Тэтгэврийн зээл биш эдийн засгаа тэглэх шийдвэр

tselmeg tselmeg
2020-01-08 18:31:39
Ангилал:

Эрт цагт хаад ноёд голдуу найр наадам, баяр ёслолын үеэр нэг нэгэндээ хортой сархад өгч амийг нь хороодог байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ малийтал инээж байгаад ахмадынх нь хэтэвчээр далимдуулан эрт цагийн “уламжлалтай” төстэй байдлаар үр хойчийг нь хорлов.

Угаас эрх баригчид улс орныхоо эдийн засгийг улс төрийн барьцаанд тэр чигт нь тавьчихсан, үе үе эдийн засгаа самарсаар ирсэн. 2011-2012 онд монголчууд эх орны хишиг хүртээд шал дордож гурван хүний нэг нь ядуу гэсэн ангилалд хамаарах болов. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4.8 их наяд төгрөг юуг ч тогтоож чадалгүй явсаар 2017 онд төгрөгийн ханшийн уналт дээд амжилт тогтоов. Энэ мэт популист шуурга эдийн засагт нүүрлэсний дараа одоо эргээд харахад эрх баригчдын хөлжсөн, ард түмний ядуурсан хоёр яг тэнцэнэ. Нэг үгээр тэтгэврийн зээлийг тэглэнэ гэх мэтийн сонгууль амдсан амлалтад итгэхгүй байх үндэслэл бидэнд хангалттай байгаа. 

Нийт 776 тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсны дагуу УИХ хэлэлцэхээр боллоо. Эдийн засагчийн эрүүл нүдээр харахад энэ бол улс төрийн тооцоололтой алхам болохоос эдийн засгийн үндэслэлтэй шийдвэр яав ч биш. Энергийн хуулиар энерги огт алга болдоггүй, бас оргүй хоосноос үүсдэггүйтэй адил эдийн засгаас ч мөнгө алга болохгүй, бас гэнэт бий болдоггүй. Амьд амьтан идсэн хоол хүнсээ ходоод гэдсээрээ дамжуулан боловсруулдаг шиг аливаа мөнгө үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, цалин хөлс болж байж эдийн засагт шингэдэг. Гэтэл эрх баригчид амьтныг амаар нь бус “ардаас нь” тэжээх гэж оролдохтой адил муйхарлаж байна. Ахмадын зээлийг шууд механик аргаар тэглэх бус, ажил эрхлэлт, бизнесийн орчныг дэмжихэд хөрөнгө оруулж, ахмадууд зээл авалгүйгээр амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой гэдгийг эдийн засаг гадарладаг хэн боловч хэлж чадна.

Ихэнх эдийн засагчийн үзэж буйгаар Цагаан сараас өмнө нэг их наяд орчим төгрөг гэнэт зах зээлд нийлүүлснээр инфляц өсөхөд нөлөөлнө, төгрөгийн ханш суларна, төсвийн тогтворгүй байдал бий болж, энэ нь цаашлаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт сөргөөр нөлөөлөхөөр байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банк мөнгө хэвлэхгүй, “Салхит”-ын мөнгө-алтны ордын ирээдүйн ашгийг барьцаалан бонд гаргах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж мэдэгдсэн ч АМГТГ-ын Эрдэс баялагийн зөвлөлөөс баталсан уг ордын ТЭЗҮ-ээр тийм боломж байхгүй. “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн “Салхит” мөнгө-алтны ордыг ил уурхайн аргаар олборлох ТЭЗҮ-ийн тодотголоор тус орд долоон жилийн хугацаанд 988.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах бол зардал нь 651.4 тэрбум төгрөг. Цэвэр ашиг нь 250.9 тэрбум төгрөг юм. 

Улаан хэрүүл

Ерөнхийлөгчийн хортой хундага нийгмийг хоёр хуваав. Зээлээ тэглүүлэх ахмадууд (тодруулбал, зээл авахуулсан ар гэрийнхэн нь) баярлаж байгаа ч зээл аваагүй нөгөө хэсэг нь энэ шийдвэрийг шударга бус хэмээн үзэж байна. Ахмадын холбоо нь хүртэл ахмадуудыг дотор нь хоёр хувааж, талцуулсныг буруушааж байгаагаа хэллээ. 

Халамжийг хавтгайруулахгүйгээр нийгмийн зорилтот бүлэг буюу тэтгэврийн зээлтэй ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн нь “яагаад минийхийг болохгүй гэж” гэсэн барьцах хандлагыг эрчимжүүллээ. Өөрсдийн дэгдээсэн түймрээ унтраах гэж мэгдэхдээ эрх баригчид халамж барьцаалсан зээл тэглэнэ, зээлгүй ахмадуудад мөнгө өгнө гэх зэргээр эдийн засагтаа улам сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргаж мэдэхээр байна. Тухайлбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор зээл тэглэх хуулийн төслийг хэлэлцэж дэмжээд зургаан сая төгрөг хүртэлх зээлийг л тэглэх замаар өр төлөх дээд хязгаарыг тогтоох, зээлгүй байгаа 192 мянган ахмадад ямар нэгэн хөнгөлөлт олгох чиглэлийг ХНХ-ын Сайдад өгсөн байна. 

Эдийн засагчид, тэр дундаа гаднын судлаачид “Монголчууд яагаад зээлнээс айдаггүй юм бол” гэж гайхдаг бөгөөд иргэдийн зээлийн хэмжээ өндөр байгааг эрсдэлтэй гэж үздэг. Эдүгээ Улаанбаатарын гудамжаар явж байгаа “Prius”-нуудын нэлээд нь ББСБ-д зээлийн барьцаанд, цалин, тэтгэвэр нь банкны зээлийн барьцаанд, эдийн засаг нь популист улс төрийн барьцаанд, жаахан туйлшраад хэлвэл улс орон олон улсын санхүүгийн байгууллагуудын шахалтан дор байгаа. Ийм нөхцөлд зээлийг тэглэх шийдвэр нийгэмд төсөв, санхүүгийн хариуцлагагүй байдлыг улам дэвэргэнэ. 

Уг нь тэтгэврийн зээл гэж байх ёсгүй зүйл. Энэ бол зээл биш. Харин ирээдүйд олох орлого нь. Өөрөөр хэлбэл, ахмадууд тэтгэврээ урьдчилаад авчихсан гэсэн үг. Зээл нэрээр урьдчилж авсан мөнгийг нь тэглэж, ирэх сараас тэтгэврийг нь хэвийн олгоно гэдэг нь нэг ёсондоо ахмадуудад тэтгэврийг нь дахин олгож байгаа хэрэг.

Үл үзэгдэх занга

Тэтгэврийн зээл тэглэнэ гэсэн Ерөнхийлөгчийн “мэндчилгээ”-ний дараа улс төрд гол байр суурь эзэлдэг намуудын төлөөлөл бүгд л “энэ бол чухам зөв шийдвэр” хэмээн ам уралдуулан мэдэгдэл хийсэн нь манай улс төрийн намуудын үзэл суртлын зааг ялгаа байхгүй болж, попрол гэх ганц туг дор нэгдсэн гэлтэй. 

Уншигч та бодоод үз. Яагаад бидний сонгосон засаг үргэлж биднийг “араар тавьдаг вэ?” Яагаад бид эх орны хишиг, хүүхдийн мөнгөнд хууртдаг вэ? Яагаад бид хуулийн заалтад бус бөө, ламын үгэнд илүү итгэдэг вэ? Яагаад хүмүүс нэр дэвшигчдийг бодит мэдлэг, чадвараар нь бус  популист амлалт, нутаг ус, хамаатан садан, танил тал гэсэн статусаар нь голдуу дэмждэг вэ?

Бид амьдралдаа өдөр тутам шийдвэр гаргадаг. Гэхдээ тэр шийдвэрүүд бидний хийсэн сонголтоос хамаараад амьдралд маань ахих шат, эсвэл гацах занга болдог. Хулгайн сэдэлт төртэй болсон нь бидний гаргасан шийдвэрийн л үр дагавар. Хэрэв бид алдаа болгоноо авлигачид руу чихээд, алдсан ашиг болгоноо хятад компанитай холбоод байвал бид өөрсдийнхөө тархинд суулгасан занганаас хэзээ ч мултрахгүй.

Оксфордын Их Сургуулийн профессор Паул Коллер “Адагт үлдсэн тэрбум” номондоо Африкийн ихэнх орнууд яагаад ядуу амьдардгийг тайлбарлахдаа “засаглалын занга” гэсэн ойлголтыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, “муу хүмүүсийг төрд гаргасны занга” юм. Мулгуу удирдагчид улс орныг сүйрүүлдэг нь гол асуудал биш, харин тэдэнд ийм бололцоо олгоод байдаг олон нийт бол хамгийн гол асуудал гэж Коллер тодотгожээ.

Улс орныг өөдлөн дэвжихэд хүчтэй удирдагч бус боловсролтой иргэд хэрэгтэй гэдэг нь орчин үед үзэл бодол гэхээсээ илүү илэрхий аксиом болжээ. Бид бүхний гол алдааг орчин үеийн хэллэгээр илэрхийлвэл бид “хүнд хөрөнгө оруулдаггүй”, бүх зүйл хүний сайн сайхны төлөө байх ёстой байтал “хүн” гэдэг гол субъектийг байшин барилгаас ч дор статустай болгосноор тайлбарлаж болно. Дипломтой ажилгүйчүүд олон болсон шалтгаан нь мөнгөнд шунасан хувийн сургуулиуд биш, “төгсч л байвал ямар мэргэжил, сургууль нь чухал бус” гэдэг сэтгэлгээний занга юм.

Ийнхүү бид амьдралаа үл үзэгдэх зангаар дүүргэжээ. Эдгээр зангыг олж харах ганц дуран бол мэдлэг боловсрол. Тэглэсэн, тэглээгүйгээс үл хамаарч өнөөдрөөс эхлэн авсан зээлээ Цагаан сард бэлтгэхэд бус боловсролдоо илүү зарж эхэлвэл таны амьдралд үл үзэгдэх занга байх магадлал тэр хэрээр багасна.

Байр суурь

Ерөнхийлөгчийн хортой хундага улс оронд болоод эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар “Mongolian Economy” сэтгүүлд өгсөн судлаачдын байр суурь болон Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан “Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр яригдсан онцлох эшлэлүүдийг хүргэе.

Б.Эрдэнэбат (МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессор): –Тэтгэврийн насныхан бол нэг цул хэсэг биш юм. Тэтгэврийн хэмжээгээрээ харилцан адилгүй байгаа. Өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн нэг хэсэг нь өндөр цалин авч байсан байж болно. Гэхдээ бас тэтгэврийн тогтолцооны гажуудлаас хожсон хэсэг ч бий. Гэтэл тэтгэврийнхэн гэхээр л бүгдээрээ ядарсан гэдэг дүр зураг үүсгэх гэсэн оролдлого нь үнэмшилгүй байна.

Нөгөө талаар, уг шийдвэрийн зорилго тодорхойгүй байна. Ядууралтай тэмцэх үү, эдийн засгийн өсөлтийг дэмжих юм уу, эсвэл эмзэг хэсгээ зорилтот арга хэрэгслээр дэмжихээр зорьж байна уу гэтэл эдгээр зорилго огт харагдахгүй байна.

Өрнөж буй үйл явдлууд санхүүгийн салбарын гажуудлыг тод томруун харуулж байна. Эдийн засагт нэг үнийн хууль үйлчилдэг. Яг ижилхэн бүтээгдэхүүнийг хоёр өөр үнээр борлуулах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хувьд зах зээлийн бодит хүү болон татаастай хүү гэсэн зөрүү үүсгэсэн учраас санхүүгийн зах зээлд гажуудал үүссэн хэрэг. Тухайлбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн гурван хувийн хүүтэй зээл, ипотекийн найман хувийн хүүтэй зээл гэх мэт татаастай зээлүүд зорилтот бүлэгтээ хүрч чадаагүйг бүгд мэдэж байгаа. Тэтгэврийн зээл яг үүнтэй ижил. Бодлогын хүү 11 хувь, зах зээлийн хүү үүнээс хавьгүй өндөр байхад тэтгэврийн зээлийн хүү 10 хувь байгаа. Энэ нь бага хүүтэй зээл авч санхүүгийн өөр секторт байршуулж, 36 хувиар эргэлдүүлэх боломжтой гажуудал үүсгэж байгаа юм. Уг шийдвэрийн үр дагавар нь мэдээж гадаад валютын ханшийг өсгөнө.

Б.Лагшми (Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал):Цагаан сараас өмнө ийм их хэмжээний мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь төгрөгийн  ханшийн сулралд хамгийн том нөлөө үзүүлнэ. Мөн тэтгэврийн зээл тэглэсэн тохиолдолд малчны, цалингийн гэх мэт дараа дараагийн зээлийг тэглэж яагаад болохгүй гэж гэсэн барьцах гинжин урвал гаргахыг үгүйсгэхгүй.

Б.Отгонтөгс (МИУС-ийн доктор, профессор):Тэтгэврийн зээлийг тэглэсний улмаас эдийн засагт болон уул уурхай, банк санхүү, нийгэмд гарах үр нөлөөний талаар судалсан тооцоо байхгүй байна. Гэхдээ өмнө нь ийм үзэгдэл манай эдийн засагт 2012-2016 онд хэрэгжсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн улмаас бий болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанк мөнгө хэвлэж, компаниудад зээлүүлсэн нь макро эдийн засагт инфляцын түвшинг өсгөсөн. Тухайн үед үнийн түвшинг хүчээр барьж байсан ч 2017, 2018 онд инфляц өссөн. Тэтгэврийн зээл тэглэх санхүүжилт нь эцсийн дүндээ Монголбанк мөнгө хэвлэхээс өөр аргагүй болж байна. Төсвийн сахилга сайжирч, ДНБ-ийн өсөлт 6.6 хувь болж, эдийн засаг дөнгөж тогтворжиж байхад эрх баригчид Монгол Улсыг дахин давхар төсөвтэй болголоо. Монголбанк бэлэн мөнгө хэвлэж асан жилүүдэд Хөгжлийн банкнаас гаргаж байсан зээл, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, нэгдсэн төсөв гэсэн гурван төсөвтэй явж ирсэн. Бид ирэх жилүүдэд бондын өрүүд дарах ёстой. Гэтэл гадаад валютын нөөц маань үүнд хаанаа ч хүрэхгүй. 

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хүүтэйгээ нийлээд 850 гаруй тэрбум болж байгаа ч уг шийдвэрийг хэрэгжүүлэх хэлцлийн болон бусад зардал нийлээд бараг нэг их наяд төгрөг болж байгаа. Энэ мөнгө эдийн засагт орсноор импортыг өдөөж, юань, ам.долларын ханшийг л нэмэгдүүлнэ. 100 төгрөг тутмын 79 нь импортын худалдан авалтад явдаг гэсэн судалгаа бий. 

Л.Наранбаатар (Уул уурхайн эдийн засагч):Австрали, Азийн уул уурхай металлургийн институтийн гишүүний ёс зүйн дүрмийн дагуу ямар нэг хөндлөнгийн нөлөөгүйгээр “Салхит”-ын мөнгө-алтны ордын техникийн мэдээллийг үнэ зөвөөр нь мэдээлэхэд уг орд маш жижиг. Хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг. ТЭЗҮ-ээр ил уурхайгаар олборлох боломжтой нөөц нь 669.8 мянган тонн мөнгө, 877.2 кг алттай. Энэ баяжмалыг олборлосноор уурхайн эдийн засгийн үр ашгийг харахад долоон жилд 982 тэрбум төгрөгийн орлоготой, жилд 300 мянган тонн хүдэр олборлоно. Энэ нь “Эрдэнэс таван толгой”-н нэг өдрийн олборлолтод ч хүрэхгүй хэмжээ юм. Харин зардал нь 652 тэрбум төгрөг бөгөөд цэвэр ашиг нь 250 тэрбум төгрөг. Харин төслийг өнөөгийн үнэ цэнээр тооцоход 121.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Энэ төслийг хөрөнгө оруулагчид хоорондоо наймаалцахад 10-15 сая ам.доллар хүрэх боломжтой. Нөгөө талаар, 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөлд банк дээд тал нь 20-22 тэрбумын зээл л олгоно. Үүнээс илүү зээл олговол эрсдэлтэй. Гэтэл ийм төсөлд манай эрх баригчид Хөгжлийн банкаар 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргуулахаар болж байна. 

Бэлтгэсэн: Г.Даваадорж, З.Цэлмэг

tselmeg tselmeg