Хайгуул-Олборлолт, Хүнд үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ

B Shurenchimeg
2022-03-25 14:46:24
Ангилал: Уул уурхай

Ирэх сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2022”-аар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Тус чуулганыг угтсан салбар бүрийн дэд хэлэлцүүлгүүд энэ өдрүүдэд үргэлжилж байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамнаас “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр “Корпорэйт” зочид буудалд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбартаа баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашигладаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн суурийг тэлэх чухал ач холбогдолтойг тэрбээр онцоллоо.

Ойрын жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал эрчимжсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин өсөх хандлагатай байна. Мөн коксжих нүүрсний хэрэглээ богино, дунд хугацаанд эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байх бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Иймд дээрх эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд ил тод, нээлттэй зарчмаар худалдан борлуулах нь манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбартаа баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн таван үндсэн чиглэлээр боловсруулсан. Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Аж үйлдвэржилтийг сэргээх бодлогын хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ зорилгоор газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн төсөл, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Үйлдвэр технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Алтанширээ аж үйлдвэрийн парк, Монгол ган цогцолбор үйлдвэр, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор зэргийг бүтээн байгуулахаар төлөвлөөд буй. 

Ингэснээр манай улс 2025 он гэхэд жилд 2.1 сая тонн зэсийн баяжмал боловсруулах, 422.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй болох, 2024 онд нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэж, үүн дотроо баяжуулсан нүүрсний хувийг одоогийнхоос тав дахин өсгөх, газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 50-55 хувийг дотоодоосоо хангах боломжтой болох юм.

Аж үйлдвэржилтийн сэргэлт арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Ди Ди Эй Жи” ХХК-ийн ахлах зөвлөх М.Баттөгс тэргүүтэй төлөөлөгчид оролцож “Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Манай улсын газар нутгийн 60 орчим хувь нь бүрэн судлагдаагүй. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн судалгааны ажил, хувийн хөрөнгөөр гүйцэтгэдэг нарийвчилсан хайгуулын ажлыг эрчимжүүлж байж Оюутолгой шиг ордуудыг нээж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Тиймээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг аж ахуйн нэгжид чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж, хялбар болгож эхэлсэн.

Хайгуулын ажил өндөр эрсдэлтэй. Иймд хөрөнгө оруулагч нарын итгэл үнэмшлийг баталгаажуулах зорилгоор геологийн болон ашигт малтмалын судалгааны ажлын хэмжээ, түүнд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр өсгөж, судалгааны төрөл, чиглэлийг ч нэмэгдүүлж байна. 2021 онд улсын төсвөөс 24.3 тэрбум төгрөг зарцуулсан бол 2022 онд 32.9 тэрбум төгрөгийг төлөвлөлөө.

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал:

Геологи, уул уурхайн салбар бол аж үйлдвэржилтийн үндэс, суурь болдог. Гэхдээ уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ бид ногоон хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ногоон хөгжлийг хэрэгжүүлэхэд уул уурхайн салбар зайлшгүй шаардлагатай. Учир нь шинэ техник, технологи хөгжихийн хэрээр уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүн хамгийн чухал түүхий эд нь болж байдаг. Тухайлбал, зэс бол технологийн салбарын суурь бүтээгдэхүүн.  Төмөр, зэс, цайр, хөнгөн цагаанаар байшин барьж, машин үйлдвэрлэж байна. Тэгэхээр манай улс аж үйлдвэржилтийг хөгжүүлье гэвэл уул уурхайн салбараа хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Тэр дундаа зэсийн салбараа яаж хөгжүүлэх вэ, мөн критикал минерал буюу чухал ач холбогдолтой газрын ховор элементийг ногоон хөгжилтэй хэрхэн уялдуулж зөв хөгжүүлэх вэ гэдгээ бид одоо ярих ёстой. 

2008 оноос хойш хайгуулын салбар уналтанд орсон. 2008 онд 4000 орчим хайгуулын лиценз олгож байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо дөрөв дахин буурсан байна. Мөн Оюу толгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол манай улсад гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болжээ. Бизнесийн салбар, ялангуяа уул уурхайн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт шаардагддаг, урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг учир хууль эрхзүйн тогтвортой, тууштай байдал чухал. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын гол шалгуур үзүүлэлт болдог. Тиймээс эдийн засгийн чуулганаас тодорхой шийдэл, үр дүнтэй яриа хэлэлцүүлэг гарна гэдэгт итгэж байна.

“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Алтанширээт аж үйлдвэрийн парк” төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Эл санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар гарын үсэг зурлаа.

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg