Т.Доржханд: Төсвийн шинэчлэл хийж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай

T.Amarjargal T.Amarjargal
2021-10-20 18:23:02
Ангилал: Эдийн засаг

Цар тахлын улмаас өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 4.5 хувиар агшсан бол энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар өссөн. Харин ирэх онд эдийн засгийн өсөлт 5.0 хувьд хүрч, цаашид өсөлт тогтворжино гэсэн таамаглалыг Сангийн яамнаас дэвшүүлээд буй. 

Мөн ирэх оны төсвийн төсөлд хамгийн боломжит дээд хэмжээгээр буюу 36.7 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ. Тиймээс ирэх оноос өсөлт тогтворжиж, эдийн засагт нааштай өөрчлөлт гарах боломж бий эсэхийг УИХ-ын гишүүн Т.Доржхандаас тодрууллаа. 

-2022 оны төсвийн төслийг нэлээд өөдрөг төсөөллөөр боловсруулсан гэсэн шүүмж байна. Таны хувьд ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг ямархуу байна гэж таамаглаж байна вэ? 

-Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Манайх ганцхан зах зээлтэй. Тэр нь Хятад. Гэтэл манайх дотоодын халдвараа хянаж чадахгүйд хүрч, нүүрсээ хоногт 100 машинаар л зөөлөө. Нөгөө талд Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулах гэж байна. Энэ утгаараа олон улсын өмнө маш өндөр үүрэг хариуцлага хүлээгээд байгаа. Тэгэхээр бид халдварын тоогоо хумиж, нүүрс болон бусад түүхий эдээ сайн гаргахгүй л бол эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ.

Дэлхий дахинд ковидын хүндрэл үргэлжилсээр, дараагийн шинэ давалгаанууд ч бий болж байна. Ийм нөхцөлд эдийн засаг тогтворжино, огцом сэргэнэ гэж эдийн засагч хүнийхээ хувьд хэлж чадахгүй. 

Хоёрдугаарт, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд тодорхой төрлийн халамжууд зогсоно гэдгийг Засгийн газрын зүгээс зарлачихлаа. Ийм байдалд орох нь гарцаагүй. Учир нь төсвийн орлого бага, зарлага нэмэгдчихсэн. Өр маш өндөр, дээр нь гадны хөрөнгө оруулалт огцом багасчихсан. Мөн цар тахлын үеийн хоёр жилийн халамж ирэх оноос эдийн засагт үр нөлөөгөө үзүүлнэ. Нөхцөл байдал улам хүндэрч, илүү олон сорилттой тулгарна. 2022 оны төсөв өөдрөг хийгдсэн ч амаргүй цаг үе ирнэ гэж ойлгох хэрэгтэй. 

-Таны хувьд Сангийн яам болон олон улсын санхүүгийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай. Энэ туршлага дээрээ үндэслээд хэлбэл манай улсын гол алдаа юундаа байна вэ?  

-Сангийн яаманд 15 жил ажилласнаас 10 жилд нь олон улсын санхүүгийн байгууллагуудад тэр дундаа “дэлхийн сангийн яам” гэж нэрлэгддэг Олон улсын валютын санд ажиллаж байлаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хөтөлбөрийг хариуцаж байсан. Олон улсын байгууллагуудаас гадна хоёр талт хамтын ажиллагаатай байгууллагуудтай ч хамтран ажиллаж байлаа. Энэ хугацаанд Япон, Солонгос, Австрали, Америк, Хятад, Герман, Франц зэрэг улсын туршлагаас суралцаж, олон улсын байгууллагад ажилладаг эдийн засагчийнхаа хувиар Африк, Латин Америкийн орнуудад очиж, зөвлөгөө өгдөг байсан. Ямар төслийг санхүүжүүлэх, ямар төслөөс татгалзах, мөнгийг яаж удирдах, санхүүгийн менежментийг яаж хийх гээд олон туршлага хуримтлуулсан. 

Хуримтлуулсан туршлага дээрээ үндэслээд хэлэхэд, манай улсын гол алдаа бол төсвийн бодлогын алдаа.

Учир нь манай улсад хөрөнгө оруулалтын үр өгөөж маш муу. Орон нутагт хөшөө дурсгал барих, соёлын төв барих, оффисын барилга өргөтгөх ажлуудыг л хийгээд байдаг. Гэтэл нөгөө талд нь өрийн тааз тулчихсан. Ахин зээл авах  боломжгүй. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого бага хэрнээ хэтэрхий их зардалтай. Төсвийн төлөвлөлтөө дутуу хийдэг. Үр дүнд нь төсвийн алдагдал их гардаг. Үүнийгээ гадны зээлээр нөхдөг. Ингэж явсаар өрийн хэмжээ тэнгэрч хадчихсан. Тэгэхээр төсвийн шинэчлэл л хийх хэрэгтэй. 

-Тэгвэл төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?  

-Манай улс байнга л төлбөрийн балансын хүндрэлд ордог. Яагаад гэхээр экспортын орлого нь тогтворгүй. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш байнга савладаг. Энэ нь эргээд бизнесийн орчиндоо тодорхойгүй нөхцөл байдал үүсгэдэг. Тэгэхээр төсвийн шинэчлэл хийж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Орлого, зарлагаа тэнцвэртэй байлгаж, өр үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирчихвал зээлжих зэрэглэл дагаад өснө. Ингэвэл бид гаднаас бага хүүтэй эх үүсвэр татах боломжтой. 

Хамгийн чухал нь мөнгө өсгөдөг, үржүүлдэг, экспорт хийж мөнгө олдог салбарууддаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Эдийн засаг хүнд үед төсвийн шинж чанартай, эргэж мөнгө олдоггүй зүйлийг санхүүжүүлээд байвал төсөв улам ганхана.

Зээл тусламж, хөрөнгө оруулалтын үр ашиг үгүй болно. Тэгэхээр бодитой эдийн засгаа дэмжих салбарт хөрөнгө оруулах нь хүндрэлийг давж гарах хамгийн оновчтой сонголт. Тухайлбал, төмөр замаа барьж чадахгүй 10 жил боллоо. Төмөр замаас гадна эрчим хүчний эх үүсвэрээ ч шийдмээр байна. Гэтэл энэ бүхнийгээ аль болох хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлчих гээд цаг хугацаа сунжруулаад байдаг. Томоохон төслүүдэд тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс гаргахгүй бол хувийн сектор энэ бүхнийг нуруундаа үүрч чадахгүй. Цахилгаан шугам татаж, зам тавилаа гээд тухайн аж ахуйн нэгждээ ашиг байхгүй. Гэтэл төр засаг нь хоёр төгрөгний нэгийг нь халамжид зарцуулаад, хажуугаар нь хөшөө дурсгал бариад байхаар төсвийн үр ашиг байхгүй болчихоод байгаа юм. Энэ буруу тогтолцоогоо үндэс сууриас нь залруулах хэрэгтэй. 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal