Т.ЖАМБААЖАМЦ: ҮНДЭСНИЙ ТОМ КОМПАНИУД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРАХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ

Дэнсмаа
2022-08-26 15:40:22
Ангилал: Ярилцлага

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т. Жамбаажамцтай шинээр боловсруулж буй санхүүгийн зах зээлийг зохицуулах хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-Санхүүгийн зах зээлийн суурь үзүүлэлтүүд сайжирч хөрөнгийн зах зээл төгөлдөржиж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан статистик мэдээллүүд харуулж байна. Цаашид ч илүү өргөжих байх. Гэхдээ энэ салбарын хууль эрхзүйн орчинд ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын салбарын хууль, эрхзүйн орчныг шинэчлэх хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Мөн Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиуд болон Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудад томоохон өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд өргөн барих бэлтгэл ажлыг хийж байна. Үүнээс гадна хадгаламж зээлийн хоршооны харилцааг зохицуулсан бие даасан хуультай болоод 10 гаруй жил болсон. Энэ хуулийг зах зээлийн хөгжил, онцлогт нийцүүлэн сайжруулахаар хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж зах зээлд оролцогчид болон хоршооны гишүүдээр хэлэлцүүлж  байна.  Зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж,  оролцогч мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ажилласны үр дүнд хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ болон нийт хөрөнгийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өсөж, 20.3 хувьд хүрээд байна. Энэ үзүүлэлт ч цаашид нэмэгдэхээр байгаа. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийг дэмжих хүрээнд УИХ, Засгийн газраас гаргасан бодлогын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг дэмжих, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын шинэ шийдлүүдийг гаргасны үр дүнд арилжааны банкнууд болон үндэсний томоохон компаниуд, төрийн өмчийн зарим компани хөрөнгийн бирж дээр олон нийтэд хувьцаа гаргаж нээлттэй компани болох эхлэлийг тавьж байна.

Хөрөнгийн зах зээл дээр өмнө нь хувьцаа, бонд зэрэг цөөн төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл арилжаалагддаг байсан бол одоо компанийн бондууд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй болон хаалттай хамтын сангуудын нэгж эрх, долларын бонд зэрэг санхүүгийн хэрэгслүүд олон нийтэд арилжаалагдаж эхэлсэн.

Түүнчлэн олон жил яригдсан биржийн бус зах зээл \OTC\-ийн зохицуулалтыг гаргаж,  зах зээл бий болгоод жил орчим болж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд 65 компанийн 1.1 их наяд төгрөгийн дүн бүхий бонд бүртгэгдэж, 644 тэрбум төгрөгийг мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлээд байна. Мөн даатгалын зах зээл, банк бус санхүүгийн салбарыг хөрөнгийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлэх, урт хугацааны даатгалын бүтээгдэхүүн бий болгох, банк бус санхүүгийн байгууллагыг үйлчилгээгээр нь төгөлдөржүүлэн хөгжүүлэх, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлэх улмаар зах зээлийн хөгжлийг тэлсэн, эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлсэн уян хатан зохицуулалт бий болгох зэргээр санхүүгийн зах зээлийг зохицуулах хуулиудыг шинэчлэх асуудал зүй ёсоор тулгарч байна.

-Манай улс Виртуал хөрөнгийн тухай хуультай болсноор ФАТФ-аас тавьсан шаардлагыг биелүүлсэн талаар мэдээлж байсан. “Саарал жагсаалт”-д орох эрсдэлээс холдсон гэж дүгнэж болох уу?

-ФАТФ-аас улс орнуудыг техник хэрэгжилтийн 40 зөвлөмж болон үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтээр үнэлдэг. ФАТФ-ын 40 зөвлөмжийн 16 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд, ес нь шууд бусаар хамаардаг бөгөөд эдгээр зөвлөмжийн биелэлтүүдийг нэгээс хоёр шатаар ахиулж, олон улсын стандартад нийцүүлж ажиллаж байна. 2021 оны дахин үнэлгээний тайлангаар 40 зөвлөмжөөс 38-ын үнэлгээг “бүрэн биелсэн” болон “дийлэнх нь биелсэн” гэж дүгнэсэн бол зөвлөмж найм /Ашгийн бус байгууллага/, зөвлөмж 15 /Шинэ технологи/ буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой үнэлгээг “хагас хэрэгжсэн” гэж дүгнэсэн. Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулах хүрээнд Монгол улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн орчин, зохицуулалтын орчныг бүрдүүлэх, тэдгээрийг бүртгэх, зөвшөөрөл олгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагуудыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх шаардлагатай болсны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулж, баталсан. Эдгээр арга хэмжээний үр дүнд 2022 онд зөвлөмж 15 (Шинэ технологи)-ын үнэлгээг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож нэг шатаар амжилттай ахиулснаар Монгол Улсын нийт 40 техник зөвлөмжийн 39 нь “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж ахиц гарсан. Дараагийн ФАТФ-ын харилцан үнэлгээ 2023 онд хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тодруулбал, ФАТФ-ын 40 зөвлөмжийн хүрээнд Монгол Улс бүх зөвлөмжийг дахин эхнээс нь үнэлүүлэх юм. Энэхүү үнэлгээг амжилттай давахын тулд холбогдох байгууллагууд, түүний дотор Санхүүгийн зохицуулах хороо бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

-Виртуал хөрөнгийн тухай хуульд бүртгэлжүүлэх, техник эдийн засгийн үзүүлэлтийг хангуулах гээд олон асуудал тусгагдсан. Энэ хуулийн хэрэгжилт ямар шатанд байна вэ?

Энэ хуулийн гол онцлог нь койн, токен зэрэг виртуал хөрөнгө зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжиж арилжаалагдахаар зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн бирж гэж нэрлээд байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тавих технологийн болон бусад холбогдох шаардлагуудыг хангасан виртуал хөрөнгө л зөвхөн олон нийтэд арилжаалагдах боломжтой болж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нэр бүхий найман журам баталсан бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх ажиллагаа хийгдэж байна. Мэдээж энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд Хорооноос тогтоосон шаардлага, шалгуур өндөр байгаа. Тухайлбал, санхүүгийн чадавхи, эрсдлийн удирдлагын тогтолцоо, гадаадын болон дотоодын мэргэжлийн эрх бүхий байгууллагуудаар баталгаажсан арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц систем, түүний аюулгүй ажиллагаа, удирдлага, хүний нөөцөд тавигдах шаардлага, мөнгөн хөрөнгийн гарал үүсэл, хууль ёсны орлогоос бүрдсэн байх зэрэг шаардлага тавигдаж байна. Энэхүү шаардлага, шалгуурыг хангасан компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэнэ. Компани, аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр блокчэйн технологи болон бусад шаардлага, шалгуураа хангаснаа нотолсны үндсэн дээр өөрийн бүтээгдэхүүнээ гаргаж, арилжих боломжтой юм. Одоогоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан “Шилжилтийн үеийн зохицуулалт” энэ оны зургаадугаар сарын 26-наас есдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хууль хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө үйл ажиллагаа явуулж байсан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлжүүлэх зорилготой юм.

Одоогоор байдлаар албан ёсоор бүртгэгдсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байхгүй.  Нийт таван компаниас бүртгүүлэх хүсэлт ирснийг хууль, журамд заасан шаардлагын дагуу хянаж байна.

Нөгөөтэйгүүр шинээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид дээрх шилжилтийн үеийн зохицуулалтад хамаарахгүй бөгөөд баримт бичгийг зургаан сарын дотор шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

-Үл хөдлөх хөрөнгө зуучлалаар дамжин эргэлдэж буй хөрөнгийг нэгдсэн хяналтад оруулах нь ФАТФ-аас тавьсан нэг шаардлага. Манай улсад энэ салбар үсрэнгүй хөгжиж байна. Энэ салбартай холбогдох ямар хяналтын тогтолцоог бүрдүүлж ажиллаж байгаа вэ?

-Хөгжингүй орнуудад мэргэжлийн брокер, зуучлалын компаниар дамжуулан үл хөдлөх хөрөнгийг худалдаалдаг. Харин манайд иргэд өөрсдөө үл хөдлөх хөрөнгөө арилжих эсвэл барилгын компаниуд бүтээгдэхүүнээ борлуулдаг байдал давамгайлдаг ч дотоодын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниуд нэлээд идэвхтэй ажиллаж ирсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өөрчлөлт оруулж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудыг бүртгэлжүүлж, зөвшөөрөл олгох, мэдээлэх үүргийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий 284 үлхөдлөх хөрөнгө зуучлалын компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны эхний хагас жилд эдгээр компани 617.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж борлуулсан бол 48.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна. Мөн эдгээр компанид мөнгө угаахтай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэх, тайлагнах үүргийн хэрэгжилтийг хангуулж ажиллахын зэрэгцээ үйл ажиллагаанд нь зайны болон газар дээрх хяналтыг тогтмол хэрэгжүүлж ажиллаж байна.

-Санхүүгийн зах зээлийн бас нэг том тоглогч бол ББСБ, тэр дундаа фнтекийн компаниуд. Энэ салбарыг зохицуулах хуулийн төслийг боловсруулсан тухай хэлсэн. Хууль батлагдсанаар ББСБ-уудад ямар зохицуулалт бий болох вэ?

-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ББСБ-уудыг илүү чадавхжуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх институт болгох концепцтой. Өөрөөр хэлбэл, зээл, хөрөнгө оруулалт, факторинг, гадаад валютын арилжаа зэргээр дагнасан ББСБ-ыг бий болгож, төрөлжүүлэх юм. Мэргэжлийн дагнасан институт болоод эхлэхээр үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, энэ хэмжээгээр өртөг ч буурна. Оны эхний хагас жилийн байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3.2 их наяд төгрөг болж, нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.7 саяд хүрсэн. Үүнээс үзэхэд ББСБ-ууд удирдах зөвлөлтэй байх, мэргэжлийн удирдлагуудаас гадна хараад бус гишүүдээс бүрдсэн ТУЗ-тэй байх зэрэг компанийн засаглалын шаардлагуудыг хангах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Нөгөө талаас финтекийн үйлчилгээ үзүүлдэг ББСБ-уудын хувьд иргэдэд илүү ойрхон, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран санхүүгийн үйлчилгээ авах боломж олгодог давуу талтай. Мөн эдгээр ББСБ-ын нэг онцлог нь зээлийн дундаж хэмжээ бага буюу 275 мянган төгрөг байгаа бол нийт зээлдэгчийн 80 орчим хувьд финтекийн зээлдэгч байгаа юм. Иймд технологийн шаардлагуудыг тавьж, тодорхой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, иргэд, зээлдэгчийн эрхийг хамгаалах шаардлагатай тул хуулийн төсөлд энэ төрлийн харилцааг нарийвчлан зохицуулж өгсөн.

-Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 27.2 хувь буюу 1,033.87 тэрбум төгрөгөөр өссөн талаар СЗХ-ноос мэдээлсэн. Олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа энэ салбарыг илүү хүртээмжтэй болгохын тулд бид юу хийх ёстой вэ?

-Олон улсын судалгаа, чиг хандлагаас харахад банк давамгайлсан зах зээлтэй улсын хувьд иргэд нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг болох хүртэл багагүй хугацаа, санхүүгийн боловсрол, зан төлөвийн өөрчлөлт шаардлагатай байдаг. Гэхдээ сүүлийн үед дээр хэлсэнчлэн компаниуд хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татан, нээлттэй компани болох, иргэд, байгууллагууд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Түүнчлэн УИХ-аас хууль батлагдаж системийн нөлөө бүхий арилжааны банкууд нээлттэй компани болж хувьцаа нь хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд зарагдаж эхлэх гэж байна шүү дээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар шинээр болон нэмж хувьцаа гаргах нийт долоон компанийн 46.7 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгэснээс таван компани 26.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Мөн нэг компани хаалттай хүрээнд өрийн хэрэгсэл гаргаж, долоон тэрбум төгрөг, хоёр компани нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж 55.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус амжилттай татан төвлөрүүллээ.

Хөрөнгийн зах зээл хөгжлийн гол хөшүүрэг байх чиглэлд томоохон алхмууд хийгдэж байна гэсэн үг. Цаашид үндэсний томоохон компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарч олон нийтийн болж, чанартай бүтээгдэхүүнээ арилжаалах, нөгөө талдаа хөрөнгө оруулалтын сан, даатгалын сан зэрэг мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бэхжүүлэх нь чухал байна. 

Олон нийтийн хувьцаат компанийн хэлбэр нь бизнесийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, удирдлага, хяналтыг зохистой түвшинд байлгах зэрэг олон давуу талтай тул томоохон компаниудад хамгийн тохиромжтой бизнесийн үйл ажиллагааны хэлбэр гэж үздэг. Тийм учраас үндэсний томоохон компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарч олон нийтийн болох нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд хамгийн чухал гэж үзэн Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалын бодлогоор дэмжиж байна. Тухайлбал, Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгж нь хөрөнгийн зах зээлд олон нийтийн болоход зарим төрлийн шаардлага, шалгуураас чөлөөлөхөөр Санхүүгийн зохицуулах хорооны журамд өөрчлөлт орсон. УИХ, Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, томоохон бодлогын шийдвэрүүд гарсан талаар ч дээр дурдсан. Үүний үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. 

 

Дэнсмаа