Т.Доржханд: Дэлхий нийт тодорхойгүй байдалд байгаа бол бид маш тодорхой, тогтвортой байх ёстой

Sarangerel
2025-03-31 11:10:30
Ангилал:

2025 он гараад эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл, санамж бичгүүдэд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд гарын үсэг зурсан. Мөн тэрбээр Швейцарийн Давос хотноо очиж, Дэлхийн эдийн засгийн форумынхантай хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумын гол сэдэв хиймэл оюун ухааны талаар байсан. Монгол Улс хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ. Сүүлийн 2-3 сард өрнөсөн эдгээр асуудлаар Шадар сайд Т.Доржхандтай ярилцлаа.

Монгол Улсад дата төвүүдийг байгуулах өрсөлдөөнд орно

-Дэлхийн эдийн засгийн форумын сэдвээс яриагаа эхлье. Энэ жилийн форумд Монгол Улсын Засгийн газар нэлээд өндөр ач холбогдол өгч оролцсон. Үр дүн хир гарсан бэ?

-Дэлхийн эдийн засгийн 2025 оны чуулга уулзалтын гол сэдэв мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан байлаа. Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэж буй талаар хэлэлцүүлгүүд өрнөсөн.

Манай Засгийн газар өндөр ач холбогдол өгч оролцсон.Монгол Улс хамгийн төв байршилд Монголиан хаусыг /Монгол отог/ байгуулж, улс орноо сурталчлан таниулсан. Үр дүнд нь дэлхийн улс орнуудын 3500 орчим төр, нийгмийн зүтгэлтэн, улстөрч, бизнес эрхлэгчид Монгол отгоор зочилсон. Давос хотын төв дэх Монгол отгийг Засгийн газар, хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа. Рио Тинто, МИАТ, АПУ, Енвишн, Эвсэг, Ард санхүүгийн нэгдэл ивээн тэтгэсэн. Төрөөс бол маш бага хэмжээний зардал гарсан гэдгийг хэлье.

Онцлох зочдоор Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, Рио Тинто группийн ТУЗ-ын дарга Якоб Штаушолм, CNN-ний алдарт хөтлөгч Ричард Күест, Эделмен группийн захирал Ричард Эделмен, Эйр Азиа компанийн гүйцэтгэх захирал Тони Фернандес  гэх мэт нэлээд хэдэн улсын төрийн болон бизнесийн төлөөллүүдийг нэрлэж болно.

Монгол Улсад Хамтарсан засгийн газар байгуулагдаж, Монголын эдийн засгийн бодлого тогтворжин зээлжих зэрэглэл өсч, гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчноо сайтар бүрдүүлж байгаа гэсэн гол мэссэжийг Дэлхийн эдийн засгийн форумын үеэр өгсөн. Биднийг Давост очихоос долоо хоногийн өмнө Монголын Засгийн газар Франц улсын Орана групттэй ураны салбарт хамтран ажиллахаар гарын үсэг зурсан. Энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдын түвшинд эерэгээр тарсан байв.

Дараагийн гол мэссэж бол Монгол Улсын эрчим хүчний шилжилт. Эрчим хүчний салбарт реформ хийнэ гэдгээ албан ёсоор зарлаж, эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэх, мөн холбогдох бодлогын шийдвэрүүдийг дэс дараалан гаргаад явсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татсан байна.

ЕСБХБ нар, салхи, баттерей хураагуур, сэргээгдэх эрчим хүчний салбарт нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр Санамж бичиг байгуулсан

-Эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлүүд хийсэн нь их содон сонсогдож байлаа.

