтгэлгээний өөрчлөлт хийхэд чиглэсэн ажлууд сайтар зохион байгуулах хэрэгтэйг онцлохын зэрэгцээ бодлогын түвшинд, ойрын, дунд, урт хугацаанд ямар бодлого, төлөвлөлт хийж ажиллах талаар зөвлөмжүүд өгсөн нь маш чухал ач холбогдолтой тайлан боллоо гэж дүгнэж байна.