Хар дарсан зүүд
Өнгөрсөн он шинэ оюутнуудад тун хэцүү байлаа. Ихэнхийг нь кампус руу оруулсангүй, зарим нь суралцах улсдаа ч очиж чадсангүй. Харин сургуульдаа орж чадсан шинэ оюутнууд арга хэмжээнд Zoom ашиглан оролцох, халдвар хамгааллын чанга дэглэмтэй нүүр тулах ёстой болов.
Энэ бүхэн 2021 онд их сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хэцүү байхыг илтгэж буй. Их сургуулиудыг эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр гэж үздэг улс төрчдийн дэмжлэг, хөгжил цэцэглэлт, өндөр эрэлтийн ачаар их сургуулиуд сүүлийн жилүүдэд мандан бадарсан. Гэвч энэ бүхэнд Ковид-19 аюул учруулав.
Хамгийн илэрхий эрсдэл гадаад оюутнуудтай холбоотой. Сүүлийн жилүүдэд гадаад оюутны тоо эрчимтэй өссөн бөгөөд цар тахлын өмнө дэлхийн даяар гадаад оюутны тоо таван саяд хүрсэн байлаа. Тэдний ихэнх нь хөгжиж буй орноос чинээлэг орны шилдэг сургуульд суралцахаар чамлахааргүй их мөнгө төлж буй.
Өдгөө хуруу дарам цөөн гадаад оюутантай их сургуулиуд өөрсдийгөө хэрхэн болгох вэ хэмээн толгойгоо гашилгаж байна. Тэр тусмаа хилийн хорио цээртэй орны их сургуулиудад асуудал бүр амаргүй болно. Австрали улсад 2019 оны долдугаар сард 144 мянган гадаад оюутан ирсэн бол 2020 оны мөн үед ердөө 40 оюутан иржээ.
Улс төрчдийн дэмжлэг хязгаарлагдмал болно. Учир нь их сургуулиуд төрөөс санхүүгийн дэмжлэг авахын тулд аж ахуйн нэгж төдийгүй төрийн байгууллагуудтай өрсөлдөх ёстой. Гэхдээ энэ нь сүүлийн жилүүдэд их сургуулиуд урьдын оргил үеэ алдсаных нь тусгал болно.
Дээд боловсрол эзэмшигчдийн тоо нэмэгдсэн ч бүтээмжийн өсөлт чинээлэг орнуудад муу байгаа нь их сургуулиуд эдийн засгийн өсөлтийг дэмждэг гэдэгт итгэх итгэлийг мохоож буй. Дээд боловсрол заавал эзэмших ёстой эсэх талаарх улс төрийн маргаан улам гүнзгийрсээр байна.
Америк, Австрали, Английн барууныг баримтлагч Засгийн газрууд цар тахлын эхний давлагааг давахад нь их сургуулиудад хүсэж байснаас нь хамаагүй бага дэмжлэг үзүүлсэн. Америкийн мужууд татварын орлого буурахын хэрээр зардлаа танах тул их сургуулиудын санхүүгийн байдал дордоно.
Үүний үр дүнд их сургуулиуд зардлаа танахаас өөр аргагүй болох юм. Барилгын аварга төслүүдээ зогсоож, богино хугацааны гэрээт ажилтнуудаа цомхтгоно. Албан ёсны тоо баримтаас үзвэл цар тахал дэгдсэнээс хойш Америкт коллежид ажиллагсдын тоо долоон хувиар буурчээ. Энэ тоо Австралид бүр ч өндөр байгаа аж.
Зарим их сургууль бүрмөсөн алга болно. Зарим нь хэцүү цаг үеийг төвөггүй давах бол асуудалд орсон боловсролын байгууллагууд хоорондоо нэгдэнэ. Гэвч ихэвчлэн Америкт олон их сургууль дампуурна. Коллежид суралцах төлөвлөгөө боловсруулдаг Edmit компанийн тооцоолсноор Америкийн хувийн коллежийн гуравны нэг нь зургаан жилийн дотор мөнгөгүй болох аж.
Ийм хувь заяанаас зайлсхийхийг хүсэж буй боловсролын байгууллагууд мөнгө олох шинэ арга сүвэгчлэхээс өөр аргагүй. Олон их сургууль зайны сургалт явуулахаар оролдож, зарим нь түр ажилгүй болсон хүмүүст богино хугацааны практик хичээл санал болгож эхэлсэн.
2021 оны сүүлчээр байдал сайжрах магадлалтай. Их сургуулиуд залуусыг хямралыг давтал хүлээх газраар хангаж, ингэснээр эдийн засгийн доройтлын дараа элсэлт нэмэгдэх юм. Үүнээс гадна гадаадад суралцахаа нэг жилээр хойшлуулсан оюутнуудын далд эрэлт их байж магадгүй. Хонгилын үзүүрт гэрэл гартал их сургуулиуд удаан хүлээх шаардлагатай бөгөөд бүгд эл хямралыг давж чадахгүй л болов уу.
Хамиш Биррелл: нийгмийн бодлого хариуцсан сурвалжлагч, The Economist