Түгжрэлийн түгжээг мулталъя

B Shurenchimeg
2023-02-15 15:14:14
Ангилал: Нийгэм

Яармаг руу хийх хоёр өдөр, нэг шөнийн аялал”, “Машиндаа түгжирч байгаа хүмүүст зориулсан бие засах газар”, “түгжрэнгээ машиндаа хоол хийж идье” гэх мэт хошигнолууд нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд “өнгө нэмсээр” уджээ. Харамсалтай нь эдгээр гашуун хошигнолын цаана нийгэм, эдийн засгийн асар их хохирол нуугдаж буй. Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэнгийн мэдээлснээр замын түгжрэлээс үүссэн эдийн засгийн алдагдал 2020 онд 2.7 их наяд төгрөгт хүрсэн бол цаашид 25 их наядад хүрэх магадлалтай ажээ. Монгол шиг эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур, ажиллах хүчний бүтээмж муутай улсад энэ бол асар хохиролтой тоо юм.

Дэлхийн ихэнх хот замын түгжрэлтэй нүүр тулдаг, шийдэл нь тухайн хот, улсаас хамаарч ялгаатай байсаар ирэв. Гэхдээ тэд шийдлээ олсон бол тууштай бөгөөд ухаалгаар хэрэгжүүлдэг нь Улаанбаатар хотоос ялгарах нэг онцлог нь юм. Түгжрэлийг бууруулахын тулд тээврийн түгээмэл хоёр төрөлтэй холбоотой төсөрхөн бэлэн шийдлүүд одоо ч хэрэгжүүлэлтээ хүлээн “зэвэрч” байна. 

Нийтийн тээвэр
Таны ажилтай хамгийн ойр автобусны буудал таван минут алхах зайд байдаг гэж үзье. Таны гэр лүү очих автобус тогтмол 18:10 цагт буудал дээр ирдэг бөгөөд зорчих хугацаа ойролцоогоор 20 минут болно. Ийм тохиолдолд та ажлаасаа 18:05 цагт гараад буудал дээр очиж, автобусандаа суугаад гэртээ 18:30 цагт харина. Энэ бол одоохондоо улаанбаатарчуудын хувьд зөвхөн мөрөөдөл, тансаглал.

Эл мөрөөдлийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх эхний бөгөөд энгийн арга нь замын аль нэг эгнээг зөвхөн нийтийн тээвэрт зориулж тусгайлан гаргаж өгөх юм. УБ хотын автозамын сүлжээг хүний зүрх судасны тогтолцоотой зүйрлэх юм бол одоогоор судасны хананд нь бөөн өөх, холестерин наалдаж, цус нь чөлөөтэй урсдаггүй хүн шиг болжээ. Ийм нөхцөлд нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээг гаргахаас өөр аргагүй. Автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобусаар, троллейбус, такси зорчих журмыг 2012 онд гаргасан ч Монголын хууль гурав хоног болоод удаж байна.

Хоёрдугаарт, автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд аль болох богино эргэлттэй болгож, эргэлтийн давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, “Зүүнсалаа- халдвартын эмнэлэг”, “Яармагийн эцэс-Баянхошуу” зэрэг хэт уртын чиглэлүүдийг богиносгох, шинэчлэх, шинэ чиглэл үүсгэх арга хэмжээ авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тухайн автобус өдөрт хол зайд түгжрэн ихдээ таван рейс хийдэг байсан бол энэ тоо 10 болж өсөх, тэр хэрээр тээх зорчигчдын тоо нэмэгдэх боломжтой болно.

Харамсалтай нь эл энгийн шийдлийг хотын удирдлага гаргахыг хүсэхгүй, автобус компаниудын лобби, эрх ашигт хүлэгдэн суусаар байна. 