-Дэлхийн хөрөнгө оруулагчид манай эрчим хүчний салбарыг сонирхож байна. Эхнээсээ гэрээ хэлцлүүд хийгдсэн. Тухайлбал, ЕСБХБ нар, салхи, баттерей хураагуур, сэргээгдэх эрчим хүчний салбарт нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр Санамж бичиг байгуулсан. Хувийн салбарт санхүүжилтыг олгоно, харин Засгийн хувьд эрчим хүч худалдан авах гэрээг байгуулах, хамтарч санхүүжилт олгох, дуудлага худалдааг зарлах зэрэг агуулгыг багтаасан гэрээг үзэглэсэн. Бид өнөөдөр бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн эрчим хүчний дэлхийн том тоглогч Хятадын Энвишн компани Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр тохирч санамж бичиг байгуулсан. Сэргээгдэх эрчим хүч, баттерей хураагуур, устөрөгчийн чиглэлээр Хятадад төдийгүй олон улсад тэргүүлдэг компани. Монгол Улсад 10 Гваттын нар, салхины үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, түүнийгээ буцаагаад өөрсдөө худалдан авъя гэсэн. Энэ нь өмнөд хөрш рүү эрчим хүчний экспорт хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн ногоон устөрөгч, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсад үйлдвэр байгуулах чиглэлээр ярилцаж харилцан ойлголцсон. Одоо төслийн бэлтгэл үе шат эхлээд явж байна.

Дэлхийн эдийн засгийн форум нь өөрөө Тинк танк, судалгааны 400-гаад мэргэжлийн байгууллагуудыг багтаадаг. Энэхүү байгууллагатай Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухаанд тулгуурласан стратегийн мэдээлэл авах гэрээг байгуулсан. Ийм гэрээг Саудын Арабтай байгуулаад байсан бол Монгол хоёр дахь улс нь болсон. Манай Засгийн газар цаашид салбар бүрт ямар нэг шийдвэр гаргахдаа Дэлхийн эдийн засгийн форумын мэдээ мэдээлэл, экспертүүдийн мэдлэг туршлагыг ашиглан шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм. Эдгээр нь Давос хотноо очоод гарсан ажлын шууд үр дүн байлаа.

-Шууд бус ямар үр дүн гарсан бэ?

-Дэлхийн эдийн засгийн форумын нэг ач холбогдол бол богино хугацаанд олон улс орны бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийгээд явах боломжтой байдаг. Бүгд нэг дор цугларч байна шүү дээ.

Нэг улс орон руу очиж ажиллана гэхээр нэлээдгүй хөрөнгө мөнгө, цаг ордог. Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форумын үеэр улс орнуудын гол удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэг дор уулзаад, гар бариад ажлаа яриад явдгаараа онцлог платформ. Давосын форумын том давуу тал энэ юм. Бидний хувьд олон ажлын уулзалт хийсэн. Завгүй долоо хоног байсан даа. Баг маань сайн ажилласан. Дээр нь хувийн хэвшлийнхэн. Маш хурдтай зохион байгуулалтад ороод ажилласан.

-Go Mongolia уриатайгаар улс орноо олон улсад, Дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөгчдөд өвөрмөцөөр сурталчилж чадсан гэж үзэж байна уу?

-Монголоо сурталчлах өдөрлөгүүд зохион байгуулсан. Монголын отог хамгийн эрэлттэй төв байсан гэж дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллага, хөндлөнгийн шинжээчид дүгнэсэн байна лээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин маш идэвхтэй оролцож, олон ч хэлэлцүүлэгт орж, улсаа сурталчилсан. Бас нэг хүнийг онцолж хэлмээр байна. Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг Дэлхийн эдийн засгийн форумд идэвхтэй, зүтгэлтэй, манлайлал үзүүлж ажилласан. Улс төр, бизнесийн орчин дахь бизнесийн хүрээллийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргагчдын хүрээг тэлэхэд, мөн Дэлхийн эдийн засгийн форумд олон жил тасралтгүй оролцож, үнэ цэнийг бий болгосон хүний хувьд, Монголын отог болоод бусад арга хэмжээг сайн зохион байгуулсан.

-Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааныг ашиглан энэ шинэ ертөнц рүү хэрхэн орж алхах боломжууд байна гэж харсан бэ?

-Хиймэл оюун ухаан дэлхий нийтийн ирээдүй болчихлоо. Улс үндэстнүүд энэ шинэ салбар руу хэрхэн яаж орох уу, яаж үр өгөөжийг хамтдаа хүртэх үү гэдэг асуудлыг ярьж байна. Шийдвэр гаргахад хиймэл оюун ухаан ашиглахаас гадна Монгол Улсад хэрэгтэй зүйлийн тухай ярья.

Хиймэл оюун ухаан маш их хэмжээний мэдээлэл дата ашигладаг. Тэгвэл энэ мэдээллийг агуулдаг, хадгалдаг сангууд зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ дата сангууд юугаар тэжээгддэг вэ гэхээр нэгдүгээрт, асар их хэмжээний эрчим хүч шаардана. Хоёрт, хөргөх зориулалтаар ус шаарддаг.

Дэлхийн нийтийн өнөөдрийн ашиглаж буй эрчим хүчээс ойрын 10 жилд 7 дахин их хэмжээний цахилгаан хэрэгтэй болно гэсэн тооцоолол гарсан. Энэ нь хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотойгоор ийм хэмжээний эрчим хүчний эрэлт бий болсон гэсэн судалгаа байна. Тэгэхээр хиймэл оюун ухааны дата центрийн асуудал нь манайд том боломж олгож буй юм. Газрын дороо ч, дээрээ ч арвин их эрчим хүчний нөөц бидэнд бий. Энэ бол манай улсын том давуу тал. Гэхдээ нүүрсээр ажилладаг станцаас дата төвүүдийг цахилгаанаар хангахыг олон улс зөвшөөрөхгүй. Тэд цэвэр эрчим хүч хүсдэг. Тэгвэл манайх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Монгол Улсын өөр нэг давуу тал нь өвлийн улирал урт үргэлжилдэг. Ус хэрэглэх шаардлагагүй, байгалийн хөргүүртэй гэсэн үг. Мөн түүнчлэн далайд гарцгүй учраас цунами болохгүй. Газар хөдлөөд байхгүй, галт уулын идэвхтэй бүс биш. Хоёр хөрштэйгөө хилийн маргаангүй, сайн харилцаатай улс тул манайх дайн байлдаангүй, аюулгүй бүс. Энэ бүхэн дата төвүүдийг байгуулах том боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Дэлхий ертөнц рүү харвал бид эрчим хүчний салбараасаа орлого олох боломжтой

-Монгол Улс эрчим хүчний салбараа хөгжүүлж, цэвэр эрчим хүчний нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах нэг том боломжийг хиймэл оюун ухаан бүрдүүлэх нь ээ?

-Гол шаардлага нь эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой байх ёстой. Мөн их хэмжээний үйлдвэрлэл явуулах хэрэгтэй болно. Эрэлт маш их, цаашдаа ч өснө. Гагцхүү энэ эрэлтийг Монголдоо хэрхэн татаж авчрах вэ гэдэг гол өрсөлдөөнд бид орох ёстой.

Миний бие Эрчим хүчний реформын үндэсний хороог ахалж, Монгол Улсын Шадар сайдын хувьд энэ том ажлын үндэс суурийг тавьж, гэрээ хэлцлийг эхлүүлье гэж Давосыг зорьсон. Дата төвийн олон хөрөнгө оруулагчтай уулзсан. Тэд нэг л зүйл хэлж байна. Тогтвортой, найдвартай, цэвэр эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийе гэж байна.

Гэтэл манай эрчим хүчний салбар хөгжөөгүй, эрчим хүч дутагдалтай, өртгөө ч нөхөж чадахгүй байгаад байдаг. Дэлхий ертөнц рүү нүдээ нээгээд харвал, бид эрчим хүчний салбараасаа орлого олох боломжтой. Эрчим хүчний дотоодын асуудал уг нь жижиг юм. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үнэтэй гэсэн буруу ойлголт нийгэмд өгчихсөн. Тэгсэн мөртлөө нүүрсний цахилгаан станц шинээр бариагүй 40 жил болж байгаа. Барих гэхээр санхүүжилт байхгүй. Дэлхий даяар нүүрсний станцад санхүүжилт, хөрөнгө оруулахаас татгалзчихсан. Ингээд бид өнөөдөр гацчихсан байгаа нь бодит байдал.

Одоо тэгээд яах вэ, ямар ажил хийж байна гэдэг асуултгарна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оны дараа БНХАУ-ын Харбин хотод айлчилж, тус улсын Засгийн газартай гэрээ хэлцэл хийсэн. Эхний асуудал бол хил холболтын төмөр замуудаа барьягэсэн. Хоёр дахь нь эрчим хүч. Хятадын Засгийн газартай эрчим хүч худалдах гэрээг байгуулсан бөгөөд эрчим хүч худалдах, худалдан авах нөхцөлийг сайтар тусгаж өгсөн.

Хятадын эрчим хүчний хэрэглээ 2 тераватт. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа. Дэлхийн эрчим хүчний хэрэглээ ч өссөөр байна. Тиймээс дэлхий нийтээр найдвартай, тогтвортой, цэвэр эрчим хүчийг худалдаж авах хэрэгцээ шаардлага байна. Тэгвэл манайд цэвэрэрчим хүчний эх үүсвэр байгаа ч хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр одоо бол хөрөнгө оруулагчдыг татах талд түлхүү анхаарч ажиллаж байна.

-Та мөн Булангийн орнуудад очиж, эрчим хүчний хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлүүд хийсэн. Энэ бас л сайн мэдээ байлаа.

-Ерөнхий сайдыг Харбинд айлчилснаас хоёр долоо хоногийн дараа Шадар сайдын хувиар Булангийн орнуудад очиж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, 10 Гваттын хөрөнгө оруулалт хийх асуудлаар Эмиратын Засгийн газар, Эрчим хүчний сайд, мөн “Acwa power”, “Masdar” компаниудын түвшинд ойлголцоод ирлээ. Саудын арабын “Acwa power” мөн 10 Гваттын хөрөнгө оруулалт хийх талаар ярьж байна.

Монгол Улсад хөрөнгө оруулах үүд нээгджээ гэдэг гол мэссэж хамтарсан Засгийн газар байгуулагдсан, тогтвортой ажиллах юм байна гэдэг агуулга дээр зангидагдаж байна. Дээр нь Хятадын тал цэвэр эрчим хүчний худалдан авагч болох нь гэдэг мэдээ бол дэлхийн том хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байна. Давосын уулзалтын гэрээ хэлцэл, үр дүнгүүд ч нөлөөлж байна. Эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх нь ийн тодорхой боллоо.

Дэлхий дахинаа эрчим хүчний хөрөнгө оруулалтын том сонирхол явж буй үе ч таарлаа. Бид энэ мөчийг алдаж болохгүй.

-Эрчим хүчний салбарт ийм богино хугацаанд ийм том хөрөнгө оруулалтууд орж ирээд, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд гэхээр нэг л эргэлзээтэй санагдаад байх юм. Учир нь манай улс СЭХ-ний  арвин нөөцтэй ч түүнийг ашиглахад, хөрөнгө оруулалт татахад асуудлууд бий гэж зовлон тоочоод байдаг шүү дээ.

-Ердөө 2-3-хан сарын өмнө хүмүүс эргэлзэж байсан шүү дээ. Эрчим хүч экспортолно гэхээр итгэхгүй. Дотооддоо дутагдалтай байж юун экспортлох, бүү мөрөөд гэж байсан. Хамтарсан Засгийн газар, улмаар Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаад хоёрхон сарын дотор ийм том хэлцлүүд хийлээ. Дэлхий дахинаа эрчим хүчний хөрөнгө оруулалтын том сонирхол явж буй үе ч таарлаа. Бид энэ мөчийг алдаж болохгүй.

Бид сүүлийн гурван сарын хугацаанд маш эрчимтэй ажиллалаа. Үр дүнд нь бодитой гэрээ хэлцлүүдийг цаасан дээр буулгалаа. Одоо судалгааны ажлуудыг хийж байна. Энэ бүхэн 2-3 жилийн дотор үр дүнгээ өгнө. Их хэмжээний хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт хийгдэнэ гэдгийг дахин хэлье. Ингэснээр Монгол Улс зөвхөн уул уурхайгаасаа мөнгө олдог байсан бол одоо эрчим хүчний салбараас мөнгө олох боломжтой болно. Ингэхдээ хоёр шугамаар буюу эхнийх нь цэвэр эрчим хүчийг Хятад руу экспортолж мөнгө олох нь. Дараагийнх нь хиймэл оюун ухаантай холбоотойгоор дата төвүүдийг барьж байгуулж, тийш эрчим хүч нийлүүлэх нь. Энэ бол бидний зайлшгүй хийх шаардлагатай ажил. Энэ зах зээлийг алдаж болохгүй. Дотроо хэрэлдэж, попорч суух цаг бидэнд байхгүй.

Эрчим хүчний салбарын реформыг хариуцсан Шадар сайдын хувьд бизнес эрхлэгчдэдээ хандаж эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхийг уриалъя. Зах зээлийг нээж өгч байна гэдгийг хэлье. Ирэх таван жилд 10.0- 30.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой боллоо. Энэ бол эхлэл. Монгол Улс эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэж, тогтвортой хангаад явбал үнэ ч хямдрах боломжтой болно.

Монголын зэх зээл өөрөө жижиг. 1.7 Гваттын хэрэглээтэй. Цаашдаа өсөөд 3,4 Гватт болж өсөх байх. Гэтэл бид 30,40 Гваттын эрчим хүчний төслүүд ярьж байна. Нэг зүйлд итгэлтэй байх ёстой. Эрчим хүчний салбар дахь төрийн энэ бодлого эрчимтэй явсны үр дүнд хараат бус, бие даасан эрчим хүчний системтэй үндэстэн болж чадна. Экспорт хийх боломж нь байна. Энэ бүхэн биднээс хамаарна.

Дахин онцлоход, санхүү, хөрөнгө оруулалтынчиглэлээр олон жил ажилласан мэргэжилтний хувьд эдгээр гэрээ хэлцлийн ард амжилттай гарна гэдэг итгэл үнэмшил байна. Энэ бүхнийг манай улстөрчид, бизнес эрхлэгчид, ард иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улсын дараа дараагийн бодитой хөрөнгө оруулалтууд орж ирэх үүд хаалга нээгдлээ. Эдийн засгийг тэлэх, нэг хүнд ногдох бодит орлогыг өсгөх, эдийн засгийг солонгоруулах, уул уурхайгаас хараат байдлыг засах нөхцөл үүснэ.

-Дата төвүүдийг байгуулснаар эрчим хүчний хэрэглээнээс өөр ямар ач холбогдолтой вэ?

Олон үйл ажиллагаа явна. Энэ чиглэлийн инженер техникийн ажилтнууд бэлтгэгдэнэ. 10 Гватт-ын үйлдвэрлэлийг барьж байгуулахад доод тал нь 10 мянган ажлын байр үүснэ. Бариад дууссаны дараа 1000-гаад ажлын байр үлдэнэ гэж бодох хэрэгтэй. Эрчим хүчний салбарт ногоон ажлын байр олноор бий болно. Ажлын байртай болоод ирэнгүүт иргэдийн орлого нэмэгдэнэ. Дата төвүүд байгуулагдаад ирэхээр ажлын байр, технологийн хувьд дараагийн түвшинд гарна. Дата төвүүдийг ажиллуулах, мэдээллүүдийг хадгалах мэргэжилтнүүд хэрэгтэй болно, улмаар их өгөгдлийг ашиглаж, хиймэл оюун ухааны салбарт залуус орж ажиллах үндэс суурь нь тавигдана.

Хиймэл оюун ухаан Монгол Улсад маш том давуу тал олгоно

-Үнэндээ дэлхий нийтээрээ хиймэл оюун ухааныг л ярьж байна. Ирээдүйн хөгжлийн эрин гэж байна. Хиймэл оюун ухааны талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монголын Засгийн газар тэргүүлэх гурван салбарт шилжилт хийнэ гэж байгаа. Нэгдүгээрт, ногоон шилжилт. Хоёрт, хиймэл оюун ухааны шилжилт. Гуравт, хүний нөөцийн шилжилт. Засгийн газрын түвшинд эдгээрт өндөр ач холбогдол өгч байгаа. Тиймээс ч Дэлхийн эдийн засгийн форумтай хамтарч ажиллахаар боллоо.

Хиймэл оюун ухаан бол энгийнээр хэлбэл, роботууд ажиллана гэсэн үг. Роботууд бүхий л салбарт нэвтэрнэ. Хиймэл оюун ухаан нь маш их хэмжээний мэдээллийг ашиглаж тооцоолол хийнэ. Дэлхий ертөнц анхланхөдөө аж ахуйгаас эхэлсэн. Дараа нь аж үйлдвэржсэн. Одоо технологийн дөрөв дэх хувьсгал гэж буй хиймэл оюун ухаан юм. Технологийн дараагийн хувьсгал гараад ирлээ. Бүх зүйл технологижиж, роботжоод хүмүүсийн энгийн үйл ажиллагааг орлодог хэмжээнд очно гэсэн үг. Бүтээмжийг асар их өсгөнө. Дэлхийн эдийн засгийг богино хугацаанд нэмэгдүүлнэ.

Асуудал нь хүний хийдэг ажлыг роботууд хийхээр хүн юу хийх билээ гэдэг. Хүн бол роботуудын хийж чадахгүй ажлыг л хийнэ шүү дээ. Буцаад л хөдөө ахуйн салбар, аялал жуулчлал руугаа орно. Ажлын байр хадгалагдах л юм билээ. Гагцхүү бид технологийн өөрчлөлтийг шингээгээд явахаас өөр гарцгүй. Хиймэл оюун ухаан Монгол Улсад маш том давуу тал олгоно. Бид олон салбарт хоцорсон явж байгаа. Монголчууд бид мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны энэ давуу талуудыг бүрэн ашиглаж улс орноо хөгжүүлэх нь л чухал юм.

-Томоохон хөрөнгө оруулалтуудыг татаж эхэлжээ. Гэтэл эрх зүйн орчныг бүрдүүлэх гол хуулийн төсөл ямар түвшинд явж байна вэ?

-Хамтарсан засаг байгуулагдаад нэг л зүйлийг байнга ярьж байгаа. Энэ бол тогтвортой байдал. Гадаад, дотоодын том хөрөнгө оруулалтыг урт хугацаанд хийдэг учраас тогтвортой засаг төр, тогтвортой бодлого, эрх зүйн орчин хэрэгтэй. Улс төрийн хувьд ийм орчныг бий болгосон гэж үзэж байна. Зөвхөн ирэх дөрвөн жил ч биш, 8, 10 жилийн хугацаанд тогтвортой явах орчныг хадгалаад явна гэж хөрөнгө оруулагчидтай уулзаж байгаа. Ийм ч агуулгаар хуулийн төслөө боловсруулсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болсон байгаа.

Мөн Татварын багц хуульд 10 жилийн дараа өөрчлөлт хийх гэж байна. Татварын багц хуульд бизнесийг илүү дэмжсэн, хөрөнгө оруулалт татсан орчныг бий болгох зорилготой шинэчлэлүүдийг хийнэ. Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой өөрчлөлтийг мөн хамтад нь тусгаад явна. УИХ-ын Хаврын чуулганаар ийм гурван хуулийн төслийг өргөн барина.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гол ямар өөрчлөлт орох вэ?

-Энэ удаагийн хуулийн онцлог нь гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зохицуулсан хууль байна. Монгол Улсад хөрөнгөө оруулсан л бол хөрөнгө оруулалтыг нь хамгаална. Хуулийг эргэн өөрчлөхгүй. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнөх хуулийн хүрээнд хийсэн гэрээ хэлцлийг өнөөдөр шинээр хууль гаргаад өөрчлөхгүй гэсэн үг. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн бол хуулийн хүрээнд хамгаалагдана, хадгалагдана. Монголын талд алдагдалтай, алдагдалгүй байхаас үл хамаараад хуулийг эргэн өөрчлөхгүй. Бид тохирсон бол түүн дээрээ хатуу зогсч байж гадна дотны хөрөнгө оруулагчид итгэлтэйгээр хөрөнгө оруулна шүү дээ.

Монгол ардчилсан улс. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодынбизнес эрхлэгчид хууль шүүхийн байгууллага дээр очдог, асуудал нь сунжирч, гацдаг, зарим бизнес эрхлэгч шоронд орсон тохиолдол бий. Энэ алдааг давтахгүй. Хууль шүүхийн байгууллагаар явж буй тохиолдолд бизнесийн хэлцлээрээ илүү хурдан шуурхай асуудал нь шийдвэрлэгддэг орчныг бүрдүүлнэ.

Монгол Улс их сорилтын өмнө ирлээ

Сүүлийн асуулт бол дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. Улс орнуудын хөгжил, хөгжлийн чиг хандлага, харилцаа хамтын ажиллагаа, дайн байлдаан, тарифын дарамт, худалдааны дайн, бүс нутгийн интеграцчилал гэх мэт. Энэ бүхэн жижиг зах зээлтэй, жижиг манай улсад том сорилт юм. Энэ сорилтод Монгол Улс, бид бэлэн үү?

-Дэлхий өөр болчихоод байна. 1945 оноос өмнө дайн байлдаантай, хаалттай, тарифын хатуу орчинтой байлаа. Зөвхөн өөрсдийгөө боддог систем үйлчилж байсан учраас дайн олон гарч байсан. 1945 оноос хойш НҮБ, НАТО, Дэлхийн банк, ОУВС, АХБ гээд олон улсын байгууллагууд үүссэн. Үр дүнд нь дэлхий нээлттэй болсон. Хэдэн тоо хэлье. 1945 оноос хойшихсүүлийн 80 жилийн дэлхийн эдийн засгийг 1945 он хүртэлх дэлхийн эдийн засагтай харьцуулахад наймдахин өссөн. Дэлхийн хүн амын дундаж наслалт 20 насаар уртассан. Хүн амын ядуурал гурав дахин буурсан. Дэлхийн хүн ам 3.4 дахин өссөн. Олон сайн үзүүлэлтийг үзүүлсэн байна.

Тэгвэл өнөөдөр байдал ямар байна вэ. Дэлхий буцаад хориг саад руу орчихлоо. Өмнө нь дэлхий нээлттэй, бие биедээ очдог, аялдаг, худалдаа наймаа хийдэг байсан учраас хурдан хөгжсөн. Нээлттэй тарифтай орчинд үнэ хямдардаг, үр дүнд нь иргэд хождог. Одоо бие биедээ тариф тавиад эхэллээ. Том гүрнүүд жижгээ дээрэлхсэн хандлагыг үзүүлж, буцаад эмх замбараагүй, тогтворгүй байдал үүсч байна. Ийм байдал хөрөнгө оруулалтыг хязгаарлачихдаг. Үүнд нээлттэй эдийн засагтай, жижиг зах зээлтэй Монгол Улс хамгийн ихээр өртөж байна. Тухайлбал, коксжсон нүүрсний үнэ 35 хувиар уначихлаа. Тарифын бодлогоос болоод Хятадын экспорт буураад ирлээ. Алтны үнэ өсч, 3000 ам.долларт хүрлээ. Бид энэ онд алтны үнийг 1200 доллараар төсөөлж байсан шүү дээ. Зэх зээлд тодорхойгүй байдал үүсэхээр алтны үнэ өсдөг. Эсрэгээрээ бизнес явахгүй, бизнес тэлэхгүй болно.

