ХААН IPO

Mongolian Economy
2023-04-13 11:07:17
Ангилал: Банк

Бизнесийн аливаа салбарын өнгө төрхийг тодорхойлдог, улс орны хөгжлийн хөдөлгүүр, нэрийн хуудас болсон хүчирхэг бизнесүүдийн үүх түүх нь даруухан эхлэл, сорилт бэрхшээлийг даван туулсан амжилтаар дүүрэн. ХААН Банкны түүхийг өнөөгийн өндөрлөгөөс харахад ч мөн адил дүр зураг харагдана.

Монгол Улсад банкны хоёр шатлалт тогтолцоо үүссэн 1991 онд Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр ХААН Банк байгуулагдсан түүхтэй. Улмаар төв банкны хөдөө орон нутаг дахь хөрөнгө, үйл ажиллагааг өөртөө шилжүүлэн авсан ч бизнесийн үйл ажиллагаа нь төр засгийн хүчтэй нөлөөллөөс ангид байсангүй. ХААН Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Питер Морроу агсан дурсамж номдоо “банкны ихэнх үйлчилгээг үзүүлэх боломжгүй, бараг орлогогүй, өр нь өөрийн хөрөнгөөсөө хоёр дахин их, тэрчигт нь их засвар хийхээр байгууллага хүлээж авсан” хэмээн өгүүлсэн байдаг.

Тэгвэл “найдваргүй” шахуу байсан банк өнөөдөр хэрхэн Монгол Улсын хамгийн том, хүчирхэг, хүртээмжтэй банк болов? Нууц нь юунд байна вэ?

Хөрөнгө оруулагчдын дунд бичигдээгүй нэг дүрэм байдаг: “худалдаж авч буй компанийнхаа засаглалыг судал”. Учир нь аливаа компанийн засаглалын бүтэц, үйл ажиллагаа тогтвортой, сайн байх нь чанартай шийдвэр гаргалт, удирдлагын залгамж халааг оновчтой төлөвлөх, цаашид компани бие даасан, хараат бус байж, хэтийн хөгжилдөө тууштай анхаарах нөхцөлийг бүрдүүлдэг.

ХААН Банк нь компанийн сайн засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг баримталж, тэдгээрийг бодитой хэрэгжүүлснээр олон улсын үнэлгээний агентлагуудын дунд байр сууриа батжуулж, Монголдоо банкны системийн ач холбогдол бүхий тэргүүлэгч банкны нэр хүндийг хадгалж байна. Өмнө өгүүлсэн 2000-аад оны эхэн үеийн амаргүй үеийг даван туулж, өнөөгийн бат бэх суурийг тавихад ч зөв засаглал, сайн удирдагч, менежерүүдийн үүрэг роль асар их байсан юм.

Харин өнөөдөр ХААН Банк хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар нээлттэй хувьцаат компани болох түүхэн үйл хэргийн өмнө ирээд байна. Үүнийг хэрэгжүүлэхэд тус банкны мэргэшсэн удирдлага, хамт олон ихээхэн үүрэг гүйцэтгэж, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө улам өндөр үүрэг хариуцлага хүлээж ажиллахад бэлэн байна.

Өдгөө ХААН Банк 2.8 сая харилцагчтай, 1.7 сая идэвхтэй цахим хэрэглэгчтэй, 505 мянган зээлдэгчтэй, 545 салбар тооцооны төвтэй, 1428 АТМ бүхий системийн нөлөө бүхий банк болжээ. Эдгээр статистик нь Монголын банкны системийн оргил үзүүлэлт билээ. Монгол Улсын засаг захиргааны нэгж бүрд хүрч үйлчилдэг ийм нүсэр, цогц системийг “сайтар тосолсон” машин мэт ажиллуулах хариуцлагатай үүргийг тус банкны 6500 гаруй ажилтан нэр төртэй хэрэгжүүлж байна.

Банк бол тун эмзэг бизнес. Итгэлцэл хэмээх мяндсан утас шиг нарийн зүйл дээр тогтдог учраас. Харин тэрхүү итгэлцлийг бэхжүүлэгч нь санхүүгийн хүчирхэг үзүүлэлт юм. Ялангуяа банк, санхүүгийн байгууллагын хувьд санхүүгийн үзүүлэлт, зохистой шалгуурыг хангаж буй байдал нь нэн чухал бөгөөд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг илэрхийлдэг. ХААН Банк нийт актив, зээлийн багц, хадгаламж, өөрийн хөрөнгийн хэмжээгээр банкны системдээ тэргүүлж байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар ХААН банкны нийт актив 15 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь банкны системийн 33 хувийг дангаар бүрдүүлж буй үзүүлэлт юм. Харин өөрийн хөрөнгийн хэмжээ 1.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Банкны өөрийн хөрөнгийн хэмжээ их байх тусам тухайн банканд үзүүлэх итгэл нэмэгдэх, банкны төлбөрийн чадвар сайжрах эерэг талтай.

Тус банк 2022 онд нийт 449 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллан дээд амжилт тогтоосон агаад энэ нь банкны системийн хэмжээнд нийт ашгийн 43 хувийг эзэлсэн дүн болж байгаа юм. Мөн нийт 142 тэрбум төгрөгийн ААНОАТ-ыг улсын төсөвт бүрдүүлж, улсын эдийн засагт хувь нэмрээ оруулаад байна.

Банкны салбарын үндсэн үйл ажиллагаа бол зээл. Олгож буй зээл нь аль болох бага эрсдэлтэй, үүнийхээ зэрэгцээ хүртээмжтэй байх ёстой. ХААН Банкны хувьд 2022 оны байдлаар нийт зээлийн 62 хувь нь иргэдийн, 38 хувь нь байгууллагын зээл байна. Ингэснээр тус банк системийн хэмжээнд олгосон нийт зээлийн 36 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт зээлийн хэмжээ нь 8.0 их наядад хүрчээ. Банкны дижитал стратегийн хүрээнд дижитал зээлийн хэмжээг энэ онд 35 хувьд хүргэх (2022 онд дөрвөн хувь байсан) юм.

Нэрт хөрөнгө оруулагч У.Баффетт “боломжийн компанийг гайхалтай үнээр худалдаж авснаас гайхалтай компанийг боломжийн үнээр худалдаж авах нь илүү дээр” гэж зөвлөжээ. ХААН Банк хувьцаагаа олон нийтэд арилжсанаар тэрбумтны зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлэх алтан боломж монголчуудад гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 82 хувьд санхүүгийн үйлчилгээ хүргэдэг, өндөр ашигтай, дээд зэргийн сахилга бат, зохион байгуулалттай, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг ийм компани Монголын хөрөнгийн биржэд тэр бүр гараад байхгүй.

“Өнөөгийн нөхцөлд ийм компани тун ховор. Тиймээс хөрөнгө оруулах нь маш зөв” хэмээн “БиДиСек ҮЦК” ХК-ийн захирал Д.Даянбилгүүн онцолж байв.

Монгол Улсын том, нөлөө бүхий банк хөрөнгийн зах зээлд хөл тавьж, хөрөнгийн биржийн нэгдүгээр ангиллын хувьцаат компани болсноор улсын эдийн засаг тэлэх, хөрөнгийн зах зээл хөгжих, хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хүртэх зэргээр маш далайцтай, өргөн хүрээний нөлөө үзүүлэх юм. 2021 онд УИХ-аас Банкны тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар арилжааны банкууд нээлттэй компани болох эхлэл тавигдсан. Эл шинэчлэлд ХААН Банк идэвхтэй бэлтгэж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр 2021 оны тавдугаар сард салбартаа тэргүүлэгч андеррайтер, хууль зүйн зөвлөх, үнэлгээний нэр хүндтэй мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан хоёр жилийн турш бэлтгэлээ базаажээ.

Энэ онд тус банк брэнд шинэчлэлийн ажил хийж, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ шинээр танилцуулсан. Тэд алсын хараагаа “харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгждөг, итгэл төгөлдөр банк байна” гэж тодорхойлсон юм. Харин одоо танд ХААН Банктай хамт өсөж хөгжих боломж гарч ирж байна. ХААН Банкны IPO-д тавтай морил.

 

 

 

Mongolian Economy