Хэрэглэгч төр өрийн боол

Mongolian Economy
2020-12-31 15:00:15
Ангилал: Mongolian Economy

Үр ашиггүй хэрэглээнд баруун солгойгүй цацаж, өрийн дарамтад орох үзэгдлийг consumerism буюу хэрэглээнд суурилсан хэв маяг гэдэг. Энэ үзэгдэл манай улсад хувь хүн, өрхийн түвшнээс хальж улс орны хэмжээнд хүртлээ хальжээ. 2014 онд олон улсын зах зээлээс “Чингис” нэрээр босгосон 1.5 тэрбум ам.доллар болон бусад зээл эдийн засагт үр өгөөж биш төсвийн алдагдал, өрийн дарамт болж хувирч буй нь дахин өр тавих сонголт тулгаж байна.

Манай шийдвэр гаргагчид их хэмжээний мөнгийг захиран зарцуулж чаддаггүйг тод томруун харуулсан “Чингис” зэрэг бондын төлбөр, гадаад өрийг эргэн төлөх хугацаа дөхчихсөн. Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа нь таван жилийн өмнөх дүнтэй харьцуулахад тав дахин нэмэгдсэн бөгөөд ДНБ-ий 56 хувьтай тэнцэж буйг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан мэдэгдэж байсан.

Манай улс 2020-2024 онд төлөх нийт гадаад өрийн хэмжээ гадаад валютын одоогийн нөөцөөс 3.7 дахин их буюу 14.4 тэрбум ам.доллар. Үүнээс 2.9 тэрбум нь Засгийн газрын бондууд бол 1.8 тэрбум нь Монголбанк 2011 онд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн эргэн төлөлт. Харин үлдсэн 9.7 тэрбум нь арилжааны банкууд болоод хувийн хэвшлүүдийн өр юм. Эдгээрээс нэн тэргүүнд хүлээгдэж буй нь 1.8 тэрбумын своп хэлцлийн эргэн төлөлт бөгөөд хугацаа нь ирэх оны наймдугаар сар. Уг хэлцлийг 2011 онд Хятадын Ардын банктай байгуулснаас хойш эргэн төлөх хугацааг хоёр ч удаа тус бүр гурван жилээр сунгасан. Энэ удаад ч валютын ханш, төлбөрийн тэнцэлд дарамт болохгүйгээр эргэн төлөх хугацааг сунгах, тэгэхдээ ирээдүйд учрах эрсдэлийг тооцон тодорхой дүнгээр өрийн хэмжээг багасгахаар 2020 оны Мөнгөний бодлогод тусган, бэлтгэл хангаж байгааг Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэлсэн. Гэхдээ үүнтэй холбоотойгоор манай улсын төлөөлөгчдийг урд хөршийн тал хүлээн авсангүй гэх мэдээлэл гарч буйгаас үзвэл зээлдүүлэгчид маань “нүүрээ буруулж” эхэлж байх шиг.

2022 онд өрийн эргэн төлөлтийн төсөвт үзүүлэх дарамт одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ

Үүнээс гадна эдийн засгийн тэлэх бодлого явуулж эхэлсэн 2012 он буюу эвслийн болон түүнээс хойших Засгийн газруудын олон улсын зах зээлээс арилжааны нөхцөлөөр авсан бондуудын эргэн төлөлт 2021 оноос эхэлнэ. Засгийн газрын өрийн эргэн төлөлт 2022 он гэхэд төсөвт үзүүлэх дарамт одоогийнхоос хоёр дахин нэмэгдэхээр байна. Тухайлбал, өрийн үйлчилгээний эргэн төлөлт ирэх оны төсвийн орлогын 19, 2021 оны 29.2 хувьтай тэнцэж байгаа бол 2022 онд 38.4 хувийг эзэлнэ гэж төсвийн төсөөлөл, ирэх онуудад өрийн талаар баримтлах стратегийн баримт бичигт онцолжээ. Хэрэв эдгээр төслийг үр ашигтай зарцуулж, эдийн засгаа солонгоруулсан бол эргэн төлөхөд төсөвт ирэх ачаалал тэр хэмжээгээр буурах байлаа.

Ядаж л “Чингис” бондыг анх гаргахдаа ярьж байсан шиг Тавантолгойн цахилгаан станцаа барьсан бол өдийд “Оюутолгой”-н БНХАУ-аас импортолдог эрчим хүчний 170 сая ам.доллар дотоодод шингэх байв. Гэтэл Хөгжлийн банкны мэдээллээр бондын эх үүсвэрээс 14.8 сая ам.долларыг Тавантолгойн ЦС-ын төслийн нэгжид олгосон ч өнөөг хүртэл Өмнийн говийг эрчим хүчээр хангах станц сүндэрлээгүй байна.
“Чингис” бондын мөнгөөр экспортын гол гарц болох Гашуунсухайт боомт болон Тавантолгойн ордын хооронд 267 км төмөр зам барихаар 200 сая ам.доллар төсөвлөснөөс 164.2 сая ам.доллар олгосон. Гэвч уул уурхайн түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засагт үр ашгаа өгөх уг зам хэвлэлийн мөнхийн сэдэв, экспортлогчдын байнгын хүлээлт хэвээрээ л байна. Бас нийслэлийн автозамын 16 уулзварыг өргөтгөн шинэчлэх, Яармагийн гүүр, Хүй долоон худагт цогцолбор барих зорилгоор “Гудамж” төслийг 32.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн ч автозамын түгжрэл буурсангүй, түгжрэлд гацдаг цаг хугацаа багассангүй. Аймгийн төвүүдийг холбох 1800 км автозамын төслүүдэд 570 тэрбум төгрөг олгосон гээд өгөөжөө урт хугацаанд өгдөг гэж болох дэд бүтцийн ажилд ихэвчлэн хөрөнгө оруулсан. Энэ мэтээр “Чингис” бондыг эргэн төлөх 5-8 жилийн хугацаанд эрх баригчид эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлж чадаагүй.
“Чингис” бондын дараахан Японы хөрөнгө оруулагчдаас 10 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар босгосон. Тухайн үедээ үйлдвэржилтийг дэмжинэ хэмээн тодотгож байсан “Самурай” бондын эргэн зарцуулалтыг сонирхож үзвэл ил тод биш. 30 тэрбум иенээс 24.3 тэрбум нь Хөгжлийн банкны дансанд орж ирсэн. Үүнийг ХХБ, УБХБ, ХААН болон “Капитал” банкинд хуваарилсан юм байна. Харин зарцуулалт болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг Хөгжлийн банкнаас тодруулахад “Чингис” бондынх шиг тусдаа задаргаа байхгүй бөгөөд банкны эх үүсвэртэй нийлүүлээд төслүүдийг санхүүжүүлсэн тул нарийн тоон мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Зах замбараагүй, тооцоогүй зарцуулснаас үүдсэн энэ их өрийг ирэх жилүүдэд эргэн төлөх ёстой ч бэлтгэл алга. Макро орчны үзүүлэлтүүд бүгд сайжирсан ч эдийн засаг гадаад орчноос шууд хамааралтай, төсвийн зарлага орлогоо даган тэлсэн хэвээр байгаа нөхцөлд өрийг өрөөр санхүүжүүлэхээс өөр гарцгүй болж байна. “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал Б.Лакшми “Энэ оны гуравдугаар улиралд ОУВС-аас эдийн засгийн нөхцөлд байдалд шинжилгээ хийж, 2021-2022 онд төлөх өртэй холбоотойгоор бэлтгэл хангах, төсвийн хөрөнгө оруулалтыг багасгах хэрэгтэйг зөвлөсөн. Тиймээс эдийн засгийг 2020 онд бодитоор төсөөлөхгүй бол төсвийн зарлагыг тэлснээс эргээд тодотгол хийх, цаашлаад Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй. 2021 онд үндсэн өр төлөх эх үүсвэр хомсдолтой тул өрийг өрөөр төлөхөөс аргагүй болно. Тиймээс дахин мөнгө босгоход эх үүсвэрийн зардал өндөр байх нөхцөл харагдаж байна” гэж дүгнэсэн.

Сангийн яам, Монголбанк ч өрийн эргэн төлөлтийг төсөв, эдийн засагт дарамт болохгүйгээр, олон улсад түгээмэл дэлгэрсэн арга болох дахин санхүүжүүлэх гэсэн байр суурь илэрхийлсэн. Үнийн сонголт гоё болохоос ялгаагүй өр. Эрх баригчдын өрийн талаар баримталж буй стратеги урьд өмнөхөөс дээрдсэнгүй. Төсөл, хөтөлбөр болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр арилжаалсан “Чингис”, “Дим Сам”, “Мазаалай” бондуудын өрийг одоогийн Засгийн газар 2017 онд “Хуралдай”, “Гэрэгэ” бонд гаргаж, 1.4 тэрбум ам.долларын өр тавьж байж дарсан. Тус хоёр бондын эргэн төлөлтийг 2023-2024 онд хийнэ.

Ирэх онуудад ч энэ л жишгээр өрийн дөнгийг суллахаас өөр сонголт эрх баригчдад алга. Засгийн газрын 2.9 тэрбум ам.долларын өр одоогийн ханшаар 7.8 их наяд төгрөг. Үүн дээр 2020 оны төсвийн хоёр их наядын алдагдал нэмэгдэж, өрийн хэмжээ бараг 10 их наяд төгрөгт хүрэх нь. Уг нь бид төсвийн алдагдлаа бууруулах зорилгоор ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан ч ард түмэн гурван жил бүсээ чангалсны үр дүн гарахгүй бололтой. Эдийн засагч, судлаач Г.Ганзориг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнг хоёр хувааж харъя. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 болон 2018 онд төсвийн алдагдал буурч, ашигтай гарсан ч урт хугацаандаа үргэлжлэхгүй нь 2019, 2020 оны төсвөөс харагдаж байна. Үндсэндээ хөтөлбөрийн эхэн болон хэрэгжилтийн оргил үед төсвийн сахилга бат сайтай байсан ч дуусахад нь сахилга батаа бүрэн алдлаа” гэж төсвийн бодлогыг дүгнэлээ.


Өрийн динамикаас харахад бондын өр төлбөр төдийлэн өсөөгүй ч доноруудаас авсан зээл тусламжийн хэмжээ тогтмол нэмэгдсэн. Гэвч зарцуулалтын хувьд эдийн засгийн үр ашигтай гээд онцлох зүйл алга. 2016-2018 онд гадаад зээлийн ердөө таван хувийг эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн эдийн засгийн үр өгөөжтэй салбарт зарцуулжээ. Үлдсэнийг нь нийгмийн болон зам зэрэг дэд бүтцийн шинжтэй төслүүдэд хуваарилсан. Энэ онд ч гэсэн гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн 15 хувь буюу 205.6 тэрбум төгрөгийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, бизнесийн орчныг дэмжихэд чиглүүлж, дийлэнхийг нь боомтуудын шинэчлэлд зарцуулж буй. Гэхдээ энэ бүхний үр дүнг хүлээх хугацаа байхгүй. Таван жил дараалан жилд 2-3 тэрбум ам.долларын төлбөр хүлээж буй. Нийт өрийн 90 гаруй хувийг гадаад валют эзэлж байгаагаас 63 хувь нь зөвхөн ам.доллар. Тиймээс валютын өр зээлтэй аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусах, цаашлаад нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Д.Ган-Очир “Худалдааны дайны улмаас Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлвөл манай экспортын орлого өнгөрсөн хоёр жил шиг өндөр хадгалагдахгүй байх гэсэн болгоомжлол бий.

Тиймээс валютын ханшийг аль болох тогтвортой авч явахгүй бол гадаад өр нь ам.доллараар илэрхийлэгддэг манай улсын хувьд аж ахуйн нэгжид ч, Засгийн газарт ч эрсдэл ихтэй. Нөгөө талаар, ханшийн хэт сулрал инфляци өндөр байгаа үед нэмэлт дарамт үүсгэж болзошгүй учраас гадаад шоктой нийцүүлээд ам.долларын ханшийн уян хатан байдлыг хангана. Монголбанкны харж буйгаар хэт их интервенц хийх буюу ханшийг тогтвортой барих орон зай байхгүй байна. Хүлээгдэж буй шокуудыг хүндрэл багатай даван туулахад гадаад валютын нөөцөө хадгалж байх ёстой. Ингэж байж ирээдүйд үүсэх эрсдэлийг аль болох зардал багатай даван туулна” гэлээ.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк манай улсын ирэх оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг сулруулсан. Зээлжих зэрэглэл тогтоогч дэлхийн “их гурвал” ч Монгол Улсын өрсөлдөх чадварыг ирэх жил бүүдгэр төсөөлж байна. Гадаад орчин, төсвийн сахилга бат нь сонгуулийн синдромтой давхацсанаар эдийн засгийг бүр дордуулах төлөв гаргажээ. Fitch Ratings агентлаг “ээлжит сонгуулийн өмнөх улс төрийн шок, төсвийн сахилга бат алдагдах нь Монгол Улс зээлжих зэрэглэлээ ахиулахад эрсдэл болно” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд ямар ч Засгийн газар бүрэлдсэн ирэх онуудад төлөх бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх зардал өсөх эрсдэл өндөр байна.

 

 

 

Mongolian Economy