Ханбогдыг хэрхэн хот болгох вэ?
Оюу толгой төслийн гүний уурхайн олборлолт болон Оюу толгой төслийн ашиглалтын талбай оршдог Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгох асуудлын хүрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн (“ЭОТ ХХК”) гүйцэтгэх удирдлагын багтай Редакцын уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар гүний уурхайн олборлолт, үр дүн, Монголын талын хүртэх өгөөж мөн Ханбогд сумыг хэрхэн хот болгон хөгжүүлэх, ямар инженерийн шугам сүлжээтэй, хэдэн хүн амтай ямар суурин газрыг бий болгох гэж буй талаар тодорхой мэдээлэл өглөө. Редакцын уулзалтад “ЭОТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Геологи, уул уурхайн хэлтсийн ерөнхий менежер Л.Өнөрбаатар, Санхүү шинжилгээний хэлтсийн ерөнхий менежер Б.Баяр-Өлзий, Хуулийн хэлтсийн ерөнхий менежер Ж.Наранпүрэв, Ханбогдын төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн ерөнхий менежер Б.Чулуунбаатар нар оролцлоо.
Ханбогд шинэ эдийн засгийн төв болно
-Оюу толгой төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхтэй холбогдуулан “ЭОТ” ХХК-аас “Ханбогд-Бүтээн байгуулалт, ажлын байр” форумыг анх удаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа. Тус форумыг хийх болсон гол хүчин зүйл юу байв?
-Н.Цэрэнбат: Сүүлийн 70 жилд өрнөсөн үйл явдлуудаас анзаарвал шинэ суурьшлын бүс- хотжих үзэгдэл нь томоохон уурхайнуудыг дагаж бүтээн байгуулагдсан гэж хэлж болно. Тухайлбал, Эрдэнэт, Дархан-Уул, Бор-Өндөр, Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхай дагасан суурьшлын бүсийг нэрлэж болно. Ханбогдыг шинэ эдийн засгийн төв болно гэж харж байгаа. Нэгдүгээрт, энэ төслийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь Оюу толгойн уурхай юм.
“Эрдэнэс Оюу Толгой” компани Оюу толгой төсөлд Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх үүргээ биелүүлэх ёстой. Төслийн зардлыг нэмэгдүүлэхгүйгээр, тухайн зардалд нь тулгуурлан ажлын байрыг орон нутагт бий болгоно. 2015 оноос “Оюу толгой” ХХК говийн бүсийг хөгжүүлэх зорилготой жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж ирсэн. Хэдэн зуун сая ам.доллароор хэрэгжиж буй төслийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ нь Ханбогдын нутаг дэвсгэр дээр ажлын байр бий болгох ёстой. Энэ ч утгаараа “Ханбогд-Бүтээн байгуулалт, ажлын байр” форумыг зохион байгуулсан.
Мөн энэ нь УИХ-ын 2019 оны 92, 2021 оны 103 дугаар тогтоолуудаар Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлж, ногдол ашгийг ойрын богино хугацаанд авах зарчмын хүрээнд хийж буй ажлуудын нэг юм. Хэн хийх нь мэдэгдэхгүй бие биеэ хардаг байдлаа одоо болих хэрэгтэй. Нэгдээд хийж чаддаг юм шүү гэдгийг харуулах хэрэгтэй. Ханбогд сумын иргэд ч үүнийг илүү сайн ойлгосон болов уу гэж бодож байна.
-Форум зохион байгуулсны дараа хөндлөнгийн багаар судалгаа хийлгэсэн. Энэ судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь Ханбогдод нүүгээд очвол байр, орон сууц нь бэлэн үү, хүрэлцээ нь хэр байна, үнэ нь хэд вэ гэж асууж байна.
-НЦ: Ханбогдод суурьших хүсэл сонирхолтойиргэд олон байна. Тиймээс бид бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хийхийг зорьж буй. Цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, ундны усны эх үүсвэр, цэвэр, бохир шугам хоолой зэрэг дэд бүтцийн ажил дууссан. Энэхүү дэд бүтэц дээрээ тулгуурлан орон сууц, барилга байгууламж, зам талбай барих бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлээр хийлгэнэ. Бид Монголын ипотекийн корпорац, Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллана.
Хувийн хэвшлээр 800-1000 айлын орон сууц бариулж, ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Оюу толгой төслийн туслан гүйцэтгэгч компаниуд оффисоо Ханбогд руу нүүлгэж, ажилтнуудаа тэнд байрлуулах боломжтой болно. Эдгээр ажлыг аль болох богино хугацаанд, чанартай хийхийг зорино.
-Ханбогд хот болсноор Өмнөговь аймагт, том зургаараа манай улсын эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Н.Ц: Хамгийн чухал хоёр зүйл бий. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газар уугуул иргэдийн эрх ашиг хөндөгддөг. Яагаад Ханбогдыг сонгосон бэ гэдэг асуултыг байнга тавьдаг.
Нэгдүгээрт, эдийн засгийн шинэ эргэлтийг уугуул иргэдэд өгч байгаа хэрэг. Тэднийг ажлын байраар хангаж, бизнес эрхлэх боломж олгоно. Зөвхөн боломж олгоод зогсохгүй, үүнийг зөв ашиглах талаас нь сургалтууд зохион байгуулна. Өнгөрсөн оны намар газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулан сургалт зохион байгуулсан. Хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэдийн зүгээс агуулах, савны дутагдалтай талаар бидэнд хэлсэн. Тиймээс нэн тэргүүнд Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаас хөрөнгийг нь гаргаад 400-500 тоннын багтаамжтай агуулахыг Ханбогд суманд барихаар төлөвлөсөн. Агуулахтай болсноор намар хураасан хүнсний ногоогоо хамгийн бага үнээр борлуулаад хавар дахин зээл хөөцөлдөж үр, тариа авах асуудал дахин гарахгүй гэсэн үг. Энэ мэтчилэн хэн ажил хийж байна түүнийг дэмжих болно. Гэхдээ мөнгө бэлнээр өгөх бус, материаллаг баазаар нь, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах юм.
