Төмөр замаар жилд 180 сая тонн ачаа тээвэрлэнэ

Sarangerel
2023-11-08 14:41:44
Ангилал: Дэд бүтэц

Тээврийн салбарынхан энэ долоо хоногт Шангрила зочид буудалд чуулж байна. “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” форумыг Засгийн газар, УИХ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж байгаа юм. Тус форумыг ОХУ, БНХАУ болон бусад орны зочид төлөөлөгчид зорин иржээ. 

Чуулганы хоёр дахь өдөр төмөр замын асуудлыг хэлэлцэв. Арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, хэлсэн үгэндээ “УИХ-аар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдсанаас хойш Сайншанд-Алтанширээ, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн стратегийн онц чухал төмөр замууд баригдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж эхэллээ. Манай улс Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр Транзит-Монгол хөтөлбөрийг дэвшүүлсэн” гэж онцлов.  

Чуулганы үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ “Хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ. 2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28,2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтийг эхлүүлж, 37.7 сая ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна. Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадлаа. Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхааран ажиллаж байна. Ингэснээр бид төмөр замын таван шинэ гарцтай болно” хэмээлээ.

4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болно

 “Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын онцлох эшлэлийг танилцуулъя. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х. Итгэлт:  Баруун босоо чиглэлийн төмөр зам үе шаттайгаар ашиглалтад орвол 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Зүүн босоо чиглэлийн төмөр зам 25 сая тонн, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам 50 сая тонн ачаа тээвэрлэнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 30 сая тонн, Тавантолгой-Зүүнбаян 15 сая тонн, Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам 15 сая тонн гээд нийт 180 сая тонн ачаа тээвэрлэх бодит боломж бидэнд байна.  

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын орлогч дарга Ш.Нямсүрэн:  “Улаанбаатар төмөр зам” ХНН 2018 оноос техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 300 гаруй км замын их засварыг хийж, алсын удирдлагатай нэг зөрлөг барьж, таван өртөө зөрлөгийг сунгалаа. Мөн 29 зүтгүүрээр паркаа шинэчилж, Замын-Үүд Шаргын овоо хооронд 14,6 км хос зам барьсан. Хилийн гарцыг нэмэгдүүлэх, ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлыг хийлээ. Дотоод боломж, санхүүжилтээр 170 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Дараагийн хөтөлбөр 2025-2030 хүртэл хэрэгжинэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 21 хос галт тэрэг явуулах, 56,7 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьж байгаа.   

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх: Бид төмөр замын төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна. 2023 оны дөрөвдүгээр улиралд Шивээ хүрэн-Сэхэ боомт холбогдоно. Үүгээр 25-30 сая тонн ачаа гаргах төлөвлөгөөтэй. Зүүн босоо чиглэлийн төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулах юм. Дэд бүтцийн асуудлаа шийдсэний дараа төмөр замуудыг хэрхэн үр ашигтай байлгах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Төмөр замын зүүн коридор дээр гэхэд ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад-Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтуудад хүрэхээр төлөвлөж байна. Үүн дээр ТЭЗҮ боловсруулахад анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын төмөр замын салбарын төслүүд бүрэн хэрэгжсэнээр 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болно. Бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой гэдгийг чуулганд оролцогчид онцолж байв. Тодруулбал, Төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн гурван коридортой болох юм байна. Түүнчлэн Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав дээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд нэмэгдсэнээр төмөр замын долоон боомттой болох аж.