Хөвч тайгад хүртээмжтэй хөгжил үргэлжилнэ

tselmeg tselmeg
Нийтлэгдсэн огноо: 2020-02-19 17:01:09
Ангилал: Төсөл хөтөлбөр

Монголын цэнгэг усны хамгийн том нөөц газар, бас хөвч тайга бүрхсэн Хөвсгөл аймаг 2014 онд хамгийн ядуу таван аймгийн нэг байсан бол 2019 онд өрсөлдөх чадвар сайтай таван аймгийн нэг болжээ.

Хөвсгөл бол Орхон, Өмнөговь аймгийн эсрэг тусгал. Эрдэс баялаггүйгээр хөгжиж, урагшилж болдогийн тод жишээ. Азийн хөгжлийн банкны 2014 онд хийсэн судалгаагаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хилээс эргэн тойронд 20 орчим км-т 16 мянга орчим хүн аж төрдөг ба Ханхаас бусад сумын ядуурлын түвшин олон үзүүлэлтээр 44-55 хувьтай байсан нь тухайн үед хамгийн муу үзүүлэлт байв. Орон нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуйн байсан бөгөөд аялал жуулчлалаасаа үр ашиг хүртэж мэддэггүй байв. Гэтэл малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрч, тусгай хамгаалалттай газар нутагт хууль бус мод бэлтгэл, хулгайн ан, загасчлал зэрэг газар авч эхэллээ. Нөгөө талд дэд бүтэц муу, төлөвлөлтгүйн улмаас жуулчдын замбараагүй урсгал Монгол орны цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл нуурын экосистемд сөргөөр нөлөөлж байсан юм. Зохицуулалтгүй аялал жуулчлал нь экологийн тэнцвэрт байдал, соёлын өв, үнэт зүйлсийг үгүй хийх аюул тулгарч, нутгийн ард иргэд хүртэх үр ашиг туйлын бага байлаа.

Харин 2016 оноос Японы ядуурлыг бууруулах сангийн гурван сая ам.долларын санхүүжилттэй тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл хэрэгжсэнээр Хөвсгөл аймаг аялал жуулчлалын жишиг болж эхэллээ. Хөвсгөл нуур хуванцар хаягдлаар бохирдож, олон төрөл зүйл бүхий бэлчээр нутаг талхлагдахаас сэргийлж чадсан нь төслийн үр дүн юм. Мөн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих замаар орон нутгийн малчин өрхүүд аялал жуулчлалаас үр ашиг хүртэх боломж бүрдсэн. Нутгийн оршин суугч Х.Наранчимэг “Өмнө нь сайн ажиллаад жилдээ 2-3 сая төгрөг л олдог байсан. Харин тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн хүрээнд бичил зээлд хамрагдаж, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлоо сайжруулснаар жилийн орлого 10 сая төгрөг болж нэмэгдсэн” гэсэн юм. Өдгөө Хатгал сумын иргэдийн 70-аад хувь нь аялал жуулчлалын үр шимийг хүртэж амьдарч байна. Төслийн үр дүнд Хөвсгөлийн 3900 гаруй өрхийг сургаж, байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж, хогийн цэг тус бүр 50 ширхэгийг байгуулж, орон нутгийн хогны менежментийн найман баг бий болж, нуурын усыг бохирдохоо сэргийлж, эрүүл ахуйн мониторинг хийх байгууламжтай болсон юм.
Тогтвортой аялал жуулчлал нь тухайн байгалийн унаган төрхийг хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжихийн зэрэгцээ зорин очсон жуулчдад сэтгэл ханамж өгч, танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг. Тийм ч учраас дөнгөж хөгжиж буй ч дэлхийн аялал жуулчлалын үйл ажиллагааны 20 орчим хувь нь энэ чиглэлд явж байна. Нэг жуулчны төлсөн төлбөр 11-13 салбарт тардаг гэдэг утгаараа эдийн засгийн хөгжлийн хамгийн хүртээмжтэй салбар юм. Манай улсын баялаг дуудах байгалийн үзэсгэлэнт тогтоцууд тусгай хамгаалалттай газар нутгуудад хамаардаг бөгөөд ихэнх нь алслагдмал, дэд бүтэцгүй, ядуу бүс нутагт оршдог. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн дүр төрх ч тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээс өмнө тийм л байв. Гэтэл зам харгуй сайжирч, виз олгох журам хялбарчлагдсантай холбоотойгоор нэг жилд Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай нутагт зочилсон жуулчдын тоо 2010-2018 оны хооронд 11 мянгаас 108 мянга болон өссөн байна.

Хүртээмжтэй өсөлтийг дэмжих төсөл ирэх жилүүдэд ч хөвч тайга бүрхсэн хоймор нутагт үргэлжилнэ. Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын санхүүжилттэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл Хөвсгөл нуур болон Хэнтий аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад хэрэгжиж эхлээд буй. Энэ удаагийн санхүүжилт Азийн хөгжлийн банкнаас аялал жуулчлал, дархан цаазтай газрын удирдлагын чиглэлээр Монголд анх удаа олгож буй зээл юм. Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Хөвсгөлийн сайн жишгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Хэнтий аймагт “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор байгуулна. Уг цогцолбор үр ашигтай жуулчин хүлээж авах, нутгийн иргэдийн амьжиргаанд ихээхэн ач холбогдолтой байгуулам юм. Цогцолборын менежментийг Хөвсгөл нуурынхтай ижил хэлбэрээр явуулахаар төлөвлөжээ. Төслийн үр шимийг орон нутгийн 11 мянга гаруй иргэн хүртэж, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох болон нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг илүү сайжирна гэсэн үг.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар 2017 онд манай улс аялал жуулчлалын салбараас ДНБ-ий 10.2 хувь буюу 1.2 тэрбум ам.долларыг төсөвт бүрдүүлж, 121.5 мянган ажлын байр бий болгосон байна. Энэ тоо 2028 он гэхэд 149 мянгад хүрэх ба нэг сая жуулчин авах зорилт биелснээр жилд 2.1 тэрбум ам.доллар олох хүлээлттэй байгаа аж. Монголын нийгэм, эдийн засгийн шилжилт эхэлж асан хүнд хэцүү цаг үеэс түншилж ирсэн Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш өнөөг хүртэл нийт 2.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 324 сая ам.долларын буцалтгүй тусламж олгожээ. Мөн хувийн хэвшилд 175 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 180 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлжээ. Азийн хөгжлийн банк Монгол Улстай 2017-2020 оны түншлэлхийн стратегиа дүгнэж, дараагийн үйл ажиллагаагаа боловсруулж буйг суурин төлөөлөгч Павит Рамачандран онцолсон. Шинэ зорилтын нэг хэсэг нь Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжих эко аялал жуулчлалын төслүүд юм.

 

tselmeg tselmeg