Урьдчилан сэргийлэх боломжтой Армагеддон

Sarangerel
2024-01-09 14:21:19
Ангилал:

Ирэх 10 жилд хүн төрөлхтөнд учирч болзошгүй 10 том эрсдэлийн эхний дөрөв нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2023 оны “Дэлхийн эрсдэлийн тайлан”-д онцолжээ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үүсэх эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход учрах эрсдэл, байгалийн болон ус, цаг агаарын гаралтай гамшиг, биологийн олон янз байдлын алдагдал орж байна. Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон эрсдэл сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн ч ирэх жилүүдэд тийн даван туулах боломж, хүчин чадал хомс болно.

ДЭЛХИЙД

Дэлхий дахин дулаарлын үеэ дуусгаад “буцлах” үе рүүгээ орж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутьерреш мэдэгдсэн. Үүнийг энэ онд тохиолдсон уур амьсгалын зарим гамшигт үзэгдлээс харж болно. Тухайлбал, 2023 оны зун түүхэн дэх хамгийн халуун зун болж, олон улс оронд хэт халалт дээд хэмжээнд хүрсэн. Энэтхэг улсад 100 жилийн хамгийн хуурай цаг агаартай сар нь наймдугаар сар болж, Марокко улсад анх удаа +50 хэмийн халуун бүртгэгдэж, Канадад сүүлийн 80 жилийн хамгийн дулаан үе нь 2023 оны нэгээс долдугаар сар болжээ. Тус улсын түүхэнд хамгийн их газар нутаг буюу 155 мянган км.кв-ыг хамарсан гал түймэр энэ онд гарсан. Энэ бол Монгол Улсын газар нутгийн 10-ны нэгтэй тэмцэх газар шатсан гэсэн үг юм. АНУ-д сүүлийн 100 жилийн хамгийн их хохирол дагуулсан гал түймэр Хавай мужийн Мауи арал дээр дэгдсэн. Харин БНХАУ-ын Бээжин хотод долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр сүүлийн 140 жилд тохиогоогүй хүчтэй аадар бороо орж, 125 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байгаа учраас хүн төрөлхтөн хурдыг нь гүйцэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай болжээ.

МОНГОЛД

Уур амьсгалын өөрчлөлт манай улсад ч заналхийлж байна. Зөвхөн 2023 оны тоо баримтыг авч үзье. Энэ оны тавдугаар сар нь 1979 оноос хойших хамгийн хүйтэн бөгөөд хамгийн их тур тунадастай сар болжээ.Үер, аянгад 2009 оноос хойш хамгийн олон (20) хүн амь насаа алдав. Мөн байгалийн гамшигт хамгийн олон (1018) гэр, байшин өртсөн тохиолдол, хамгийн их хохирол (30.6 тэрбум төгрөг) дагуулсан үер, 1940 оноос хойших хамгийн их хур тунадастай долдугаар сар, хамгийн дулаан аравдугаар сар 2023 онд бүртгэгджээ.Өнгөрсөн зун 18 аймгийн 57 сум, нийслэлийн хэмжээнд 107 удаа үерийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Судлаач, доктор З.Батжаргалын өгүүлснээр манай улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний илтгэлийн хүрээнд Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн байдалд учирч буй бэрхшээл, энэ зууны төгсгөл хүртэл уур амьсгалын ямар сорилт, хүндрэл учрах магадлалтай, хүлэмжийн хийг бууруулах боломжуудын талаар судалгаа хийдэг. Энэ жил үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэлээ гаргасан. Түүний багийн судалгаа болон бусад судалгаанаас үзэхэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад учирч болох хамгийн том эрсдэл нь ард ард иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйг хамрах ажээ. “Ууршилт эрчимжиж байгаа учраас хөрсний чийгшил буурч, ургамал тариалах боломж багасах, харин өвлийн хур тунадас нэмэгдэх эрсдэлтэй. Одооноос эхлээд бид дасан зохицох хэрэгтэй. Цаашдаа бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх бололцоогүй болж байна” хэмээн тэрбээр “Эрсдэл ба стандарт” үндэсний форумын “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийн сөрөг нөлөөллийг бууруулах нь” хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Ард иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйд хамгийн их эрсдэл учирна

Энэ үеэр зудын аюулыг оролцогчид хөндөж, хэдий урьдчилж арга хэмжээ авах боломжтой ч өвлийн бэлтгэлээ сайн хангаагүй, бэлчээрийн талхлалт, бэлчээрийн менежмэнтээс хамаарч малчид зуданд их өртөж байгааг сануулав. 2030 он гэхэд Монгол Улсын зудын эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 3.4 хувь, 2050 онд 17.4 хувь болж зургаа дахин нэмэгдэх тухай түгшүүртэй тоог форумын үеэр танилцуулсан. Зуд цаашид нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх нь гарцаагүй аж. Үүнээс улбаалаад малын тоо толгойг бууруулах, бэлчээрийн асуудал хөндөгдөнө. Энэ жил манай улс 18 сая төл хүлээж авч, 17 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар, малын тоо толгой 69 саяд хүрэх тооцоо гарсан. Одоогоор махны экспортыг квотгүй болгох, малыг амьдаар экспортлох ажлыг хэрэгжүүлж байгаа нь малын тоо толгойг зохистой хэмжээнд барихад чиглэсэн нэг алхам. “Махыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газар аль болох нээлттэй хандаж байна” хэмээн ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун өгүүлэв.

Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй гамшгийн тухай хөндөж ярихад чухал байр суурь эзлэх сэдэв бол ус юм. Манай улс усны хязгаарлагдмал нөөцтэй. Хэрэглээ талаасаа гүний усны ашиглалт олон улстай харьцуулбал өндөрт тооцогддог онцлогтой. Монгол орны хувьд зарим газар үер усны гамшиг ихсэх, зарим газарт хуурайшилт нэмэгдэх буюу усны стресс гэж нэрлэдэг үзэгдэл нэгэнт ажиглагдаж эхэлсэн. Үүний хамгийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа юм. “Уур амьсгалын өөрчлөлт бий болж байгаа гол хүчин зүйл нь хүний нөлөө юм. Байгалийн өөрчлөлтийн суурь дээр технологи, хог хаягдал, уул уурхай, хүлэмжийн хийн ялгарал давхар нөлөөлж байна. Хүн өөрийнхөө бий болгосон зүйлийг хаа нэгтээгээс ирсэн гэж ойлгож болохгүй. Энэ бүх өөрчлөлт усанд маш их нөлөөлж байна. Бид усан орчингоо хэвийн хэмжээнд байлгаж чадахгүй байна” хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа хэллээ.

Манай улсын мөнх цас, мөсөн голын хайлалт маш их. Ялангуяа цэвэр усны нөөц, ойн сангийн амьдрах баталгаа болдог Баруун бүс нутгийн мөнх цас, мөнх цэвдэгт онцгой анхаарал хандуулах ёстой. Учир нь 1940 оноос хойш Алтайн уулсын мөсөн голын талбай 30-60 хувь багасч, баруун бүсийн Алтайн уулын хэсгээр мөстлийн гаралтай нуурын задрал, үер, цасан нуранги зэрэг гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс мөсөн голын хайлалтаас үүсэлтэй гамшгийн нөхцөлийг заавал ярих ёстойг форумын үеэр салбарын төлөөллүүд онцолж байсан юм. Хэрэв дулаарал энэ эрчээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд Монгол Улсын бүх жижиг мөсөн гол, 2070 онд мөнх цаст бүх мөсөн гол алга болно. Үүний хор уршиг нь цэнгэг усны нөөц хомсдох, улмаар иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх явдал юм.

Манай улсад ган, зуд тохиох цаг уурын анамаль нөхцөл 2000 оноос жил бүр нэмэгдэх болжээ. Нийт гамшигт үзэгдлийн 50-60 хувийг бороо, үер, хүчтэй салхи эзэлж байгаа бөгөөд 2001-2022 оны хооронд цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 565 хүн амь эрсдэж, 29 сая 763 мянган мал хорогдож, 802.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Жижиг эдийн засаг, цөөн хүн амтай Монгол Улсын хувьд санаа зовоом тоонууд. Цаашид өвөл болон зуны агаарын дундаж хэм 2030 он гэхэд одоогийнхоос 1.5 хэм, 2050 онд 2.9 хэм, 2080 онд 6.5 хэмээр өсөх тооцоо бий. Өмнө дурдсанчлан өвлийн тунадас зуныхтай харьцуулахад асар ихээр нэмэгдэх тооцоо гарчээ. 2080 онд цас 55 хувиар, харин бороо ердөө долоон хувиар нэмэгдэж, зуны улирлын хамгийн олон дараалсан хуурай өдрийн тоо 17 хоног болох аж.

Уур амьсгалын гамшигт үзэгдлийн тоо, эрчим нэмэгдэж байгаа нь ялангуяа хот, суурин газарт оршин суугчдын аюулгүй байдалд эрсдэл дагуулна. 2030 оны орчимд дэлхийн нийт хүн амын 77 хувь хот суурин газарт амьдарна гэсэн тооцоо гарсан учир гамшгийн эрсдэл хотууд руу шилжиж байна. Хотуудын хувьд гамшгаас сэргийлэх нэг чухал “зэвсэг” нь стандарт юм. Гэвч бид стандартыг мэддэг, хэрэгжүүлдэг эсэх нь асуудал дагуулдаг. Зөвхөн нэг жишээ дурдахад, Улаанбаатар хотод орон сууцны барилга хоорондын зайтай холбоотой стандарт байдаггүй. Өмнө нь ийм стандарт батлан ашиглаж байсан ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд ийм стандарт байхгүй. Нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар голлосон Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн өмнө бараг л хамгаалалтгүй, эрсдэлийн өөдөөс барих зэвсэггүй, эрсдэлийн талаарх тун маруухан ойлголт бүхий ард иргэдтэй.

Хэрэв уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аль болох хурдан, дорвитой арга хэмжээ авахгүй бол уур амьсгалын өөрчлөлтөд боомилуулах цаг айсуй. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр юу хийх ёстойг форумын үеэр маш тодорхой дурдсан. Юун түрүүнд, гамшгийн эрсдэлийн тухай ойлголтыг бага наснаас олгох, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, эрсдэлийн мэдээлэлд суурилсан төлөвлөлт хийх, гамшгийн эрсдэлийг бүрдүүлдэг далд хүчин зүйлсийг бууруулах, даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.