Мөн мах нядалгааны орчин үеийн цех байгуулах асуудлыг олон жил ярьсан. Үүнийг ойрын хугацаанд шийднэ. Мах, ногоо зэрэг хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнээр Оюу толгойн ажилчдыг 100 хувь Ханбогд сумаас хангаж чадвал бүс нутагт хийсэн хамгийн том амжилт болох юм. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх бас нэгэн арга хэрэгсэл болох юм. Ханбогд сумын хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компани, хоршоод энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжийг ашиглах ёстой.
Монголын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр Оюу толгойг 100 хувь хангах ёстой гэсэн санал манай компанид байнга ирдэг. Бид энэ хүсэлтийг Оюу толгой компанид уламжлахад ганцхан шаардлага л тавьдаг. Оюу толгойгоос тавьдаг олон улсын болон Монгол Улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн байвал худалдан авахад 100 хувь бэлэн гэдэг хариу өгдөг. Үүнийг аж ахуйн нэгж бүрд тус тусад нь хэлэх биш нийтэд нь “Ханбогд-Бүтээн байгуулалт, ажлын байр” форумын үеэр Оюу толгойн хоол үйлчилгээний тендерт ялсан компанийн захирал өөрөө ирж, илтгэл тавьж ямар шаардлага, стандартыг мөрдөх ёстой талаар ярьсан.
Захиалагч талаас энэ л шаардлага, стандартыг хангаж чадвал худалдан авалт хийхэд бэлэн гэдгийг сонссон орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, хоршоодийн итгэл арай илүү нэмэгдсэн байх гэж бодож байна. Энэ хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан, Хоршоо хөгжүүлэх сан болон Ханбогд суманд ажилладаг арилжааны банкуудын зүгээс нутгийн иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдэд тусгайлан зориулж тодорхой хэмжээний зээлийн багц нэмж гаргана гэдгээ хэлсэн. Энэ бол үнэхээр том боломж.
Бид орон нутгийн удирдлагатай хамтран “Ханбогдын бизнес форум”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ форумаар жинхэнэ утгаараа ажил хэрэгч олон санал ирэх байх. Ханбогдчууд юу хийж, үйлдвэрлэж чаддаг, хэрхэн ажиллахаа хоорондоо эхлээд хэлэлцэх хэрэгтэй.
-Ханбогдыг 25 мянган хүн амтай суурьшил болно гэж тооцжээ. Энэхүү тоог ямар үндэслэлээр хэрхэн гаргаж ирсэн талаар тодруулж өгнө үү?
-Н.Ц: Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх төлөвлөгөөнд туссан эдийн засгийн болон нийгмийн үзүүлэлтүүдийг хэт өндрөөр үнэлээгүй. Байж болох хамгийн багаар тооцож гаргасан. Манайхан аливаа төсөл хөтөлбөр дээр хэт өндөр хөрөнгө оруулалт, тоо, үр дүн хүлээдэг. Энэ нь эргээд бодит ажил хэрэг болоход саад болдог жишээ олон бий. Тиймээс бид хэрэгжих боломжтой хамгийн бодит, хамгийн доод хувилбараар тооцоолж гаргасан. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Ханбогд суманд бүртгэлтэй хүм амын тоо 8660, хөдөлгөөнт хүн амын тоо нэмэгдэхээр 40 мянга орчим байна. Бид бодит нөхцөлтэй уялдуулан Ханбогд хотын сумын бүртгэлтэй хүн ам 25 мянгад хүрнэ гэж тооцоолсон.
Харин 2025 оноос Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусахад туслан гүйцэтгэгч компаниудын ажил дуусаж, 4800 орчим байнгын ажилтантай болохоор байгаа. Тэгэхээр 4800 хүнээс 3000 нь гэр бүлтэйгээ хамт Ханбогд суманд суурьшвал 12 мянга болж өснө. Үүн дээр сумын найман мянган уугуул иргэнийг нэмэхэд 20 мянга болно гэж үзсэн. Мөн Засгийн газрын томоохон бодлого болох хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аж ахуйн нэгжүүд орон нутаг руу шилжсэнээр давуу тал бий болно гэж бодож байна.
Түүнчлэн гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааны нээлтийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яам болон “Рио Тинто” группийн хооронд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын Засгийн газраас зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Ханбогд суманд барьж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийг дагасан суурьшлын бүс мөн бий болно. Энэ мэтчилэн Ханбогд сум хамгийн багадаа 25 мянган оршин суугчтай хот болно гэж харж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Барилга, хот байгуулалтын яамыг Ханбогд суманд өрнөх хөгжлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч, дэмжиж оролцохыг хүссэн.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Суурин төлөөлөгч Ханбогд суманд нэг жилийн хугацаанд гурван удаа ирж нөхцөл байдалтай танилцлаа. Эхний удаа Оюу Толгой төсөл, хоёр дахь уулзалтаар Ханбогдын хөгжлийн хөтөлбөртэй танилцсан. Хамгийн сүүлд Ханбогд суманд хэрэгжих төсөл, хөтөлбөртэй өөрийн биеэр танилцаж нарийвчлан судлах уулзалт зохион байгууллаа. Миний бие Их Британийн парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниел Кочинскийтай уулзаж Оюу толгой төсөл, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн талаар болон Ханбогдыг хот болгох төлөвлөгөөг тусгайлан танилцуулсан. Энэ мэт гадаадын хөрөнгө оруулагчдад төслүүдээ сурталчлан хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажиллаж байна.
-Шинэ суурьшлын бүсийг эрчим хүчээр хэрхэн хангах вэ?
-Н.Ц: Нэгдүгээрт, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний асуудлыг гурван үе шаттай шийдэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд 15мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихад орон нутгийн төсвөөс таван тэрбум төгрөг гаргана. Учир нь Оюу Толгой компани болон гаднын бусад санхүүжүүлэгч байгууллагууд нүүрсээр ажилладаг технологитой цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн учраас бид өөрсдийн төсвөөр дулааны цахилгаан станц барина. 2040 онд нийт 40мВт-ийн хүчин чадалтай эрчим хүч, дулаан үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гаргасан.
Мөн Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй уулзаж сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар санал солилцсон. Оюу Толгойн бүтээн байгуулалттай холбоотой дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүд хамтран сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх саналууд ирж байгаа.
Л.Өнөрбаатар: (Геологи, уул уурхайн хэлтсийн ерөнхий менежер)-Оюу толгой ХХК-аас төслийн талбайн орчимд сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-тэй холбоотой судалгааг энэ жилээс хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой нар, салхины нөөцийг судлахаар ажиллаж байна. Үүний дараа хамтран ажиллах боломж нь нээлттэй болох юм.
Б.Чулуунбаатар: (Ханбогдын төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн Ерөнхий менежер)– Ханбогдыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний талаар тусгасан. Газар байршлыг нь тогтоож, тусгай хэрэгцээнд авсан. СЭХ-ээр хангах ажлыг 2032 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.
Н.Ц: Эрчим хүчний яамнаас бодлогын хувьд СЭХ-ний хангалтай олон лиценз олгосон. Дахин нэмж лиценз гаргахгүй, харин нэгдсэн сүлжээнд нийлүүлдэг өртгийг эргэж харах асуудал байгаа гэдгийг тайлбарласан. ЭХЯ-наас энэ асуудлыг тодорхой болгочихвол хувийн хэвшлийнхэн говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний станц барихад бэлэн гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, СЭХ-ний эрх зүйн тодорхой зохицуулалт шаардлагатай байгаа юм. Тиймээс эхний ээлжинд 2025 он гэхэд 15 мВт, 2030 онд 16 мВт, 2040 онд 32 мВт дулааны цахилгаан станц барина гэсэн төлөвлөгөөтэй
байна.
-Ханбогд сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-ээр ямар хот, суурин газар босохоор байгаа вэ? Эрчим хүчнээс гадна бусад дэд бүтцийг хэрхэн шийдэхээр төлөвлөлтөд тусгасан бэ?
-Л.Ө: ОТ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2017 онд Ханбогд суманд ус цэвэршүүлэх байгууламжийг байгуулсан бөгөөд хоногт 2,600 метр куб усыг цэвэршүүлдэг ба 13,000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай юм. Цаашлаад өргөтгөл хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлбэл 35,000 хүнийг цэвэршүүлсэн усаар хангах боломжтой.
Б.Ч: Оюу толгой компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ханбогд суманд 56 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 30 орчим дэд бүтцийн барилга байгууламж барьсан. Одоо Ханбогдын хөгжлийн стратегийн хүрээнд нэн тэргүүнд 85 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий зам, хатуу болон зөөлөн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийнэ. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд нийт 500 орчим сая ам.доллар шаардлагатай байгаа.
Ханбогд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт 1610 га газрыг хамарна. Шинэ суурьшлын бүсэд орон сууц, хувийн сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөж буй. Эхний ээлжинд 160 айлын орон сууцыг барьж, Оюу толгой компанийн шилжин суурьших анхдагч ажилчдад зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслэх, худалдан авах боломжийг бүрдүүлнэ.
Хэрэв гэр бүлийн хамт суурьших бол бусад төрлийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх шат дараалсан хөрөнгө оруулалт татахын тулд Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сангаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчид болон олон улсын сангууд руу хүсэлт гарган ажиллаж байна. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгой сан өнөөдрийн байдлаар ирэх таван жилийн стратеги, төлөвлөгөөгөө эцсийн байдлаар батлаагүй, санал хүсэлт хүлээн авч, зөвшилцөж байна.
-Ханбогдыг ухаалаг, эко хот болгоно гэж байгаа. Үүний тулд ямар бодлого, төлөвлөлт хийж байгаа вэ?
-Н.Ц: Тогтвортой хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалд тулгуурлан хотын шийдлийг аль болох эко байлгахыг зорино. Одоо барихаар төлөвлөж буй бүх барилга, байгууламж дулааны алдагдалгүй байх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, Говийн унаган төрхийг хадгалан, хамгаалах, байгалийн нөөцийг зохистой эргэлтэд оруулах зэрэг шаардлага тавина. Тухайн бүс нутгийн хөрс шороонд зохицсон ургамал тарих, ногоон байгууламжийг бий болгох зэрэг хотыг бүхэлд нь эко, ногоон байлгахыг зорино.
Нийгмийн хөгжил талаасаа стрессгүй, амьдралын чанарыгсайжруулсан, ая тухтай орчин, төрийн үйлчилгээ хүртээмжийг сайжруулах, таталцлыг бий болгохын төлөө бүх тал хичээх ёстой. Мөн хүлэмжийн хий ялгаруулалтыг багасгах инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлэх болно. Түүнчлэн залуучуудын хүссэн бүхэн байдаг, ухаалаг хот болно гэж харж байгаа.
-Нийгмийн чанартай үйлчилгээ хамгийн чухал. Иргэдийн хүссэн нийгмийн үйлчилгээг бий болгочихвол хүмүүс дуртайяа Ханбогдод суурьшихыг хүснэ. Энэ талд ямар бодлого баримтлах вэ?
-Б.Ч: Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгой сангаас нийслэлийн сургуулийн төлөөлөл, удирдлагуудтай уулзалт хийж, боловсролын чиглэлээрх ажлуудаа танилцуулж салбар сургуулиа Ханбогдод байгуулахыг урих болно. Оюу толгой компанийн ажилчдын зүгээс Ханбогд сумын сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн хүртээмж, сургалтын чанар стандартыг сайжруулах талд маш сайн анхаарч өгөөрэй гэсэн хүсэлт тавьж байгаа.
Н.Ц: Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх нөр их ажлын бодит үнэнтэй нүүр тулах ёстой гэдгийг би ажил авсан цагаасаа эхлэн хэлсээр ирсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын шилдэг бүх багшийг Ханбогд суманд урьж авчраад ажиллуулах боломжгүй. Тиймээс улсын дундаж стандартаас давсан чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох зорилготой ажиллаж байна. Үүний суурь нь юу вэ гэхээр анги дүүргэлт. Анги дүүргэлтийг 25 хүүхдээс хэтрүүлэхгүй байснаар нэг хүүхэдтэй тулж харьцах багшийн цаг нэмэгдэнэ, чанартай боловсрол олгох суурийг тавина гэж үзэж байгаа. Мэдээж багш нарыг чадавхжуулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Оюу толгой компаниас зохион байгуулдаг гадаадын тэтгэлэг хөтөлбөрүүдэд Ханбогдын багш, эрүүл мэндийн ажилтан, сувилагч, эмч нарыг түлхүү хамруулъя гэсэн байр суурьтай байгаа.
Ханбогд сумын эмнэлэг дээр хоёр асуудал бий. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд зааснаар сумын статустай учраас төрийн үйлчилгээний байгууллагуудын орон тоог нэмэх боломжгүй. “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-ийг баталж ажил хэрэг болгож байгаа бол сумын статусыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Хотын статусаар ажиллах эрхийг нь орон нутгийн засаг захиргаанд нээлттэй болгож өгөх нь зүйтэй. Хотын статустай болсноор орон тоо нэмэх, дэд бүтэц хариуцсан мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах боломж нь хууль эрх зүйн хүрээнд нээгдэх юм.
-Сумыг хот болгон хөгжүүлэх статус нь ямар стандарт шаардлагыг хангах ёстой байдаг вэ? Энэ тухай сумын иргэдэд зөв ойлголт өгнө үү?
-Н.Ц: Ханбогдын одоогийн нөхцөл байдал сумын хэмжээнд л байгаа. Барилга, бүтээн байгуулалт, нийгэм рүү чиглэсэн ажлын 50 хувийг хийсний дараа хотын статустай болох асуудлыг хөндөх нь зөв юм болов уу. УИХ-аас баталсан цаасан дээр хот гэсэн статустай олон аймаг, сум бий. Тэгэхээр эхний ээлжид 2024 он хүртэл зарчмын өөрчлөлт, бүтээн байгуулалтын ажлаа хийж дууссаны дараа сумын статусыг өөрчилж хот болгох асуудлыг ярьж УИХ-аар оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-2024 он гэхэд ямар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Б.Ч: Урьдчилсан байдлаар хатуу дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц болон бизнес хөгжил гэсэн гурван чиглэлээр нэн тэргүүний 13 төслийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, сумын доторх улсын чанартай болон туслах замуудыг хатуу хучилттай болгох ажлыг энэ онд багтаан эхлүүлнэ. Галба цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн сайжруулах, амралт спортын цогцолбор барих ажлыг эхлүүлж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Мөн гэр хорооллын тохижилтын хүрээнд гудамж төслийг эхлүүлнэ. Энэ төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний холболт, олон нийтийн болон тоглоомын талбай байгуулах, явган хүний зам барих зэрэг ажлыг хийнэ.
-“Эрдэнэс Оюу Толгой” компани болон орон нутгийн иргэдийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Н.Ц: Бидэнд нэг л зорилго бий. Орон нутгийн иргэд сумаа хот болон хөгжинө гэдэгт итгэж эхэллээ. Оюу толгой компани ажилчдынхаа суурьшлын бүсийг Ханбогд гэж тодорхойлж, ажилчдынхаа аюулгүй, тав тухтай амьдрал, нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд 50 сая ам.долларын эхний санхүүжилт хийсэн. Төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн иргэд бүгд нэг ойлголт, нэг зорилготой болсон. Энэ ойлголцол, итгэлцэл бидний харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулж, зорьсон зорилгуудаа саадгүйгээр явуулан хэрэгжүүлэх том үндэс болж байгааг онцлон хэлэхийг хүсэж байна.
-Форумаас хойш орон нутгийн аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчид Ханбогдыг хот болгон хөгжүүлэх төсөлд ямар нэг байдлаар хамтран ажиллах, оролцох хүсэлтээ илэрхийлсэн үү?
-Ж.Н: Энгийнээр хэлбэл, нэг талд Ханбогд сумын оршин суугчид буюу уугуул иргэдийн хүсэлт, нөгөө талд Оюу толгой төслийн Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдын гэрээгээр тохиролцсон стандарт нэг цэгт уулзах ёстой. Ингэж байж хотын суурь тавигдах учиртай. Өнгөрсөн форумын хэлэлцүүлгийн үр дүнд хоёр тал энэ асуудлаар ойлголцолд хүрэхэд ойртсон байна гэж харагдлаа. Ханбогд нь хотын статустай болсноор олон эерэг үр дагаврыг бий болгох хүлээлттэй байгаа бөгөөд өөрийн бие даасан хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвтэй байхын зэрэгцээ хотын статустай байх нь ач холбогдол, үр дагаврын хувьд Ханбогдод хэрэгтэй. Гэхдээ энэ хүртэлх эрх зүйн орчин, хууль зүйн асуудлыг дахин шинээр авч үзэх нь чухал юм.
Эхний ээлжинд Ханбогд сумын аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хүсэлт, “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд тавьж буй шаардлага-стандарт юугаараа зөрөөтэй болон адил төстэй болохыг тодорхой болгож, ойлголцол, харилцан үүрэг-хариуцлагын нэг түвшин буюу нэг тавцан дээр очих хэрэгтэй байна.
Стандартыг тодорхой, ойлгомжтой болгосноор тухайн орон нутгаас бараа, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, борлуулалт хийх “зам” нээгдэх юм. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас энэ ажлыг ойрын хугацаанд хийх нь чухал бөгөөд асуудал хариуцсан нэгжүүд шаргуу ажиллаж байна.
Б.Ч: Өмнөговь аймагт бүртгэлтэй 600 ААН бий. Үүний 300 нь байнгын үйл ажиллагаа явуулдаг. 101 нь ханган нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажилладаг. Үүнээс 56 аж ахуйн нэгж нь Ханбогд сумын харьяалалтай. Өнгөрсөн онд Ханбогдын эдгээр аж ахуйн нэгж 236,5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг Оюу толгой компанид нийлүүлсэн байна. Форумаас хойш Ханбогд сумын 10 гаруй иргэн, ,үйлдвэр эрхлэгчид холбогдож төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах саналаа хэлсэн. Зарим нь тодорхой төсөл хэрэгжүүлэхээр зөвлөгөө мэдээлэл аваад ажиллаж байна. Бид ирэх зургаадугаар сараас Ханбогд сумын бүх багаар явж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрөө танилцуулж, иргэдэд мэдээлэл өгнө.
Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ч уулзалт хийнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон тээврийн компаниудыг ажилчдынхаа ар гэр, нийгмийн асуудалд онцгой анхаарч, Ханбогдын бүтээн байгуулалтад оролцож, хувь нэмрээ оруулбал олон боломж, давуу тал бий гэдгийг тайлбарлаж танилцуулах ажил хийхээр төлөвлөж байна.
-Шинэ суурьшлын бүсэд бизнесийн бодлого, орчныг хэрхэн бий болгоно гэж төлөвлөж байна вэ?
-Н.Ц: Эхний гурван жил хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж бүх талын оролцоог хангаж ажиллах, дунд хугацаандаа нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийг хөгжүүлнэ. Урт хугацааны зорилтын хүрээнд 2030-2034 онд аялал жуулчлал, дэд бүтэц, мэдээллийн технологийн парк болон бусад шинэ эдийн засгийн салбарыг дэмжин хөгжүүлэхээр төлөвлөсөн. Зарцуулах хөрөнгө хэмжээтэй, хийх ажил их байгаа учир үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж байна.
-Бүтээн байгуулалтад хүний нөөцийн хүчин чадал, боломж хэр байгаа вэ? Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Н.Ц: Оюу толгой компанийн ажилчдын ар гэрийнхэн гэж харж байгаа. Тэд суурьшаад эхлэхээр хүний нөөц бий болно. Салбар, мэргэжлийнх нь дагуу дахин сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах ёстой. Мөн Ханбогд сумын ахмадуудад зориулан шинэ ажлын байр бий болгох боломжийг судалж байна.
Б.Ч: Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймгийн болон Ханбогд сумын захиргаа, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан хамтран “Ханбогд сумын төвийг хөгжүүлэх дөрвөн талт гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний хүрээнд талуудын төлөөллөөс бүрдсэн түншлэлийн хороо байгуулж, Ханбогд сумын захиргаа удирдан чиглүүлж ажиллах юм.
Гэрээний гол зорилго нь Ханбогдыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг дөрвөн талын дэмжлэгтэйгээр саадгүй, удаашруулахгүйгээр хэрэгжүүлэх талд анхаарах юм.
-Нийслэлийн олон компани Ханбогдын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаа. Тэдэнд ямар боломж байна вэ?
-Н.Ц: Эхлээд Ханбогдын аж ахуйн нэгжүүдэд боломж олгох бодлого барьж байгаа. Ханбогдын бизнес форумаар ханбогдчууд юу чаддаг, бүтээн байгуулалтад хэрхэн оролцох, тэдний боломж юу байгаа талаар сайтар ярилцаж тодорхой болгоно. Үүний дараа ханбогдчуудын хийж чадахгүй төсөл, ажлууд дээр бусад аж ахуйн нэгжийг татан оролцуулах боломжтой.
-Ханбогдыг шинэ суурьшлын бүс болгосны давуу талуудын талаар ярина уу?
-Н.Ц: Оюу толгойн ээлжийн ажилчид ирэх буцахтай холбоотой нислэгийн зардал маш өндөр гардаг. Хэрвээ Оюу толгойн уурхайн ажилчид Ханбогд суманд суурьшиж эхэлбэл энэ зардлыг хэмнэнэ. Оюу толгой жилд 25 орчим сая ам.долларыг (2023 оны төсөвт туссан дүн) зөвхөн нислэгт зарцуулж байна. Шинэ суурьшлын бүс бий болсноор энэ зардлыг 63 хувиар бууруулж жил бүр 15 сая ам.доллар хэмнэнэ гэсэн үг.
Дээрээс нь нийт эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ гэхээр нислэгийн ихэнх зардал нь онгоцны түлшинд явдаг. Бид онгоцны түлшийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй улс. Тэгэхээр гадагшаа гаргадаг мөнгө тодорхой хэмжээгээр буурна гэж ойлгож болно. Оюу толгойн мөнгө яагаад бидний түрүүвчинд орж ирдэггүй юм бэ гэж хүмүүс олонтоо асуудаг. Оюу толгой төсөл хэрэгжиж байгаа учраас Монголоос гарах ёстой зарим зардлыг багасгасан. Мөн Оюу толгой төсөл эдийн засгийн хямралтай, өсөлттэй аль ч үед бидний “гал хамгаалагч” болж тогтвортой орлогыг Монгол Улсын төсөвт бүрдүүлж ирсэн. Монголын олон аж ахуйн нэгж, туслан гүйцэтгэгч компаниас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авдаг гэдэг өнцгөөс харах нь зөв.
Зарим хүн 1978 онд нээгдсэн Эрдэнэт үйлдвэртэй жишээд байдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэр хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 2019 оноос хойш л Эрдэнэтээс Монголын талд өгөх ашиг нэмэгдсэн шүү дээ. Оюу толгой төслөөс 2038 онд хамгийн өндөр ногдол ашиг авах тооцоолол байгаа. Гэхдээ зэсийн үнэ 2025 оноос 15 мянгад хүрэх төсөөлөл байна гэдэг мэдээ олон улсад яваад эхэллээ. Зэсийн үнэ өсөх тусам бид ашиг орлого илүү хүртэх боломжтой болох юм.
Оюу толгой төслийн Монголын талын 34 хувийг нэмэгдүүлэх боломжтой
-Бид Ханбогд сум хот болох хүрээнд энэ чиглэлийн сэдвийг тойрсон асуудлуудаар ярилцлаа. Одоо Оюу толгойн үйл ажиллагаа болон гүний уурхайн олборлолтын талаар ярилцъя. Далд уурхайн олборлолт эхэлчихлээ. Олборлолт эхэлснээс хойш “Эрдэнэс Оюу Толгой” компани энэ төсөл дээр ямар бодлого, үүрэгтэй ажиллах вэ?
-Н.Ц: Бид Оюу толгойн тогтвортой үйл ажиллагааг хангах, Монголын талд үр ашгийг нэмэх гэсэн хоёр гол чиглэл дээр ажиллана. Тогтвортой үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахад хамтран ажиллахаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Геологи,
уул уурхайн хэлтэс ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийг бэлдэж байгаа. Хэрхэн илүү сайн ажиллах вэ гэдэг дээр бусад компанийн сайн жишгийг судлан Оюу толгойд нэвтрүүлэх чиглэлийг барьж ажиллаж байна.
Санхүү, эдийн засгийн үр ашгийн хувьд “Оюу Толгой” ХХК-ийн зардалд хамгийн их нөлөө үзүүлдэг зээлийн хүүгийн зардлыг хэрхэн бууруулах, яаж хямд эх үүсвэртэй санхүүжилт олох вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж байна. Зарим үйл ажиллагаанд нь зөвлөх үйлчилгээ авч байгаа.
Л.Ө: Оюу толгой төслийн эхний үе шат болох Өмнөд Оюугийн бүлэг орд дахь ил уурхайн олборлолтын үйл ажиллагаа нь хөрс хуулалтын ажил 2011 оны долдугаар сард эхлэн, 2012 оны дөрөвдүгээр сараас хүдэр олборлосноор 2013 оны нэгдүгээр сараас өдөрт 100,000 тонн хүдрийг боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрт хүдрийг боловсруулах ажлыг эхлүүлсэн байдаг. Ийнхүү ил уурхайн болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, баяжмалын экспортыг 2013 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлүүлснээр Хөрөнгө оруулагч тал Хөрөнгө оруулалтын гэрээнд туссан “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр” нь 2013 оны есдүгээр сарын 1-нд тохиосныг Монгол Улсын Засгийн газарт албан бичгээр мэдэгдсэн.
Харин далд уурхайн блокчлон нураах аргаар Оюу толгойн бүлэг орд дахь Хюго Дамметтын бүлэг орд (Өмнөд Хюго, Хойд Хюго) болон Херуга ордууд дахь зэс, алт, молибдены нөөцийг олборлоно. Хойд Хюго ордыг хоёр давхарт хуваан олборлох бөгөөд нэгдүгээр давхрын хүдрийн нөөцийг гурван панель буюу хэсэгт хуваан олборлолтын үйл ажиллагааг явуулахаар бэлтгэл бүтээн байгуулалтын ажлууд болох хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх зорилгоор бутлуурууд, газрын гадарга хүртэлх конвейерийн систем, үйлдвэрлэл болон агааржуулалтын зорилгоор босоо амнуудыг нэвтрэх, туннел малталтын ажлуудыг 2016 оноос хийж эхлээд байна. Тус бүтээн байгуулалтын ажлуудын явц 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар 85%-тай байна. Үүнд дараах байгууламжуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Агааржуулалтын амууд болох гуравдугаар босоо ам 1130м нэвтрэхээс 539м, дөрөвдүгээр босоо ам 1147м нэвтрэхээс 660м тус тус нэвтрээд байна.
Газрын гадарга хүртэлх конвейерийн системийн угсралтын явц 45.6 хувьтай байна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн зураг төслийн ажил дууссан бөгөөд өргөтгөлийн барилга угсралтын ажил 15.4 хувь байна. Анхдагч бутлуур №2-ын хөндийлөн ухах уулын ажил энэ онд дуусч, барилга угсралтын ажил үргэлжлэн хийгдэнэ. 2025 оны 12-р сард Анхдагч бутлуур №2 ашиглалтад орсноор төслийн бүтээн байгуулалтын ажил дуусахаар төлөвлөгдсөн. Тухайн бүтээн байгуулалтуудын ажлын үр дүнд панель 0-ийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 25-нд улны огтлолыг эхлүүлж, 2022 оны зургаадугаар сарын 17-нд анхны хүдэр юүлүүрийг тэсэлж, 2023 оны гуравдугаар сарын 13-нд далд олборлолтын уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд цаашдаа шат дараатайгаар бүтээн байгуулалтуудын ажлуудыг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал 2025 оны I улиралд хоногт 30 мянган тонн хүртэл, 2027 онд хоногт 45 мянган тонн хүртэл, 2030 онд хоногт 95 мянга хүртэл тонн хүрэхээр төлөвлөж байна.
Далд уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотой блоклон олборлох технологи, геотехникийн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулах, бэлдэх шаардлага гарч байгаа ба Геологи, уул уурхайн хэлтэс сар тутам Оюу толгой уурхай дээр очиж ажиллаж байна, мөн чадавхжуулах сургалтуудад хамрагдан, дэлхийн бусад жишиг уурхайн туршлагын талаар судалж байна.
Б.Баяр-Өлзий: (Санхүү шинжилгээний хэлтсийн ерөнхий менежер) Далд уурхайн олборлолт эхэлсэнтэй холбоотойгоор баяжуулах үйлдвэр лүү орох хүдрийн агуулга өсөж, үйлдвэрлэх баяжмалын агуулга болон хэмжээнд нөлөөлснөөр борлуулалтын орлого, ашигт ажиллагаа өсөж байгаа. Оюу Толгой төслийн урт хугацааны санхүүгийн загварт зэсийн үнийг 7,700 ам.доллар, алтыг 1,486 ам.доллароор тооцсон. Бусад олон улсын банк болон брокерууд зэс, алтны үнийг урт хугацаандаа бидний тооцсоноос өндөр байна гэж таамаглаж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Лондоны металлын биржийн алтны үнэ 2,005 ам.доллар (унц), зэс 8,865 ам.доллар (тонн) хүрээд байна. Энэ бүхэн бидэнд эерэг нөлөө үзүүлнэ. “Оюу толгой” ХХК-ийн урт хугацааны санхүүгийн загвараас харахад 2025 оноос Оюу толгой төслийн эерэг мөнгөн урсгал огцом нэмэгдэх бөгөөд Монголын тал 2037 оноос ногдол ашиг авч эхлэхээр байна. 2037-2039 оны хооронд Монгол улсад ногдох ногдол ашгийн хэмжээ хамгийн өндөр байх ба хэрвээ зэсийн үнэ бидний төлөвлөснөөс өндөр болбол Монгол Улсын ногдол ашиг авч эхлэх хугацаа наашилж хэмжээ өсөх төсөөлөл бий. “Оюу Толгой” ХХК нь техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголоо 2023 оны эхний хагаст боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Тэр үед энэ тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөх байх.
Н.Ц: Цаашид өртгийн хэмжээ өсөхгүй, харин дэлхийн зах зээл дээрх металлын үнэ нэмэгдэхээр бидний орлого автоматаар дагаж өснө гэсэн үг. Үүнийг дагаад бидний хүртэх ногдол ашиг нэмэгдэж хугацаа нь наашилна гэж ойлгож болно.
-Монгол Улс ногдол ашиг авахаас өмнө Оюу толгойн нөөц дуусаж “Рио Тинто” групп Монголоос гараад явна. Тэр үед монголчууд ухсан нүхтэй л үлдэнэ гэдэг ойлголт ард, иргэдийн дунд нэлээд байгаа. Үүн дээр та бүхэн мэргэжлийн талаас нь тайлбарлаж хариулт өгнө үү?
-Б.Б: Оюу толгой төсөл нь Монголын эдийн засагт ногдол ашгаас гадна шууд болон дам байдлаар асар их эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал, экспортын орлогын нэлээдгүй хувийг Оюу толгой бүрдүүлдэг. Оюу толгойн экспортын орлогыг 2023 оны дүнтэй харьцуулж үзэхэд энэ хэмжээ 2025 онд хоёр дахин, 2030 онд 3.2 дахин өсөхөөр байна. Оюу толгой төсөлд ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудтайгаа нийлээд 20 мянган ажилтан ажиллаж байна. Тэд бүгд Оюу толгой төслийн үр шимийг хүртэгсэд.
Оюу толгой төслийн үр ашгийг зөвхөн ногдол ашгаар хязгаарлаж болохгүй.
Л.Ө: Оюу толгой ордын нөөцийг олборлон, боловсруулах ажил нь баяжуулах үйлдвэрийн хүчин чадалтай уялдах бөгөөд баяжуулах үйлдвэр өдөртөө 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай тул богино хугацаанд их хэмжээгээр олборлох боломжгүй юм. Цаашлаад өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бүтээн байгуулалт, дэд бүтцүүдийг Хойд Хюго ордын 2 давхар, Өмнөд Хюго, Херуга ордуудын хүдрийг олборлон, боловсруулахад ашиглах нь тодорхой гэж ойлгож байгаа. Тэгэхээр эдгээр ордуудыг ТЭЗҮ, санхүүгийн тооцоололд тусгасан төлөвлөгөөний дагуу олборлон, боловсруулахад талууд хамтран ажиллах бөгөөд хурдан хугацаанд олборлоод Монголын хилээр гаргана гэдэг нь боломжгүй харагдаж байна.
-Оюу толгой төслийн санхүүжилтэд авсан зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулж чадвал төслийн үр ашиг сайжирна гэж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ? Үр ашгийг нэмэгдүүлэх, ногдол ашиг авч эхлэх хугацааг аль болох наашлуулах зэрэг ажил хэр нааштай байна вэ?
-Н.Ц: Оюу толгойд систем, менежментийн үйлчилгээг “Рио Тинто” компани үзүүлдэг. “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх багтай бид хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг одоо хэлэх боломжгүй. Гэхдээ одоо бид ахуйн хэрүүлээс илүүтэй яавал Монголын тал илүү хожих вэ, өндөр өртгийг хэрхэн бууруулах вэ гэдэг стратеги дээр ирчихсэн.
Ж.Н: Төслийн өртөг, зардлыг бууруулахаас гадна орлогыг нэмэгдүүлэх чиглэлд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК анхаарч ажиллаж байна. Нөгөөтээгүүр, эрчим хүчний асуудлаа аль болох богино хугацаанд яаралтай шийдвэрлэх нь Оюу толгой төсөлд ч, Монголд ч ач холбогдолтой сэдэв юм. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой төслийн эрчим хүчний хангамжтай холбоотой тодорхой зардлуудыг импортын эрчим хүчний төлбөрт төлсөн нь харамсмаар.
Хэрвээ төсөлд эрчим хүчийг импортоор бус дотоодоос ханган нийлүүлдэг байсан бол манай улс үндсэндээ дахиад нэг дулааны цахилгаан станц барьчхаад үр шимийг хүртэж байхыг үгүйсгэхгүй. Оюу толгой төслийн хувь эзэмшигч талуудын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр татварын зохих асуудлыг тогтворжуулсан байдаг. Гэхдээ энэ нь татварын тогтворжуулалт болохоос бус Монгол Улсын хууль тогтоомжийг бүхэлд нь тогтворжуулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголын татварын байгууллагаас хууль тогтоомжид заасан татварын хяналт шалгалтыг “Оюу толгой” ХХК-д хэрэгжүүлж, татварын хяналт шалгалтын дүн, акттай холбогдуулан талууд өөр өөр байр суурийг илэрхийлснээр арбитрт татварын маргаан үүсэж, зохих ажиллагаа хийгдэж байна. Татварын хяналт шалгалтын дүн, акттай холбогдуулан “Оюу толгой” ХХК хууль тогтоомжийн хүрээнд нэг их наяд төгрөгийн татварыг төлсөн, энэ талаар олон эх сурвалжаар мэдээлэл нийтэд түгсэн учраас олон нийт зохих мэдээлэлтэй байгаа болов уу.
Үл ойлголцол мэдээж байгаа. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улс зохих хууль тогтоомжоо боловсронгуй болгох, сайжруулах, эргэн харах, харин гадаадын хөрөнгө оруулагч тал менежмент, үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэл, татварын асуудлаа эргэн харах, эргэцүүлэх зэргээр бодох асуудал хоёр талд цөөнгүй байгаа болов уу.
-Манай Засгийн газар Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Энэ хувь хэмжээг анх гэрээ хийхэд нэмэх боломж байсан уу. Энэ асуудалд иргэд бас нэлээдгүй асуудал ярьдаг шүү дээ. Цаашид манай талын хувийг нэмэх боломж бидэнд бий юу?
-Ж.Н: Энгийнээр хэлбэл, хуульд зааснаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуул, нөөцийг тогтоох ажлыг гадаадын хөрөнгө оруулагчийн зардлаар гүйцэтгэсэн бол 34 хувийг, дээрх зардлыг улсын төсвөөр гүйцэтгэсэн бол 50, түүнээс дээш хувийг төр эзэмших учиртай юм. Харин Оюу толгой төслийн хувьд ХөОГ-г талууд анх байгуулахдаа тус гэрээ нь эхний ээлжинд 30 жилийн хугацаатай байхаар, гэрээг сунгахдаа Монголын талын эзэмшиж буй 34 хувийг тодорхой нөхцөлтэйгөөр 50 хувьд хүргэх талаар тохиролцсон байдаг. Тиймээс ХөОГ-г гэрээг сунгах агшинд Монголын тал эзэмшил хувь хэмжээгээ нэмэх боломжтой юм.
Хоёрдугаарт, Монголын талын хүртэх өгөөжийг нэмэх талаарх хувилбаруудыг судалж байгаа. Тухайлбал, IPO гаргах замаар хөрөнгө босгож болно. Ингэснээр Оюу толгой төслийг санхүүжүүлэх боломж харьцангуй утгаараа бүрдэх бөгөөд Монголын хүртэх ногдол ашиг, өгөөжийн хугацаа наашлахад зохих нөлөөлөл үзүүлэхийг үгүйсгэхгүй.
Товчхондоо, нэг талаас дэлхийн металлын үнийн өсөлт дээр нэмэх нь IPO гаргасан тохиолдолд төслөөс Монголын талын хүртэх ногдол ашиг, өгөөжийн хугацаа бүр илүү наашлах боломж бий.
-Дэлхийн зах зээл дээрх зэсийн ойрын ирээдүй, үнэ ханшийн өсөлт, хэрэглээний талаар мэдээлэл өгнө үү?
-Н.Ц: Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл нийлээд 700 сая тонн зэс бүтээсэн. 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилтоо хангахын тулд 1,4 тэрбум тонн зэс хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Хамгийн анх МЭӨ 5000 онд Чили улс зэс хайлуулах үйлдвэр байгуулснаар албан ёсны үйлдвэрлэл бий болсон гэж үздэг. Тэр үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд хүн төрөлхтөн 700 сая тонн зэс үйлдвэрлэсэн. Гэтэл одоо дэлхийгээрээ нийлээд 27 жилийн хугацаанд 1,4 тэрбум тонн зэс үйлдвэрлэх шаардлагатай болж байна. Тиймээс зэсийн үнэ өсөхөөс өөр аргагүй төлөв харагдаж байгаа юм. Дэлхийн ихэнх мега төслийг хэрэгжүүлэхэд 20 жил зарцуулдаг. Гэтэл ард иргэд зэсийн үнэ 15 мянган ам.долларт хүрвэл 330 трубаг гурваар үржүүлэх ёстой юм шиг зүйл яриад байна.
Оюу толгойн бүлэг ордоо ашиглаж Монголын талын хүртэх өгөөжийг бид нэмэгдүүлэхийг хичээж байгаа. Оюу толгой уурхайг 2100 он хүртэл ажиллана гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна. Бидэнд маш их боломж байхад хэрэггүй зүйл дээр үл ойлголцол бий болгож энэ төслийн хурдыг сааруулж, зогсоож болохгүй. Харин улсын түвшинд харвал өөр олон зэсийн уурхай ашиглалтад ороосой гэж бодож, чиглэж ажиллах ёстой.
-Оюу толгой төслийн мөнгийг Монголын банкуудаар дамжихгүй байна гэж боддог иргэд бас байна. Үүнд хариулт өгнө үү?
-Н.Ц: Монголын арилжааны банкаар дамжиж байгаа. Тухайлбал, 2015 онд 869 сая ам.доллар, 2016 онд 742 сая ам.доллар, 2017 онд 1.0 тэрбум ам.доллар, 2018-2019 онд 3.0 тэрбум ам.доллар, 2020 онд 1.3 тэрбум, 2021 онд 1.7 тэрбум, 2022 онд 1.8 тэрбум ам.доллар Монголын банкаар дамжсан. 2019 онд борлуулалтын орлого 1.1 тэрбум ам.доллар байсан хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид нэмэлт санхүүжилт хийж, нийт 1.6 тэрбум ам.долларыг Монголд оруулж ирсэн байна. 2022 оны эцэст манай улсын валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрсэн гэж мэдээлж байлаа. Оюу толгой төслийн хувьд 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан ч 1.8 тэрбум ам.долларыг Монголын банкуудаар дамжуулан оруулж ирсэн байна.
Б.Б: Үүнийг борлуулалтын орлоготой нь харьцуулахад 131 хувь буюу Оюу толгойн борлуулалтын орлого Монголд 100 хувь орж ирсэн төдийгүй үүн дээр дахин нийт борлуулалтын орлогын 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт орж ирсэн байна.
ДЭЛХИЙН УУРХАЙ ОЮУ ТОЛГОЙ, УУРХАЙН ХОТ ХАНБОГД ТУСГАЙ ДУГААРААС