Хятад хүний нэр төрийн үзэл
Эдүгээ Хятад орон дэлхий дахинаа үүд хаалгаа улам бүр нээж, өдөр хоногоор хүчирхэгжин дэгжиж, дэлхийн цээжнээ цолгорон гарч ирсэн нь нэгэн гайхамшиг болж байна.
Эрт эдүгээгийн олон гайхамшгийн оньс нууцыг нээж, ойлгож мэдсүгэй хэмээвээс Хятадын түүх, соёлын уламжлалын гол цөм нь юу болох, хятад хүний оюун санааны ертөнцийн мөн чанар, сэтгэлийн хөөрөл догдлол, сэтгэл зүйн онцлог, сэтгэлгээний хэв маяг, ер нь хятад хүний гол үнэлэмж юу болох зэргийг таньж мэдэх нь туйлын чухаг болно.
Тиймийн учир эн тэргүүнд авч үзвээс зохилтой нэг ойлголт болбоос “мианзы” хэмээх ухагдахуун юм. Орчуулваас “гадар”, “өнгөн тал”, “нүүр царай” гэсэн шууд утгаас гадна “нэр нүүр”, “нэр төр” “нэр хүнд” хэмээсэн шилжсэн утгатай үг болой. Англи хэлний reputation, face, prestige, орос хэлний лицо, честь хэмээх үгстэй утга дүйдэг.
Хятад хүний оюун санааны ертөнцөд нэвтэрч, танисугай хэмээвээс эрхбиш “хятад хүний нэр нүүр” хэмээх ухагдахууныг судалж мэдэх шаардлагатай.
Өдгөөгөөс 100 гаруй жилийн тэртээ Христийн шашин дэлгэрүүлэгч, АНУ-ын иргэн Артур Хендерсон Смит (1845-1932) Хятадад 22 жил амьдран суухдаа “Хятад хүний зан төрх” хэмээх ном бичсэн нь өрнө дахинд ихэд алдаршжээ. Тэрбээр уг номдоо хятад хүний зан төрхийн 20 гаруй онцлогийг заан дурдсаны дотор тэргүүн бөлөгт “нэр нүүрээ эрхэмлэдэг” тухай өгүүлж, “Хятадад нэр нүүр хэмээх үг нь хэрэг дээрээ ээдрээтэй олон үгийн нийлбэр цогц агаад түүний агуулж буй утга санаа нь бидний дүрслэн өгүүлж чадах хийгээд мэдэрч чадах утга агуулгаас хавьгүй гүн гүнзгий юм. Нэр нүүр хэмээхүй нь хятад хүний олон чухал зан төрхийн учир битүүлэг цоожийг нээх түлхүүр болой” хэмээн бичсэн байна. Тийнхүү хятад хүний “мианзы” буюу “нэр нүүр” хэмээх ойлголтыг өрнө дахинд анх хөндөж тавьсан түүхтэй юм.
Хятадад хүмүүс хоорондын харилцааны хамгийн чухал хүчин зүйл бол нэр нүүр хэмээн үздэг. Нэр нүүрийг ихэд эрхэмлэхийн учир шалтгаанаар маш олон “жаяг журам” (rules on face) тогтжээ. Тухайлбал, зочин урих, дайлах, цайлах нь бүхэлдээ нэр нүүрийн хэрэг болно. Хэнийг урих, хэнийг эс урих, хэнийг хэр өндөр хүндэтгэлтэй урих, хэнийг үг ярианы завсар хөнгөн мөчид урих зэрэг нь бүгд нэр нүүрээс шалтгаална. Уригдан ирсний хойно хэн хаана суух, хэн түрүүлж суух, хэн дараа нь суух, хэн гол суудалд сууж, хэн “бараа болох”, тэр байтугай хэн хэний дэргэд зогсох хүртэл бүгд нэр нүүр лүгээ холбогдоно. Хоолны ширээнээ суусны дараа хэн түрүүлж ам хүрэх, хэн дараа нь хүрэх ч нэр нүүрийн хэрэг болно.
Идээ ундаа зоогийн ширээ дүүрэн элбэг дэлбэг байж, ихэд хүндлэн дайлахуй нь зочны нэр нүүрийг өргөн хүндэлсний илрэл болно. Тэгсэн атлаа “Хэр тааруухан дайлав, хичээн өршөөх ажаамуу” хэмээн ёс мэт заавал хэлнэ. Идээ ундаа элбэг дүүрэн бус, амт чанар тааруу байсан ч зочин урьж дайлсанд ихэд талархаж, идээ ундааных нь элбэг дэлбэгийг илт хоосон магтах нь урин залсан эзний нэр нүүрийг өргөхийн учир болно. Зоогийн ширээн дээрх идээ ундаанаас зэнзийрхэн эс хүртэх нь эзний нэр нүүрийг гутаасан хэрэг, амаа олохгүй, ааг амьсгаагүй ихээр идэх нь өөрийн нэр нүүрийг гутаасан хэрэг болно.
Хоол зоогт урихуйд шууд үгүй хэмээн татгалзваас урьсан хүний нэр нүүрийг ихэд гутаасан хэрэг болно.
Ер нь хятад хүн ямар ч үед шуудхан “үгүй” хэмээн эрс тэс татгалзах нь үгүй, тийнхүү шуудхан татгалзах нь нөгөө хүний нэр нүүрийг доромжилсонд тооцогдоно. Тийм болохоор хятад хүн аливааг шууд хэлдэггүй, ямагт тойруу замаар эерүүлж илэрхийлдэг онцлогтой. Хятад хүн бусдын муу тал, гэм дутагдлыг нүүрэн дээр нь шууд хэлдэггүй, бусдын үзэл бодлыг эс зөвшөөрсөн ч шууд илэрхийлдэггүй. Тийм учраас хятад хүний санал бодлыг эрс няцаавал нэр нүүрийг нь эс бодсон хэрэгт тооцогдоно.
Хятад хүн гэр бүл хийгээд нийгмийн харилцааг байгаль ертөнц хийгээд бодит юмс үзэгдлээс илүүтэй чухалчлан үздэг. Бүр Күнзээс эхлэн Хятадын үе үеийн сэтгэгчид хүмүүс хоорондын харилцааны учир холбогдлыг ихэд чухалчлан, “энэрэл, журам”, “сайн, муу”, “алдар, гутамшиг” гэхчлэн ёс суртахууны ай ухагдахууныг голчлон номлож, тэдгээр нь нийгмийн дэг ёс болж ирсэн уламжлалтай юм.
Нэр нүүр болбоос хүний амьдралын нэгэн зүйлийн зорьж тэмүүлэх, залж чиглүүлэх хөтлүүр хэмээмой. Нэр нүүрээ барж амьд явснаас нэртэй төртэй үхсэн нь дээр хэмээх эш суртал Хятадын соёл сэтгэлгээнд өнө эртний уламжлалтай юм. Энэ тухай домог түүх өдий төдий байх бөгөөд нэр нүүр хэмээхүй нь хятад хүний хувьд зарим тохиолдолд амь наснаас илүү үнэ цэнтэй байдаг ажээ.
Хятад хүн бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйгаа ихэд анхаарахаас гадна бусад хүн өөрийг нь хэрхэн үнэлж буйг машид чухалчилдаг. Бусад хүн өөрийг нь дорд үзэхийг ер тэвчдэггүй. Хэрэг дээрээ бусдаас дор байвч, түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг үл хүснэ. “Мод үндсээ гэмтэхээс эмээнэ, хүмүүн сэтгэл гэмтэхээс эмээнэ” гэсэн утгатай зүйр үг байдаг нь чухамдаа нэр төрөө эрхэмлэх сэтгэлийг өгүүлсэн хэрэг юм. Өрнө дахинд хүний эрх чөлөөг ихэд эрхэмлэн, өөрөө өөрийгөө ямагт тэргүүнд тавьж, бие даасан бодгаль хэмээн үздэг бол хятад хүн бусад хүн өөрийг нь хэрхэн үзэж буйг чухалчилдаг. Өрнийн хүний нэр төрөө эрхэмлэх сэтгэл нь “хүн бүр өөрийн замаар, бусад хүн намайг юу гэх нь ер хамаагүй” гэсэн маягаар илэрдэг бол, хятад хүний хувьд бусдаар бахдуулж, бусдын бахдал, үнэлэмжийг олсноор нэр төрөө эрхэмлэх сэтгэл нь илэрдэг байна. Тиймийн учир “Бусдыг бахдах нь хүний эрхэм дээд ёс суртахууны нэг” хэмээн үздэг. Бусдыг бахдах нь нэгэн зүйлийн эрхэм ёс суртахуун, нэгэн зүйлийн соёл, нэгэн зүйлийн чадвар, бас орчлон ертөнцөд оршин амьдрахуйн нэгэн арга зам хэмээн үздэг.
Аль ч үндэстэн, ард түмэн бүгд нэр төрөө машид эрхэмлэн дээдэлдэг нь үнэн боловч хятад хүн тэдэн дунд лав толгой цохино хэмээн судлаачид бичсэн нь буй. Хятад хүн нэр нүүрээ хамгаалахын төлөө оюун санааны хийгээд бодит хохирол амсахаас эс айх бөгөөд нэр нүүрээ алдах нь ичгүүр гутамшиг хэмээн үзэж, алдсан нэр төрөө эргүүлэн олж авахын тулд амь насаа золихоос ч буцдаггүй. Тиймийн учир хятад хүнтэй харилцахуйд эн тэргүүнд нэр нүүрийг нь машид эрхэмлэх нь туйлын чухал болой. Хэрэв хятад хүний нэр нүүрийг нэгэнтээ гутаах аваас дахин түүнтэй нүүр учран нөхөрлөх тухай бодохын ч хэрэггүй болно.
Их сэтгэгч Мэнз “Тэнгэрийн дор туйлын хүндлэлтэй нь гурав буй, тэр болбоос эрх хэргэм, өндөр нас, эрхэм суртал болой” хэмээн номлосон байдаг. Хятад хүн нөгөө хүнийхээ нэр нүүрийг ихэд хүндлэн ямагт өөд нь өргөдөг онцлогтой. Тийнхүү өөд нь өргөх нь өөрийн нэр нүүрийг дээдлэхтэй эн тэнцүү хэмээн үзнэ.
Тухайлбал, хятад хүн өөрийн бичиж туурвисан ном зохиолоо бусдад бэлэглэн барихдаа “эрдэм төгс хүмүүн”, “билгийн хурц мэлмий” гэхчлэн хүндэтгэлийн үгсийг голчлон дурдах бөгөөд “засан соёрхох ажаамуу” хэмээн заавал бичнэ. Энгийн логикоор бол энэ нь номоо барьж буй хүнийг “эрдэм төгс” хэмээн дээдлэн магтсанаар өөрөө түүнээс эс дутахын учрыг бас давхар өгүүлж, бусдыг магтсанаар өөрийн биеийг өргөж буй хэрэг болно. Бусдын хүндлэл, өргөмжлөл, магтаалыг хүртсэн хүн баярлаж хөөрөх нь мэдээж. Хэрэв ёс зүйг эрхэмлэдэг хүн байваас баярласан сэтгэлийн хариуг заавал барих агаад тийнхүү харилцан нэр нүүрийг эрхэмлэх “гинжин хэлхээ” үүсдэг ажгуу. Тийм учраас хятад хүн “Хүн намайг тохой хүндлэх ахул, би хүнийг алд хүндэлмой” хэмээн өгүүлдэг бөлгөө.
Хятад хүн яриа хэлэлцээ хийх, илтгэл үг хэлэх, ажил хэрэг хэлэлцэх үед үзэл бодлоо илэрхийлж, санал санаачилга дэвшүүлэхийн өмнө заавал ёс мэт сайшаасан, магтсан өнгө аяс бүхий оршил үг хэлж, дараа нь жинхэнэ санал бодлоо илэрхийлнэ. Тийм учраас гадаадынхан анх удаа хятад хүнтэй нүүр тулан ярилцаад учир жанцанг нь эс ухан, хятад хүн худлаа хоосон үг хэлэх дуртай, зүрх сэтгэлийн үгээ хэлдэггүй заль мэх гаргадаг гэхчлэн ойлгоход хүрдэг тал буй. Уг чанартаа бол тэрхүү тойрч дөлсөн үг яриа нь хий хоосон үг ч биш, хэрэггүй дэмий яриа ч биш, бусдын нэр нүүрийг бодож, тал өгсний нэг илрэл ажгуу. Хятад хүн “би зөвшөөрөхгүй”, би эсэргүүцэж байна” хэмээн эрс тэс илэрхийлэх нь нөгөө хүнийхээ нэр нүүрийг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн үздэг учраас тийнхүү оршил үг заавал хэлдэг байна.
Английн философич Бертран Расселл 1922 онд бичсэн “Хятадын асуудал” номдоо “Гадаадын хүмүүс Хятадын нэр нүүрээ эрхэмлэхийг инээдэмтэй зүйл мэтээр үздэг. Харин энэ нь чухамдаа нийгэмд бие биесээ харилцан хүндэтгэх уур амьсгал бүрдүүлдэг болохыг бодож үзсэн нь ер үгүй” хэмээн бичжээ.
Гэвч “нэр төрөө эрхэмлэхүй”-д сөрөг муу тал, гэм согог бас буй хэмээнэ. Хятадад “Нэр нүүрт хэт шунаваас, гай зовлон үүдмүй” хэмээсэн мэргэн үг байдаг нь чухам үүнийг өгүүлсэн хэрэг юм. Тиймийн учир нэр нүүрээ бодох нь хэтрэх аваас хүмүүс хоорондын хэвийн харилцаа ээдрээ төвөгтэй болдог байна. Хүмүүс бусдын нэр нүүрийг бодохын эрхээр өөрийн хүсэл зоригийг хязгаарлаж, орчлон ертөнцөд оршин тогтнохуйн жаяг зарчмыг арга буюу зөрчихөд хүрдэг аж.
Нөгөө талаар нэр нүүрээ эрхэмлэх нь нийгэмд хэлбэрдэх суртлыг буй болгодог байна.
Учир нь нэр нүүр хэмээх нь бусдад хэрхэн үнэлэгдэхээс голлон шалтгаалах учир агуулгыг бус хэлбэрийг чухалчлахад хүргэдэг ажгуу. Бусдын баяр талархал, магтаал сайшаалыг олохын тулд аливаа ажил хэргийн бодит шинж чанарыг бага анхааарч, өнгөн талын хэлбэрийг илүүтэй чухалчлахад хүрнэ. Тиймээс нийгэмд түгээмэл оршин байдаг хэт ёсорхох, хоосон баярхах, үрэлгэн загнах, мугуйдлан атаархах, зиндаархах зэрэг олон үзэгдэл нь хятад хүний нэр нүүрээ эрхэмлэхүй сэтгэл лүгээ нягт холбоотой байдаг.
Эцэст нь нэр нүүрийг эрхэмлэхүй нь аливаа асуудлыг бодитой, шударгаар, эрх тэгш, хууль журмын дагуу шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг байна. Өнөөгийн Хятадын нийгэмд амь бөхтэй оршин байгаа идэж шамшигдуулах, ялзрал авлигад автах, хууль цааз зөрчих зэрэг хортой үзэгдлүүд мөнхүү нэр нүүр харах сэтгэл зүйтэй заавал холбогддог ажгуу.
Хятад орон өнөөдөр өөрчлөлт шинэтгэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж, улс төр нь тогтвортой, эдийн засаг нь эрч хүчтэй урагшлан хөгжиж, “Хоёр 100 жилийн зорилт”, “Хятадын мөрөөдөл”-ийг хэрэгжүүлэхийн төлөө урагшлан тэмцэж байна. Хятад орон дэлхий ертөнцөд улам бүр нээлттэй болж, дорно өрнийн соёл эесэн найрсаж, хятад хүний уламжлалт соёл сэтгэлгээ, түүний дотор нэр нүүрээ эрхэмлэдэг чанар нь олон зууны уламжлалаа хадгалахын зэрэгцээ, цагийн аясаар хувиран шинэчлэгдэж, сөрөг, муу тал нь улам бүр хумигдан багасч, эерэг сайн тал нь өргөжин тэлсээр, шинэ шинэ агуулгаар баяжин, шинэ эрин үеийн шинэ хятад хүн бүрэлдэн буй болсоор байна.