Дэлхий сүүлийн 80 жилд 8 дахин өссөн бол буцаад жижгэрэх байдал руу орж байна. Сөрөг нөлөө нь манай экспорт зосч, гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй болно. Гаднаас авах зээл, хөрөнгө оруулалт хязгаартай болоод ирвэл Монгол буцаад 90 он руу явна. Энэ бол эрсдэл. Ийм сорилтын өмнө байна, бид. Бодитойгоор ярих нь зүйтэй. Бид энэхүү сорилтыг амжилттай даван туулах ёстой. Үүний тулд дэлхийн улс орнууд хоорондоо нэгдэж, нягтраад байна. Давосын уулзалтын үеэр Европчууд хоорондоо маш их нэгдэж нягтарч байсан. Өнөө ч нэгдмэл байдалтай байна. Булангийн орнуудаар явж байхад Арабын орнууд түүхэндээ ингэж нэгдэж байгаагүй гэж ярьж байсан. Америкийн бодлогыг яаж сөрөх вэ, 300 сая хүнийхээ зах зээлийг яаж хамгаалах гэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болж буйгаа ярьж байна.

Тэгвэл 3.5 сая хүн амтай Монгол Улс юу бодож байна вэ. Ийм цаг үед хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь хувь заяа бидний талд байжээ гэж боддог болсон. Монголууд бид өөрсдийгөө хувь заяатай улс гэдэг шүү дээ.

Дотроо хөлөө жийлцэж, 30 жил бие биедээ чулуу шидэлцээд ирсэн шигээ явах боломжгүй цаг дор ирээд байна. Монголын эдийн засаг маш хурдан агших эрсдэлтэй юм. Дэлхийн энэ сорилтод зориулж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, засаглалын том алхам хийж , хамтарсан засгийг байгуулжээ гэж харах хэрэгтэй. Энэ бол сайн зүйл. Гадаа бужигнаад байхад Монгол Улс дотроо хямраад ирвэл юу болох вэ.

Дэлхий нийт ийм тодорхойгүй байдалд байхад бид маш тодорхой, тогтвортой, зөв бодлоготой байх ёстой. Америк, Хятадын худалдааны дайн нэлээд хугацаан дүргэлжлэх нь. Орос, Укрианы дайн хэзээ дуусах нь тодорхойгүй. Манай бүс нутаг руу хөрөнгө оруулахад асар хэцүү. Сүүлийн таван жилд дэлхийн шууд хөрөнгө оруулалт хоёр дахин буурсан. Бие биедээ хөрөнгө оруулалт хийхээ болиод байна гэж ойлгох хэрэгтэй. Биднээс үл хамаарсан хүндрэлийг дотооддоо илүү нэгдэж, илүү нээлттэй бодлого барьж давна.

-Одоо яаж орлогоо нэмэгдүүлэх вэ?

Валютын орох урсгалтай л байх ёстой. Энэ нь экспорт, гадны хөрөнгө оруулалт, гаднаас зээл авахгэсэн гурван урсгалаар орж ирдэг. Доллар оруулж ирлээ, Төв банканд солилоо, түүгээр эдийн засаг тэлээд явдаг. Доллар байхгүй бол эдийн засаг тэлэхямар ч боломжгүй.

Экспортын орлого буурч эхэлсэн учраас зөрүүлээд хөрөнгө оруулалт татахаас өөр аргагүй. Гэтэл дэлхий даяар хөрөнгө оруулалт шимэгдэж, манай бүс нутаг хөрөнгө оруулалтын таатай орчин биш болчихоод байна. Одоо бидэнд ямар давуу тал байна, тэрийгээ л  хурдан ашиглах шаардлагатай. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч байхгүй боллоо.Өнгөрсөн 30 жилд Оюутолгойн төсөл л явсан шүү дээ. Харин хамтарсан засаг Орона групптэй гарын үсэг зурж, олон жил гацсан ажлыг явуулж чадсан. Одоо эрчим хүчний салбараа хөдөлгөөнд оруулах гарц үлдэж байна. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах асархэцүү. Амархан биш. Цахилгаантай байх уу үгүй юу гэдэг асуудал ярьж буй энэ үед хөрөнгө оруулалт авчрах тухай ярих бол үнэхээр хүнд сорилт. Гэхдээ бид хийх ёстой. Хамгийн сайн зүйл гэвэл, эрчим хүчний салбараа анхаарах хэрэгтэй, эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй гэдэг ойлголт засгийн түвшинд ч, ард иргэдийн ч толгойд орлоо. Энэ бол сайн хэрэг.

 

Д.Бэхбаяр