“Технологийн тусламжтайгаар замын түгжрэлийг бууруулах аргачлалыг боловсруулж болно. Тухайлбал, симуляцын программ дээр туршилт явуулж, энэ уулзварыг өөрчилчихвөл үр дүн нь ямар байх вэ, нийтийн тээврийг энэ чиглэлд тэдээр нэмэгдүүлбэл яах вэ гэх мэтээр тооцоолж болно” хэмээн “Google” компанийн ахлах инженер Б.Баттулга санал болгож байв. Энэ мэтчилэн хувийн хэвшил, чадварлаг мэргэжилтэн, инженерүүдийн санаачилгыг дэмжих, төр буюу хотын захиргаа өөрсдөө бүхнийг шийдэх гэж муйхарлан зүтгэхээс аль болох татгалзах хэрэгтэйг хэзээ ойлгох вэ.
Хамгийн гол нь цусанд нь ноён зан бат бөх суусан, амин хувиа бодсон монголчуудад нийтийн тээврээр зорчих, тодруулбал хотын иргэн байх соёл, дадлыг суулгах нь чухал байна. “Автобусанд суухаас ичдэг” гэж ичихгүй ярьдаг иргэдтэй хот шүү дээ. 

Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд автобусны өнгө үзэмж, тав тух, ариун цэврийг сайжруулах нь шийдвэрлэх нөлөөтэй бөгөөд үүнд парк шинэчлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, цаашид цахилгаан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх нь зөв сонголт юм. Өвөлдөө дулаахан, зундаа сэрүүн, дуу чимээ бага, зөөлөн явдалтай, цэвэрхэн гээд тав тухын хувьд цахилгаан автобус нь дизель хөдөлгүүртэй автобуснаас хэд дахин илүү нь анзаарагддаг. Агаарын бохирдол, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил гээд том зургаар нь харсан ч автобуснуудаа цахилгаан хөдөлгүүртэй болгох нь оновчтой сонголт юм. Мөн дизель түлш худалдан авахад зориулж ОХУ руу урсгадаг гадаад валютын урсгал багасах, энэ нь дамаа гадаад валютын нөөц, гадаад худалдааны тэнцэлд эергээр нөлөөлөх учиртай. Арваннэгдүгээр сарын сүүлчээр улс даяараа дизель түлшний хомсдолд орох дөхсөн нь бас нэг дохио.

Нөгөө талаар автобус баазуудын хүний нөөцийн асуудлыг шийдэх нэг гарц нь парк шинэчлэл юм. Хүйтэн, бохир, тав тухгүй, үйлчилгээ муутай автобусаар үйлчилдэг гэж адлуулдаг жолооч нарын хөдөлмөрийн орчин сайжирч байж, тэр хэрээр үйлчилгээ нь дээрдэнэ. 2023 онд автобус компаниудын парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа үед үүнд бүр ч их анхаарах цаг иржээ.

Такси
Саявтархан гэрээсээ ажил хүртэл таксидав. 25-р эмийн сангаас Боловсролын их сургууль хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр жолооч ах огтхон ч бодох санах юмгүй явсаар ажилд маань хүргэж өглөө. “Автобусны эгнээгээр явах зүгээр үү” гэж асуувал “Эндхийн камер бараг ажилладаггүй юм, торгууль ирсэн ч төлөхгүй байхад яах ч үгүй дээ” гэсэн хариулт хэлэв.

Улаанбаатар хотод 10 гаруй такси компанийн 580 орчим албан ёсны такси болон халтуурны гэж бидний нэрлэдэг хувийн унаагаараа үйлчилдэг 30-40 мянга орчим иргэн байдаг гэсэн албан бус тоо бий.

Харин UBCab компани бүртгэлтэй 20 мянга орчим жолоочтой. Тус компанийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр “Замын түгжрэлийг бууруулах хамгийн зөв шийдэл нь нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх юм. 2012 онд микро автобусыг төлөвлөлтгүй шууд халснаар иргэд хувийн машин, такси, автобус гэсэн л сонголттой үлдсэн” гэсэн юм.

Нийслэл хотод таксины хүрэлцээ хангалттай бус, дээр дурдсанчлан автозамын нэгдүгээр эгнээгээр албан ёсны такси бус хувийн унаатай хэнбугай ч зорчдог болсноор иргэдийн автомашин худалдаж авах, халтуур хийх сонирхол буурахгүй байна. Нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээвэр, албан ёсны таксины “онцгой бүс” болгон өөрчлөх нь такси компанид бүртгэлтэй, нийгмийн даатгал төлдөг, албан секторт хөдөлмөр эрхлэгч иргэний тоог нэгээр ч болов нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Дагаад дуудлагын таксины үйлчилгээ нэмэгдэх, баталгаатай такси үйлчилгээ авах зэргээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ. 

Хүсэл зориг
Түгжрэл нь зөвхөн хязгаарлагдмал нутаг дэвсгэрт багтахаа больсон тээврийн хэрэгслүүдийн бөөгнөрөл төдий асуудал биш, оролцогч бүхий л талуудаас зориг, золиос шаардах нийгэм, эдийн засгийн цогц асуудал юм. Тухайлбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг жолооч нэгбүрээр дагаж мөрдүүлдэг байх, шаардлагатай торгууль, шийтгэлийг ногдуулдаг байх, лобби бүлгүүдийн хүлээсээс ангижрах, зөв зүйтэй бөгөөд олонхын эрх ашигт нийцсэн шийдэл бол тодорхой хэмжээний эсэргүүцлийг үл хайхран хэрэгжүүлэх, таваас дээш жилийн насжилттай хуучин машины импортыг хориглох, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг алхмуудыг бодлого гаргагчид зориглон  хийх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан, түгжрэлийг шийдэх тусгай төсөв УИХ-аас баталж өгсөн, түгжрэлийн сайдтай болсон гээд эрх баригчдад уулыг нурааж, усыг эргүүлэх хэмжээний эрх мэдэл, хөрөнгө санхүү байгаа ч бодитой үр дүн дэндүү чамлалттай байна.

Харин нийслэлийн иргэдийн хувьд нийтийн тээврийн хэрэгслээр илүүтэй зорчих, дугуй унах, явган явах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг сонгох, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах зэрэг дадал, ухамсрын өөрчлөлт хэрэгтэй байна.

Ийм өөрчлөлтийг зөвхөн орчныг нь өөрчлөх байдлаар хэрэгжүүлэх боломжтой бөгөөд тэр нь дүрэм, журмаа ягштал баримтлахаас өөр юу ч биш билээ.

Аваарын гэрлээ асаачихвал хүссэн газраа зогсож болно гэж бодох, зөвхөн дэлгүүр хэсэхийн тулд замын нэгдүгээр эгнээнд машинаа тавих, төлбөртэй зогсоолд машинаа тавихаас “горойх”, хэдхэн метрийн зайд машинаа тавиад алхахын оронд зөвшөөрөлгүй газар зогсох зэрэг олон дадлаа нийслэлчүүд өөрчлөх хэрэгтэй. Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Цаг уурын хүрээлэнгийн уулзварыг бүрэн камержуулаад 30 минут ажиглахад 193 зөрчил илэрсэн. Эндээс нийслэлчүүд замын хөдөлгөөнд ямар соёлгүй оролцож байгаа нь харагдаж байна” гэсэн нь нэгийг бодогдуулна.

Хэрэв улаанбаатарчууд түгжрэлтэй тэмцэхгүй, түгжрэлийн намагтаа шигдсээр байвал зам дээр бид улам бүр “зэрлэг” авирлах болно. “Зэрлэгүүдийн” тоо нэмэгдсээр байвал юу болох бол? Тиймээс бидэнд LRT, BRT, метро, давхар гүүр, олон давхар зогсоол, нүхэн гарцаас гадна зан авир, соёлын өөрчлөлт дутахааргүй хэрэгтэй байна.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg