Ханнес Такач: Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар сайн сурталчлах хэрэгтэй

B Shurenchimeg
2023-06-29 12:06:03

Европын сэргэн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачтай гадаадын хөрөнгө оруулалтын орчин, тус банкнаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

-ЕСБХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагааны талаарх асуултаар ярилцлагаа эхлүүлье. ЕСБХБ одоогоор хэдэн төсөл хэрэгжүүлж байна вэ? Манай улсад нийт хэдий хэмжээний зээл, хөрөнгө оруулалт хийсэн талаар мэдээлэл өгнө үү?

– ЕСБХБ 2006 оноос буюу 15 гаруй жилийн өмнөөс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд ЕСБХБ дэмжиж тусалсаар ирсэн бөгөөд ихэвчлэн уул уурхайн бус салбарт ажилладаг жижиг дунд аж ахуйн нэгж, компаниудад санхүүжилт олгох замаар хувийн хэвшилд хамгийн их хөрөнгө оруулдаг байгууллага болоод байна. Манай ихэнх төсөл дотоодын аж ахуйн нэгжүүд, банктай холбоотой хэрэгждэг.

2006 онд ХасБанканд анхны зээлээ олгосноос хойш бид ХААН Банк, ХасБанк, ХасЛизинг, Транскапитал зэрэг дотоодын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Өнөөг хүртэл бид 535 сая ам.долларын үнийн дүн бүхий нийт 190 мянга гаруй зээлийг бичил, жижиг, дунд бизнесүүдэд олгожээ.  

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь манай банкны Монгол дахь үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. ЕСБХБ нь Сайншанд, Салхит, Цогтцэций салхин цахилгаан станцуудын барилгын ажлын санхүүжилтийг дэмжиж ажилласан бөгөөд эдгээр станцууд нь өдгөө Монгол Улсын нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Уул уурхайн бус салбарыг дэмжих манай банкны хүчин чармайлт нь Витафит, АПУ, М-Си-Эс, Тэсо груп, Сүү ХК зэрэг олон компанид үр дүнгээ өгсөн. Нийт 2500 гаруй малчин өрхтэй хамтран ажилладаг Сүү компани ЕСБХБ-ны тусламжтайгаар автомашины парк шинэчлэлийг амжилттай хийж байна. Сүүлийн 16 жилийн турш бид Монгол Улсын уламжлалт аж үйлдвэрийн салбарыг дэмжсээр ирсний нэг нь ноолуур үйлдвэрлэл бөгөөд бид “Говь” ХК зэрэг байгууллагад зээл олгож байсан.

Түүнээс гадна орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж ажиллаж буйн нэг жишээ нь эм үйлдвэрлэлийн томоохон компани болох “Монос” групп, логистикийн “Терра экспресс” компанитай өрнүүлж буй хамтын ажиллагаа болж байна.   

Нийт 600 гаруй бичил, жижиг, дунд бизнес, тэр дундаа алслагдсан орон нутгийн аж ахуйн нэгжүүд Европын холбооны дэмжлэгтэй, ЕСБХБ-ны хэрэгжүүлсэн төрөл бүрийн зөвлөх төслүүдэд хамрагджээ. Тэдний талаас илүү нь эмэгтэй удирдлагатай бизнесүүд юм. Эдгээр төслийн үр дүнд 5000 орчим шинэ ажлын байр бий болж, төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бүтээмж, ашигт ажиллагаа нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл нь өссөнийг дурдахад таатай байна.

Сүүлийн үед бид зам тээврийн сүлжээ, дүүргүүдийн дулааны шугам сүлжээ, усжуулалт, үерийн хамгаалалт, хог хаягдлын менежмент, цахилгааны шугам сүлжээ зэрэг нэн чухал дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг дэмжин ажиллаж байна.

Өнөөг хүртэл ЕСБХБ 121 төсөл хөтөлбөрөөр дамжуулан 2.11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийгээд байна. Нийт санхүүжилтийн 93 хувийг хувийн секторт олгожээ.  

Ташрамд дурдахад, ЕСБХБ ирэх таван жилийн (2022-2027) шинэ стратеги төлөвлөгөөг тодорхойлоод байна. Үүнд залуучуудын бизнес эрхлэлт, стартап, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт зэрэгт зориулсан тусгай хөтөлбөрүүд багтаж байгаа. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжил, цахимжилт, хамгийн гол нь ногоон эдийн засаг руу хийх шилжилтийг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүнийг бид санал болгоно.

-Хувийн хэвшилтэй нягт хамтран ажилладаг байгуулагын хувьд манай улсын бизнесийн орчин болоод хувийн хэвшлийн хөгжлийг хэрхэн үнэлдэг вэ?

-Хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн хууль эрхзүй, зохицуулалтын таатай орчныг бий болгох нь чухал юм. Хувийн хэвшлийг эдийн засгийн хөгжлийн зүтгүүр болгон хөгжүүлэх нь Засгийн газрын зорилго байх ёстой бөгөөд харин Засгийн газар нь зохицуулагч, боломж олгогч, эдийн засгийн үйл ажиллагааны хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг байх нь зүйтэй юм.

Өнөөгийн нөхцөлд эдийн засагт төрийн өмчит компаниуд ихээхэн оролцоотой байна. Зарим салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд илүү сайн, бүтээмжтэй ажиллах боломжтой. Тиймээс өрсөлдөх боломжоор хангаж, улсын болон хувийн компаниудад ажиллах, бүтээх ижил орон зайг бий болгож өгөх нь чухал юм. Учир нь төрийн өмчит компаниуд дэмжлэг, баталгаа, хангамж, тэтгэмж гээд олон төрлийн хамгаалалт, давуу талыг эдэлдэг. Үүний улмаас төрийн өмчит компаниуд нь хувийн хэвшилтэй харьцуулахад өрсөлдөөнд илүү давуу тал олж авч байна. Хувийн хэвшил илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх боломжтой нь тодорхой бол тэдэнд боломж олгох л хэрэгтэй .     

Бизнесийн өндөр боломжтой, ирээдүйтэй, хэдий жижиг боловч амжилтад хүрэх боломжтой стартапууд гарч ирж байна. Тэдний ихэнх нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд юм. Чухам эл сегментэд ЕСБХБ илүүтэй анхаарч, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ажлын байр хамгийн их бий болгодог ЖДҮ, ялангуяа уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүд нь хөрөнгө бага шаарддаг, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ихээхэн нөөц боломжтой байдаг.

Нэмж хэлэхэд ийм компаниуд нь хот суурингаас гадна хөдөө орон нутагт ажлын байр ихээр бий болгодог. Монгол Улсын тогтвортой хөгжилд ЖДҮ-ийн хөгжил болон уул уурхайн салбараас үл хамаарсан, эдийн засгийн төрөлжилт маш чухал.   

-Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бус хандаж буйн улмаас сүүлийн жилүүдэд ГШХО ихээхэн буурлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгч, тэднийг эргүүлэн авчрахын тулд Монгол Улс юу хийх ёстой вэ? Хууль эрхзүйн ямар шинэчлэл хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Хөрөнгө оруулалтын таатай орчин болон түүний ач холбогдлыг гадаад, дотоодын холбогдох бүхий л талууд сайтар ойлгох нь хөгжиж буй улсыг хөгжилд хүргэх нэг чухал хүчин зүйл юм. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн орчин бий болгох, хууль эрхзүйн зохистой тогтолцоотой байх, мөн ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, Монголын ард иргэдийн баялгийг нэмэгдүүлэхэд ГШХО ямар үүрэг гүйцэтгэдэг талаарх иргэдийн ойлголт сайжрах нь амжилтын бас нэг нууц гэж болно. ГШХО нь нийгэм-эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулдаг нь маргаангүй юм.   

Засгийн газраас санаачилж, төлөвлөн хэрэгжүүлж буй шинэчлэлүүд, Оюу толгойн асуудлаар Рио Тинто компанитай тохиролцсон, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн санаачилгууд зэрэг нь макро эдийн засгийн сорилтоор дүүрэн олон улсын адармаатай ийм нөхцөлд ч ГШХО-ыг татах боломжтой цонхыг нээж өгч болно.

Хөрөнгө оруулалтын төлөө улс орнууд хоорондоо маш их өрсөлдөж байгаа гэдгийг ойлгох, урт хугацааны тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таамаглаж болохуйц орчин хэрэгтэй байна. Дэлхий даяар ГШХО-ын төлөө өрсөлдөж байгаа учир хөрөнгө оруулагчдыг яагаад татах ёстой вэ гэдгээ Монгол Улс харуулах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой, таамаглаж болохуйц байх юм бол гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж чадах юм. Тогтвортой байдал, бага эрсдэл нь хөрөнгө оруулагч нарт богино хугацааны өндөр ашгаас илүү чухалд тооцогддог.

ГШХО-ыг татах, хадгалж авч үлдэхэд хэрэгтэй өөр нэг чухал хүчин зүйл бол одоо байгаа болон хийхээр төлөвлөсөн суурь дэд бүтцийн хүртээмж, логистик, мэргэжилтэй ажиллах хүчний олдоц юм.  

Шаардлагатай хууль, зохицуулалтын шинэчлэлийн тухайд гэвэл одоо яригдаж буй Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэл нь тун чухал бөгөөд оролцогч талуудыг хамарсан хэлэлцүүлгүүд эхлээд байгаа нь зөв алхам. Дампуурлын тухай хууль, шүүхээсс гадуур маргаан шийдэх, хууль сахиулах байгууллагуудыг чанаржуулах гээд эрхзүйн санал санаачилгыг мөн бодолцох хэрэгтэй.     

Нэмж хэлэхэд, төр-хувийн хэвшлийн харилцааг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах үүрэг бүхий Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөлийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй олон улсын стандартын дагуу байгуулахыг бид зөвлөж буй. Энэ мэт санал, санаачилгыг ЕСБХБ дэмжиж ажиллахад бэлэн, энэ талаар холбогдох талуудтай ярилцаж эхлээд байна.   

-Цар тахал нь бизнес, улсын төсөвт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буй энэ цаг үед ГШХО улам үнэ цэнтэй, чухал болж байна. Манай улсын эдийн засгийн онцлогийг тооцвол ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, энэхүү хямралыг даван туулахын тулд бид ямар чиглэл, салбарт илүү анхаарах ёстой вэ?

-Улс орнуудын эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн Ковид-19 цар тахлын дараа Монгол зэрэг Төв Азийн улсууд Украины эсрэг ОХУ-ын дайнаас шалтгаалж давхар сөрөг нөлөөнд өртсөн. Энэ нь эдийн засгийн харилцаанд нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээнд цохилт боллоо.

Нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь энэ бүс нутагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж байгаа ч ОХУ-аар транзит тээвэр нь хамгийн их дамждаг Монгол зэрэг улсад нэн хүндээр тусаж байна. Энэ нь макро эдийн засгийн сорилт болж, хөрөнгө оруулалтад ч нөлөөлж байна.

Тиймээс Монголд хөрөнгө оруулах болон бизнес эрхлэх урт хугацааны боломжийн талаар илүү олон сайн сурталчлах, боломжит хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх нь хэзээ хэзээнээс илүү чухал болж ирлээ.

Уул уурхайгаас гадна урт хугацаандаа амжилтад хүрэх салбарууд бол сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон боловсруулах үйлдвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, зочлох үйлчилгээний салбар, аялал жуулчлал юм. Мөн нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж байгаа учраас Монголын компаниудад бүс нутагтаа, нэн ялангуяа Төв Азийн улсуудад бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, байр суурь олох боломж бий.

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg