Түүхийг өөрөөр харна

Mongolian Economy
2023-10-03 13:05:28

Дэлхийн соёлын институцүүдийн хоорондох хамтын ажиллагааны шинэ модель нь Мумбай дахь амбицтай төсөл болно

Зүүн, баруунаас далай тэнгис, хойд талаараа цаст уулсаар хүрээлэгдсэн Энэтхэг үргэлж хаагдмал байв. Санаа ордог ч гарах нь ховор. Мумбай хотын Chhatrapati Shivaji Maharaj Vastu Sangrahalaya (CSMVS) музейд 2017 онд гарсан “Энэтхэг ба Дэлхий” үзэсгэлэн эл ойлголтыг сөрөв. Тухайлбал, Хараппа иргэншлийн бий болгосон цэвэр хотын тухай санаа Хүрэл зэвсгийн эхэн үеэс дэлхийгээр тархаж, чинжүүг Малабарын эргээс Ромын эзэнт гүрэн рүү экспортолж байсныг эл музей харуулсан. CSMVS-ийн захирал Сабаясачи Мухержи шоуны өмнө “Энэтхэгт өмнө нь үзмэр, танилцуулгын тал дээр ийм мундаг зүйл туршиж байсангүй” гэж хэлэв.

1922 онд нээгдсэн CSMVS эл үзэсгэлэнгийн ачаар жилд нэг сая үзэгч хүлээж авч байна. 2023 онд Калифорнийн Гетти сангаас авах 2.2 сая ам.долларын тусламжаар оюутан, сурагчдад зориулсан олон үзэсгэлэн, боловсролын схемийг багтаасан Ancient World Gallery Project төслөө эхлүүлнэ. Уг санаачилгад дэлхийн олон музей оролцоно.

Британийн музей (BM), Берлиний төв музейгээс урт хугацаагаар зээлсэн үзмэрүүдийг Энэтхэгийн уран баримал, шавар эдлэл, зоос, тамганы хамт үзүүлнэ. Энэхүү төсөл дээр Геттигийн зөвлөхөөр ажиллаж буй BM-ийн захирал асан Нейл МакГрегор “Энэ нь хаа сайгүй хүмүүс ижил зүйл хийхийг оролдож байсныг бидэнд сануулсан. Иргэншил бол өөр бусад хүмүүс байж гэмээнэ бүтдэг зүйл” гэж хэлэв.

Тус төсөл Энэтхэгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэтхэгийн 1.4 тэрбум хүний бараг тал нь 25-аас доош насныхан. 2026 он гэхэд бараг нэг тэрбум ухаалаг утастай болно. Гэвч хүмүүнлэгийн ухааны сургалт хязгаарлагдмал. Дунд сургууль, их, дээд сургуульд энэ талын албан ёсны сургалт цөөн бөгөөд Энэтхэгийн музейнүүдэд соён гэгээрүүлэх хөтөлбөр ховор байдаг. Энэ хоосон орон зайд Нарендра Модигийн Bharatiya Janata Party намын сурталчилсан соёлын харгис үндсэрхэг үзэл цэцэглэж байна.

CSMVS болон түншүүдийн хамтын ажиллагаа нь дэлхийн мэдлэг, инновац, уламжлалыг бий болгох, солилцоход Энэтхэгийн гүйцэтгэсэн үүргийг харуулах замаар дэлхийн соёлын түүхийг танилцуулах шинэ аргыг санал болгож байна. МакГрегорын хэлснээр “Үндэсний өвөрмөц онцлогтой ертөнцөд Энэтхэгийн соёлыг илүү өргөн хүрээнд танилцуулах соёл бол дэлхийн бөгөөд нийтлэг зүйл гэдгийг нотолж байна”.

Соёл иргэншил бол бусад хүмүүстэй байж гэмээнэ бүтдэг зүйл

Дэлхийн томоохон музейнууд голчлон Европ, Америкт байдаг бөгөөд дэлхийн соёлын талаарх тэдний түүх Газар дундын тэнгис, Ойрхи Дорнодоос эхэлдэг. Мумбай, Мехико, Шанхайн өнцгөөс түүх өгүүлэх нь дэлхийн түүхийг ирээдүйд өөр өнцгөөс харуулна. Төслийн цөм болсон хамтын ажиллагаа нь дэлхийн эрдэнэсийн сан хөмрөгийг шунахайран хадгалагч гэгддэг аж үйлдвэржсэн улсуудын музейнууд болон хязгаарлагдмал цуглуулгатай, дэлхийн түүхийг бүрэн өгүүлдэггүй гэгддэг дэлхийн Өмнөд хэсгийн музей хоорондын харилцааг өөрчилнө. “Музейнууд ном зээлдэг номын сан шиг байх хэрэгтэй” гэж нэгэн куратор өгүүлэв.

2023 оны намар нээлтээ хийх эхний шатанд Лондон, Берлиний музейн ариун баримлууд CSMVS-ийн танхимд баялгийн бурхан Меркуритай адил Лакшми, Мумбайн Мумба (Афины дарь эх Афинатай ижил) зэрэг Энэтхэг бурхдын хажууд байрлана. Европ, Америкаас ялгаатай нь Энэтхэгт бурхдыг илүү идэвхтэй шүтэж байгааг уг үзэсгэлэн харуулна. 2024 онд нээгдэх хоёрдугаар шат нь Инд, Нил, Шар мөрний дагуух соёл иргэншил нь худалдаа, үзэл санааны шилжилт, дэлхий даяарх эрх мэдлийн төсөөллийг хэрхэн хөгжүүлж байсныг илүү гүнзгий дэлгэн харуулна.

The Ancient World Gallery Project төсөл нь цуглуулгаа хуваалцах хөтөлбөрөө өргөжүүлэх боломжийг Геттид олгоно. Нөхөн олговор олгох уриалга нэмэгдэж байгаа энэ үед уг төсөл дэлхийн өвийг хэрхэн хуваалцах мэтгэлцээнд шинэ эрч хүч нэмнэ.

ФЛАММЕТТА РОККО Ахлах редактор, соёлын сурвалжлагч, The Economist

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy