Уул уурхайн хэт хараат байдлаас гарахын тулд

Дэнсмаа
2022-10-25 16:15:25
Ангилал: Эдийн засаг

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) Монголын  Улсын эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хэлбэлзлээс ангид байлгах, тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, чадавхыг бэхжүүлэх төслийг 2016 онд эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгаанууд нь уул уурхайн орлогын үр ашигтай удирдлага, гадаадын хөрөнгө оруулалтын нөлөө, гэрээ хэлэлцээр, түүхий эдийн худалдааг сайжруулах боломж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлоход чиглэжээ. Эдгээр судалгаанд үндэслэн боловсруулсан алхмуудын талаар өнөөдөр уур уурхайн салбарынхны дунд “Монгол Улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: тулгамдаж буй асуудал, зөвлөмж” сэдэвт хурлыг зохион байгууллаа. 

Хурлын эхэнд ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ёшитака Хосои “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд учирч болох эрсдэл нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос эдийн засаг бүхэлдээ хамааралтай хэвээр байгаа явдал. Иймд эрсдэлийг удирдах хариу үйлдэлд хамтын ажиллагаа тооцоолол судалгаа зайлшгүй шаардлагатай. Бид энэ чиглэлд судалгаа боловсруулах урт хугацааны төслийг эхлүүлсэн. Энэ төсөл засгийн газрын бодлого боловсруулах түвшинд нөлөөлөх томоохон мэдээллийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдэж байна” гэлээ. 

Уг хурлыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) хамтран зохион байгуулсан бөгөөд “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал – Баялгийн сан”, “Төсвийн орлогын удирдлага, мэдрэмжийн шинжилгээ”, “Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба түүхий эдийн зах зээл” зэрэг сонирхолтой сэдвээр судлаачид илтгэл тавилаа. 

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Б.Нямбаатар “Нүүрсний экспортын үнэ маш их зөрүүтэй, нэг ордоос экспортлож буй бүтээгдэхүүний борлуулалт ч ялгаатай байна. Иймд экспортын төлөвлөгөөг ерөнхийлөн гаргах боломжгүй юм.

Мөн Засгийн газар баялгийн сангуудын үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, ашигт малтмалын үнийн савалгаанаас үүдэлтэй эдийн засгийн мөчлөгийг сөрсөн бодлого тууштай баримтлах нь урт хугацааны тогтвортой өсөлтийг хадгалахад чухал үүрэгтэй” гэж онцоллоо.

Манай улсын экспортод нүүрсний эзлэх хувь өссөөр байна.  Хятад улсын нүүрсний эрэлт хэрэгцээ, Австрали улсын нүүрсний экспортын бууралт зэрэг хүчин зүйлсийн улмаас нүүрсний экспорт цаашид их хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа ч энэ нь хэр хугацаанд үргэлжлэхийг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа юм. 

Мөн алтны үйлдвэрлэл багассаар байгаа нь 2006 онд батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татварын тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй байсантай холбоотой гэж үзжээ. Алт олборлогч компаниуд татвараас зугтаах зорилгоор Монголбанканд тушаалгүйгээр борлуулж байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг зарим судлаач хэлж байлаа. 

Хуралд оролцогчдоос гаргасан саналуудыг хураангуйлан танилцуулвал:

  • Хэдийгээр татварын хувь, нөөц ашигласны төлбөрийн төрлийг хуулиар тогтоодог боловч компаниуд их хэмжээтэй, урт хугацаатай хөрөнгө оруулахдаа татварын орчныг тогтвортой байлгахыг хүсдэг учир татварын эрхзүйн орчныг эргэн харах, 
  • Дэлхий даяар маш олон уул уурхайн төсөл хөрөнгө оруулалт татахын тулд хоорондоо өрсөлдөж байдаг учраас хэт бага биш боловч өрсөлдөхүйц татварын түвшнийг санал болгох ,
  • Ашигт малтмалын үнэ байнга савлаж байдаг учир хоёр талын хүртэх үр өгөөж явцын дунд өсөж, буурах тохиолдолд гэрээний заалтуудыг харилцан ашигтайгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 

Мөн тухайн улсын эдийн засагт уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг, тус салбарын талаарх олон нийтийн ойлголт болон Засгийн газрын ойлголт, хандлагыг харгалзан үзэж шаардлагатай судалгаа мэдээллийг шийдвэр гаргах түвшинд тогтмол хүргүүлэх шаардлага байгааг хуралд оролцогчид онцоллоо. 

Дэнсмаа