Хуучин тогтолцооны тухай шинэ яриа

Mongolian Economy
2020-10-30 15:34:43

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон судлаач, мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Н.Учрал: Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг ирэх хаврын чуулганаас өмнө өргөн барина
(УИХ-ын гишүүн, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч)

Нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой анхаарах олон асуудал байгаа талаар үе үеийн УИХ, Засгийн газрын түвшинд яригдсаар ирсэн. Нийгмийн даатгалын таван сангийн нэг болох тэтгэврийн санг шинэчлэх цаг ирснийг 2015-2030 онд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогод тодорхой тусгасан. Энэ бодлогын хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Иргэд сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч тэтгэвэрт гараад түүнтэйгээ дүйцэх хэмжээний тэтгэвэр авч чаддаггүйд бухимдалтай байдаг. Уг харилцаанд орж байгаа гурван субьектийн хэн хэн нь сэтгэл хангалуун биш байна. Төр жил бүр тэтгэврийн санд төсвөөсөө 600 орчим тэрбум төгрөгийн татаас өгдөг. Ажилтан, ажил олгогч нийлээд 19 хувийг тэтгэврийн даатгалын шимтгэлд төлдөг. Гэтэл ахмад настнууд тэтгэвэртээ сэтгэл дундуур, ажил олгогч ч ялгаагүй дарамт байдлаар хүлээн авдаг. Тиймээс цаашдаа энэ чигээр яваад байвал өнөөгийн 35-40 насныхан тэтгэвэрт гарахад улсын төсөв маш их алдагдалд орно. Одоогоор төсвийн татаас 600 тэрбум төгрөг байгаа бол 10 жилийн дараа хоёр их наяд давна.

Тэтгэврийн реформ хийх ажлын хэсэг нөхцөл байдлыг үнэн бодитоор нь тодорхойлно. Нөгөө талаар, мэдээж шийдэл хэрэгтэй. Шийдлийн хувьд УИХ тогтоол гаргаж Засгийн газарт шаардлагатай чиглэл өгнө. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар оруулж ирэх нь зохистой тул ийм үүрэг өгнө. Ажлын хэсгийн зүгээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль санаачлах шаардлагатай гэж үзэж байгаа. Уг хуулиар иргэд тэтгэвэрт гарахдаа одоогийнх шиг улсын тэтгэврийн сангаас биш улсын ба хувийн гэсэн хоёр сангаас тэтгэврээ тогтоолгодог болно. Тухайлбал, одоо улсад төлж байгаа тэтгэврийн 19 хувиас дөрвийг нь ч юм уу хувийн тэтгэврийн санд хуримтлал хэлбэрээр байршуулдаг болно. Одоогоор зах зээл дээр Ард лайф, Нэйшнл лайф гэсэн тоотой хэдэн тэтгэврийн сан үйл ажиллагаа явуулдаг ч хуульгүй учраас иргэдийн 19 хувийн тэтгэврийн шимтгэл хувийн санд биш улсын санд төвлөрч байна. Тиймээс хувийн тэтгэврийн санд шимтгэлээ хуримтлуулахыг хуульчилбал иргэн тэтгэвэрт гарахдаа хуримтлалаа хэрхэн захиран зарцуулахаа мэддэг, нас барсан тохиолдолд өвлөгддөг байх ёстой. Иргэн мөн үйлчлүүлэх сангаа өөрөө сонгодог, өөр сангаар үйлчлүүлэх тохиолдолд тэтгэврийн хуримтлал нь шилжиж болдог зохицуулалттай байх хэрэгтэй. Тиймээс хувийн тэтгэврийн сангуудын менежмент маш чухал. Тэрхүү менежмент хөрөнгийн зах зээлтэй холбогдох ёстой. Төрийн өмчийн болон хувьцаат компаниудын хувьцаа, Засгийн газрын бондуудын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдан авагчнь тэтгэврийн сангууд байна гэсэн үг. Тиймээс хувийн тэтгэврийн сангийн тухай хуульд энэ талын зохицуулалт ч гэсэн орох ёстой. Хуулиа батлаад, хэрэгжүүлээд эхэлбэл таван жилийн дараа тэтгэврийн сангуудад хуримтлал үүсээд эхэлнэ шүү дээ.

Улсын тэтгэврийн сангаас биш улсын ба хувийн гэсэн хоёр сангаас тэтгэврээ тогтоолгодог болно

Гэхдээ зарчмын хувьд хувийн компани буюу ажил олгогчдын дэргэд хувийн тэтгэврийн сан байгуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Ажил олгогч ажилтнууддаа тулгаж болзошгүй учир ББСБ, даатгалын компаниудтай адил шаардлага өндөртэй, нарийн зохицуулалттай, данс нь шилэн, СЗХ-нд тайлан мэдээгээ тогтмол өгдөг хяналттай систем бий болгох ёстой. Дээрээс нь хувийн тэтгэврийн сангууд эрсдэлээ өөрөө даах ёстой. Жишээлбэл, сангууд 18 хувийн өгөөжтэй Засгийн газрын бондод хөрөнгө оруулна гэж санал болгосон бол амласандаа хүрэх шаардлагатай. Эрсдэл гарахад өөрсдөө дааж, иргэдийг хохироож болохгүй. Нэг ёсондоо хуульд хувийн тэтгэврийн сангийн босгыг өндөр тавина. Олноор байгуулахыг ч дэмжихгүй. Энэ бүхний үр дүнд хуультай болж, иргэд хоёр сангаас тэтгэврээ тогтоолгодог системд шилжинэ гэсэн үг.

Эдийн засгийн том дүр зургаараа мөнгөний бодлого, төгрөгийн ханшийг сайжруулах шийдэл нь энэ хуримтлалыг үүсгэх явдал шүү дээ. Нөгөө талаар, тэтгэврийн сан хамгийн том хөрөнгө оруулагч байдаг учир бизнесүүд, компаниуд банк хараад суух бус хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргах замаар санхүүгийн хямд эх үүсвэр татах бололцоо бүрдэх юм. Тиймээс банкны зээл хүлээгээд суудаг компани, бизнес эрхлэгч тэтгэврийн сангуудтайгаа ажиллаж, хөрөнгийн зах зээл хөгжиж, хөрөнгийн бирж амь орно. Тиймээс хувийн тэтгэврийн сангийн хуультай болвол урт хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ. Харин улсын тэтгэврийн сангаас тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сангуудад шилжүүлэхэд эхэн үедээ төсөвт дарамт үүсэх нь гарцаагүй. Гэхдээ 10 жилийн дараа хоёр их наядын татаас төлөх үү, цаг алдалгүй тэтгэврийн реформ хийх үү гэдгийг шийдэх цаг ирсэн.

Аль ч улсад хөдөлмөрийн чадамжтай байхдаа авч байсан цалингаас нь бага тэтгэвэр тогтоодоггүй. Гэтэл Монголд 3-4 дахин багаар тогтоолгодог. Дээрээс нь НДШ-ийг нэмэх, тэтгэврийн насыг уртасгаснаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах гэж оролдож байна. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэх мэт хуулиуд тэтгэврийн санг алдагдалд оруулж байна. Гэтэл энэ бүхнийг уршгийг улсын төсөв, тэтгэврийн сан даахгүй. Тиймээс улс төрийн популизмыг тэтгэврийн реформоос хол байлгах ёстой. Яагаад гэвэл, хувийн тэтгэврийн сангийн тухай хууль өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст бус наанадаж 20 жил ажиллах үеийнхэнд зориулагдсан. Одоогийн ид үеийнхэн ирээдүйд сайн сайхан амьдарч, хувьцааны эзэн болж, тэтгэврээ үр хүүхэддээ өвлүүлмээр байгаа шүү дээ. УИХ-ын олон гишүүн энэ хуулийг дэмжиж байгаа. 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх, тэтгэврийн реформыг үргэлжлүүлэхийг тусгана. Тиймээс дараагийн Засгийн газар 2015-2030 оны Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Үүнээс гадна МАН-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүний хувьд энэ оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тэтгэврийн насыг наашлуулах, зээл тэглэх гэх мэт популист эсвэл аргацаасан амлалт оруулахгүй. Зөвхөн урагшаа хараад 20 жилийн дараа иргэд хоёр тэтгэврийн сангаас тэтгэвэр тогтоолгож, хувьцааны эзэн болж амьдрах боломжийн төлөө өнөөдөр л тэтгэврийн реформ хийх ёстой. Ямар ч байсан энэ ажлын хэсэг ирэх хаврын чуулганаас өмнө нийгмийн даатгалын багц хууль болон төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын хууль эрх зүйн орчинд үнэлэлт дүгнэлт өгч, хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барина. Тиймээс тэтгэврийн реформ хөдөлгөөнийхөн, эдийн засагчид, даатгалын компаниудыг хамтарч ажиллахыг хүсэж байна.

С.Чинзориг: Тэтгэврийн шинэ хуулийг ирэх хавар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна
(УИХ-ын гишүүн, ХНХ-ын Сайд)
Дэлхийн банк, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран дотоодын эрдэмтэн судлаачдын багийг оролцуулаад тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар ярьж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу эрдэмтэн судлаачид, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Нийгмийн даатгалын одоогийн тогтолцоо, хууль тогтоомжид үнэлэлт дүгнэлт өгч, бусад орны туршлагыг судалж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих нь зөв гэж бодож байна. Гурван давхарга нь суурь тэтгэвэр буюу хүн бүр ахмад настан болдгийн хувьд ажилласан жил болон төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнээс үл хамаараад бүгдэд нь ижил хэмжээний тэтгэвэр олгодог хэсэг, улсад ажилласан жил, цалингийн хэмжээ, төлсөн шимтгэлээр тэтгэвэр авдаг хуримтлалын хэсэг, мөн хувийн тэтгэврийн даатгал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Одоогоор байдлаар судалгааны нэлээд ажил хийсэн бөгөөд бусад улсын туршлагыг ч судалсан. Мөн гадаадын зөвлөхүүд ч хангалттай ажилласан. Хуулийн төсөл боловсруулалтын шатанд явж байгаа учраас тэтгэврийн шинэчлэлийг хэдэн жилийн дотор хийх нь тодорхойгүй, энэ талаар хэлэхэд эрт байгаа. Ямартай УИХ-ын ч хаврын чуулганд өргөн барина.

Ч.Хүрэлбаатар: Тэтгэврийн шинэчлэлийг өнөөдөр ярих биш өчигдөр хийх ёстой байсан
(УИХ-ын гишүүн, Сангийн Сайд)
Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг өнөөдөр ярих биш өчигдөр хийх ёстой байсан. Энэ шинэчлэл хэцүү ч бид хийхээс өөр аргагүй.

Тухайлбал, ЗХУ задарснаас хойш ОХУ тэтгэврийн шинэчлэл хийхээр тасралтгүй ажилласаар байгаа ч өнөөг хүртэл маргаантай хэвээр л байна. Анх 1998 онд хувийн тэтгэврийн сангийн тухай хууль, 2001 онд тэтгэврийн реформын багц хууль баталсан ч хуримтлал үүсгэх тогтолцоонд шилжих үйл явц нь амаргүй байна. 2013-2015 онд иргэдэд тэтгэврийн даатгалын болон хуримтлалын хэлбэрээр шимтгэл төлөх сонголт олгож, хувийн тэтгэврийн сангууд байгуулж, үйл ажиллагааг нь жигдэлж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд боломжийн тэтгэвэр олгохоор зорьсон ч амжилт олоогүй. Сангийн яамных нь хариуцаж боловсруулсан хуулиуд Төрийн думд маргаан үүсгэж, гацсан юм. Тэтгэврийн сан болон холбогдох асуудлуудаа хариуцсан байгууллага нь шинэчлэлийн саналаа хуульд оруулаагүй, дуу хоолой нь бага туссан учраас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс 2018 онд хоёр дахь удаагаа хуулийн төсөл өргөн барьж, 2019 оноос хэрэгжүүлсэн тэтгэврийн реформ одоо ч маргаан дагуулсаар байгаа. Думын гишүүд ч санал зөрөлдсөөр байна. Яагаад гэвэл, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх нь үлгэр бичиж буйтай адилгүй. Тэгэхээр манай улсын хувьд хариуцсан яам нь олон улсын туршлагыг сайн судалж, хуулиа боловсруулаасай гэж хүсэж байна. Бусад улсын алдааг монголчууд бид давтах шаардлагагүй учраас тэтгэвэр, нийгмийн бодлого хариуцсан яам, холбогдох байгууллага нь шинэчлэлийн үзэл баримтлал, сууриа босгох хэрэгтэй. Сангийн яам санхүүгийн талаас нь оролцоно гэсэн зарчмын байр суурьтай байна.

Тэтгэврийн реформ хийхгүй байгаа учраас санхүүгийн салбарын мэргэжилтнүүд нийгмийг уриалж, хөдөлгөөн өрнүүлж байна. Тэдний ярьж, дэвшүүлж байгаагаас авах маш олон санаа оноо бий. Гэхдээ уг асуудалд санхүүгийн үр ашгаас илүү тэтгэвэр тогтоолгож байгаа болон тэтгэвэр авч буй хүмүүсийн эрх ашиг эн тэргүүнд тавигдах учраас зохистой харьцааг олох ёстой гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлсэн. Тиймээс салбарын яам нь манлайлахыг хүлээж байна. Сангийн яам энэ ажлыг эхлүүлж болно. Гэхдээ энэ нь төдий л оновчтой алхам биш гэдгийг бусад орны туршлага харуулдаг.

Тэтгэврийн реформ хийхэд анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий. Тэтгэврийн сан алдагдалтай ажиллаж болохгүй. Энэ бол нэн тэргүүнд тооцох ёстой эрсдэл.

Гэтэл тэтгэврийн сан маш өндөр алдагдалтай ажиллаж байгаа учраас энэ тогтолцоог яах аргагүй шинэчлэх ёстой. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө арилжааны банкуудад байршаад байж болохгүй. Шимтгэлийн мөнгө эдийн засгийн эргэлтэд зөв хэлбэрээр ордог, урт хугацаанд хуримтлагдахдаа тухайн иргэндээ үйлчилдэг санхүүгийн схемийг бодож олох нь чухал. Гуравдугаарт, тэтгэвэр авагчдын эрх ашгийг маш сайн хангадаг байх ёстой. Дөрөвдүгээрт, НДШ-ийн тодорхой хувийг төлдөг аж ахуйн нэгжүүдийн хувьд нуух, хагас дутуу төлөх, өр үүсгэдэггүй байх эсвэл НДШ-ээс өөр арга хэлбэрээр төлөх механизм үүсгэхгүй тийм схемийг бодож олох ёстой гэсэн байр суурьтай байна.

Д.Баярсайхан: Хувийн тэтгэврийн сангуудыг татварын бодлогоор дэмжих шаардлагатай
(Санхүүгийн зохицуулах хорооны дарга)

Цэнхэр, ягаан тасалбар гээд хувьцааны тухай бараг 30-аад жилийн тэртээгээс ярьж эхэлсэн ч монголчууд 1072 хувьцаанаас өөрөөр хөрөнгийн зах зээлийн талаар нарийн ойлголтгүй байна. Монголын хөрөнгийн бирж дээр 200 гаруй компани, Санхүүгийн зохицуулах хороонд 300 орчим компани бүртгэлтэй. Хөрөнгийн зах зээлийн үндсэн тоглогч, гол бүтээгдэхүүн юу вэ гэдгийг мэдээд байгаа атлаа ажил хэрэг болгодоггүй. Хөрөнгийн зах зээлийн хамгийн гол хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын сан (investment fund), хувийн тэтгэврийн сангууд (private pension fund) байдаг. Гэтэл бодит байдал дээр манай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд хувийн тэтгэврийн санг хориглоогүй ч тухайлсан хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Тийм учраас хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, хувийн тэтгэврийн сангуудыг бий болгох ёстой.

Ийм сангууд бий болсноор иргэд нэмэлт тэтгэвэр авах бололцоо бүрдэх, хөрөнгийн зах зээлд урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчтай болох, хөрөнгийн зах зээл хөгжих үндсэн нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ даатгалын зах зээл ч өргөжих боломж нээгдэх юм. Манай улсад урт хугацааны буюу амьдралын даатгалын нэг компани үйл ажиллагаа явуулж байгаа. Хөгжингүй орнуудын даатгалын зах зээлийн хураамжийн орлогын бүтцэд урт хугацааны даатгал ихэнх буюу 50-иас дээш хувийг эзэлдэг бол манай улсад нэг хувиас бага байна. Даатгалын зах зээлийг тэлэх бололцоо нь хувийн тэтгэврийн сангуудыг хөгжүүлэх юм.

Нэг талаар нийгмийн даатгалын болон тэтгэврийн сангийн хөрөнгийг үр өгөөжтэй эргэлдүүлж, хөрөнгө оруулах бүтээгдэхүүн хязгаарлагдмал байгаа ч шууд ингэж ойлгох нь учир дутагдалтай. Сүүлийн хоёр жилд хөрөнгийн зах зээлд арваад компани олон нийтэд нээлттэй хувьцаа гаргалаа. Эдгээр компанид тулгарч буй гол асуудал нь хоёрдогч зах зээл нээгдсэний дараа урт хугацааны хөрөнгө оруулагчид байдаггүй учраас хувьцааных нь ханш унаж, дараа дараагийн компаниуд хөрөнгийн зах зээлд хөл тавихад сөрөг нөлөө үзүүлж байна. Хэрэв institutional буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчид байсан бол дараа дараагийн компани нээлттэй болж, хувьцаагаа гаргах байсан болов уу. Тэдгээр 10 компанийн IPO-той холбоотойгоор хөрөнгийн зах зээл 200 хувь өслөө гэж сүүлийн жил хагас идэвхтэй ярилаа. Магадгүй хувийн тэтгэврийн сан зэрэг мэргэжлийн хөрөнгө оруулагчид байсан бол энэ өсөлт үүнээс хоёр дахин их болох байсныг үгүйсгэхгүй.

Хувийн тэтгэврийн санг хөгжүүлж, тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийхэд манлайлагчид, салбар дундын ойлголцол их чухал

Хувийн тэтгэврийн санг хөгжүүлж, тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийхэд манлайлагчид, салбар дундын ойлголцол их чухал. Уг шинэчлэл өргөн хүрээтэй, нийгмийн томоохон өөрчлөлт тул чиг үүргийн хувьд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам голлон оролцох хэрэгтэй гэж ойлгож байна. Гэхдээ Сангийн яам даатгалын салбарын гурван хуулийг боловсруулахаар ажиллаж байгаа тул манлайлаад явах байх. Гол нь эргээд хяналт тавьж, зохицуулалт хийх газар нь Санхүүгийн зохицуулах хороо тул бид маш нягт хамтран ажиллана. Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, хувийн сангуудыг бий болгох нь зайлшгүй гэдгийг 2019 оны сүүлийн саруудад ойлгох шиг боллоо. Сүүлийн жил хагаст Азийн хөгжлийн банк дээр хувийн тэтгэврийн санг бий болгож, хөгжүүлэх хуулийн төсөл боловсруулах төсөл хэрэгжиж байна. Би СЗХ-ны удирдлагаар томилогдсоны дараа төслийн багийнхантай уулзахад уг асуудалд хамаарах байгууллагуудын оролцоо маш муу байсныг мэдсэн. Уг төслийн баг зөв бүтэцтэй, маш сайн зөвлөхүүдтэй. Актуарч, сангийн менежер, хуульч, бусад хөрөнгө оруулагчтай ажилладаг зөвлөхөөс бүрдсэн баг зургаан сар ажиллаж, хуулийн төслийн дөрөв дэх хувилбараа өгөх гэж байгаа. Гурав дахь хувилбартай нь танилцахад Монголын нөхцөлд тохирох, тохирохгүй олон зүйл байсан. Гэхдээ шүүмжлэхээс илүү ийм боломжуудыг алдаад байгаа нь харамсалтай санагдсан. Нэгэнт төр засаг болон санхүүгийн салбарын оролцогчид тэтгэврийн сангийн шинэчлэл зайлшгүй гэдгийг ойлгосон тул ийм боломжуудыг хажуугаараа өнгөрүүлэхгүй, хамтарч ажиллах байх.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлд хувийн тэтгэврийн сангуудыг татварын бодлогоор дэмжих шаардлагатай. Дээр хэлсэнчлэн СЗХ нь хяналт тавьж, зохицуулалт хийх газар. Иймээс тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, сангийн удирдлага, засаглалын болон санхүүгийн тайлагналын ил тод байдал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, төлбөрийн чадвар, хяналт шалгалт зэргийг зохицуулсан журам, заавар, аргачлалыг боловсруулах шаардлагатай болно. Нөгөө талаар, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын ач холбогдлыг таниулах томоохон ажил хийгдэх нь гарцаагүй юм.

УИХ-ын даргын 2020 оны 13 тоот захирамжаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. СЗХ-ноос тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, хөрөнгийн зах зээл болон даатгалын зах зээлийг дэмжсэн оновчтой хувилбарын талаар санал, дүгнэлт боловсруулах болон уг ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэхэд бүх талаар оролцож, идэвхтэй ажиллах болно.

Х.Амгаланбаатар: Байдал хүндэрсэн учраас нэрийн дансанд бичилт хийхээс айж байна
(Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч)

Нийгмийн даатгалын таван сан, тэр дундаа тэтгэврийн даатгалын санг шинэчлэх, зохистой болгох шаардлагатайг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний хувьд 2015 оноос хойш хөндөж ирсэн. Энэ хугацаанд Засгийн газар дөрөв, ХНХ-ын Сайд таван удаа солигдлоо. Мөн Дэлхийн банк, Европын холбооны зэрэг олон улсын байгууллагын судалгааны баг энэ чиглэлээр төсөл санал болгож байсан. Монгол Улсын тэтгэврийн тогтолцоог төрийн оролцоо багатайгаар боловсронгуй болгоё гэдэг санал тэд хангалттай гаргаж өгч байв. Гэвч Засгийн газар солигдох бүрт тэдний санал зөвлөмж үнэгүйдэж, дараагийн сайд ирэхэд төслийн баг өөрчлөгдөж энэ асуудал хоормог мэт замбараагүй болсон. Улс төрийн хүчнүүд ч төрийн эрх авах бүртээ шинэ зүйл хийхийн тулд хамтын тэтгэвэр, малчны тэтгэвэр, цэргийн алба хаагчдын тэтгэвэр зэрэг тэтгэврийн шинэ төрөл зүйл гарган ирж, нийгмийн даатгалын тогтолцоог улам хүнд байдалд оруулж байлаа.

Харин энэ удаа уг асуудал 2020 оны сонгуулийн өмнө улс төрийн шийдэл байдлаар, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэртэй холбоотойгоор хүчтэй яригдаж эхэллээ. Олон нийтийн анхаарал энэ асуудалд чиглэснийг Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо (МҮЭХ)-ны зөв зүйтэй хэмээн хүлээн авч байна. Ер нь монгол хүний тэтгэврийг эрс нэмэгдүүлэхгүйгээр ахмадуудын амьдралд өөрчлөлт гарахгүй. Гэхдээ шууд, огцом нэмэгдүүлэх нь эдийн засаг, цаг үе мөн боломж бололцооны хувьд хомс юм. Тиймээс тогтолцооны хувьд хэрхэн зохистой, боловсронгуй болгох талаар голдуу банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн залуус дуугарч эхэлсэн нь сайн хэрэг.

Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоо 1940 оноос хөгжсөн. Нийгмийн даатгалын тогтолцоог Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл 1990 он хүртэл төрийн өмнөөс хариуцаж ирсэн юм. Тиймээс МҮЭХ энэ бүх асуудлын алдаа, оноог маш сайн мэддэг. Өнөөгийн тэтгэврийн тогтолцооны алдаа, гажуудал 2013, 2014 оноос илэрч, дохио өгч эхэлсэн. Дохио өгөх болсон шалтгааныг хэлэх ёстой. Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг улсын төсөвтэй хольж хутгасан. Хэвийн байсан тус сангийн хөрөнгийг төсвийн алдагдал, зарлага нөхөх хэрэгсэл болгосон. Асуудлын угшил нь энэ мөн. Түүнчлэн улс төрийн болон сонгуулийн өмнөх популист амлалтууд маш их нөлөөлсөн. Эрх баригчид тэтгэврийн шинэчлэлийг өнгөц эсвэл сонгуулиас сонгуулийн хооронд тэсэж үлдэх байдлаар хандсанаас болж ийм хүнд байдал үүссэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Энэ асуудлыг засаж, боловсронгуй болгоход эдүгээ хүлээлт үүсээд байна. Эдийн засагчдын хэлж байгаа шиг шууд байгалийн баялгийн сан байгуулж, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан тогтолцоог орвонгоор нь өөрчлөхтэй би санал нийлэхгүй байгаа.

Цоо шинэ тогтолцоо гарч ирээд нийгмийн суурь тогтолцоог чирч явах нөхцөл, бололцоо өнөөгийн эдийн засагт байхгүй учраас эв санааны нэгдлийн зарчим хэрэгтэй байгаа юм. Өнөөгийн тэтгэврийн даатгалын сангийн хажуугаар хувийн тэтгэврийн сангуудтай, сангийн эх үүсвэр нь баялгийн болон бусад сангаар арвиждаг бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, давын өмнө Тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэх ёстой. Дор хаяж “Капитал” банкинд байсан 200 тэрбум гаруй төгрөгийг төлүүлж, бодитой алхам хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль бий. Энэ хуулийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх эсэхээ УИХ-ын түвшинд шийдэж, тодорхойлох хэрэгтэй. Нэг хэсэг бичилт хийгдэж, идэвхтэй явсан ч сүүлийн хэдэн жилд больсон. Байдал хүндэрсэн учраас бичилт хийхээс айж байна гэсэн үг. Тиймээс улс төрийн, хууль эрх зүйн шийдэл гаргах ёстой.

Гуравдугаарт, одоогийн тогтолцооноос гадна хувийн даатгалын сангуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Ийм санд бололцоотой болоод сонирхолтой хүмүүс нь давхар даатгуулдаг, эв санааны нэгдэлд суурилсан үйл ажиллагаа бүхий сангаар тэтгэврийн хувь хэмжээгээ шийдүүлэхгүй байх зэрэг сонголтыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Одоогийн тогтолцоог хэвийн хэмжээнд мөнгөжүүлэхийн хажуугаар хувийн даатгалын, хагас хуримтлалын тогтолцоог давхар авч явах хэрэгтэй. Цалинд суурилсан өнөөгийн тэтгэврийн тогтолцооны зэрэгцээ шимтгэл, хувийн тэтгэвэрт суурилсан төрийн тэтгэврийн санг бий болгох саналтай байгаа. Ингэснээр гурван тулгуур бий болох юм.

Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд уул уурхайн ордуудаас улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлж, баялгийн сангийн хөрөнгийг Тэтгэврийн болон Нийгмийн даатгалын сангийн алдагдалыг бууруулахад чиглүүлэх нь чухал. Ингэж байж энэ сан бодитой хөрөнгөтэй болно.

О.Амартүвшин: Эргэн төлөлт нь баталгаатай зээлд хөрөнгө оруулах хэрэгтэй
(МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч)

Хувийн тэтгэврийн сан байгуулах цаг болсон. Бид магадгүй оройтож байна. Энэ хүрээнд байгууллагаас төлж буй шимтгэлийн 50 хувиар хувийн тэтгэврийн сан байгуулах тухай саналыг МҮХАҮТ холбогдох хуулийн төсөлд дэвшүүлсэн. Тус сангийн менежментийг мэргэжлийн баг ил тод байдлаар явуулах бөгөөд танхимын 5000 гишүүнээс сонгож хяналт тавих санал гаргасан. Сантай болсноор жилд хуримтлагдаж буй 400 орчим тэрбум төгрөгийг эргэн төлөлт нь баталгаатай зээлд хөрөнгө оруулахад сангийн хөрөнгө үржих боломжтой. Хамгийн найдвартай төлөгдөж буй ипотек, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл болон компаниудын хувьцаанд хөрөнгө оруулбал эдийн засгийг тэлэхэд том дэвшил гаргана. Шимтгэлд төлж буй мөнгө бидний буцааж авах ёстой хөрөнгө болохоос төрийн мөнгө биш. Гэтэл яагаад энэ мөнгийг төрийн нэг албан тушаалтан давуу эрхээ ашиглан аль нэг банкинд байршуулж, ямар нэг ашиг сонирхлын асуудал гаргах ёстой гэж? Энэ мөнгийг банкинд байршуулах бус хөрөнгө оруулалт хийж өсгөх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сантай болсон тохиолдолд олон улсын ижил сангуудтай хамтарч илүү өргөн хүрээнд ажиллах боломж ч нээгдэнэ. Цаашлаад үүнийг манайд хөгжихгүй байгаа даатгалын салбартай уяснаар иргэдийн хүлээх эрсдэл тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэнэ. Хувийн хэвшлийг хамгаалах эрх бүхий ТББ-ууд, шимтгэл төлж буй байгууллагууд, үйлдвэрчний эвлэл болон тэтгэвэр авах хүмүүсийн нэгдсэн эрх ашгийг хамгаалах засаглал сайтай төлөөлөн удирдах зөвлөл байгуулаад явбал ямар нэг эрсдэл үүсэхгүй гэж бидний зүгээс үзэж байна. Холбогдох хуулийг баталж, түүний дагуу ажиллаж эхэлсэн тохиолдолд өгөөжөө хагас жилийн дараагаас өгч эхлэх боломжтой.

Х.Алтай: Урт хугацааны капиталтай болсноор хөрөнгийн зах зээл хөгжинө
(Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал)

Монгол Улсад өнөөдөр урт хугацааны мөнгөн хөрөнгө байдаггүй. Манай компаниуд бүгд зээлийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бизнесүүдэд байнгын санхүүжилт шаардлагатай байдаг бол манайд буй ганц эх үүсвэр нь банк. Гэтэл банкинд дээд тал нь 12 сарын хугацаатай иргэдийн хадгаламжийн мөнгө хамгийн урт хугацаатай хөрөнгө оруулалт. Төгрөгийн ханш тогтворгүй, үргэлж унаж байдаг учраас банкинд мөнгөө хадгалуулж буй хүмүүс урт хугацаагаар байтугай хоёр жилээр ч хадгалуулдаггүй. Тэтгэврийн реформ хийгдсэнээр 20 жилийн хугацаатай капитал бий болно. Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн динамик нь урт хугацааных байдаг. Аливаа компани, бизнес өргөжих гол нууц нь урт хугацааны капиталтай болох явдал. Манайд бизнесүүд хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ. Иймд хувийн тэтгэврийн сангууд бий болсноор эерэг үр дүн гарч олон боломж нээгдэнэ. Юун түрүүнд өнөөдөр ажил хийж буй хүмүүсийн ирээдүй баталгаатай болно. Үүнээс гадна манай улсын эдийн засаг урт хугацааны капиталаар хангагдана. Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын санхүүжилтийн эх үүсвэр нь өртөг өндөртэй байдаг бол урт хугацааны капитал бий болсноор энэ өртөг багасна.

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх гол хөрөнгө оруулагчид нь томоохон сангууд, тэр дотроо тэтгэврийн сангууд байдаг. Манайд тэтгэврийн сан байхгүй нь хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан болдог. Хөрөнгө оруулалтын сангуудын хууль батлагдсан ч сайжруулах зүйл олон байгаа. Сүүлийн үед даатгалын компаниуд тодорхой хэмжээгээр идэвхжих болсон ч хангалтгүй байна. Олон улсын практикаас харахад тэтгэврийн сан хөрөнгийн зах зээлийн хамгийн гол бүрдүүлэгч болдог бөгөөд иргэдэд ч, компаниудад ч ашигтай байдаг. Жишээ дурдахад, АНУ-ын иргэн өнөөдөр “Оюу Толгой” ордын хөрөнгө оруулагчийн хувьцааг тэтгэврийн сангаар дамжуулан эзэмшиж, үйл ажиллагаанаас нь ашиг хүртэж байна. Гэтэл Монгол Улсын иргэд зөвхөн татвараар л дамжуулан тус компанийн ашгийг хүртдэг. Энэ мэтчилэн гаднын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод үйл ажиллагаа явуулж буй манай томоохон компаниуд гадны тэтгэврийн сангуудад өгөөжөө өгч, монголчууд ашиг хүртэж чаддаггүй.

Иймд тэтгэврийн реформ хийснээр бид хөрөнгийн зах зээлээр дамжуулан уул уурхайн баялгаасаа өгөөж хүртэх боломжтой болох юм.

Цаашлаад иргэдийн ирээдүйн баталгаа бий болох буюу тэтгэвэрт гарахаараа л нийгмийн эмзэг давхарга болдог хэвшмэл ойлголт үгүй болно. Монголын хүн амын долоо орчим хувийг тэтгэврийн насныхан эзэлдэг. НҮБ-ын судалгаанд 2100 он гэхэд энэ тоо 30 хувьд хүрнэ гэсэн байна. Тэр үед энэ системээр явбал бид тэтгэврээ авч чадахгүйд хүрнэ. Миний харж буйгаар шинэчлэл хийх хамгийн оновчтой арга бол бидний төлж буй ХХОАТ-ын тодорхой хэмжээг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх. Одоо буй НДШ-ээ төлдгөөрөө төлөөд явахгүй бол хүнд байдалтай байгаа. Энэ хүрээнд “Тэтгэврийн реформ” хөдөлгөөнийг бий болгосон бөгөөд гол зорилго нь нийгэмд энэ асуудлыг таниулах юм. Мөн үүнээс улбаалаад шинэчлэлд шаардлагатай санаануудыг тусгасан хуулийн төслийг боловсруулах зорилготой ажиллаж байна.

Ж.Батжаргал: Тэтгэвэр нь амьдралд хүрэлцээтэй байх ёстой
(Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал)
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний Mercer байгууллагаас гаргасан Дэлхийн тэтгэврийн сангийн индексийн тайланд дурдсанаар улс орнууд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж байна. Ийм чиг хандлага Япон, Тайланд болон томоохон эдийн засагтай орнуудад эрчимтэй өрнөж байгаа бөгөөд манай улсад ч тэтгэврийн доод хэмжээг байнга нэмэгдүүлсээр ирсэн. Гэвч бид тэтгэврийн сангийн менежментийг орхигдуулсан учраас маш бага тэтгэвэр авч байна.

Тиймээс тэтгэврийн тогтолцоонд мэргэжлийн удирдлагатай тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангуудын оролцоо маш их хэрэгтэй. Олон улсад тэтгэврийн сан болон тэтгэврийн даатгалын сангууд хүмүүсийн хураамжийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаанд хөрөнгө оруулах, бонд худалдан авах зэргээр тогтмол арвижуулдаг. Иргэдийн төлж буй хураамж болон авч байгаа тэтгэврийн хэмжээ зөрүүтэй тул уг зөрүүг нөхөхийн тулд тэтгэврийн сангууд тогтвортой ашигтай ажиллах ёстой. Тиймээс мэргэжлийн засаглалтай, мэргэжлийн хүмүүс удирдах зайлшгүй шаардлагатай. Харин манайд ийм удирдлагагүйн улмаас тэтгэврийн тогтолцоонд улс төрийн оролцоо дэндүү их давамгайлсан. Анзаараад байхад улс төрийн карьер нь дууссан хүмүүсийг тэдгээр сангийн удирдлагаар томилдог. Гэтэл сангийн зарцуулалт шударга, зөв менежменттэй, санхүүгийн зах зээл рүү хөрөнгөө зөв оруулж байгаа эсэх, өгөөжийг нь буцаагаад сандаа хийж байна уу гэх мэт эргэлзээтэй асуудлууд бий. Үүнийг шийдэх хэрэгтэй. Дэлхийд хамгийн сайнд тооцогдох Нидерланд, Дани, Австрали зэрэг орны тэтгэврийн сангууд тогтвортой, баталгаатай, нэгдмэл засаглалтай байх гэсэн үндсэн гурван зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үеийн хандлагаас харахад хувийн тэтгэврийн сангуудын оролцоо нэмэгдэж байгаа нь засаглал сайнтай холбоотой. Улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангуудаа бодлогоор маш сайн дэмждэг бөгөөд үүнд татварын бодлого хамгийн гол дэмжлэг болдог. Татварын дэмжлэгийн ачаар сан иргэдэд өгөөжөө өгч, олон нийтийн анхаарал, сонирхлыг татдаг.

Манай улсын хувьд тэтгэврийн даатгал НДС-гаар дамжин улсын санд төвлөрдөг бөгөөд хувийн тэтгэврийн санд нэмэлтээр л хураамж төлөх зохицуулалттай. Улсын тэтгэврийн санд 200 гаруй мянган төгрөг төлж, нэмээд 100 орчим мянгыг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлнэ гэсэн үг. Тэтгэврээ нэмэлтээр хуримтлуулах боломж иргэдийн тодорхой хэсэгт бий ч нийтдээ байхгүй. Уг нь амьдралаа баталгаатай болгохын тулд улсын тэтгэврээс гадна өөрийн хуримтлуулсан тэтгэврээ авах шийдэл юм. Тухайн хүн нэр дээрээ тодорхой хуримтлал үүсгэж, нас барсан тохиолдолд өвлүүлж, хэзээнээс хэдий хугацаанд, ямар хэмжээтэйг авахаа ч төлөвлөж болдог уян хатан систем. Харин улсын тэтгэврийн тогтолцоонд ийм боломж байхгүй. Засгийн газрын хэмжээний том санг удирдах мэдээж амаргүй. Түүнийг ойлгож байгаа. Гэсэн хэдий ч бодлогын тодорхой шийдвэр гаргаад явахаас аргагүй.

Тиймээс тэтгэврийн шимтгэлийн тодорхой хувийг засгийн газрын тэтгэврийн санд төвлөрүүлж, үлдсэн хэсгийг нь заавал даатгуулах системээр арилжааны даатгалд даатгуулах боломжийг төр иргэддээ олгох ёстой. Энэ шийдэл нэг талаар тэтгэврийн сангийн хөрөнгийг тараан байршуулах замаар эрсдэлээ бууруулж байгаа хэрэг юм.

Хэдийгээр дэлхий нийтээр хүн амын насжилт нэмэгдэж, baby boomer буюу их төрөлтийн үеийнхэн тэтгэврийн сангуудын суурь дарамт болж байгаа ч тэтгэвэр нь амьдралд хүрэлцээтэй, сангийн хөрөнгө тогтвортой өсөлттэй, сайн засаглалтай байх ёстой. Хөгжингүй улс орнуудын тэтгэврийн сан бусад улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, орлогоо нэмэгдүүлэх тухай ярьж байхад манай тэтгэврийн сан төсвөөсөө татаас аваад явж байна. Буруу бодлоготой, буруу менежменттэй явсны улмаас ийм том зардалтай, нүсэр бүтэцтэй болсон. Уг алдааг засахын тулд бодлогын суурь өөрчлөлтүүдээ хийгээд явахаас аргагүй.

Ү.Амарбат: Үр ашгийг дээшлүүлэх, ил тод байлгах ажлыг нүд хууралгүй хийхгүй бол тэтгэврийн систем цаашид ажиллах боломжгүй
(Ананд Адвокатс ХХН-ын ахлах өмгөөлөгч)

Нийгмийн даатгалын хоёр гол хувилбар бий. Нэг нь эв санааны тогтолцоо буюу нэг хэсгээс хураасан мөнгийг нөгөөд өгдөг, хоёр дахь нь нэрийн дансны буюу хуримтлалынх юм. Монгол Улс 1990-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжихэд 100 мянга гаруй хүн тэтгэвэрт гарч, нөгөө талдаа тэтгэврийн шимтгэл төлөх хангалттай олон тооны хүн байгаагүй. Тийм учраас эв санааны зарчимд тулгуурлаж, тэтгэврийн тогтолцоог байгуулсан. Гэвч 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийн гуравдугаар зүйлд тэтгэвэр, даатгал, тэтгэмж, төлбөр зэргийг хамтад нь авч үзсэн. Хууль зүйн талаасаа даатгал, тэтгэвэр хоёр өөр учир энэ нь буруу юм.

Үүнээс гадна жил бүр нийгмийн даатгалын санд татан төвлөрүүлж буй мөнгийг буцааж олгох үйл явцыг хянах, удирдах харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар бүрэн зохицуулж чадаагүй. Нийгмийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах, удирдах үүрэгтэйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрыг байгуулсан. Мөн ижил чиг үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бий. Нөгөө талд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэх хоёр байгууллага сангийн хөрөнгийг удирддаг бөгөөд орон тооны бус гишүүдтэй. Нэгэнт л хөрөнгө хуримтлагдаж байгаа тул хөрөнгийг үр ашигтай удирдах хэрэгтэй. Гэвч бусад улстай харьцуулахад эдгээр байгууллага эдийн засгийн үр ашигтай ажиллаж чаддаггүй. Ердөө л нийгмийн даатгалын мөнгийг нэг хэсгээс хурааж, нөгөөд олгодог үйл ажиллагаа эрхэлдэг.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг нийгмийн даатгалын тухай хуулийн 11-р зүйлд зааснаар “Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монгол банкнаас гаргасан үнэт цаас худалдаж авах, арилжааны банканд байршуулж болно” гэж заасан. Үүнийхээ дагуу уг сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулдаг. Гэвч энэ нь үр ашиггүй арга юм. Энэ бүхнээс үзэхэд, одоогийн нийгмийн даатгалын тухай хууль нь мөнгийг эрхлэн удирдах зохицуулалтыг оновчтой заагаагүй, субьектыг тодорхой болгоогүй, хяналтын механизмыг сайтар хийгээгүй сул талтай.
Ил тод хяналт байхгүй учир нас барсан хүмүүсийн өмнөөс тэтгэвэр авах, эмнэлэгт үзүүлээгүй төлбөрийг бичих зэрэг хийдэл, доголдол тогтмол гардаг. Харин нэрийн дансны систем ашиглаж буй бол тухайн этгээдийн зөвшөөрлөөр л нийгмийн даатгалын сангаас нь мөнгө авдаг.

Эв санааны зарчмыг нэрийн дансны систем руу шилжүүлэх хуулийн төсөл бий. Үүнийг Дэлхийн Банк, ОУВС-аас санаачилсан. Одоо бидэнд хоёр сонголт бий. Нэг бол төр хувийн хэвшилд ачаагаа шилжүүлэх, эсвэл одоогийн тэтгэврийн системээ сайжруулах шаардлагатай. Эрхлэн удирдах, үр ашгийг дээшлүүлэх, ил тод байлгах ажлуудыг нүд хууралгүй маш ойлгомжтой хийхгүй бол одоогийн тэтгэврийн систем цаашид ажиллах боломжгүй.

Б.Өлзийбаяр: Тэтгэврийн реформ хийхээр зорьсон намд л саналаа өгье
(Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга)

Хувийн тэтгэврийн тогтолцоо албан журмын байх ёстой. Харин одоогийн эрх зүйн орчноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоо сайн дурын статустай байна. Нэг ёсондоо цалингийнхаа 17 хувийг алдагдалтай ажилладаг улсын нийгмийн даатгалын санд өгөхөөс гадна дахиад тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд хуримтлуулж болно гэсэн үг. Энэ бол бодит амьдралд хэрэгжих боломжгүй. Тиймээс л хувийн тэтгэврийн санг албан журмынх болгох хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Мэдээж тогтолцооны өөрчлөлтийг алгуурхан хийх хэрэгтэй. Нэг өдөрт биш олон жил хийнэ. Бидэнд байгаа тоо баримт, судалгаанд үндэслэн ярихад эхний ээлжинд тэтгэвэрт өгдөг 17 хувийн шимтгэлийн 1-2 хувийг хувийн тэтгэврийн санд шилжүүлж, иргэн бүрт данс нээе. Дансандаа хуримтлуулж буй мөнгөөр нь тухайн тэтгэврийн сан ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, хэдий хэмжээний өгөөж нэмэгдэж буй зэргийг данс эзэмшигч өөрөө хянаад явах боломжтой. Яг л банкны дансны хуулгаа хардаг шиг хянана гэсэн үг. Иргэний хувьд мөнгөө хуримтлуулж буй хувийн тэтгэврийн сан хэр зэрэг ажиллаж байгааг тогтмол хянаснаар 30 жилийн дараа тэтгэвэрт гарахад хэдий хэмжээний хуримтлалтай болохоо мэдэж, амьдралаа төлөвлөхөд хэрэгтэй юм. Гэтэл өнөөгийн тогтолцоонд хүн хэдий хэмжээний тэтгэвэр авахаа мэдэхгүй явсаар шууд эмзэг бүлэгт ордог. Миний танил 30 орчим насны нэг бүсгүй гурван хөгшний тэтгэврийн зээлийг өвлөж авч байна. Тэтгэврийн зээлтэй иргэн нас барахад бүртгэлээс хасдаггүй бөгөөд үлдэж хоцорсон хүмүүсээр зээлийг нь барагдуулдаг. Өнгөрсөн 30 жилд бид ийм л хахир хатуу харгис тогтолцоо бий болгож.

Өнөөг хүртэл хувийн тэтгэврийн тогтолцооны хууль эрх зүйн орчныг бий болгоогүй улстөрчдийг хардмаар санагддаг. Тэрхүү санд эргэлддэг асар их мөнгөөр улстөрчид юу хийдэг вэ, ямар нэг далд эрх ашиг, сонирхол байгаа юм биш үү. Тийм учраас л өнөөг хүртэл тэтгэврийн реформ хийх сонирхолгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа тул тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлье. Бид үүнийг түүчээллээ. Одоо ард иргэд өөрсдийнхөө төлөө дуугараач ээ. Нийгмээрээ хөдөлж энэ өөрчлөлтийг эхлүүлэхгүй бол улстөрчид хэзээ ч хийхгүй нь ойлгомжтой.

Бүгдээрээ энэ удаагийн парламентын сонгуульд улс төрийн аль нам тэтгэврийн реформ хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг харъя. Ийм реформ хийхээр зорьсон намд л саналаа өгье. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгасан эсэх, ард иргэдийн хүсээд байгаа зүйлийг дэмжиж байгаа эсэхийг харж саналаа өгье. Сонгуулиас өмнө амжаад тэтгэврийн реформын хууль эрх зүйн орчныг бүрдүүлбэл сайн л байна. Хэрэв үгүй бол мөрийн хөтөлбөрийг нь харах хэрэгтэй. 2020 оны сонгуульд ялсан намын эхний хийх ажил тэтгэврийн тогтолцооны шинэчлэл байх хэрэгтэй. Үүнийг ч олон нийт шаардах хэрэгтэй. Хүн бүр хөгширдөг. Тиймээс өнөөдрийн Дорж, Дулмаад тулгарч байгаа асуудлыг үл тоож, надад хамаагүй гэж болохгүй.

Тогтолцооны шинэчлэл хийхэд эрсдэл бий. Ер нь ямар ч тогтолцоо эрсдэлтэй. Төрийн удирдлага, хяналттай нийгмийн даатгалын тогтолцоо ч алдагдалтай ажиллаж, найдваргүй банканд сангийн мөнгийг хадгалуулаад дампуурч байна. Эрсдэлийг яаж, хэрхэн удирдах, урьдчилан зохицуулах нь хамгийн чухал. Зарим улс хувийн тэтгэврийн тогтолцоонд шууд 100 хувь орчихсон. Харин бид тэтгэврийн тогтолцоонд төрийн оролцоо тодорхой хэмжээгээр байх ёстой гэж үзэж байгаа. Иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах нь төрийн үүрэг. Хувийн тэтгэврийн тогтолцоонд шууд бүрэн шилжсэн орнуудын хувьд санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, хямралд өртөмтгий эсвэл зохицуулалт муу байснаас зарим сан дампуурсан байдаг. Монгол Улс энэ реформыг хожуу эхлүүлж байгаа нь нэг талаар давуу тал юм. Бусад улс орны туршлагаас суралцаж, юун дээр алдсаныг нь судлах хэрэгтэй. ОХУ жишээ нь тэтгэврийн шинэчлэлээ сайжруулаад л яваад байна.

Хөгжингүй улс орнуудад хувийн тэтгэврийн сангууд нь банк шиг том байгууллага байдаг. Хөрөнгө оруулдаг санхүүгийн институт болтлоо хөгжсөн. Тиймээс төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллага, хувийн менежментийн компаниуд гол оролцогчид байдаг. Яг л банкны систем шиг тул сайн чадавхтай төдийгүй төр сайн хянаж, зохицуулах ёстой.

Сангийн хөрөнгийн эргэлтийг зөвхөн дотоод гэж хязгаарлаж болохгүй бөгөөд тухайн улсын санхүүгийн салбарын хөгжил ямар түвшинд байгааг харгалзаж үзэх ёстой. Сангууд дотоодод үйл ажиллагаа явуулах бол санхүүгийн зах зээл дээр хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ямар бүтээгдэхүүн байна вэ. Ядаж л Засгийн газрын бондыг гадаадад биш дотоодын зах зээлд гаргадаг байх ёстой. Ам.доллараар гаргасан бондын ашиг огт алга. Долларын төгрөгтэй харьцах ханш “Чингис” бондыг гаргаж байсан үеэс хоёр дахин чангарсан. Валютын ханшны хэлбэлзлийг харвал дотоодод гаргасан нь ашигтай байв.

Засгийн газрын бондоос гадна үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд олон нийтэд хувьцаагаа арилжиж, нээлттэй компани болох ёстой. Ирэх жилээс банкууд нээлттэй болохоор ярилцаж байна. Тэгэхээр энэ зах зээл рүү тэтгэврийн сангууд урт хугацааны хуримтлал хийдэг, эрсдэлээ маш сайн тооцдог болох хэрэгтэй. Мөн гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй том компаниудад ч хөрөнгө оруулж болно шүү дээ.

Д.Хулан: Тэтгэвэрт гарах сонирхолгүй хүмүүс олширч байна
(Lhamour ХХК-ийн үүсгэн байгуулагч)

Одоогийн тэтгэврийн тогтолцоо бидэнд үр өгөөжөө огт өгөхгүй байгааг тэтгэврийн зээл гэх мэт олон жишээ бэлээхэн харуулж байна. Германд хүмүүс тэтгэвэрт гарахаараа хүссэн зүйлээ худалдаж авч, дураараа аялдаг бол манайд насаараа үнэнч хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэвэр хаанаа ч хүрдэггүй төдийгүй нас барвал өр нь үр хүүхдэд нь өвлөгддөг. Тэтгэвэрт гараад хүн амар тайван амьдрах ёстой атал өнөөгийн тогтолцооны улмаас улам их дарамтад ордог боллоо. Сүүлийн үед хүмүүс тэтгэвэрт гарах сонирхолгүй болох хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, манай компанид тэтгэвэрт гарах нас нь болсон ч үргэлжлүүлэн ажиллах хүсэл, сонирхолтой хүн бий. Учир нь тэтгэвэртээ сууснаас ажлаа хийгээд явах нь илүү ашигтай тусч байна. Эрч хүчтэй, ажлаа сайн хийдэг төдийгүй өөрөө тэтгэвэрт гарах хүсэлгүй байгаа тул бид ч ажиллуулаад явж байна. Иймд аль болох олон хувилбар, сонголт бүхий системтэй болох ёстой бөгөөд хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх нь зөв гэж бодож байна. Энэ утгаараа манай компани ч хүмүүсийг хуримтал бий болгохыг уриалдаг бөгөөд энэ нь ирээдүйд ямар үр өгөөж өгөх тухай сургалтыг ч дотроо зохион байгуулж байгаа. Хүн заавал их мөнгөтэй болсон хойноо биш боломжтой хэмжээгээрээ хуримтлуулаад явах хэрэгтэй. Хувийн тэтгэврийн тогтолцоо нэвтэрч, өөр боломжууд бий болвол бид хэрэгжүүлээд явахад бэлэн байгаа.

Д.Жигжиднямаа: Манай байгууллага хувийн тэтгэврийн сангийн хөтөлбөр боловсруулсан
(УБТЗ ХНН-ийн дарга)

Улаанбаатар Төмөр Зам ХНН ажилчин, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах үүднээс хувийн тэтгэврийн сангийн хөтөлбөр боловсруулсан. Гэхдээ бид албан ёсоор сангаа нээж, хуримтлал үүсгэж эхлээгүй. Учир нь одоогоор манай улсад хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хэрэв хууль батлагдвал манай байгууллага уг хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн.
Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо орчин үеийн нийгмийн шаардлагад нийцэхээ байсан учраас уг тогтолцоог аль болох хурдан шинэчлэх ёстой гэж боддог. Ингэхдээ хоёр зүйлийг нэн түрүүнд өөрчлөх ёстой.

Нэгдүгээрт, тухайн хүн шимтгэл төлсөн үр шимээ эргээд хүртдэг байх ёстой. Хоёрдугаарт, хүн тэтгэвэрт гараад нас барлаа гэхэд үр хүүхэд нь тэтгэврийг ньөвлөдөг болох хэрэгтэй.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны нэгдүгээр сарын (№160) дугаараас

 

 

Mongolian Economy